Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШЦТ/324

 

  2020        4           08                                        2020/ШЦТ/324                                     

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0280/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

улсын яллагч П.Бямбасүрэн,

хохирогч ЖҮГЭ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Э.Т /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Т-д холбогдох эрүүгийн 1909046250295 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1975 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол 30 дугаар байрны 90 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Э.Т /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.Т нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн 81Б дугаар гудамж, 29 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “ЖҮГЭ” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын хооронд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа компанийн эрх бүхий этгээдээс өгсөн үүрэг даалгаврын дагуу мах, махан бүтээгдэхүүн зарж борлуулсан орлогыг “ЖҮГЭ” ХХК-ийн 5131001996 дугаарын дансанд тушаахгүйгээр өөр байдлаар буюу бэлэн болон дансаар нийт 9.569.786 төгрөгийг авч хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Т-н өгсөн: “...Би 2018 онд “Жүгэ” ХХК-д борлуулагчаар ажилд орсон. Мах махан бүтээгдэхүүнүүдийг хотын төвийн болон хорооллын дэлгүүрүүдээр зарж борлуулдаг ажил хийж байсан. Борлуулагчаар ажиллаж байхдаа өглөөдөө махаа няраваасаа аваад, авсан бэлэн мөнгөө захиралдаа тушаагаад, дансаар авсан мөнгөө байгууллагын дансаар гэж бичдэг байсан... Компанийн мөнгө надад явж байгаад зарим нь үрэгдсэн нь үнэн. Би өөрийнхөө хувийн ХААН банкны 5514040273 гэсэн өөрийн Хаан банкны дансаар авч байсан гборлуулалтын орлогыг 2-3 удаа авч хэрэглэсэн нь үнэн. Мөн тэр үед манай эхнэр Өмнөд Судан улс руу явах гээд бас мөнгө хэрэглэсэн нь үнэн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Манайх Жүгэ ХХК-ийн охин компани болох Шимт мах ХХК юм.Э.Т нь манай байгууллагад 2018 оны 10 сараас борлуулагчаар ажилд орсон. Өдрийн 40.000 төгрөгийн цалинтай байсан. Хоол болон бензинийг компаниас даахаас гадна борлуулалтын тодорхой хувийн урамшууллыг бас Э.Т авдаг байсан.  Э.Т борлуулалтаар явахдаа цул мах, үхэр хонины зорсон мах, хонины хавирга, бууз, банш зэрэг мах, махан бүтээгдэхүүнүүдийг хүнсний дэлгүүрүүдэд борлуулдаг байсан.

2019 оын 10 дугаар сар хүртэл ажиллаж байхдаа манай байгууллагад нийт 9.569.786 төгрөгийн хохирол учруулсан. Одоогоор 1 сая төгрөгийн хохирол төлөгдсөн. Одоо манай байгууллага хохирол 8.569.786 төгрөгийг Э.Тээс нэхэмжилж байна. Манай байгууллагын зүгээс хохирлыг хуулийн хүрээнд өөрийнх нь боломжтой хэлбэрээр сахилга баттай төлүүлэхийг хүсч байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Бат-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Б.Бэлэгцэцэг, Д.Сарангуа нарын мэдүүлэг, хохирлын тооцоо гаргасан жагсаалт, “ЖҮГЭ” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/2018003 дугаартай ажилд томилох тухай тушаал, ХААН банкны 5013188797 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Э.Тийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Эрдэнэжаргалын Э.Т нь Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЖҮГЭ ХХК-ийн Шимт мах ангиллын үйлдвэрт 2018.12.01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сар хүртэл борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа компаниас итгэмжлэн хариуцуулж зарж борлуулуулхаар өгсөн мах, махан бүтээгдэхүүнийг зарж борлуулсан орлогыг ЖҮГЭ ХХК-ийн ХААН банкны 5131001996 дугаарын дансанд тушаахгүйгээр өөртөө бэлнээр болон өөрийн хувийн ХААН банкны 5514040273 гэсэн дансаар нийт 45 аж ахуй нэгж, иргэдээс шилжүүлэн авч завшин ЖҮГЭ ХХК-д 9.569.786 /есөн сая таван зуун жаран есөн мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Бат-Эрдэнийн өгсөн: "...Э.Т нь 2018 оны 12 дугаар сараас хойш манайд ажиллах болсон. Э.Т нь 2019 оны 02 дугаар сараас эхлэн нийт 9.569.786 төгрөгийг завшсан байгаа нь баримтаар тогтоогдож байгаа. ...Энэ нь нийтдээ 45 аж ахуйн нэгж, байгууллагаас манай компанийн нэрээр өөрийн дансаар болон бэлнээр авч манай байгууллагад хохирол учруулсан юм. ...Бид нар яагаад мэдэхгүй байсан гэхээр тухайн аж ахуйн нэгж, байгууллагууд нь мөнгөө өгөхгүй яваад байна гэж бодоод байсан чинь борлуулагч маань хувьдаа аваад бид нарт худлаа хэлээд яваад байсан юм байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 9-15 тал/,

Гэрч Б.Бэлэгцэцэгийн өгсөн: “...Би “ЖҮГЭ” ХХК-д 2018 оны 8 дугаар сараас хойш ажиллаж байгаа. Би уг үйлдвэрт технологич болон няравын ажлыг хамт хийдэг. Манай үйлдвэрт “Дэнжийн 1000”-аас мах ирээд үйлдвэр рүү орж ангилал явагддаг. Өглөө үйлдвэрээс мах гарахдаа түгээгч нар надаас ирээд худалдаанд гаргах махаа аваад зарлагын баримт дээр бичдэг, орой ирээд өглөө бичиж авч үлдсэн зарлагын баримт дээрээ үлдэгдэл махаа бичиж авдаг. Захирал Сарангуа дээр орж тооцоо нийлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 тал/,

Гэрч Д.Сарангуагийн өгсөн: “... “ЖҮГЭ” ХХК нь 2002 онд зоогийн газар, гадаад, дотоод худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн, 2018 оны 10 дугаар сараас мах бэлтгэн боловсруулаах чиглэлээр үйл ажиллагаа явуулж Э.Т гэх залууг борлуулагчаар ажилд авсан. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс үе үе Э.Тийн борлуултанд явсан мөнгө нь дансаар өгсөн гэдэг боловч Э.Т өөрөө бэлнээр авчихсан байдаг байсан. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 30-ны хооронд нийт 4.460.020 төгрөгийг дансаар гэж бүртгүүлсэн боловч манай дансанд мөнгөнүүд ороогүй, өдөр болгон энэ дансаар гэсэн баримт чинь хаагдаагүй байна гэж борлуулагч нартаа баримтыг нь хэвлэж өгдөг байсан юм. Борлуулагч нар өөрсдөө зорсон махнаас хэдэн кг, цул махнаас хэдэн кг мах авна гээд өглөө бичүүлээд гардаг. Орой үйлдвэр дээрээ ирээд өглөө авсан махны бүртгэлийн ард тэмдэглэл хийдэг, борлуулагч нар өөрсдөө миний өрөөнд орж бэлэн өгсөн мөнгөө баримт хийгээд, дансаар шилжүүлсэн бол баримт дээрээ дансаар гэж бичээд өгдөг юм. Э.Т 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн тооцоогоор 9.569.786 төгрөг авсан гэсэн тооцоо байгаа. Энэ тооцоо яаж гаргасан бэ гэвэл дансаар гэж бичиж өгсөн баримтын мөнгө нь орж ирээгүй гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

9.569.786 төгрөгийн хохирлын тооцоог хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан баримт /хх-ийн 21-22 тал/,

“ЖҮГЭ” ХХК-ийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01/2018003 дугаартай “Э.Т-г борлуулагчийн ажилд томилох тухай” тушаал /хх-ийн 32 тал/,

ХААН банкны 5013188797 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 37-44 тал/,

Э.Т-н яллагдагчаар өгсөн: “...Би Б.Бат-Эрдэнэтэй өмнө нь хамтран ажиллаж байсан. Над руу Бат-Эрдэнэ залгаад та манай компанид ажилд орооч, борлуулалтын ажлыг өсгөөд өгөөч гэхээр нь би хамтран ажилласан. Би өглөө компанийн үйлдвэр дээр очиж, өглөө нь махаа аваад гарч зардаг байсан. Би анх ганцаараа явдаг байсан. Өглөө байгаа махаа ачиж гараад дэлгүүрүүдээр орж ийм мах байна, авах уу гээд зардаг байсан. Сүүлдээ бол борлуулагч нар нэмж аваад мах авдаг дэлгүүрүүдтэй болсон. Би өглөө нь авсан махаа орой нь данс гэж бичээд өгдөг байсан. Зарим дэлгүүрүүд нь данс гэж хэлчихээд мөнгөө өгөхгүй байхаар нь би маргааш өглөө нь очоод мөнгөө өгөөч гэхээр надад бэлэн өгчихдөг байсан. Би тэр мөнгийг нь орой өгөхгүй хувьдаа хэрэглэчихдэг байсан. Миний эхнэр Д.Оюун 2019 оны 9 дүгээр сард Судан улс руу ажиллагаанд явах болоод мөнгөний хэрэг болоод авсан юм... Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохирлоо яаралтай олж өгнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-73 тал/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл нотлогдон тогтогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдын хүч хөдөлмөрийг завших замаар амар хялбар байдлаар мөнгө, ашиг хонжоо олж амьдрах гэсэн шунахай зан байдал нь нөлөөлжээ.            

Шүүгдэгч Э.Т нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Тийн  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Т-н гэм буруутай үйлдлийн улмаас “ЖҮГЭ” ХХК-д 9.569.786 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны өмнө 1.000.000 /нэг сая/ төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Т-с 8.569.786 төгрөгийг гаргуулж, хохирогч “ЖҮГЭ” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, бусдад төлөх төлбөртэй, эрхэлсэн тодорхой ажилгүй зэрэг байдлуудыг харгалзан шүүгдэгч Э.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э.Т-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-г 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.      

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Т-с 8.569.786 /найман сая таван зуун жаран есөн мянга долоон зуун наян зургаа/ төгрөгийг гаргуулж, хохирогч  ЖҮГЭ ХХК-д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР