Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 39

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор О.Батнасан

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамжтай, О.*******т холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

          ******* овгийн *******ын *******, 

          Өмнөговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.*******т холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг хэлэлцээд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялаас хуучин Эрүүгийн хуулийн нэгж хэмжээнд харгалзах шинэ Эрүүгийн хуулийн ялын хэмжээг илэрхийлэх коэффецинтээр бодож биечлэн эдлэх ялаас 2 жилийг хассугай гэж шийдвэрлэжээ.

          Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:   

          “...Сум дундын шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Шүүх шийдвэртээ ялтан О.*******ын ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг шийдвэрлээгүй орхигдуулж, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй талаар дурьдаагүй байна.

          Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 дугаартай шүүгчийн захирамжийг зөвтгөж өгнө үү...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

          Ялтан О.*******т оногдуулсан хорих ялыг дүйцүүлэн хасах тухай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 дүгээр шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаж чадаагүй байна. Учир нь:

          Ялтан О.******* нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуунсухайт боомтын ойролцоох нүүрс тээврийн зам дээр иргэн Ж.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас марган, улмаар түүнийг 3 удаа хутгалж, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулжээ.

          О.*******ийг дээрх гэмт үйлдэлд нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхээс 2017 оны 05 дугаар  сарын 24-ний өдрийн 33 тоот шийтгэх тогтоолоор 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

О.*******ийн ял шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх заасан гэмт хэргийн шинж нь 2015 оны Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/ 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид нийцэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт хорих ялын хэмжээ “таваас дээш долоон жил” байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялын төрөл, хэмжээг арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хөнгөрүүлж өөрчлөлт орсон байж болохоор байна.

Гэвч анхан шатны шүүх 2015 оны Эрүүгийн  хуулийн /шинэчилсэн найруулга/ 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна” гэсний дагуу Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2017 оны 07 сарын 01-ний өдрөөс өмнө ял шийтгүүлсэн этгээдэд оногдуулсан ял нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсэг, заалтад зааснаар оногдуулж болох тухайн төрлийн ялын хэмжээнээс хүнд байвал уг ялыг шүүх дүйцүүлэн хасна” гэж зааснаар ялтан Ю.Ганбаатарт 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг шинэ хуульд нийцүүлэн хасахдаа үйлдсэн хэрэг нь шинэ хуульд заасан ямар гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж ямар зүйл, хэсгээр зүйлчлэгдэх, ялын хэмжээ хэрхэн өөрчлөгдсөн талаар буюу ялыг дүйцүүлэн хасах үндэслэл, түүнчлэн эдэлбэл зохих,  үүнээс эдэлсэн, одоо үлдэх биечлэн эдлэх ялын хэмжээний талаар тус тус дүгнэлт хийгээгүй байна.

Шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт прокурорын дүгнэлтийг үндэслэн “Ял дүйцүүлэх хасах” тухай материалыг хэлэлцсэн талаар бичигдсэн байх боловч уг материалд прокурорын дүгнэлт байхгүй байна.

Шүүх хуралдааны тэмдэглэлд О.******* биш харин “******* овогтой *******ын баривчлах ялаас чөлөөлөх эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ” гэж, шүүгчийн захирамжийн удиртгал хэсэгт баривчлах ял эдэлж буй О.*******т холбогдох материалыг хэлэлцсэн тухай” тус тус бичигдсэн байна. Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд прокурорын “хорих ялаас нь хасуулах тухай санал” гаргасан байдал тэмдэглэгдсэн байхад шүүгчийн захирамжид “баривчлах ял эдэлж байгаа ялтны хорих ялаас хасах саналтай” гэсэн санал бичигдсэн байна. Ингэж ялтны нэр, хэлэлцэж буй асуудал, оролцогчдийн гаргасан санал зэрэг нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүгчийн захирамжид зөрүүтэй бичигдсэн байгааг шүүхээс О.*******т  холбогдох асуудлыг хэлэлцсэн гэж үзэхэд эргэлзээ төрж байна.

Шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт ялтны нэрийг бичээгүйгээс хэнд холбогдох ялыг чөлөөлөх, дүйцүүлэн хасах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь тодорхойгүй болж, шүүхийн шийдвэр биелүүлэхэд хүндрэл учрахаар байна. 

Шүүх хуралдаанд Шийдвэр гүйцэтгэх албаны төлөөлөгч Р.Алтанхуяг гэх хүн оролцсон тухай шүүгчийн захирамжийн удиртгал хэсэг болон шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглэгдсэн байх боловч тухайн хүний хүсэлтийг сонссон байдал шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байх тул шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчиж шийдвэр гаргасан гэж үзнэ.  

Иймээс шүүхийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ шийдвэрийг хуульд заасан журмын дагуу гаргаагүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, үйлдсэн хэрэг нь шинэ Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарах, ял хасагдах өөрчлөгдөх үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийсний үндсэн дээр ялыг дүйцүүлэх хасах эсэх асуудлыг шийдвэрлэх нь хуульд нийцэх юм.

Иймд ялтан О.*******т холбогдох ял дүйцүүлэх хасах тухай асуудлыг хуульд заасан журмын дагуу хэлэлцээгүй, шийдвэр нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул зөрчлийг арилгуулахаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, материалыг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэг, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 14 тоот шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, ялтан О.*******т холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн магадлалд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 3-т заасан шүүх  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тэдэнд мэдэгдсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАСАНЖАРГАЛ

                  ШҮҮГЧИД                                            Т.БЯМБАЖАВ

                                                                               Х.ГЭРЭЛМАА