Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 02

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: С.Э-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч:  А аймгийн Улсын  бүртгэлийн хэлтэст холбогдох 

С овогтой Э намайг... регистрээр иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэхийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.В, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Э миний бие 1980 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр С гэх хүний хоёр дахь хүү болон мэндэлсэн ба уг ондоо багтаан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэний бүртгэлийн ажилтанд төрсний бүртгэлд бүртгүүлэн ... дугаарын регистртэй, №16 дугаартай төрсний гэрчилгээ авч байсан. Улмаар 1996 онд 16 нас хүрч иргэний үнэмлэх авах эрх нээгдэж үнэмлэхээ авахаар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Засаг даргын тамгын газарт паспорт авах №131 дугаартай өргөдөл /ХААТР-21/ бичиж өгөхөд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд бүртгэлгүй, Архангай аймгийн Төвшрүүлэх суманд бүртгэлтэй учир паспорт олгох боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би Улаанбаатар хот орж ажил хийж амьдарч байгаад амьдардаг байсан нийтийн байранд гал түймэр гарснаар өөрт байсан бүх бичиг баримтаа /төрсний гэрчилгээ, улаан паспорт, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр/ гал түймэрт алдсан.

Намайг Монгол Улсын иргэн гэдгийг нотлох бичиг баримтгүй учир ажил хөдөлмөр эрхэлж амьдралаа залгуулахад хүндрэлтэй байсан тул 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын тамгын газарт иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР-21/ бичиж цэнхэр үнэмлэх авсан. 2010 оноос иргэний цэнхэр үнэмлэхийг цахим үнэмлэх болгож сольж олгож байх үед би өөрийн оршин сууж байсан газрын иргэний бүртгэлийн ажилтантай уулзахад төрсний гэрчилгээ заавал хэрэгтэй гэсэн ба төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн талаар хэлэхэд лавлагаа гаргуулан авахыг зөвлөсөн ёсоор нь төрсний гэрчилгээний талаарх лавлагаа авах гэхэд иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас миний нэрээр төрсний гэрчилгээний лавлагаа гарч ирэхгүй, төрсний бүртгэлд бүртгэгдээгүй байгаа учир лавлагаа олгох боломжгүй гэсэн. 

Миний биө 1980 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөнтэйгөө болон ... регистрийн дугаартайгаа маргадаггүй бөгөөд Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дээрх регистрийн дугаарыг холбогдох журмынхаа дагуу зөв олгогдсон, хүчин төгөлдөр регистрийн дугаар боловч цахим нэрийн санд ямар ч хүний нэрээр бүртгэлгүй байна гэж хэлсэн. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгүүдэд зааснаар С овогтой Э намайг АИ80011013 регистрээр Иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэж, холбогдох бичиг баримт олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд С.Э-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. С.Э 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн. С.Э-ийн эмээ нь 1980 оны 03 дугаар сарын 28-ны өдөр түүний оршин суугаа газар болох Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэний бүртгэлийн ажилтанд С.Э-ийг төрсөн болохыг бүртгүүлж,  ... регистрийн дугаартай төрсний гэрчилгээг авч байсан. 

С.Э нь 1996 онд 16 насанд хүрч иргэний үнэмлэх авах эрх нь нээгдсэн. Тухайн үед С.Э өөрийн төрсөн газар болох Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас иргэний үнэмлэхээ авах гэхэд манай аймаг, суманд төрөөгүй Архангай аймгийн Төвшрүүлэх суманд бүртгэлтэй байна, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэний бүртгэлийн ажилтнаас иргэний үнэмлэхээ авахыг зөвлөсний дагуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэний бүртгэлийн ажилтнаас иргэний улаан үнэмлэхээ 1996 онд авсан. Тэгээд ажил хөдөлмөр эрхлэх гэж яваад Улаанбаатар хотод очоод амьдарч буй байранд нь 2004 оны үед гал гараад өөрийн бичиг баримтаа үрэгдүүлсэн гэсэн. Өөрийг нь гэрчлэх бичиг баримтгүй учраас ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй болж өөрийн байнгын оршин суух газар болох Архангай аймгийн Төвшрүүлэх суманд ирж иргэний бүртгэлийн ажилтнаас 2008 онд иргэний цэнхэр үнэмлэхээ авсан. Түүнээс хойш 2010 онд бүх нийтийн цахим бүртгэлд шилжихэд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэний бүртгэлийн ажилтан төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтууд шаардлагатай гэсэн учир төрсний гэрчилгээгээ нөхөн авах гэтэл төрсний бүртгэлд бүртгэгдээгүй байна гэсэн. Үүний дагуу Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар болон Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст С.Э-тэй холбоотой материал байгаа эсэхийг тодруулахад төрөлттэй холбоотой бичиг баримт байхгүй байсан учраас шүүхэд хандахыг зөвлөсөн байдаг. Тухайн үед ажиллаж байсан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын улсын бүртгэлийн ажилтан нь С.Э-д холбогдох бичиг баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар руу хүргүүлээгүй, улсын бүртгэлийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж иргэн С.Э хохироход хүрээд байгаа учраас зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. С.Э-д олгогдсон ... регистрийн дугаар нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас олгогдсон регистрийн дугаар. Тийм учраас С.Э-ыг 1980 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн ... регистрийн дугаартай болохыг нотолж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.Э-ийн нэхэмжлэлтэй тус хэлтсийг хариуцагчаар татсан захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: С.Э-ийн тус хэлтэст хандан гаргасан өргөдлийг хянаж үзэхэд иргэний бүртгэлийн архивт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрснөөр 1996 оны 5 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн ХААТР-21, Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 1980 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрснөөр 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн ХААТР-21 маягтууд байна. Иргэний бүртгэлийн архивт байгаа ХААТР маягтууд дахь төрсөн газрын мэдээллүүд зөрүүтэй байгаа. Хэлтсийн иргэний бүртгэлийн архив, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний бүртгэлийн архивт С.Э-ийн төрсний бүртгэлтэй холбоотой лавлагаа, бүртгэлийн дэвтэр байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.В шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Э нь бичиг баримтгүй байгаа учраас ажил хөдөлмөр эрхлэхэд хүндрэлтэй байна, холбогдох бичиг баримттай болох талаар хяналтын улсын байцаагч надтай ирж уулзсан. Тухайн үед нь миний зүгээс ямар нотлох баримт бүрдүүлж, цуглуулах талаар тайлбарлаж өгөөд явуулсан. Мөн иргэний бүртгэлийн архиваас шүүж үзэхэд өөрийнх нь төрөлттэй холбоотой мэдээлэл архиваас гараагүй. Тийм учраас албан ёсоор шүүхэд хандах зөвлөгөө өгсөн. Эх нотлох баримт байхгүй байсан учраас хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн. Хэрэв шүүхийн шийдвэрээр С.Э-ийг ... регистрээр Иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэхийг даалгавал хариуцагчийн зүгээс С.Э-ийг ...регистрээр бүртгэн, бичиг баримт олгох боломжтой, ... регистрийн дугаар нь хүчин төгөлдөр регистрийн дугаар, өөр хүнд давхардуулан олгоогүй гэв.

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн С.Э-ээс А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан С овогтой Э намайг ...регистрээр иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэхийг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ. /х.х-н 1-2/

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргахыг даалгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ. 

 

Уг маргааны үйл баримтаас дурдахад: Нэхэмжлэгч С.Э-ээс  “ ... миний бие 1980 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр С гэх хүний хоёр дахь хүү болон мэндэлсэн ба уг ондоо багтаан Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэний бүртгэлийн ажилтанд төрсний бүртгэлд бүртгүүлэн ... дугаарын регистртэй, №16 дугаартай төрсний гэрчилгээ авч байсан ... би Улаанбаатар хот орж ажил хийж амьдарч байгаад амьдардаг байсан нийтийн байранд гал түймэр гарснаар өөрт байсан бүх бичиг баримтаа гал түймэрт алдсан ... 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Засаг даргын тамгын газарт иргэний үнэмлэх авах өргөдөл /ХААТР-21/ бичиж цэнхэр үнэмлэх авсан. 2010 оноос иргэний цэнхэр үнэмлэхийг цахим үнэмлэх болгож сольж олгож байх үед би өөрийн оршин сууж байсан газрын иргэний бүртгэлийн ажилтантай уулзахад төрсний гэрчилгээ заавал хэрэгтэй гэсэн ба төрсний гэрчилгээгээ үрэгдүүлсэн талаар хэлэхэд лавлагаа гаргуулан авахыг зөвлөсөн ёсоор нь төрсний гэрчилгээний талаарх лавлагаа авах гэхэд иргэний бүртгэлийн мэдээллийн сангаас миний нэрээр төрсний гэрчилгээний лавлагаа гарч ирэхгүй, төрсний бүртгэлд бүртгэгдээгүй байгаа учир лавлагаа олгох боломжгүй гэсэн ... Миний биө 1980 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөнтэйгөө болон ... регистрийн дугаартайгаа маргадаггүй бөгөөд Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс дээрх регистрийн дугаарыг холбогдох журмынхаа дагуу зөв олгогдсон, хүчин төгөлдөр регистрийн дугаар боловч цахим нэрийн санд ямар ч хүний нэрээр бүртгэлгүй байна гэж хэлсэн. Иймд С овогтой Э намайг...регистрээр Иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэж, холбогдох бичиг баримт олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэж; 

Хариуцагч А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс “ ... С.Э-ийн тус хэлтэст хандан гаргасан өргөдлийг хянаж үзэхэд иргэний бүртгэлийн архивт Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрснөөр 1996 оны 5 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн ХААТР-21, Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 1980 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрснөөр 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бүртгэсэн ХААТР-21 маягтууд байна. Иргэний бүртгэлийн архивт байгаа ХААТР маягтууд дахь төрсөн газрын мэдээллүүд зөрүүтэй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэж тус тус  маргажээ.

 

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлахад : - Нэхэмжлэгч С.Э 1996 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр №131 дүгээр паспорт авах өргөдлөөр: Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд 1980 оны 3 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, РД:... регистрийн дугаартай, №16 дугаар төрсний гэрчилгээтэй, 8 дугаар ангийн сурагч С овогтой Э нь паспорт авах насанд хүрсэн тул паспорт авах тухай өргөдөл, 2008 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ... регистрийн дугаартай С.Э-ээс гаргасан иргэний үнэмлэх авах өргөдөл, ХААТР 21 дүгээр маягт, №16 дугаар төрсний гэрчилгээг үндэслэн АР серитэй 2480470 дугаартай иргэний үнэмлэхийг 2025 он хүртэл хүчинтэй байхаар олгосон байна. /х.х-н104-105/ 

 

- Харин хавтаст хэрэгт авагдсан 1996 оны паспорт авах өргөдөл, 2008 оны Иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР 21 дүгээр маягт, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Өртөнт багийн Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаар тодорхойлолт “ ... С.Э нь эцэг, эх дүү нарын хамт тус сумын 4 дүгээр багийн нутаг Сөрт хороололд 2010 он хүртэл амьдарч байгаад 2011 онд Архангай аймгийн төв рүү шилжсэн ...” гэх; Төвшрүүлэх сумын арван жилийн сургуулийн 1987-1988 оны нэгдүгээр ангийн Б бүлгийн журнал, 1988-1989 оны хоёрдугаар ангийн Б бүлгийн журнал, 1989-1990 оны гуравдугаар ангийн Б бүлгийн журнал, 1991-1992 оны дөрөвдүгээр ангийн А бүлгийн журнал, 1993-1994 оны зургадугаар ангийн А бүлгийн журнал, 1995-1996 оны наймдугаар ангийн А бүлгийн журнал зэрэгт “ ... Оюуны Э,  эх барилга угсралтын ангид, сөртөд, гэртээ ...” гэх; гэрч С.О-ны мэдүүлэг “ ...С.Э-ийн төрсний гэрчилгээг Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас миний ээж Б хавар авч байсан ... иргэний үнэмлэхээ 2008 онд Төвшрүүлэх сумаас авсан” гэх; гэрч О.Д-ын мэдүүлэг “ ... С.Э-ийн төрсний гэрчилгээг Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас авсан ... анх эмээ Төвшрүүлэх сумаас надад эхэлж улаан паспорт авч өгөөд, дараа нь дүү Э-д улаан пасспорт авсан ...” гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан ... дугаар Монгол улсын иргэний үнэмлэх, түүний гарын үсгийн бичвэр, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч С.Э нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн гэх боловч Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас №16 дугаар төрсний гэрчилгээ болон ... регистрийн дугаар авсан болох нь тогтоогдож байна. /х.х-н 4, 104-105, 112, 116-138, 146-147,157-158/

 

Түүнчлэн С.Э нь 2013 оноос эхлэн “Өүк Хилл Кастом Карпертри” ХХК-д ажиллаж байхдаа Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгал хэлтсээс ... дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт уг А.. регистрийн дугаараар бүртгэгдсэн бөгөөд Эрүүл мэндийн .. дүгээр дэвтэрт А... регистрийн дугаараар бичигдэж эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлээ тус тус төлж байсан байна. /х.х-н 160-163/

 

              Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Э нь 1980 онд Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн гэх боловч  холбогдох бичгийн нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас 1980 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрснийг 1980 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 16 дугаартай төрсний гэрчилгээг үндэслэн улаан паспорт авч ...регистрийн дугаар авагдаж улмаар 2008 оны 8 дугаар сарын 03-нд  Монгол Улсын Иргэний үнэмлэх ... гэсэн дугаартай цэнхэр үнэмлэхийг тус тус авч байсан болох нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйл, Арван есдүгээр зүйл 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”; гэж тусгажээ.

  

Иймд хариуцагч тал Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д зааснаар “ үнэн зөв, заавал биелүүлэх шинжтэй байх бөгөөд иргэний хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж... хуульд заасан журмын дагуу хөтлөх...” ; Иргэний бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх хамгаалах...” гэсэн үндсэн зарчмыг баримтлах нь зүйтэй байна. 

 

Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 28 дугаар зүйлд зааснаар Монгол улсын иргэн бүр ресгистрийн дугаартай /../  уг дугаар нь улаан паспорт, цэнхэр иргэний үнэмлэх болон Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэг бичиг баримтуудад бичигдсэн, нэхэмжлэгчийн дээрхи регистрийн дугаар нь давхардаагүй байна. 

 

Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “ Журам батлах тухай” А/193 дугаар тушаалын хавсралт “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын Арван дөрөв. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бусад бүртгэлийг нөхөн бүртгэх 14.4-д “...Улсын бүртгэлийн төв архив болон төв, орон нутгийн бүртгэлийн байгууллагын Иргэний баримтын архивт эх нотлох баримт бичиг, бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээлэл байхгүй бол шүүхийн шийдвэрийг үндэслэнэ...” , Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3  дугаар зүйлийн 3.1.5, 11 дүгээр зүйлийн 11.5.5 дахь хэсэг, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч С.Э-д .. регистрийн дугаараар иргэний төрсний бүртгэлд бүртгэж, баримт бичгийг дахин олгох нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                

ТОГТООХ нь:

 

  1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, С овогтой Э-ийг ...регистрийн дугаараар иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэж холбогдох бичиг баримтыг олгохыг А аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

             3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Б.ОДОНТУЯА