| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0121/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2020-03-17 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 145
2020 03 17 2020/ШЦТ/145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ш-гийн Г-ад холбогдох эрүүгийн 19100 0851 0031 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Ш.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1979 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Автобус 2 дугаар базад засварчин ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ш-гийн Г- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ш.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа хорооллын 13-507 тоотод Н.М-г “манай найзын ажил явдалд ирээгүй” гэж зүүн нүд рүү нь гараараа цохиж “зүүн нүдний харааны мэдрэлийн эмгэгшил, хатингаршил, зүүн нүдний даралт ихсэлт, зүүн нүдний хараагүйдэлт, зүүн нүдний болорын мултрал, шилэнцэрийн цус хуралт, торлогийн ховхрол, зүүн нүдний зовхи, алиманд цус хуралт, мултарсан болор авах, шилэнцэрийн цус хуралтыг авч цэвэрлэх, торлогийн урагдлыг оёх, ховхролт засах мэс заслын дараах байдал, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт” гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ш.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Нисэхэд амьдардаг ээжийнхээ гэрт очсон. Гэтэл Болдрагчаа гэдэг маань найз надтай уулзахаар 1 шил архи аваад манай ээжийн гэрт ирсэн. Тэгээд бид хоёр ээжийн гэрээс гарч хохирогч М-г дуудан голын ойролцоо 2-3 шил архи хувааж уусан. Хэсэг хугацааны дараа бид нар согтсон байсан бөгөөд дараагаар нь би юу хийсэн гэдгээ санахгүй байна.
Гэмт хэрэг гарсан өдрөөс хойш хохирогч М- над руу залгаж тухайн өдөр болсон явдлын талаар хэлсэн. Тэгээд өөрт учирсан гэмтлийнхээ эмчилгээний мөнгийг нэхэмжилсэн. Эхнэр бид хоёр эхний удаад 130.000 гаран төгрөгийг хохирогч М-гийн данс руу шилжүүлсэн. Хохирогч анх “Болор мэлмий” эмнэлэгт үзүүлж байгаад мэс засалд “Сондра” эмнэлэгт орсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч бид нарыг “та нар уулзахаараа архи уух магадлалтай тул битгий олон удаа уулз” гэж хэлсэн учир би түүнтэй 2019 оны 10 дугаар сараас хойш уулзаагүй.
Би хохирогчид эмчилгээний зардалд нийт 3.600.000 төгрөгийг төлсөн. Би өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчийг урьд өмнө таньж мэддэг байсан, бид нэг гудманд амьдардаг. Одоо би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна. Хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 0851 0031 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.М-гийн хохирогчоор өгсөн:
“...Би тухайн хэрэг гардаг өдөр буюу 2019 оны 3 сарын 23-ны орой 17 цагийн орчим гэртээ байж байхад манай найзын дүү Г, Болдоо нар манай гэрт 1 шил “Хараа” нэртэй архи аваад ороод ирсэн. Тэгээд тэр архийг нь хувааж уугаад сууж байхад Г “чи манай найзын ажил явдал дээр ирээгүй” гээд агсам тавиад байхаар нь “ах нь ажилтай байсан” гэхэд “бүх албан байгууллага амарч байхад чи ажилтай байсан юм уу” гээд миний зүүн нүд рүү 1 удаа цохисон. Тэгээд газарт байсан шалны модоор 1-2 удаа миний цээж хэсэг рүү цохиод гараад явсан.
Миний зүүн нүд хөхрөөд хавдсан байсан. Өөр учирсан гэмтэл байхгүй. 2019 оны 4 сарын 11-ний өдөр “Сондра” нүдний эмнэлэгт хагалгаанд ороод нүдний болорыг авч, нүдний цөцгийн дэх цус хуралтыг авахуулсан. Тухайн зардал нь 3.200.000 төгрөг болсон бөгөөд одоогоор эмнэлэгтээ төлбөрөө төлөөгүй байна. Би гомдолтой байна. Тухайн хэрэг гарсан өдрөөс хойш миний зүүн нүд юм харахаа больсон.
...Одоо миний бие зүгээр байна, жоохон ядарсан үедээ хараагүй болсон нүд маань улайж хорсож өвддөг. Мөн хааяа нүдний ухархайгаар хатгаж өвддөг. Ш.Г нь миний нүдний хагалгааны төлбөр 3.200.000 төгрөг, мөн эм тарианы зардалд 400.000 гаран төгрөг өгсөн. Одоо би түүнээс цаашид гарах эмчилгээний зардалд 3.000.000 төгрөгийг нэхэмжилмээр байна. Үүнтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй. Надад гомдол байхгүй ээ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 09-10х, 80х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Болдрагчаагийн гэрчээр өгсөн:
“...Би 2019 оны 3 сарын 23-ны өдөр Нисэхэд байдаг найз Гын ээжийн гэрт очиход Г нь охинтойгоо хамт ирсэн байсан. Би тухайн үед нэг шил архи аваад явж байсан, тэгээд Г бид хоёр “нэг шил юм хуваагаад уучих уу” гээд гэрээс гараад манай зүс таних Мгийн гэрт очиж, тэндээ бид гурав нэг шил архи хувааж ууцгаасан.
Тэгээд нэг шил архи нь дуусаад, дахин нэг шил архи аваад ууж сууж байгаад нэг мэдэхэд би унтсан байсан. Нэг сэрэхэд Г, М хоёр хоорондоо нооцолдоод байхаар нь би салгасан юм, хэн нь хэнийгээ зодож цохисон талаар би мэдэхгүй байна, би хараагүй.
...Мгийн гэрийн хойморын төмөр орон дээр Мг Г дэрээс нь дараад хэвтчихсэн цохиж байхаар нь би тэр хоёрыг салгаж Гг аваад Мгийн гэрээс гарч, Ггийн ээжийн гэрт очсон. Намайг харахад Г нь Мгийн нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон, тэгээд л би салгасан юм. М нь Ггийн доороос гараараа мөн нүүр рүү нь цохиод л байсан. Тухайн үед гэрт бид гурваас өөр хүн байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17х, 81-82х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Батцэцэгийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 3 сарын 23-ны өдөр манай нөхөр М- Нисэх орж Буянт-Ухаа 13-507 тоот гэрээ эргэх гээд явсан. Тэгээд орой нь 21 цагийн орчим ирэхдээ хоёр нүд нь хоёулаа хавдаж хөхөрсөн, баруун хөмсөгний доод талд язарсан шархтай байсан. Тэгэхээр нь “яасан бэ, юу болсон бэ, хэн чамайг ийм болгосон юм бэ” гэхэд “Чойжамцын төрсөн дүү Г, мөн Болдоо хоёр намайг гэртээ байж байхад архи барьж орж ирээд ууцгаасан, тэгээд надад агсан тавиад намайг Г зодсон” гэж хэлсэн ба тухайн өдөр нөхөртөө эмнэлэгт үзүүлэх талаар хэлэхэд “за гайгүй байлгүй, хавдар нь буугаад гайгүй болчих байх” гэсэн.
Тэгээд тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа орой 21 цаг өнгөрч байхад манай нөхөр унтаж чадахгүй “нүдний угаар хатгаад толгой өвдөөд байна” гэхээр нь би 103 дуудаж үзүүлсэн. Эмч ирж үзээд “яаралтай Гэмтлийн эмнэлэгт үзүүл, эсхүл одоо хамт яв” гэсэн боловч хүүхэд харах хүн байхгүй, мөн эрүүл мэндийн даатгал төлөөгүй байсан учир яваагүй. Маргааш өглөө нь бид хоёр Гэмтлийн эмнэлэгт үзүүлэх гэсэн боловч эрүүл мэндийн даатгал байхгүй гээд үзээгүй.
Тэгэхээр нь бид хоёр аргаа бараад “Гэрэл” нэртэй хувийн нүдний эмнэлэгт үзүүлэхэд 3 хоног хэрэглэх нүдний дусаагуур бичиж өгсөн. Тухайн эм тариаг нь аваад 3 хоногийн дараа очиход “торлог шилэнцэр нь гэмтсэн байна” гээд эмч нь “Болор мэлмий” нүдний эмнэлгийг зааж өгсөн. “Болор мэлмий” эмнэлэгт очиход эмч нь зөвхөн 4 дэх өдөр үздэг гээд байхгүй байсан.
Шүүх эмнэлэгт үзүүлсэний дараа “Содра” нэртэй эмнэлэгт үзүүлэхэд “яаралтай хагалгаа хийх шаардлагатай байна, нүдний болор нь мултарч хүүхэн хараагаа түгжсэн байна” гэсэн ба “хагалгааны зардал нь 3.200.000 төгрөг орчим болно” гэсэн. Бид хоёр мөнгө байхгүй талаар хэлэхэд “яаралтай хагалгаа хийхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөрийг зодсон гэх Гын ар гэрийнхэнтэй уулзахад Гын ээж нь “хагалгааны төлбөр мөнгийг нь өгнө” гэсэн ба эмч нь “яаралтай маргааш, нөгөөдрөөс хагалгаа хийх хэрэгтэй” гэсэн талаар хэлэхэд “та хоёр хагалгаагаа хийлгэж бай, тэтгэврийн зээл хөөцөлдөж байна, одоо ингээд очно” гэж хэлсэн боловч буцаж залгаад “зээл бүтэхгүй байна, маргааш болъё” гэсэн.
Тэгээд 2019 оны 4 сарын 11-ний өдөр эмнэлэгт очиж “5 дахь өдөр хагалгаа хийлгэе, нөгөө хүмүүс мөнгөө өгөхгүй байна” гэж хэлэхэд эмч нь “ямар ч байсан өнөөдөр хагалгаа хийнэ, харсаар байж хүнийг сохор болгож чадахгүй, та нар ямар ч байсан нөгөө хүмүүсээс мөнгөө шаардаж бай” гээд тухайн өдрийн 15 цагийн орчим хагалгаанд орж, 18 цагийн үед гарч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад У.М-гийн гэрчээр өгсөн:
“...Анх тэрээр манай эмнэлэгт 2019 оны 4 сарын 02-ны өдөр ирж үзүүлсэн бөгөөд би түүнийг үзэхэд зүүн нүдний болор харагдахгүй, цөцгийд цус харвалттай, нүдний уг харагдахгүй, нүдний даралт нь ихэссэн байсан. Ингээд түүнд нүдний хэт авианы шинжилгээ хийхэд нүдний болор нь мултарч, цөцгийдөө живсэн байдалтай байсан.
...Түүнийг үзэхэд зүүн нүдний болор нь хүүхэн хараатай наалдаж түгжигдсэн, нүдний даралт нь маш өндөр болсон байсан. 2019 оны 4 сарын 11-ний өдөр нүдний хагалгаанд орж зүүн нүдний болорыг авч, цөцгийг нь цэвэрлэж авсан. Торлогийн урагдал, хэсэг газрын ховхролтыг засах мэс засал хийсэн. Үүнээс хойш хагалгааны дараах хий арилахад тэрээр харахгүй байсан бөгөөд харааны мэдрэлийн хатингаршил гэмтэл болсон. Хатингаршилд хүрсэн шалтгаан нь нэгдүгээрт нүдний гэмтэл, хоёрдугаарт нүдний өндөр даралт байсан. Энэ нь нүд рүү хүчтэй цохихоос болдог.” гэсэн мэдүүлэг /хэргийн 83-84х/,
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 3986 тоот актын:
1. Н.М-гийн биед зүүн нүдний болорын мултрал, шилэнцэрийн цус харвалт, зүүн нүдний хараа бууралт, нүдний даралт ихсэлт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Н.М-гийн хараа бууралт эцэслэн тогтоогдоогүй, эмчилгээнээс шууд хамаарах тул одоогоор шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 22х/,
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Нэмэлт шинжилгээний 608 тоот актын:
1. Н.М- нь урьд гарсан 3986 тоот дүгнэлтэд тусгагдсан буюу зүүн нүдний болорын мултрал, шилэнцэрийн цус харвалт, зүүн нүдний хараа бууралт, нүдний даралт ихсэлт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт, торлогийн ховхрол гэмтлийн улмаас мултарсан болор авах, шилэнцэрийн цус авах, цэвэрлэх, торлогийн захад байсан урагдал ховхролт засах мэс засалд 2019.04.11-ний өдөр Сондра нүдний эмнэлэгт оржээ.
2. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 26-27х/,
7. ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 51 дугаартай актын:
1. Н.М-гийн биед зүүн нүдний харааны мэдрэлийн эмгэгшил, хатингаршил, зүүн нүдний даралт ихсэлт, зүүн нүдний хараагүйдэлт, зүүн нүдний болорын мултрал, шилэнцэрийн цус хуралт, торлогийн ховхрол, зүүн нүдний зовхи, алиманд цус хуралт, мултарсан болор авах, шилэнцэрийн цус хуралтыг авч цэвэрлэх, торлогийн урагдлыг оёх, ховхролт засах мэс заслын дараах байдал /2019.04.11/, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3.5.6.7. Дээрх зүүн нүдний хараагүйдэлт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2.4. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
8. Урьд гаргасан 3986 тоот шинжээчийн дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 130-135х/,
8. Хохирогч Н.М-гийн “Гэрэл”, “Сондра” нүдний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 33-34х, 36-38х, 39-45х, 110-129х/,
9. Шүүгдэгч Ш.Гаас хохирогч Н.М-гийн эмчилгээний зардлын нөхөн төлбөрт
- 2019 оны 3 сарын 26-ны өдөр 100.000 төгрөг,
- 2019 оны 5 сарын 07-ны өдөр 25.000 төгрөг,
- 2019 оны 5 сарын 13-ны өдөр 150.000 төгрөг,
- 2019 оны 6 сарын 05-ны өдөр 50.000 төгрөг,
- 2019 оны 6 сарын 19-ний өдөр 20.000 төгрөг,
- 2019 оны 7 сарын 23-ны өдөр 20.000 төгрөг,
- 2019 оны 6 сарын 19-ний өдөр 49.500 төгрөг тус тус нөхөн төлж шилжүүлсэн ХАС банкны мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримтууд болон “Сондра” эмнэлгийн хагалгааны төлбөрт үйлчилгээний үнэ 3.200.000 төгрөгийн нэхэмжлэх, 2019 оны 5 сарын 11-ний өдрийн кассын орлогын ордер баримт /хэргийн 34х, 47х, 72-74х/,
10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Гын яллагдагчаар өгсөн:
“...Надад ял сонсгож, яллагдагчаар татаж байгаа Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Тухайн хэрэг явдал нь М-гийн гэрт болсон, тухайн үед би, Болдрагчаа, М- бид гурав л байсан. Миний хувьд халамцуу, Болдрагчаа, М- хоёр согтуу байсан. Ямар ч байсан бид гурав 0.5 литрийн савалгаатай 2 шил архийг хувааж уусан. Би шинжээчийн дүгнэлттэй уншиж танилцсан, тухайн үед би хохирогчийн зүүн нүд рүү гараараа 1-2 удаа цохиж учруулсан. Би түүний биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Тэрээр миний шанаа руу 1 удаа хальт цохисон. Учир нь бид хоёрын дундуур Болдрагчаа орж салгасан.
Манай ангийн талийгаач Баттулгын ажил явдал дээр нь би М-г найзууд байж очсонгүй гэхэд тэрээр ажил төрөлтэй байсан гэсэн, үүнээс болж маргалдсан. Би хагалгааны төлбөрт 3.2 сая төгрөг, дусаалганы мөнгө гээд увуулж цувуулж байгаад 400.000 мянган төгрөг өгсөн. Нийт 3.7 сая гаруй төгрөгийг түүнд өгсөн. Надад мөнгө өгсөн ямар баримт бичиг байгаа. Надаас дахин мөнгө төгрөг нэхэмжлээгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 146-147х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 30х, 155х/, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 31х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 32х, 150х/, Суурь боловсролын гэрчилгээний хуулбар баримт /хэргийн 151х/, Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 152х/, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын тодорхойлолт /хэргийн 153х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 154х/, гэрч М.Цэрэндолгорын мэдүүлэг /хэргийн 89-90х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн шинжээч эмч гаргасан байх тул тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж шүүх үнэлж дүгнэн, шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ш.Гын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ш.Г нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа хорооллын 13-507 тоотод Н.М-г “манай найзын ажил явдалд ирээгүй” гэдгээр шалтаглан маргаан үүсгэн, улмаар түүний зүүн нүд рүү нь гараараа цохиж, түүний биед “зүүн нүдний харааны мэдрэлийн эмгэгшил, хатингаршил, зүүн нүдний даралт ихсэлт, зүүн нүдний хараагүйдэлт, зүүн нүдний болорын мултрал, шилэнцэрийн цус хуралт, торлогийн ховхрол, зүүн нүдний зовхи, алиманд цус хуралт, мултарсан болор авах, шилэнцэрийн цус хуралтыг авч цэвэрлэх, торлогийн урагдлыг оёх, ховхролт засах мэс заслын дараах байдал, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт бүхий ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар алдагдуулах” хүнд гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдэж шинжлэн судлагдсан:
- хохирогч Н.М- /хэргийн 09-10х, 80х/, гэрч М.Болдрагчаа /хэргийн 17х, 81-82х/, гэрч Г.Батцэцэг /хэргийн 19-20х/, гэрч У.М- /хэргийн 83-84х/ нарын мэдүүлэг,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 3986 тоот актын:
1. Н.М-гийн биед зүүн нүдний болорын мултрал, шилэнцэрийн цус харвалт, зүүн нүдний хараа бууралт, нүдний даралт ихсэлт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Н.М-гийн хараа бууралт эцэслэн тогтоогдоогүй, эмчилгээнээс шууд хамаарах тул одоогоор шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 22х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн Нэмэлт шинжилгээний 608 тоот актын:
1. Н.М- нь урьд гарсан 3986 тоот дүгнэлтэд тусгагдсан буюу зүүн нүдний болорын мултрал, шилэнцэрийн цус харвалт, зүүн нүдний хараа бууралт, нүдний даралт ихсэлт, баруун зовхинд цус хуралт, зулгаралт, зүүн нүдний алиманд цус хуралт, торлогийн ховхрол гэмтлийн улмаас мултарсан болор авах, шилэнцэрийн цус авах, цэвэрлэх, торлогийн захад байсан урагдал ховхролт засах мэс засалд 2019.04.11-ний өдөр Сондра нүдний эмнэлэгт оржээ.
2. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 26-27х/,
- ШШҮХ-ийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн давтан шинжилгээний 51 дугаартай актын:
1. Н.М-гийн биед зүүн нүдний харааны мэдрэлийн эмгэгшил, хатингаршил, зүүн нүдний даралт ихсэлт, зүүн нүдний хараагүйдэлт, зүүн нүдний болорын мултрал, шилэнцэрийн цус хуралт, торлогийн ховхрол, зүүн нүдний зовхи, алиманд цус хуралт, мултарсан болор авах, шилэнцэрийн цус хуралтыг авч цэвэрлэх, торлогийн урагдлыг оёх, ховхролт засах мэс заслын дараах байдал /2019.04.11/, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
3.5.6.7. Дээрх зүүн нүдний хараагүйдэлт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65% алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
2.4. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
8. Урьд гаргасан 3986 тоот шинжээчийн дүгнэлт нь тухайн үедээ үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 130-135х/,
- хохирогч Н.М-гийн “Гэрэл”, “Сондра” нүдний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 33-34х, 36-38х, 39-45х, 34х, 47х, 72-74х, 110-129х/,
- хэрэг учрал болсон гэх Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 2 дугаар гудамж, тоотгүй төмөр хашаанд нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 18-22х/,
- шүүгдэгч Ш.Гын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 146-147х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Н.М-гийн биед учирсан “...зүүн нүдний харааны мэдрэлийн эмгэгшил, хатингаршил, зүүн нүдний даралт ихсэлт, зүүн нүдний хараагүйдэлт, зүүн нүдний болорын мултрал, шилэнцэрийн цус хуралт, торлогийн ховхрол, зүүн нүдний зовхи, алиманд цус хуралт, мултарсан болор авах, шилэнцэрийн цус хуралтыг авч цэвэрлэх, торлогийн урагдлыг оёх, ховхролт засах мэс заслын дараах байдал /2019.04.11/, баруун нүдний зовхинд цус хуралт, зулгаралт бүхий ерөнхий хөдөлмөрийн чадварыг 65 хувиар алдагдуулах” хүнд гэмтэл нь шүүгдэгч Ш.Г нь түүний нүд рүү нь гараараа цохисны улмаас үүссэн ба шүүгдэгчийн шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Г нь хохирогч Н.М-гийн нүд рүү нь гараараа цохиж эрүүл мэндэд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тотонгид 65 хувиар алдагдуулах хүнд гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Ш.Гыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.
Хэргийн шүүгдэгч Ш.Г болон түүний өмгөөлөгч нараас хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
- мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Тухайн хэргийн нөхцөлд хохирогч Н.М-гийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл нь гэмт хэргийн хохиролд, учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь хохирол учирсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тус тус тооцогдоно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ш.Г нь хохирогч Н.М-д баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон эмчилгээ үйлчилгээний зардалд нийт 3.614.500 төгрөг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан ХАС банкны мөнгөн шилжүүлгийн гүйлгээний баримтууд болон “Сондра” эмнэлгийн хагалгааны төлбөрт үйлчилгээний үнэ 3.200.000 төгрөг төлсөн кассын орлогын ордер /хэргийн 34х, 47х, 72-74х/ баримтаар тус тус нотлогдсон байна.
Хохирогчоос цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилнэ гэх 3.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэх гомдлын шаардлага гаргасан хэдий ч цаашид зайлшгүй хийгдэх эмчилгээний зардалд хамаарах баримт нотолгоог шүүхэд болон хэрэгт гаргаж өгөөгүй тул шүүх эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэн хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.М- нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөрт хамаарах нотлох баримтаа зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Хэргийн 30, 155 дугаар талд авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” хэмээн тэмдэглэгдсэн нь шүүгдэгч Ш.Г нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй болохыг нотлох бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн хор уршигт баримтаар нэхэмжилсэн хэмжээнд нөхөн төлж барагдуулсан нөхцөл байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ш.Гад 16.000 /арван зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Ш.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Ш-гийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Гыг 16.000 /арван зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 16.000.000 /арван зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ш.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ш.Г нь хохирогч Н.М-д 3.614.500 төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, цаашид гарах эмчилгээний зардалд нэхэмжилнэ гэх 3.000.000 төгрөг нэхэмжилсэн хохирогч Н.М-гийн шаардлагыг хэлэлцэхгүй орхисугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.М- нь цаашид хийлгэх эмчилгээний зардал, төлбөрт хамаарах нотлох баримтыг зохих журмын дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Энэ хэрэгт Ш.Г нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ш.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД