Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2015 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 19

 

 

 

           

 

 

 

 

 

 

Б.Эрдэнэбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Рапид харш хороололд оршин суух Бээл овогт Бадамгаравын Эрдэнэбаатарын  нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух Сандагийн Нямжавт  холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн  илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч С.Нямжав, түүний өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 48.000.000 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “ …кадастрын ажилтан С.Нямжав гэх залуу 2-3 хямд газар байна гэхээр нь хамт явж үзээд нэг газар товлож авахаар болсон. Урьдчилгаанд 2.000.000 төгрөг өгсөн. Тэгээд тэр залуу бичиг баримт нь гарахаар өгье, маргааш нөгөөдөр хэд хоногийн дараа гарна гэсэн. 2013 оны 12 дугаар сарын дундуур надад угсармал барилгын боломжийн үнэтэй хавтан олдох боломж байгаа тул энэ газар бүтэх үү гэхэд С.Нямжав “Бүтнэ, та тэр хавтангаа авч болно, хашаагаа барьж бай, гэрчилгээ чинь удахгүй гарна.” гээд дахин мөнгө нэхэж 3.000.000 төгрөг авсан. Мөн өвөл 10-аад шаланз машин хөлсөлж угсармал 3 давхар барилгынхаа хавтанг газар дээр нь буулгасан ба бетонон суурьтай квадрат төмөр хашаа, эрчим хүч татах, 3 давхар барилгын суурь, цутгалт, арматурын ажлыг бүгдийг нь хийж, ажил явагдаж байсан. Гэтэл 2014 оны 7 дугаар сарын эхээр Арвайн үндэс ХХК-ийн захирал О.Оргил гэдэг залуу ирж “Та нар яагаад манай газар дээр байшин сав барьж байна.” гэсэн. С.Нямжав тус газрыг өөрийн эзэмшилийн газар биш болохоо хүлээн зөвшөөрч, учирсан бүх зардлыг хариуцаж төлнө гэсэн. Би гарсан бүх зардлаа үнэлгээний компаниар хийлгэж С.Нямжавтай тохиролцож 70.000.000 төгрөг авахаар  болж 30.000.000 төгрөгийн төлбөрт машин, газар зэргийг авсан. Одоо 40.000.000 төгрөг төлөх дутуу байгаа ба намайг АНУ-ын Вашингтон ДС хотоос 2 удаа та хүрээд ир гэж дуудуулсан 8.000.000 төгрөг, нийт 48.000.000 төгрөгийг С.Нямжаваас гаргуулна уу.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Б.Эрдэнэ-Отгон гэдэг хүн өөрийгөө танилцуулаад “Боломжийн газар байвал зааж өгөөч” гэхээр нь би өргөдөл өгсөн газар байгаа гэхэд “Бичиг баримт нь гарахаар ахдаа хэлээрэй.” гэсэн. Түүний дараа удаа дараа утсаар ярьдаг байсан бөгөөд бид 2 уулзаад Б.Эрдэнэ-Отгоноос мөнгөний хэрэг гараад 2.000.000 төгрөг зээлсэн. Надаас нөгөө бичиг баримт нь гарсан уу гэж шаардаад хашаа барьмаар байна гэхэд би болохгүй шүү, бичиг баримт нь гараагүй гэдгээ удаа дараа сануулж хэлдэг байсан. Б.Отгон-Эрдэнэ гэх хүн 2015 оны 5 дугаар сард Увсад ирж Ах нь нөгөө газрыг чинь 25.000.000 төгрөгөөр зарсан, үлдэгдэл хохирлыг барагдуулж өг гэж нэхсээр байгаад надаас 10.000.000 төгрөг, миний унаж байсан Ниссан санни маркийн автомашиныг 5.000.000 төгрөгт бодож аваад үлдсэн 15.000.000 төгрөгтөө угсармал байшингаа зарж авна гээд одоо ямар нэгэн гомдолгүй гэж бичиг хийж нотариатаар батлуулж өгөөд явсан. 2015 оны 6 дугаар сард би хотод сургалтаар очсон байхад Б.Эрдэнэ-Оюун, бэргэн эгч Ж.Түмэнжаргал гэх зэрэг 4 хүнтэй нийлж дарамтлан дахин 40.000.000 төгрөг төл гэж бичиг хийлгэн авч байсан. Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатар гэх хүнийг сайн танихгүй. Угсармал байшинг би ав гэж хэлээгүй, хэзээ хэдэн төгрөгөөр авсныг мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаар шийдвэрээр: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч С.Нямжаваас эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 40.000.000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай., 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 397.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нямжаваас 357.950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэбаатарт олгосугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх " ...2015 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн "Баталгаа" болон "Хэлцэл" гэх баримтуудыг "Б.Эрдэнэ-Отгон би С.Нямжаваас нэмж нэхэмжлэх хохирол гомдолгүй" гэх агуулгатай нотлох баримтыг үнэлэхдээ нэхэмжпэгч Б.Эрдэнэбаатар болон хариуцагч С.Нямжав нарын хооронд хийгдээгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна..." гэж  дүгнэж шийдвэрлэсэн нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг дутуу үнэлж нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтыг үнэлээгүй. Иймд шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсноос материаллаг хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлж дүгнээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Арвайн үндэс” ХХК-ийн эзэмшлийн газар дээр барилга барьж эхэлсэн үйлдэл хэний буруутай үйл ажилгаанаас болсныг, мөн нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол ямар төрлийн хэлцэл хийгдсэн болохыг тогтоогоогүй ба эрхзүйн ямар харилцаа зохигчдын дунд үүссэн болохыг  тодорхойлоогүйгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Өөрөөр хэлбэл зохигчдын дунд гэрээнээс үүдэлтэй шаардах эрх, эсхүл гэрээний  бус үүрэгтэй холбоотой шаардах эрхийн аль нь бий болснийг ялгамжтайгаар тодорхойлоогүй байна.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь хуульзүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, Иргэний хуулийн эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирлыг С.Нямжаваас гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаартай шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

            Хэрэгт авагдсан “Амлалт” /хх 11-12 дугаар тал/ гэх баримт эх хувиараа авагдаагүй байхад шүүх түүнийг шийдвэрийн үндэслэл болгож үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан  нотлох баримтыг шүүхэд эх хувиар нь гаргаж өгөх боломжгүй бол нотариатчаар батлуулсан хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах, уг бичмэл нотлох баримтыг жинхэнэ эх хувиар нь шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулж шинжлэн судалж болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг гаргах, цуглуулах журмыг зөрчжээ. “Хэлцэл”, /хх 94 дүгээр тал/ “Баталгаа” /хх 95 дугаар тал / зэрэг баримтыг хуулинд заагдсан журмаар хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай харьцуулан үзэж үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна. Давж заалдах гомдол гаргахдаа С.Нямжавын тэмдэгтийн хураамжинд төлсөн 357950 төгрөгийг шүүгчийн захирамжаар түүнд буцаан олговол  зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5.-д заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357950 төгрөгийг хариуцагч С.Нямжавт шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ӨМИРБЕК  

                                   

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН