Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0325

 

З.Н-гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч З.Н, түүний өмгөөлөгч Х.Б, гуравдагч этгээд Х.Н нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор З.Н-гийн нэхэмжлэлтэй, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/130 дугаартай “Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын албан тушаалын тодорхойлолт батлах тухай” захирамжийн 2 дугаар хавсралтаар баталсан Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг захиргааны хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 10 дугаар зүйлийн 10.2, 20 дугаар зүйлийн 20.1, 23 дугаар зүйлийн 23.3, 66 дугаар зүйлийн 66.1.11, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.27, 31 дүгээр зүйлийн 31.1.12-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь албар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Х.Нийг сонгон шалгаруулалтад бүртгэсэн шийдвэр, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Х.Н-ийг Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилохоор нэр дэвшүүлэх тухай 47 дугаар тогтоол,  Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Х.Нийг ажилд томилох тухай” Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулах,  Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” Б/03 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт”-ыг үндэслэн дахин боловсруулахыг, Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлэхийг тус тус Цэнгэл сумын Засаг даргад даалгах, тус сургуулийн сонгон шалгаруулалтыг явуулахыг Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь албар зөвлөлд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ...Сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсэг нь мэргэшил, туршлага гэсэн хоёр шаардлагыг хангаагүй Х.Нийг бүртгэж эхнээс нь холбогдох журмыг зөрчсөн.

Х.Н нь Ерөнхий боловсролын сургуульд 20 дахь жилдээ багшилж байгаа, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/19 дүгээр захирамжаар Цэнгэл сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон, ерөнхий боловсролын сургуульд ердөө 8 сар ажилласан, боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байгаагүй учир албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагын туршлага шаардлагыг хангаагүй байсан.

Гэтэл сонгон шалгаруулалтын бүртгэл хийсэн ажлын хэсэг нь боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх гэдэг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэж ерөнхий боловсролын сургуульд гүйцэтгэх албан тушаалд буюу багшаар ажилласан хугацааг боловсролын салбарын байгууллагад гүйцэтгэх албан тушаалд ажилласан гэдэгт дүйцүүлэн бүртгэсэн нь хууль бус байсан.

Туршлагын шаардлагад ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доогүй жил багшилсан байх гэж тодорхой зааж өгсөн учир ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилласан хугацаа боловсролын байгууллагын гүйцэтгэх албан тушаалд ажилласан хугацаанд хамаарах ёсгүй.

Мэргэшлийн шаардлага хэсэгт боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх шаардлага тавигдсан ба сонгон шалгаруулалтын зөвлөмжид “Мэргэшлийн шаардлага” гэдгийг дипломын дараах 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох бөгөөд тухайн мэргэшлийн зэрэг олгосон баримт бичгийг үндэслэн тогтооно. Түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөнийг баталгаажуулсан баримт бичиг нь мэргэшлийг нотолно” гэж тодорхой зааж өгсөн. Х.Н нь 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй, энэ шаардлагыг мөн хангахгүй байсан.

Цэнгэл сумын Засаг дарга албан тушаалын тодорхойлолт боловсруулахдаа хүчингүй болсон журмыг баримталсан байхад үүнийг сонгон шалгаруулалтын зарч өгч сонгон шалгаруулалт зохион байгуулсан Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл хянаагүй, анхаарч үзээгүй.

Томилох эрх бүхий этгээд болох Цэнгэл сумын Засаг дарга нь албан тушаалын тодорхойлолт боловсруулахдаа ТАЗ-ын саналыг огт аваагүй, зөвхөн хүчингүй болсон журмыг хуулбарлан албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан. Хэрэв дээрх журмыг баримтлан албан тушаалын тодорхойлолтыг боловсруулсан бол ийм маргаантай асуудал гаргахгүй байсан.

Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлуудыг огт харгалзан үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд өрсөлдөж, сонгон шалгаруулалтад өндөр үнэлгээ авсан Х.Нийг томилуулахаар нэр дэвшүүлсний дагуу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/05 дугаар захирамжаар Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлаар томилжээ.

Нэхэмжлэгчээс дээрх Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар тогтоол, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/05 дугаар захирамжийг эс зөвшөөрч “...сонгон шалгаруулалтын албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй Х.Нийг бүртгэж, улмаар томилуулахаар нэр дэвшүүлж байгаа нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ... хүчингүй болсон тушаал, түүнд тавигдсан шаардлагыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг боловсруулж, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлсэн нь хууль бус” гэж тайлбарлан маргах бөгөөд харин тусгай шалгалтын үнэлгээний хуудсаар нэхэмжлэгч З.Н 64.67 оноо, гуравдагч этгээд Х.Н 77.36 оноо авсантай маргаагүй байна.

Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар[1]Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн албан тушаалын сонгон шалгаруулалтын зарын дагуу Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын сул орон тоонд материалаа ирүүлсэн З.Н, Х.Н, Н.Ганбаатар нарын материалыг бүртгэсэн, улмаар сонгон шалгаруулалтад хамгийн өндөр үнэлгээ авсан, албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шалгуурыг хангасан хэмээн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь Салбар зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Захиалга хүргүүлэх тухай” 117 дугаар албан бичгээр “Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны А/692 дугаар тушаалыг үндэслэл болгож, Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн А/130 дугаар захирамжаар баталсан” гэж хүргүүлсний дагуу сонгон шалгаруулалтын зард мэргэшлийн хувьд “Боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх”, туршлагын хувьд “Ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил багшилсан байх, 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх” шаардлагыг тавьж, ингэхдээ мэргэшлийн шаардлага гэдгийг “дипломын дараах 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байхыг ойлгох” талаар тусгажээ.  

Нэхэмжлэгч З.Нгаас “мэргэшил болон туршлагын шаардлагыг гуравдагч этгээд Х.Н хангаагүй” гэж маргах бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн сонгон шалгаруулалтад оролцохоор хүргүүлсэн материалаас үзэхэд хэн аль нь мэргэжил дээшлүүлэх сургалтад цөөнгүй удаа хамрагдсан байх боловч шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийх замаар дипломын дараах 90 болон түүнээс дээш хоногийн мэргэшүүлэх сургалтад хамрагдсан эсэхийг нэг бүрчлэн шууд тооцоолох боломжгүй байх ба хариуцагч Төрийн албаны салбар зөвлөлийн “...Өрсөлдсөн хүмүүс ямар нэгэн байдлаар урт болон богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байсан тул сонгон шалгаруулалт зохион байгуулсан комиссын зүгээс мэргэшүүлэх сургалтын сертификатын тоо болон сургалтын хугацааг тооцож, харгалзаагүй ... бүх багш нар ямар нэгэн байдлаар кредит цагийн сургалтад хамрагдаж байдаг...” гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэхээр байна.

Харин гуравдагч этгээд Х.Н нь удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байгаагүй гэх үндэслэлийн тухайд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” 25 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-д зааснаар ерөнхий боловсролын сургуулийн бага боловсрол олгох багш, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн багш нь зэрэглэлийн хувьд гүйцэтгэх албан тушаалд хамаарч байх тул Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан гуравдагч этгээдийг “Ерөнхий боловсролын сургуульд үндсэн орон тоонд 5-аас доошгүй жил багшилсан байх, 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын удирдах албан тушаалд эсхүл боловсролын салбарын байгууллагад удирдах болон гүйцэтгэх албан тушаалд ажилласан байх” туршлагын шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв байна.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын албан тушаалын тодорхойлолтыг батлах тухай” А/130 дугаар захирамжаар батлагдсан ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын “албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-д тавигдсан боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадварын шаардлага нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн “Албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэг батлах тухай” А/692 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тавих нийтлэг шаардлага, үндсэн чиг үүрэгт заасан шаардлагатай агуулгын хувьд ижил, уг Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн албан тушаалын тодорхойлолтыг батлах үед Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” Б/03 дугаар тушаалаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн А/692 дугаар тушаалыг хүчингүй болгосон үйл баримт тогтоогдох хэдий боловч уг үндэслэл нь Төрийн албаны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн зохион байгуулсан сонгон шалгаруулалтыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, хүчингүй болсон тушаалд заасан захирлын албан тушаалд тавигдах шаардлагыг албан тушаалын тодорхойлолтдоо тусгасан, уг албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагын дагуу сонгон шалгаруулалт явуулсан зэргийг зөвтгөхгүй боловч дан ганц уг үндэслэлээр Х.Нийг сонгон шалгаруулалтад бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож, улмаар Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 47 дугаар тогтоол, сумын Засаг даргын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Б/05 дугаар тушаалыг хүчингүй болгон сонгон шалгаруулалт явуулах захиалгыг хүргүүлэх, дахин сонгон шалгаруулалт явуулахыг даалгаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” Б/03 дугаар тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолтод “албан тушаалд тавигдах тусгай шаардлага”-д мэргэшлийн тухайд “Боловсрол, нийгэм, төрийн удирдлага, боловсрол судлалын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх”, туршлагын тухайд “Багшлах болон удирдах ажлын туршлагыг заавал тусгах ба туршлагын доод жишгийг тогтоохдоо сургуулийн суралцагчийн тоо, сургуулийн хэв шинж, хамрах сургалтын хүрээ зэргээс хамаарч -160 хүртэл суралцагчтай сургуульд: ерөнхий боловсролын сургуульд 3-аас доошгүй жил багшилсан, заах аргач ба түүнээс дээш зэрэгтэй, 1-ээс доошгүй жил Заах аргын нэгдлийн ахлагчаар ажилласан байх” шаардлага тавигдсан байх бөгөөд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хэн аль нь уг тусгай шаардлагыг хангаж байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Энэ тохиолдолд дахин сонгон шалгаруулалт явуулснаар нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дээрдэхгүй, ямар нэгэн давуу байдал үүсэхээргүй, гуравдагч этгээдийг Цэнгэл сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад бүртгэсэн, уг албан тушаалд Х.Нийг томилсон шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр талд,