| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00187/И |
| Дугаар | 59 |
| Огноо | 2016-11-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол
2016 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 59
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлааст 8-95 тоотод оршин суух, 30 настай, эмэгтэй эрхэлсэн тодорхой ажилгүй, Хан боржигон овогт Чинзоригийн Энхжин /ЦА-86050309/ /”Зааны төгөл” ХХК /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар баг Мангиртын Хуст толгой гэх газарт оршин суух, 60 настай, эрэгтэй, хувиараа мал малладаг Жоод иргэд овогт Самжидийн Очир /БЛ-56010811/
2.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар баг Мангиртын Давааны ар гэх газарт оршин суух, 33 настай, эрэгтэй, хувиараа мал малладаг Жоод иргэд овогт Очирын Хөхөө / БЛ-83010819/
3.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар баг Мангиртын Хуст гуу гэх газарт оршин суух, 51 настай, эрэгтэй, хувиараа мал малладаг Жоот иргэд овогт Доржийн Дорлиг /БЛ-65032714/
4.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар баг Мангиртад оршин суух, 43 настай, эрэгтэй, хувиараа мал малладаг, Адарширгэт овогт Жаубайгийн Төмөрхуяг /БЛ-73121514/
5.Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 3 дугаар багт оршин суух, 36 настай, эрэгтэй, хувиараа мал малладаг Данган овогт Намдагийн Баттогтох /БЛ-80100919/
6.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 1 дүгээр хэсэг 38-21 тоотод оршин суух, 68 настай, эрэгтэй, одоо “Сэлэнгэ буудай” ХХК-ний захирал Улаанямаат овогт Мягмарын Шинэчулуун /МЭ-48070219/ нарт холбогдох
“Эд хөрөнгөнд учирсан хохирол нийт 33.804.968 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжин, хариуцагч С.Очир, О.Хөхөө, Д.Дорлиг, Ж.Төмөрхуяг, Н.Баттогтох, хариуцагчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, иргэдийн төлөөлөгч Р.Сэр-Од, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
-“Зааны төгөл” ХХК нь “Санчир буудай” ХХК-нйи охин компани бөгөөд 2000 оноос Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд газар тариалангийн үйл ажиллагаа явуулж ирсэн. 2015 онд тус сумын Хуст толгойн Өлгий гэх газарт 276.54 га талбайд тосны ургамал болох рапсыг тариалсан. Манай тариалангийн талбай эрхэлж буй газарт нутгийн малчид зуншиж намарждаг бөгөөд бид тэдгээртэй талбайд мал орж сүйтгэхээс болгоомжилж харилцан тохиролцож, “малчид, тариаланчдын үйл ажиллагааны зохицлыг хангах журам”-ын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Дээрх журмын 5.2-т “малчин, мал бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллага нь таримал ургамал тариалсан, уриншилсан талбайд мал бэлчээхгүй, оруулахгүй байх үүрэг хүлээнэ”, 5.3-т “тариалангийн талбайн ойролцоо нутаглаж буй малчин, мал бүхий иргэд малаа ургац хураалт дуустал байнгын хариулгатай байлгах буюу алсын, отрын бэлчээрт гаргах арга хэмжээ авна” гэж заасны дагуу тариалангийн цагт малчид тариалангийн талбайгаас малаа хол байлгаж, намаржаанд буухгүй байх үүрэгтэй байдаг.
Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус компанийн хураагаагүй байсан рапсын талбайд олон тооны үхэр, адуу, хонь зэрэг мал орж ямар ч хураах нөхцөлгүйгээр сүйтгэсэн байсан. Тариалангийн талбайг сүйтгэсэн олон тооны мал нь тариалангийн талбайн ойролцоо зөвшөөрөлгүй буусан 6 өрх айл болох С.Очир, О.Хөхөө, Д.Дорлиг, Ж.Төмөрхуяг, Н.Баттогтох, М.Шинэчулуун нарын мал байсан болох нь хохирол тогтоох комиссын үзлэг, тэмдэглэлээр нотлогдсон байгаа. Газар дээр нь хохирол тогтоох комисс очиж үзэн хохиролын тооцоог гаргахад манай компанид нийт 66.400.000 төгрөгийн хохирол учирсан байгаа. Өдрийн цагаар мал орж талбайг сүйтгэсэн тул 50/50 хувь гэж үзэн 50 хувийн хохиролыг бид өөрсдөө хариуцаж байгаа юм.
Хохирлыг тооцохдоо 2014 оны А дансаар тооцож хонин толгойд шилжүүлэн хохиролыг тооцож гаргасан байсан. Хариуцагч нар хохирол тогтоох комиссын хуралд оролцон ямар хэмжээний хохирол учирсан талаар мэдэж байгаа бөгөөд хохиролын хэмжээг хүлээн зөвшөөрөн гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа. Гэтэл хариуцагч нар одоо хүртэл хохиролыг төлж барагдуулахгүй манай компанийг хохироож байна. Хохиролын хэмжээг айл тус бүрээр тогтоосон байгаа. Үүнд: С.Очир 11.741.472 төгрөг, О.Хөхөө 7.064.784 төгрөг, Д.Дорлиг 6.069.744 төгрөг, Ж.Төмөрхуяг 995.040 төгрөг, Н.Баттогтох 696.528 төгрөг, М.Шинэчулуун 6.633.600 төгрөг нийт 33.228.168 төгрөгийг нэхэмжилж байна.
-“Зааны төгөл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа. Учир нь: Эдгээр хүмүүсийн учруулсан хохиролоос болж хурлын тэмдэглэл, хохирол тогтоосон акт болоод бусад баримтуудыг нотлох баримтын шаардлага ханган нотариатаар батлуулан шүүхэд гаргаж өгсөн нотариатын үйлчилгээний хөлс 123.800 төгрөг, Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг хүртэл автомашинаар нэг удаа зорчиход 120.000 төгрөгийн шатахуун зарцуулсан мөн шүүхэд хариу тайлбар гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох зэргээр нийт шатахууны зардал 480.000 төгрөг нийт 603.800 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр төлбөрийг хүн тус бүрт нь хуваан олгоно уу.
1.Хариуцагч С.Очир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Зааны төгөл” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ компаний тариалангийн талбай нь 2 сумын дунд байдаг. Манайх тухайн өдөр тариалангийн талбайн тийшээ малаа бэлчээгээгүй учраас манай мал ороогүй гэж үзэж байна. Тэр өдөр манай мал тариалангийн талбайн эсрэг талаас ирсэн. Хохиролын комисс ирсэн гэхээс тэр хуралдаа бид нарыг оролцуулаагүй, харин зөвшилцлийн хурал хийж байна гэж л гарын үсэг зуруулсан. Тэгээд ч хохирлыг тооцохдоо 2014 оны жилийн эцсийн А дансанд үндэслэн тэнд тоологдсон малыг хонин толгойд шилжүүлсэн байдаг. А данснаас хойш малаа зарсан, үгүй хийсэн зүйл байгааг анхаарч үзээгүй. Энэ гаргасан хохиролыг хүлээн зөвшөөрөхгүй гэх.
2.Хариуцагч О.Хөхөө шүүх хуралд гаргасан тайлбартаа:
Би ямар ч бичиг баримтанд гарын үсэг зураагүй. Тухайн өдөр Ш.Оюунбилэг намайг машинтай ирж аваад мал орсон гэх талбайд очиход тэнд манай нэг ч мал байгаагүй. Энэ талаар Ш.Оюунбилэг өөрөө сайн мэдэж байгаа. Би энэ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх.
3.Хариуцагч Д.Дорлиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би тухайн өдөр компанийн хүмүүсээс манай мал орсон талаар асуухад ”байхгүй” гэж байсан. Бид нарын тэр өдөр “Малчин, тариаланчидтай уулзана” гэж дуудсан. Хэрвээ үнэхээр тариан талбайд мал орсон бол манай үхрийн чихний тэмдгийн дугаарыг тэмдэглэх боломжтой. Хэрвээ тэмдэглэсэн тохиолдолд хэний мал орсон нь үнэн зөвөөр гарна гэж бодож байна. Иймд энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх.
4.Хариуцагч Ж.Төмөрхуяг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Тухайн өдөр манай мал хариулгатай явж байсан. Би өөрөө малаа хариулсан. Бид нарыг малын судалгаа явуулж байна гэж дуудаад гарын үсэг зуруулсан. Түүнээс хохирол тариалангийн талбайд мал оруулсан талаар яриагүй. Би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэх.
5.Хариуцагч Н.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би энэ гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би ямар ч бичиг баримтанд гарын үсэг зураагүй. Намайг дуудаж уулзаагүй гэх.
6.Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч М.Шинэчуулуун шүүхэд гаргасан тайлбараас:
“Зааны төгөл” ХХК-ийн нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Малчин Н.Баттогтохынд 2015 онд 210 хонь, 180 ямаа маллуулж байсан. Зүүнбүрэн суманд байсан. Үхрээ 2015 оны 8 дугаар сарын 20-нд малчин н.Хүдэрчулуун Сүхбаатар суманд нүүлгэн ирж суурьшсан. 2015 оны 10 дугаар сард манай үхэр Сүхбаатар суманд байсан учир тариалангийн талбайд орох бололцоогүй болсон. Хонь, ямаа байнгын хариулагатай малчинтай байсан. Малчин н.Хүдэрчулуун үхэр болон хонь бог малаа аваад нүүснийг малчин Н.Баттогтох, С.Очир тэр хавийн бүх малчид мэдэж байгаа болно. Тариалангийн талбайд орсон үхэр, адууг хэний мал болохыг тухайн үед нарийн тогтоохгүй хүний амаар малчдыг нотолгоогүй бүрдүүлэн өгсөн байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Зааны төгөл” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн С.Очир, О.Хөхөө, Д.Дорлиг, Ж.Төмөрхуяг, Н.Баттогтох, Сүхбаатар сумын иргэн М.Шинэчулуун нарт холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр тус компаний хураагаагүй байсан рапсын талбайд олон тооны үхэр, адуу, хонь зэрэг мал орж ямар ч хураах нөхцөлгүйгээр сүйтгэсэн байсан. Тариалангийн талбайг сүйтгэсэн олон тооны мал нь тариалангийн талбайн ойролцоо зөвшөөрөлгүй буусан 6 өрх айл болох С.Очир, О.Хөхөө, Д.Дорлиг, Ж.Төмөрхуяг, Н.Баттогтох, М.Шинэчулуун нарын мал байсан болох нь хохирол тогтоох комиссын үзлэг, тэмдэглэлээр нотлогдсон байгаа...Хохирлыг тооцохдоо 2014 оны А дансаар тооцож хонин толгойд шилжүүлэн хохиролыг тооцож гаргасан байсан. Хариуцагч нар хохирол тогтоох комиссын хуралд оролцон ямар хэмжээний хохирол учирсан талаар мэдэж байгаа бөгөөд хохиролын хэмжээг хүлээн зөвшөөрөн гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа...Хохиролын хэмжээг айл тус бүрээр тогтоосон байгаа. Үүнд: С.Очир 11.741.472 төгрөг, О.Хөхөө 7.064.784 төгрөг, Д.Дорлиг 6.069.744 төгрөг, Ж.Төмөрхуяг 995.040 төгрөг, Н.Баттогтох 696.528 төгрөг, М.Шинэчулуун 6.633.600 төгрөг нийт 33.228.168 төгрөгийг нэхэмжилж байна гэх.
-“Зааны төгөл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...хурлын тэмдэглэл, хохирол тогтоосон акт болоод бусад баримтуудыг нотлох нотлох баримтын шаардлага ханган нотариатаар батлуулан шүүхэд гаргаж өгсөн нотариатын үйлчилгээний хөлс 123.800 төгрөг, Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймаг хүртэл автомашинаар нэг удаа зорчиход 120.000 төгрөгийн шатахуун зарцуулсан мөн шүүхэд хариу тайлбар гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох зэргээр нийт шатахууны зардал 480.000 төгрөг нийт 603.800 төгрөгийг нэхэмжилж байна. Эдгээр төлбөрийг хүн тус бүрт нь хуваан олгоно уу...” гэх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Нэхэмжлэгч “Зааны төгөл” ХХК нь 2007 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 1 гишүүнтэйгээр “Зааны төгөл” БГБХ нөхөрлөл байгуулан улсын бүртгэлийн 1311005076 дугаарт бүртгүүлэн 3737004 дугаартай регистрийн дугаар авч газар тариалан, мал аж ахуй, гадаад, дотоод худалдаа эрхлэхээр улсын бүртгэлд бүртгүүлэн Улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна. 2010 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хариуцлагын хэлбэрээ өөрчилж ХХКомпани болж захиралаар нь М.Отгонбаярыг томилж улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан “Улсын бүртгэлийн гэрчилгээ”, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэсийн лавлагаа зэргээр нотлогдож байна.
Гэтэл 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Санчир буудай” ХХК-ний захирал Ш.Оюунчимэгийн 03 дугаартай тушаалаар Ш.Оюунбилэгийг “Санчир буудай” ХХК болон “Зааны төгөл” ХХК-ний гүйцэтгэх захиралаар ажиллуулахаар мөн 2012 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Зааны төгөл” ХХК-ний захирал М.Отгонбаяр 05 дугаартай тушаалаар Ш.Оюунбилэгийг “Зааны төгөл” ХХК-ний гүйцэтгэх захиралаар тус тус томилсон нь ойлгомжгүй байна.
“Зааны төгөл” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь “Зааны төгөл” ХХК-гэсэн тэргүүтэй байхад нэхэмжлэийн төгсгөлд захирал Ш.Оюунбилэг гээд “Зааны төгөл” БГБХН-ийн тэмдэг дарсан байна.
Гэтэл Компаний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.11-д заасан “Компаний дүрэмд өөрөөр заагаагүй бол компаний салбар төлөөлөгчийн газрын удирдлагыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ томилох бөгөөд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулна” гэсэн заалттай зөрчилдсөн байна. Тухайлбал “Зааны төгөл” ХХК-ийн захирал нь Ш.Оюунбилэгт итгэмжлэл олгох ёстой байтал Ш.Оюунбилэг нь Ч.Энхжинд итгэмжлэл олгосон зэргээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зйүлийн 65.1.5-д зааснаар “Нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж үзэхээр байгаа.
Иймд “Зааны төгөл” ХХК-ний нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэн С.Очир, О.Хөхөө, Д.Дорлиг, Ж.Төмөрхуяг, Н.Баттогтох, Сүхбаатар сумын иргэн М.Шинэчулуун нарт холбогдох “Эд хөрөнгөнд учирсан хохирол нийт 33.804.968 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн нийт 640.952 төгрөгийг “Зааны төгөл” ХХК-нд буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. “Зааны төгөл” ХХК-ийн нэхэмжлэлтэй С.Очир, О.Хөхөө, Д.Дорлиг, Ж.Төмөрхуяг, Н.Баттогтох, М.Шинэчулуун нарт холбогдох “Эд хөрөнгөнд учирсан хохирол 33.804.968 төгрөг гаргуулах тухай“ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 640.952 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулж түүнд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүгчийн тогтоолд гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Л.ЭНХТАЙВАН
Л.СОЁЛМАА