Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/331

 

  2020        4            09                                   2020/ШЦТ/331                                         

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0338/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Х.Б, Э.Т /өөрсдийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар                                                          

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.Б, Э.Т нарт холбогдох эрүүгийн 1909036861083 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, үйлдвэрлэлийн дизайнер мэргэжилтэй, "Индэ Сигн Студи" ХХК-ийн захирал ажилтай, Баянгол дүүргийн 11-р хороо, баруун Тасган 2-р гудамж, 42 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 46-72 тоотод оршин суудаг гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х.Б /РД: /,

Монгол Улсын иргэн, 2000 оны 7 сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, одоо Сүхбаатар аймаг дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 8 дугаар заставд байлдагчаар цэргийн алба хааж байгаа, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол, Намъянжү гудамж, 31А байрны 63 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Т /РД: /

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айлофт” баарны гадаа иргэн хохирогч Э.Т-г нүүрэн тус газарт духаараа мөргөн, цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан;

Шүүгдэгч Э.Т нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айлофт” баарны гадаа хохирогч Э.Мягмаржавын уруул хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Х.Б-н өгсөн: “...Би түрүүлж цохиогүй. Нэг залуу хөлөн дээр гишгээд муудалцсан. Э.Ттэй хамт явж байсан намхан залуутай цохилцсон. Тэгээд баарны хамгаалагч гаргасан. Тэгээд найзтайгаа буцаж ороод зогсож байтал араас гурван залуу орж ирээд цохиод мөрлөөд байхаар нь би 2 цохисон. Уучлалт гуйсан зүйл байгаагүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч, хохирогч Э.Т-н өгсөн: “...Би тухайн өдөр найзуудтайгаа явж байсан. Бааранд ороод бүжиглэж байгаад муудалцсан. Хамгаалагч бид нарыг баарнаас гаргасан. Уучлалт гуйсан чинь хүлээж аваагүй. Х.Б намайг бааранд дотор 2 удаа цохихоор уурандаа найзыг нь цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй...” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Э.Мягмаржавын өгсөн:  "...Би 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө найз Х.Бий хамт Туушин зочид буудлын хойд хэсэгт байдаг "Айлофт" баар руу орсон. Тэгээд Х.Б бид хоёр бүжиглэж байхад хэдэн залуучууд бид хоёрыг өдөөд байсан. Тэгээд Х.Б тэр залуучуудтай маргалдсан. ...намайг баарны хашлаган дээр зогсож байхад дэлдэн чихтэй, ханцуйгүй подвалктай, саарал өнгийн цамцтай, Э.Т /цагдаа дээр ирээд нэрийг мэдсэн залуу/ миний нүүрэн тус газарт миний уруул хэсэгт гараараа нэг удаа хүчтэй -цохисон. ...миний биед учирсан үүдэн шүдний сулрал, уруулын дотор язрал гэмтлүүдийг Э.Т гэх залуу миний уруул хэсэгт гараараа цохиж учруулсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

Хохирогч Э.Т-н өгсөн: "2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 26-нд шилжих шөнө миний зүүн нүдний доод хэсэгт хөхөрч хавдсан гэмтэл учирсан. Миний биед учирсан гэмтлийг Х.Б учруулсан." гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/,

Гэрч Б.Тайванбатын өгсөн: "бид нар бааранд ороод нэг шил вискины сэт захиалж авсан Сүбэйдэй, Эрдэнэ-Очир бид 3 архи, дарс ууж идээгүй. Тэгээд би бааран дотор бүжиглэж байхад манай танил ирээд гадаа танай найзууд зодолдоод байна гэхээр нь би яваад очиход баарны хамгаалагч нар найзуудыг салгачихсан байсан... ...Э.Т, Х.Б, Мөнхбилгүүн гурав л бусадтай маргалдаад байх шиг байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Гэрч Ө.Сүбэйдэйн өгсөн: "...би тухайн үед авто машинтай явж байсан учраас согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Шөнийн 02 цагийн үед намайг бүжгийн талбай дээр бүжиглэж байхад манай найз Э.Ттэй хоёр ах маргалдаж байсан. Тэгээд маргалдаж байгаад Э.Т, Эрдэнэболд, Билгүүнзаяа нар нөгөө өндөр Х.Б гээд ахтай баарнаас гарсан. Э.Т нөгөө хоёр ахтай зодоон хийсэн юм шиг байсан... ...Би бусдыг зодож цохьсон асуудал байхгүй. Харин Э.Т-г өндөр Х.Б гээд ах нь тохойлдоод зодоон болох гэж байхад гартаа пивоны шил барьсан ягаан цамцтай Мягмаржав гээд ахын гарнаас нь бариад тайвшруулаад баарнаас гаргасан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

Гэрч П.Эрдэнэ-Очирын өгсөн: "...Би Сүбээдэйтэй уулзахад “Э.Т бид хэд тайзан дээр бүжиглэж байгаад Э.Т нэг ахтай муудалцчихлаа” гэж хэлсэн. Сүбээдэй бид хоёр Тайванбаттай уулзаад хоорондоо ярихад мань хэд бүжиглэж байхад Э.Т нэг өндөр залуутай муудалцсан. Тэр ах нь эхлээд Э.Т-г цохиод дараа нь мөргөсөн гэсэн. Тэгээд баарны хамгаалагч нар эхлээд тэр өндөр залуу, Э.Т тэр хоёрыг баарнаас гаргасан гэсэн. Э.Т баарнаас гараад өөртөө нь маргалдаад байсан өндөр залуугийн найз намхан залууг нь очоод цохьсон гэсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №11749 тоот: "Э.Мягмаржавын биед зүүн дээд үүдэн 1-р шүдний сулрал, дээд уруулын дотор салстын цус хуралт, доод уруулын дотор салстын язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 5 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №11729 тоот: "Э.Т-н биед зүүн хацар, хүзүүнд цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй." гэх дүгнэлт /хх-ийн 8 тал/,

Яллагдагч Х.Б, Э.Т нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтүүд /хх-ийн 80, 81 тал/,

Яллагдагч Х.Б-н өгсөн: "...Би 2019 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 02 цагийн үед найз Мягмаржавын хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо “Айлофт” бааранд орсон. Тэгээд “Айлофт” баарны текний хажууд зогсож байх үед нэг залуу миний хөлөн дээр 2-3 удаа гишгээд миний нуруу руу бүжиглэж байгаад түлхээд надад хүрээд байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаж чи миний хөлөн дээр гишгээд байна гэж хэлээд тэр залуутай гар барьсан чинь миний хөлөн дээр гишгээд байсан залуугийн найз нь гээд нэг намхан залуу наадах чинь одоо яагаад байгаа юм бэ гэж хэлсэн. ...Тэгэхээр нь тэнд байсан нэг залуугийн толгой хэсэг рүү нь духаараа мөргөсөн. ...Би Э.Т-г мергөж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Яллагдагч Э.Т-н өгсөн: "...тухайн үед баарнаас гараад би Х.Б-н найз Э.Мягмаржавын /сүүлд нэрийг нь мэдсэн/ нүүр хэсэгт нь 1 удаа гараараа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 65 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

шүүгдэгч Х.Б нь согтуугаар 2019.09.25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах  “Ай Лофт” баарны гадаа хохирогч Э.Т-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт мөргөх цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан;

шүүгдэгч Э.Т нь 2019.09.25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах  “Ай Лофт” баарны гадаа шүүгдэгч Х.Б-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаж маргалдах үедээ хохирогч Энхбаатарын Мягмаржавын уруул хэсэгт нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, бусдыг илтэд үл хүндэтгэсэн, үл ялих зүйлээр шалтаглан бусдыг зодож танхайрсан дээрэнгүй зан байдал шууд нөлөөлжээ.     

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Х.Б, Э.Т нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд заасан  хариуцлага тус тус хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Мягмаржав, Э.Т нар нь хавтаст хэргийн 80, 82 дугаар талуудад “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Х.Б, Э.Т нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Х.Б, Э.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Э.Т-н хувьд одоо Сүхбаатар аймаг дахь Хилийн цэргийн 0146 дугаар ангийн 8 дугаар заставд байлдагчаар цэргийн хугацаат алба хааж байгаа тул түүнийг харъяалах цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.Б, Э.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Э.Т нарыг 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Х.Б, Э.Т нарт оногдуулсан 450 /дөрвөн зуу тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тус тус тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б, Э.Т нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч нарт анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.     

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР