Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 0319

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч А.Ганзориг,

шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Г-н Эт холбогдох эрүүгийн 2008008470303 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Г-н Э, Монгол Улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (регистрийн дугаар),                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.А-тай “гэртээ ирж хоносонгүй" гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар нүүр, цээжин тус газруудад нь хөл, гараараа цохиж зодон, бие махбодид нь “...зүүн зовхи, цээжинд цус хурал...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ:

2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэртээ архи уугаад байж байтал эхнэр Б.А ирсэн. Эхнэр маань урьд өдөр нь гэртээ ирж хоноогүй юм. Би гэртээ ирж хоносонгүй гээд зүүн шанаанд нь нэг удаа цохиж, жижиг сандал дээр сууж байхад нь хөлөөрөө 1 удаа дэвссэн. Эхнэртээ эмчилгээнд нь 400.000 төгрөг өгсөн. Гэм буруугийн талаар маргаангүй, санал болгосон ялын саналыг зөвшөөрч байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Г.Э нь миний хамтран амьдрагч байгаа юм. Бид хоёр 2008 оноос  эхлэн  хамт амьдрах болсон. Дундаасаа 2 хүүхэдтэй...би 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн тоотод гэртээ ирсэн чинь манай нөхөр Г.Э гэртээ ирсэн 0.5 литрийн Хараа архи ганцаараа уугаад согтуу байж байсан. Тэгээд Г.Э надад “чи хаагуур яваад ирж байгаа юм” гэхээр нь би “Мын оёдлын цехэд маск оёж хоноод ирлээ, би чамд өчигдөр хэлсэн ш дээ" гэсэн чинь Г.Э согтуу надтай хэрүүл маргаан хийж байгаад миний үснээс зулгаагаад газарт унагаасан. Тэгээд миний дээр гарч суугаад нүүрэнд гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гэсэн чинь Г.Э миний цээжний хэсэгт хөлөөрөө 1 удаа дэвссэн...Миний биед учирсан гэмтлийг Г.Э миний зүүн зовхинд гараараа 1 удаа цохиж мөн цээжинд хөлөөрөө дэвсэж учруулсан...” гэжээ. /хх-06-07/,

Гэрч Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тоотод ээжийнд очсон чинь манай ээж Б.А гэртээ орон дээрээ хэвтээд, нүүрэн дээрээ алчуур тавьсан байдалтай байж байсан. Тэгээд би ээжийн дэргэд очоод нүүрэн дээр нь байсан алчуурыг нь аваад харсан чинь манай ээж Б.Аын нүүр нь хавдсан байхаар нь “таныг хэн ийм болгосон юм бэ” гэж асуусан чинь хажуунаас Г.Э “би ээжийг чинь цохисон юм” гэсэн...Манай ээж Б.А нь Г.Этай хамт 2008 оноос эхлэн хамт амьдрах болсон...” гэжээ. / хх-16/,

Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Манай дүү Г.Э нь Б.Атай хамт амьдраад 13 жил болж байгаа. Энэ хоёр дундаасаа 2 хүүхэдтэй, Сонгинохайрхан дүүргийн тоот хаяганд эхнэр 2 хүүхдийн хамт амьдраад 8 жил болж байгаа. ...Өмнө нь Г.Э эхнэр Б.Аыг цохиж зодож байсан асуудал байхгүй. Манай дүү Г.Э БНСУ-д ажиллаж байгаад 2019 оны 09 дүгээр сард Монголд ирсэн юм...” гэжээ. /хх-18/,

Гэрч Ж.Ө мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“...Би тухайн өдөр Ачит-118 чиглэлийн хөдөлгөөнт эргүүлийн автомашинд үүрэг гүйцэтгэж байхад 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20 цаг 30 минутанд “Сонгинохайрхан дүүргийн тоотод манай эгчийг нөхөр нь зодсон байна” гэх дуудлага мэдээллийг хүлээн авч 20 цаг 38 минутанд очиж шалгахад холбогдогч Г.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай хохирогч Б.А нь гэртээ оруулахгүй “би цагдаад дуудлага өгөөгүй” гэх зүйл ярьж байсан...Би тухайн үед дуудлагад очиход хохирогч Б.Аын нүд нь гэмтсэн байдалтай хөхөрсөн байсан...” гэжээ. /хх-22/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2283 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд, доод зовхинд тархмал хөхөлбөр ягаан өнгийн орчны зөөлөн эд бага зэрэг хавдаж овойсон, зовхины завсар нарийссан цус хуралттай, тэмтрэхэд эмзэглэлтэй, цээжний зүүн хэсэгт 1.5х1.0см, 1.2х1.0см хүрэн ягаан өнгийн цус хуралттай.

Дүгнэлт:

1.Б.Аын биед зүүн зовхи, цээжинд цус хурал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэжээ. /хх-24-25/,

Яллагдагч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

“..Би Б.Аын биед учирсан “зүүн зовхи, цээжинд цус хурал” гэмтлийг гараараа 1 удаа нүүрэнд нь цохиж, цээжин хэсэгт нь хөлөөрөө 1 удаа дэвсэж учруулсан...Би Сонгинохайрхан дүүргийн тоотод эхнэр Б.А 2 хүүхдийн хамт амьдардаг...Би өөрийнхөө бурууг бүрэн ухамсарлаж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэжээ. /хх-37-41/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/,  иргэний үнэмлэхний лавлагаа / хх-47/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа/ хх-48/, тээврийн хэрэгслийн лавлагаа / хх-49/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-50/,  гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа/ хх-51/, Аюулын зэргийн үнэлгээ, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-66-74/, хохирогч Б.Ааас гаргасан гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлт /хх-83/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд:

Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Атай “гэртээ ирж хоносонгүй" гэх шалтгааны улмаас маргалдан, улмаар нүүр, цээжин тус газруудад нь хөл, гараараа цохиж зодон, бие махбодид нь “...зүүн зовхи, цээжинд цус хурал...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Аын өгсөн “...Миний биед учирсан гэмтлийг Г.Э миний зүүн зовхинд гараараа 1 удаа цохиж, мөн цээжинд хөлөөрөө дэвсэж учруулсан...” гэх мэдүүлэг,

гэрч Ц өгсөн  “...манай ээж Б.А гэртээ орон дээрээ хэвтээд, нүүрэн дээрээ алчуур тавьсан байдалтай байж байсан...нүүрэн дээр нь байсан алчуурыг нь аваад харсан чинь манай ээж Б.Аын нүүр нь хавдсан байхаар нь “таныг хэн ийм болгосон юм бэ” гэж асуусан чинь хажуунаас Г.Э “би ээжийг чинь цохисон юм” гэсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Э “... Манай дүү Г.Э нь Б.Атай хамт амьдраад 13 жил болж байгаа. Энэ хоёр дундаасаа 2 хүүхэдтэй...” гэх мэдүүлэг,

гэрч Ж.Ө өгсөн “...манай эгчийг нөхөр нь зодсон байна гэх дуудлага мэдээллийг хүлээн авч шалгахад хохирогч Б.Аын нүд нь гэмтсэн байдалтай хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг,

 “...Б.А-н биед зүүн зовхи, цээжинд цус хурал гэмтэл тогтоогдлоо...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2283 дугаар дүгнэлт,

шүүгдэгч Г.Э-н яллагдагчаар өгсөн “..Би Б.Аын биед учирсан “зүүн зовхи, цээжинд цус хурал” гэмтлийг гараараа 1 удаа нүүрэнд нь цохиж, цээжин хэсэгт нь хөлөөрөө 1 удаа дэвсэж учруулсан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан бөгөөд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх замаар хөнгөн хохирол учруулсан тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэж мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна”, 3.1.1-д “...хамтран амьдрагч”, 5 дугаар зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг, 6 дугаар зүйлийн 6.1-д “энэ хуульд заасан дараах үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр гэж үзнэ”, 6.1.1-д “бие махбодийн хүчирхийлэл”, 6.2-д “....энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл  мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Аын өгсөн “...Г.Э миний хамтран амьдрагч байгаа юм.  Бид хоёр 2008 оноос эхлэн хамт амьдрах болсон. Дундаасаа 2 хүүхэдтэй...” гэх, шүүгдэгч Г.Эын өгсөн “...Би 2007 оноос эхлэн Б.Атай хамт амьдрах болсон. Бид хоёр дундаасаа 2 хүүхэдтэй. Би хоёр гэрлэлтийн баталгаа байхгүй...” гэх мэдүүлгүүдээр хохирогч Б.А, шүүгдэгч Г.Э нар нь гэр бүлийн харилцаа бүхий хамтран амьдрагч буюу энэ нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.

Хууль зүйн хувьд Г.Э нь эхнэр Б.Аын нүүр, цээжин тус газруудад нь хөл, гараараа цохиж зодон, бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Г.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 

Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.А гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.

Шүүгдэгч Г.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Эт прокурорын саналыг харгалзан дээрхи зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Эт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г.Эыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, хамтран амьдрагч Б.Аыг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/-н  төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Г.Э торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Г.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Б.А нь нэхэмжлэх зүйлгүй гэснийг, Г.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                     ДАРГАЛАГЧ,

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУНЧИМЭГ