| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2020/0294/э |
| Дугаар | 0359 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сансарсайхан |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 0359
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч М.Сансарсайхан,
шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908027621903 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Т овогт Б-Э, Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүргийн оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 409 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 494 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж, уг ялуудыг эдэлж дууссан, (регистрийн дугаар УП )
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Намуун пабын гадна болон тус хорооны 8 дугаар байрны гадна иргэн Б.Атэй үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар гараараа нүүр рүү нь цохих, хөлөөрөө өшиглөх, шилний хагархайгаар цээж рүү нь хатгах зэргээр зодож, Б.Аийн “дух, зүүн нүдний салст, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, уруулын дээд хэсэг, бүсэлхий, ууц нуруу, зүүн бугалга, шууны зулгаралт, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун далны цус хуралт, зулгаралт, зүүн далны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид 1.163.000 төгрөг төлсөн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...2019 оны 5 дугаар сарын 13-ны орой найз Э.З, Э нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Намуун нэртэй паб караокед орж 1 шил архи, 1 шил пиво уугаад 30 минут дуулаад 01 цаг өнгөрч байхад гарсан. Бид гурав гарч ирээд харих гээд тамхи татаад засмал замын хажууд зогсож байсан чинь танихгүй 4 залуу бид нарын хажууд ирж зогсоод жижиг биетэй цайвар цамцтай хантаазтай залуу нь “ах нар тамхи байна уу” гэж асуухаар нь “тамхи дуусчихлаа” гэж хэлсэн чинь тэд нар дундаас нэг залуу нь “арчаагүй хошногнууд” гээд бид нарыг хараагаад байсан чинь Энхмандах “тамхи дууссан байхад та нар ингэж болж байгаа юм уу, яасан гэж ингэж байгаа юм” гэж хэлсэн чинь тэр залуучуудын нэг нь Намуун паб руу ороод нэг өндөр биетэй бор царайтай биеэрхүү залууг дуудаж гаргаж ирсэн. Тэр залуу нь гарч ирээд шууд “яагаад байгаа гөлөгнүүд вэ” гээд миний нүд рүү цохиод, би буцаагаад цохих гэсэн чинь надад оногдохгүй хурдан хөдөлгөөнтэй залуу байсан. Намайг тэр залуу зөндөө олон удаа гар хөлөөрөө цээж рүү, нүүр рүү цохисон. Тэгсэн Намуун пабын зөөгч охин ирээд салгаад “ахаа таны нүд чинь аймаар болсон байна” гээд хэсэг зодооныг салгасан. Хэсэг зодоон хийхээ болиод байж байсан чинь намайг зодсон залуу байшингийн харанхуй булан руу орчихоор нь би араас нь очоод “хоёулаа зодолдохоо больё, чи яасан гээд намайг ингэж зодож байгаа юм, би чамтай юу ч яриагүй биз дээ” гэсэн чинь дахиад нүүр рүү цохиж аваад бид хоёр зууралдсан чинь намайг газар унагаагаад дээрээс нилээн олон удаа өшиглөөд би арай гэж босоод тэр залууг түлхээд нуруу хэсэг рүү нь хэдэн удаа цохиж аваад байтал цайвар хантаазтай залуу, хар өнгийн хувцастай 2 найз нь ирээд миний нүүр рүү дахиад цохиод газар унагаасан. Тэгэхэд надтай эхэлж зодолдсон том биетэй залуу миний цээж баруун хэсэг рүү юмаар цохисон. Тэрний дараа цээжний хажуу тал руу цус гараад халуун оргиод байхаар нь харсан чинь арьс зүсэгдээд ярагдсан байсан. Миний биед учирсан гэмтлийг өндөр том биетэй Э гэдэг цайвар цамцтай хантаазтай залуу учруулсан. ...Би Э гээд бандитай харилцан зодолдсон. Нуруу хэсэгт нь 2-3 удаа цохисон. Тэрнээс өөрөөр цохиж зодоогүй. Тэр залуу намайг газар унагаагаад дээрээс зодоод эхэлсэн. Намайг Этэй зодолдож байхад Эгийн найзууд болон манай найзууд хажууд байсан бөгөөд манай найз З бид хоёрыг салгах гэсэн чинь Эгийн найзууд салгуулахгүй хориод зодсон байсан. Одоогоор 1.163.460 төгрөгийн хохирол учирч энэ мөнгийг нэхэмжилж байна. ...Э гарч ирээд яагаад байгаа юм бэ гээд орилоод миний нүд рүү гараараа цохисноос болж маргаан үүссэн. Тэгээд би Эг цохих гээд цохиж чадахгүй, Э надаас зугтаагаад их хөдөлгөөнтэй залуу байсан, пабын гадна Э бид хоёр маргаж Э намайг цохисноос биш өөрөөр хэн нэгэн маргалдаж зодолдоогүй, зодоонд оролцоогүй. Би ямар ч байсан чулуу аваад Эг айлгах гээд зогсож байхад бармен охин гарч ирчихсэн “таны нүүр ам аймаар болсон байна та боль” гэж хэлэхээр нь чулуугаа хаясан. Би бол хэн нэгнийг чулуугаар цохиогүй. Тэгээд хэсэг хугацааны дараа пабаас баруун зүг рүү бид нар явж байхад Э байшингийн харанхуй булан руу яваад очихоор нь би Этэй учраа олох гээд яваад очсон чинь Э үгийн зөрүүгүй миний нүүр рүү гараараа цохиод, намайг барьж авч унагаагаад дээр гараад нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон, би доороос нь босохын тулд нүүр рүү нь гараараа түлхсэн боловч цохиж чадаагүй. Тэгээд Э миний цээж рүү юмаар хатгах шиг болсон. Би газар хэвтэж байхад бүгдээрээ гүйлдээд явах үед миний цээжний хажуу тал руу халуун оргиод байхаар нь харсан чинь зүсэгдсэн цус гарч байсан...” гэжээ. /хх-14-16,133,162-163/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний 791 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Аийн биед дух, зүүн нүдний салст, баруун нүдний дээд доод зовхи, хүзүү, цээжний цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, уруулын дээд хэсэг, бүсэлхий ууц нуруу, зүүн бугалга, шууны зулгаралт, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх баруун далны цус хуралт, зулгаралт, зүүн далны зүсэгдсэн шархууд /4ш/ бүхий гэмтлүүд учирчээ.
2. Дээрх цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн далны зүсэгдсэн шарх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн, бусад гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Дээрх гэмтлүүд шинэ гэмтэл байна.
4. Б.Аийн бид учирсан дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5.6.7.Амбулаторийн картаас харахад Б.А 2019.5.31-ний өдөр шүдний эмчид үзүүлсэн байх ба 42-р шүднээс үүдэлтэй доод эрүүний баруун талын ясны хальсны шүүдэст үрэвсэл гэсэн онош тавьж эмчилгээ хийжээ. Уг үрэвсэл нь ямар шалтгаанаас үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна.
8. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /хх-27- 28/,
Гэрч О.Н-Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“... Намуун пабд зөөгчөөр 7 сар ажиллаж байна. Би шалаа угааж дуусчихаад гарч тамхи татсан чинь нөгөө 3 хүн гадаа хүмүүстэй маргалдаж байсан. Тэгэхээр нь би ахаа болиоч гээд чулуу барьсан цагаан майктай ахын чулууг хаяулсан. Тэгсэн цагаан майктай ахтай 5 шард байдаг зүс таних Э гэдэг залуу зодолдоод байсан ба хамт байсан залуучууд нь хоорондоо юм яриад зодолдож байгаа хоёрыг салгахгүй байсан ба би тэр хоёрыг салгах гэсэн чинь салгаж чадаагүй. Э гэдэг залуу цагаан майктай залуу хоёр хоорондоо аймаар зодолдоод нэг нэгнийгээ өшиглөж унагаагаад нүү рүү нь цохиод байсан. Тэгээд зодолдож байгаад хамт явсан залуучууд нь салгасан чинь цагаан майктай залуу нь чи намайг барах уу, наашаа хүрээд ир гээд Э рүү дайраад зодолдоод байсан. Тухайн үед цагаан майктай залуугийн нүд орчимд нь халцарсан байсан...манайхаас гарсан 3 залуугийн нэг болох сахалтай залуу нь Этэй тамхинаас болоод маргалдаад зогсож байсан. Гэтэл тэр сахалтай залуутай хамт явж байсан өндөр нуруутай /сүүлд цамцаа тайлаад байсан/ цагаан майктай залуу хажуу талаас нь согтуурхаад, далчиганаад, дундуур нь орж ирээд Э рүү үгээр өдөөд дайраад байсан. Гэтэл Этэй хамт явж байсан Г гэдэг залуу нь “яахын яахын явъя” гэж хэлээд Э тэд нар явах гэхээр цагаан майктай залуу салахгүй, үгээр өдөөд дайраад байсан. Тэгсэн чинь Э доороо эргэлдээд тэр цагаан майктай залуугийн хэвлий хэсэгт өшиглөчихсөн. Гэхдээ тэр үед тийм ч хүчтэй өшиглөөгүй. Гэтэл тэр залуу чи намайг зодлоо гээд өөрөө дайраад үгээр идээд байсан. Г болон тэнд байсан найзууд нь тэр хоёрыг салгахгүй, хоорондоо учраа олог гээд байсан. Тэгж байснаа цагаан майктай залуу нь газраас том чулуу аваад Э рүү шидэх гээд байхаар нь би болиулсан. Тэгтэл Э гүйж ирээд тэр ахыг голцуу хөлөөрөө цохиод, нөгөө ах нь зөрүүлээд гараараа савчаад цохих гээд чадахгүй байж байгаад нэг удаа толгой хэсэг рүү нь цохих шиг болсон. Ер нь бол Э нь арай их цохиод, нөгөө ах нь болохоор яг цохиж барьж чадахгүй мөртлөө салахгүй араас нь хөөцөлдөөд яваад л байсан...” гэжээ. /хх-17-19,158-159/,
Гэрч Э.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“... Бид гурав 02 цагийн орчимд гараад үүд хавьцаа нь тамхи татаад зогсож байсан чинь танихгүй 4 залуу хажууд ирсэн. Тэр залуучуудын нэг нь бид нараас тамхи асуусан чинь А тамхи байхгүй дууссан байна гэж хэлсэн чинь нэг нь бид нарыг хэл амаар доромжлоод хоорондоо маргалдсан. Тэр залуучуудын нэг нь Намуун паб руу ороод Э гэдэг залууг дуудаж гаргаж ирсэн. Тэр залуу нь өндөр бадируун биетэй бор царайтай залуу байсан. Э гэдэг залуу нь гарч ирээд “яагаад байгаа гөлөгнүүд бэ” гээд шууд Аийн нүүр рүү цохичихоод зугтаагаад баригдахгүй Аийг зодоод байхаар нь салгах гээд очсон чинь миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн...Тэр үед Э гэдэг залуу шил хагалаад Аийг хагархай шилээр цээж рүү нь хатгачихаад бөөнөөрөө зугтаачихсан. Би яг ямар залуучууд нь зодуулснаа мэдэхгүй байгаа, би ямар нэгэн гомдол санал байхгүй учраас цагдаад өргөдал гаргаагүй, миний бие зүгээр, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...намайг харахад Э гэдэг залуу А хоёр байрны харанхуй буланд хоорондоо зодолдоод Э гэдэг залуу Аийг доороо хийгээд дээр нь гарсан зодож цохиж байсан. Тэгсэн Э гэдэг залуугийн хоёр найз нь гүйж очихоор нь бас гүйгээд очсон чинь нэг залуу нь намайг жийж хойш нь савж унагаагаад өшиглөж зодсон юм. Тэр үед Э гэдэг залуу миний хажууханд архины шил хагалаад хагархайгаар нь Аийг хатгаад тэгээд тэр гурав зугтаагаад явчихсан...” гэжээ. /хх-21,156/,
Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“... Э, Г бид гурав нөгөө хоёроос салаад Намуун пабаас гарч ирсэн 3 залуутай тааралдсан чинь өндөр залуу чулуу бариад Э рүү дайраад Э өндөр залуу хоёр дахиад хоорондоо муудалцсан чинь өндөр залуутай хамт явж байсан 2 залуу энэ хоёрыг зүгээр зодолдуулчихъя гэж хэлсэн. Э нөгөө өндөр залуутай 8 дугаар байрны саравчны хажууд зодолдсон. Э өндөр залууг нилээн зодсон. Тэгээд бид нар тэр хоёрыг салгаад 9 дүгээр байрны орчимд Намуун пабын ард явж байсан чинь Э архины шилээр цохичих шиг боллоо утгатай юм ярихаар нь би за битгий худлаа яриад бай гэж хэлсэн. Э А хоёр нэг нэгийгээ олон удаа гар хөлөөрөө зодолдоод байсан. Яг хаана нь хэдэн удаа цохисныг бол би мэдэхгүй байна. Э сүүлд нь бид нарт архины шилээр цохисон гэж юм яриад байсан. Би архины шилээр цохиж байгааг нь хараагүй...” гэжээ. /хх-37/,
Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “
“... Би “за за наадуул чинь худлаа гөлөгнүүд байна" гэж хэлсэн чинь тэр 3 залуу “юу гэнээ” гээд бид нар руу дайраад байхаар нь “за уучлаарай ах” гээд байж байсан чинь Э хүрээд ирсэн. Тэр 3 залуугийн нэг цагаан майктай нь дээгүүрх хувцасаа тайлж шидээд бид нар руу дайраад байсан. Э “хөөе ах яагаад байгаа юм” гээд орилсон чинь цагаан майктай нь Э өөдөөс гүйж очоод дайрсан чинь Э ухраад тэр залуутай хоорондоо зодолдсон чинь Намуун пабын зөөгч охин гарч ирээд болиочээ гээд байсан. Бид нар ч гэсэн салгасан чинь цагаан майктай залуу Эг хөөгөөд ертөнцийн зүгээр баруун тийшээгээ 100 гаран метр газар зугтаасан. Тэнд 8, 9 дүгээр байрны орчимд тоглоомын саадан дээр очсон чинь Э цагаан майктай залуу хоёр нэг нэгэн рүүгээ чулуу барьсан адилхан цохилцох гээд байсан. Тэгсэн цагаан майктай залуутай явсан залуучуудын нэг нь “адилхан эр хүмүүс байна ш дээ нэг нэгээр нь зодолдуулчих" гэж хэлэхээр нь “тэг тэг наад хоёр чинь салах ч үгүй юм байна” гэж хэлсэн. Тэнд Э цагаан майктай залуу хоёр хоорондоо зодолдоод Э тэр залууг газар унагаагаад дээр нь гараад цохиод байсан. Тэгсэнээ Э нүд гээд нүүрээ дараад хэвтсэн чинь нөгөө залуу нь дээрээс нь бас цохиод байсан. Цагаан майктай залууг Э зодсон, тэрнээс өөр хүн цохиж зодоогүй...” гэжээ. /хх-55-57/,
Яллагдагч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:
“...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Г, Т нартай бүлэглэсэн үйлдэл байхгүй. Би тооцоо хийчихээд гараад ирсэн чинь Г ахтай А гэдэг цагаан майктай залуу муудалцаж зогсож байсан. Би болиочээ гэсэн чинь А нь над руу дайраад би ухраад 8 дугаар байрны чиглэл рүү зугтаасан чинь хөөж байгаад 2 удаа нүүр рүү цохихоор нь би эргээд өшиглөсөн чинь А бөгсөөрөө газар унасан. Тэгээд муудалцаад зодолдох гэсэн чинь Намуун пабын зөөгч охин гарч ирээд болиочээ гээд бид нарыг салгаад байсан. Тэгж байснаа гэнэт алга болчихсон. 8 дугаар байрны саравчинд зогсож байсан чинь Аийн найз нь ирсэнээ “нэг нэгээрээ зодолчихооч” гэж хэлсэн. А шууд над руу дайраад намайг цохиж зодож эхэлсэн бөгөөд би газар унагаагаад дээр нь гараад 1-2 удаа цээж рүү нь гараараа цохисон чинь А миний нүд рүү хуруугаараа хатгаад би нүдээ дараад дээрээс нь боссон чинь А намайг өшиглөөд цохиод байсан. Тэр үед Аийг болчих гээд Т, Г хоёр татаж салгаж байсан...” гэжээ. /хх-112-114/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-38/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Э нь 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шөнийн 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Намуун пабын гадна болон тус хорооны 8 дугаар байрны гадна иргэн Б.Атэй үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар гараараа нүүр лүү нь цохих, хөлөөрөө өшиглөх. шилний хагархайгаар цээж рүү нь хатгах зэргээр зодож, Б.Аийн эрүүл мэндэд нь “дух, зүүн нүдний салст, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, уруулын дээд хэсэг, бүсэлхий, ууц нуруу, зүүн бугалга, шууны зулгаралт, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун далны цус хуралт, зулгаралт, зүүн далны зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Аийн өгсөн “...Тэр залуучуудын нэг нь Намуун паб руу ороод нэг өндөр биетэй бор царайтай биеэрхүү залууг дуудаж гаргаж ирсэн. Тэр залуу нь гарч ирээд шууд “яагаад байгаа гөлөгнүүд вэ” гээд миний нүд рүү цохиод би буцаагаад цохих гэсэн чинь надад оногдохгүй хурдан хөдөлгөөнтэй залуу байсан...Намайг зодсон залуу байшингийн харанхуй булан руу орчихоор нь би араас нь очоод “хоёулаа зодолдохоо больё чи яасан гээд намайг ингэж зодож байгаа юм, би чамтай юу ч яриагүй биз дээ” гэсэн чинь дахиад нүүр рүү цохиж аваад бид хоёр зууралдсан чинь намайг газар унагаагаад дээрээс нилээн олон удаа өшиглөөд би арай гэж босоод тэр залууг түлхээд нуруу хэсэг рүү нь хэдэн удаа цохиж авсан...Тэгэхэд надтай эхэлж зодолдсон том биетэй залуу миний цээж баруун хэсэг рүү юмаар цохисон. Тэрний дараа цээжний хажуу тал руу цус гараад халуун оргиод байхаар нь харсан чинь арьс зүсэгдээд ярагдсан байсан. Миний биед учирсан гэмтлийг өндөр том биетэй Эээ гэдэг цайвар цамцтай хантаазтай залуу учруулсан...” гэх мэдүүлэг /хх-14-16, 133/,
“...Б.Аийн биед дух, зүүн нүдний салст, баруун нүдний дээд доод зовхи, хүзүү, цээжний цус хуралт, зүүн нүдний дээд доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, уруулын дээд хэсэг, бүсэлхий, ууц нуруу, зүүн бугалга, шууны зулгаралт, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх баруун далны цус хуралт, зулгаралт, зүүн далны зүсэгдсэн шархууд /4ш/ бүхий гэмтлүүд тогтоогдлоо ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №791 дүгээр дүгнэлт,
гэрч О.Н-Э өгсөн “...Цагаан майктай залуу нь чи намайг барах уу наашаа хүрээд ир гээд Э рүү дайраад зодолдоод байсан. Тухайн үед цагаан майктай залуугийн нүд орчимд нь халцарсан байсан...Ер нь бол Э нь арай их цохиод нөгөө ах нь болохоор яг цохиж барьж чадахгүй мөртлөө салахгүй араас нь хөөцөлдөөд яваад л байсан...” гэх мэдүүлэг /хх- 17-19,158-159/,
гэрч Э.З өгсөн “... Бид гурав 02 цагийн орчимд гараад үүд хавьцаа нь тамхи татаад зогсож байсан чинь танихгүй 4 залуу хажууд ирсэн. Тэр залуучуудын нэг нь бид нараас тамхи асуусан чинь А тамхи байхгүй дууссан байна гэж хэлсэн чинь нэг нь бид нарыг хэл амаар доромжлоод хоорондоо маргалдсан. Э гэдэг залуу нь гарч ирээд “яагаад байгаа гөлөгнүүд бэ” гээд шууд Аийн нүүр рүү цохичихоод зугтаагаад баригдахгүй Аийг зодоод байхаар нь салгах гээд очсон чинь миний цээж рүү хөлөөрөө өшиглөсөн... Тэр үед Э гэдэг залуу шил хагалаад Аийг хагархай шилээр цээж рүү нь хатгачихаад бөөнөөрөө зугтаачихсан...” гэх мэдүүлэг /хх-21,156/,
гэрч Б.Т өгсөн “...Э нөгөө өндөр залуутай 8 дугаар байрны саравчны хажууд зодолдсон. Э өндөр залууг нилээн зодсон. Э архины шилээр цохичих шиг боллоо утгатай юм ярихаар нь би за битгий худлаа яриад бай гэж хэлсэн. Би архины шилээр цохиж байгааг нь хараагүй...” гэх мэдүүлэг /хх-37/,
гэрч Б.Гийн өгсөн “... Тэр 3 залуугийн нэг цагаан майктай нь дээгүүрх хувцасаа тайлж шидээд бид нар руу дайраад байсан. Э цагаан майктай залуу хоёр хоорондоо зодолдоод Э тэр залууг газар унагаагаад дээр нь гараад цохиод байсан. Тэгсэнээ Э нүд гээд нүүрээ дараад хэвтсэн чинь нөгөө залуу нь дээрээс нь бас цохиод байсан. Цагаан майктай залууг Э зодсон, тэрнээс өөр хүн цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-55-57/,
яллагдагч Б.Эгийн өгсөн “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. А шууд над руу дайраад намайг цохиж зодож эхэлсэн бөгөөд би газар унагаагаад дээр нь гараад 1-2 удаа цээж рүү нь гараараа цохисон чинь А миний нүд рүү хуруугаараа хатгаад, би нүдээ дараад дээрээс нь боссон чинь А намайг өшиглөөд цохиод байсан....” гэх мэдүүлэг / хх 112-114/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Аийн “...Миний биед учирсан гэмтлийг өндөр том биетэй Эээ гэдэг цайвар цамцтай хантаазтай залуу учруулсан...” гэх, гэрч Э.З өгсөн ”... Тэр үед Э гэдэг залуу шил хагалаад Аийг хагархай шилээр цээж рүү нь хатгачихаад бөөнөөрөө зугтаачихсан...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь дээрх хуулийн нэр томъёонд хамаарч байна.
Хууль зүйн хувьд Б.Э нь бие махбодийн хүчирхийлэл үйлдэж хохирогч Б.Аийг гараараа нүүр лүү нь цохих, хөлөөрөө өшиглөх, шилний хагархайгаар цээж рүү нь хатгах зэргээр зодож, Б.Аийн “дух, зүүн нүдний салст, баруун нүдний дээд, доод зовхи, хүзүү, цээжний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, уруулын дээд хэсэг, бүсэлхий, ууц нуруу, зүүн бугалга, шууны зулгаралт, цээжний хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун далны цус хуралт, зулгаралт, зүүн далны зүсэгдсэн шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Б.Ад учирсан нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгч Б.Э бүрэн төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч Б.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, орлогогүй зэргийг харгалзан шүүгдэгч Б.Эд дээрхи зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон эд зүйл, хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Бн Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Эг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Б.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, Б.Эгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ