Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2018/00570

 

Л.Аын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1066 дугаар шийдвэр,

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар магадлалтай,

Л.Аын нэхэмжлэлтэй

Б.Бд холбогдох

29 900 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Баяр-Эрдэний гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч А.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.А би Б.Бд 2016 оны 9 дүгээр сарын 23-нд зээлийн гэрээ байгуулж 29 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатайгаар хүүгүй, хугацаа хэтэрвэл 0,5 хувийн алданги тооцохоор зээлсэн юм. Гэтэл Б.Б зээлийн гэрээний хугацаа хэтэрч3 000 000 төгрөгийн эд зүйлс өгч үндсэн зээлээс 26 000 000 төгрөгийг өгөхгүй өдийг хүрч байгаа ба би урд нь удаа дараа нэхэж байсан боловч өгөөгүй болно. Иймд би гэрээнд заасан 30 хоногийн 0,5 хувийн алданги болох 3 900 000 төгрөгийг нэмж үндсэн зээлийн хамт нийтдээ 29 900 000 төгрөгийг Б.Бэс нэхэмжилж байх тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Энэ гэрээний дагуу би нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үндсэн зээл 55 000 000 төгрөг, 12 сарын хүү 26 400 000 төгрөг, нийт 81 400 000 төгрөгөөс бид хоёрын авлага өглөгийн бүртгэлээр өгч авалцсан 62 396 100 төгрөгийг хасч үлдэх 19 003 900 төгрөгийг хариуцагч Б.Бэс гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: ...Л.А нь надаас ямар ч үндэслэлгүйгээр 29 000 000 төгрөг нэхэмжилж байна. Л.А бид хоёрын дунд байгуулагдсан Зээлийн гэрээ гэх хэлцэл нь дүр эсгэж хийсэн хэлцэл бөгөөд Л.А нь надад 29 000 000 төгрөг огт шилжүүлж өгөөгүй. Зээлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээл авагчид шилжүүлэн өгснөөр энэхүү гэрээг байгуулсанд тооцно гэх заалтаас бидний хооронд огт гэрээ байгуулагдаагүй болно. Л.Аын нэхэмжилж буй 29 000 000 төгрөг гэх огт хийсвэр төгрөгийг миний бие зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс эхлээд Л.Аод мөнгө төлөөд явсан. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гэхэд нийт 63 396 100 төгрөг төлсөн байдаг. Ийм байтал Л.А надаас огт аваагүй мөнгө нэхэж машин тэргийг чинь авна гэж дарамталсан. ... Би 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 35 000 000 төгрөг зээлж авахдаа 1 000 000 төгрөгийг нь өмнөх зээлийн хүүндээ өгөөд 34 000 000 төгрөг тоолж авч байсан. Би Л.Аод бүх мөнгийг нь хүүтэй нь төлсөн, одоо ямар ч хохиролгүй гэж үзэж байна гэжээ .

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1066 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч Б.Бэс 19 003 900 /арван есөн сая гурван мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Аод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Аын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 450 /гурван зуун долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бэс 252 969 /хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Аод олгохоор шийдвэрлэжээ.

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар магадлалаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1066 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 19 003 900 төгрөг... гэснийг ... 16 003 900... гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... 252 965... гэснийг ...237 969... гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 252 970 /хоёр зуун тавин хоёр мянга есөн зуун дал/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул гомдол гаргаж байна. Шүүх хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гаргасан тухайд: Л.Аын нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэсэн Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны явцад шүүгч Н.Бямбасүрэн Л.Аын гаргасан 29 900 000 төгрөгийн гэрээ бүхий нэхэмжлэлийн шаардлагыг “хангагдахгүй” гэж урьдаас шүүхийн шийдвэрийнхээ үр дүнг тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаа засаж өөрчлөх санааг өгч, улмаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж багасгасан /энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байгаа/ бөгөөд яг энэ өөрчилсөн өнгөөр нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүх хэргийн оролцогчийн мэдүүлэх эрх, эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмуудад хөндлөнгөөс халдаж, хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн гол үйл баримт юм. Энэ үйл баримт шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгч Н.Бямбасүрэнгийн хэлсэн үг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэгийн тодруулга асуулт зэргээр тодорхой тусгагдсан байгаа. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэгш эрхтэй хэргийн оролцогчдын дундуур орж, аль нэг талд нь давуу байдал олгож, мэтгэлцэх зарчмыг алдагдуулаад байхад давж заалдах шатны шүүх “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд алдаа байхгүй” гэж дүгнэж байгаа нь шүүх шүүхээ хаацайлж, хамгаалж байгаагийн илрэл бөгөөд шударга ёсны жаахан ч сэжүүр харагдахгүй байна. Аль ч шатны шүүх хуралдааны үед миний бие 2014 оны 4 сарын 26-ны өдөр Л.Аоос 20 000 000 төгрөг зээлж авсан гэдгээ тайлбарласан. Үүнийг ч Л.А хүлээн зөвшөөрч, маргаан үүсээгүй бөгөөд “тухайн өдөр бичгээр гэрээ байгуулсан гэрээ нь одоо байхгүй байна” гэж тайлбарласаар атал тухайн нөхцөл байдлыг огт анхаарахгүй байна. Л.А бид 2-ын хооронд иргэний эрх зүйн харилцааг үүсгэх зорилго бүхий 2 өөр гэрээ хэлцэл хийгдсэн. Энэ нь 2014.04.26-ны өдөр болон 2014.07.24-ны өдөр байгуулсан гэрээ хэлцлүүд бөгөөд өмнө мөнгө өгсөн харилцаагаа нөхөж зээлийн гэрээ хийсэн зүйл огт байхгүй бөгөөд 2014.04.26-ны өдөр байгуулсан гэрээний дагуу зохих хүүг төлж байсан юм. Миний бие 2 тусдаа зээлийн гэрээний харилцааг ялган тайлбарлаж, 2014.07.24-ний өдөр авсан 35 000 000 төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлж барагдуулсан, харин 2014.04.26-ны зээлийн гэрээгээр 2 сарын хугацаатай авсан 20 000 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан атал тухайн асуудал шүүхийн шийдвэр, магадлалд огт тусгагдаагүй байна. Нэхэмжлэгч тал 2014.04.26-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг Б.Б надад өгсөн тухайгаа тайлбарлан, хэргийн оролцогч хэн аль нь гэрээ байгуулсан эсэх талаар маргахгүй байхад энэхүү гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг аль ч шатны шүүх анхаарч харахгүй байна. Дээрх байдлууд нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч аль нэг талыг дэмжсэн, хэргийн оролцогчийн тэгш эрх, мэтгэлцэх зарчимд хөндлөнгөөс халдсан илэрхий алдаатай үйлдэл болохыг харуулж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд: Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаас харахад 2017.04.26-ны өдөр 20 000 000 төгрөгийг Л.Аоос Б.Б би зээлийн гэрээ байгуулан хүлээн авснаар хүсэл зоригийн илэрхийлэл нөгөө талд хүрснийг илэрхийлж байна. Мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг зээлэх, зээлдүүлэх зорилгоор шилжүүлж өгсөн, авсан талаар нэхэмжлэгч хариуцагч нар тайлбарлаж, хэн аль нь зээлийн гэрээ хийсэн эсэх асуудлаар маргаан үүсгээгүй, энэ нь Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ”, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” заалттай нийцсэн үйл баримт байхад шүүх гэрээнүүдийг тусад нь ялгалгүй дараагийн гэрээ болох 2014.07.24-ний гэрээгээр нөхөж хийсэн гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад 2017.04.26-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг дараа нь буюу 2014.07.24-ний өдөр нөхөж хийсэн талаар нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь тайлбарлаагүй байхад “талуудын тайлбараас” хэмээн худал дүгнэлт гаргаж, энэхүү дүгнэлтийг давж заалдах шатны шүүх дэмжиж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд хэт нэг талыг баримтлан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчил гаргаж, хэргийн оролцогчийн тэгш эрх, мэтгэлцэх зарчимд хөндлөнгөөс нөлөөлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй байна.  Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Б.Бэс зээлийн үүрэгт 29 900 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 19 003 900 төгрөгийг гаргуулахаар шаарджээ. Хариуцагч нь үндсэн зээл 55 000 000 төгрөгийг хүүгийн хамт бүрэн төлсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэсэн байна.

Л.А нь хариуцагч Б.Бд хоёр удаа 20 000 000 төгрөг, 35 000 000 төгрөгийг  зээлдүүлсэн, дээрх зээлийг нэгтгэж, 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бичгээр гэрээ байгуулж 55 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн нөхцлийг гэрээнд тусгаж, уг гэрээг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон ба гэрээний дагуу  хариуцагч нь 81 400 000 төгрөгийг төлөхөөс 62 396 100 төгрөгийг төлсөн тул үлдэх 19 003 900 төгрөгийг гаргуулна гэжээ.

Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Б.Бтэй байгуулсан 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 29 000 000 төгрөгийн зээлийн гэрээг үндэслэсэн боловч уг гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй, харин 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үүргийг шаардана гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн байна.

Шүүх хэргийн оролцогчийн гаргасан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлэх нь хэргийн бодит үйл баримтыг тогтоох, нэхэмжлэлийн талаар хуульд нийцсэн дүгнэлт хийх нөхцлийг бүрдүүлнэ.

Зохигчийн хооронд байгуулагдсан 2014 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээний дагуу хариуцагч үүргээ зохих ёсоор биелүүлэх ёстой боловч гэрээний талууд гэрээгээ дүгнэсэн, зээлдэгчийн гүйцэтгээгүй үүргийг харилцан тохирсон байхад ач холбогдол бүхий баримтыг хоёр шатны шүүх анхаараагүй нь буруу болсон байна.

Тодруулбал, талууд гэрээний хугацаа дуусснаас хойш 2017 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр харилцан тооцоо нийлж хариуцагч Б.Б нь 62 396 100 төгрөгийг буцааж  төлсөн, биелүүлээгүй үүрэг нь 5 396 100 төгрөг болохыг тогтоож, гарын үсгээ зуржээ./хх-44/   Үүнээс хойш хариуцагч нь 3 000 000 төгрөгийг төлсөн тул 2 396 100 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаар магадлалын 1 дэх заалт, Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1066 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсгийг баримтлан хариуцагч Б.Бэс 2 396 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Аод олгосугай” гэж, шийдвэрийн 2 дах заалтад ...252 969 ...гэснийг ....53 287 ...гэж тус тус өөрчилж, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр төлсөн 237 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                             Х.СОНИНБАЯР

        ШҮҮГЧ                                                       П.ЗОЛЗАЯА