Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 247

 

Л.Алтансүхийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батдорж нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 432 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар магадлалтай, Л.Алтансүхийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Алтансүх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн байгууллагад сонгогдох эрхийнхээ дагуу нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлж, Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т заасан шаардлагыг хангахын зэрэгцээ мөн зүйлийн 154.4-т заасны дагуу өөрийн эрхэлж байсан нийслэлийн Нийгмийн даатгалын газрын тамгын хэлтсийн даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-т зааснаар нэрээ дэвшүүлж байгаа тойргийн 643 сонгогчийн гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулж хуульд заасан бусад материалуудын дагуу нэр дэвшигчээр бүртгүүлэхээр нийслэлийн Сонгуулийн хороонд хүргүүлсэн юм.

Гэтэл нийслэлийн Сонгуулийн хороо 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоол гаргаж бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзлаа. Уг тогтоолд үндэслэл болгосон хуулийн заалт нь нийслэлийн Сонгуулийн хорооны нэр дэвшигчийг бүртгэхдээ баримтлах процесс ажиллагааны тухай Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 157 дугаар зүйлийн 157.7, 157.8 дахь заалтаас гадна 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийн заалт байна. Гэвч Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д заасан нийт 11 заалтын алийг нь үндэслэн татгалзаж байгаа нь ойлгомжгүй байна.

Миний бие дээрх тогтоолын 1 дэх заалтад дурдсан Багахангай дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 тоот албан бичгээр ирүүлсэн сонгогчдын гарын үсгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгасан дүн гэдгийг үзэхийг хүссэн боловч Багахангай дүүргийн Сонгуулийн хорооноос ийм албан бичиг гараагүй байна. Гэвч нийслэлийн Сонгуулийн хороо дээр дурдсан баримт бичиг болон холбогдох баримтаар сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа Сонгуулийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэж дурдан бие даан нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тогтоол гаргасан.

Тогтоолын заалтаас үзэхэд Сонгуулийн тухай хуулийн ямар зүйлд заасан ямар зөрчлийг гаргасан нь тодорхойлогдоогүй тул ойлгох боломжгүй байна. Сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтлахыг хуулиар баталгаажуулсан боловч нийслэлийн Сонгуулийн хороо хуульд заасан зарчмыг баримтлахгүй, тодорхой бус шалтгаан зааж бүртгэхээс татгалзсан тогтоол гаргаж байгаа нь бие даагч нэр дэвшихийг хязгаарлах бодлого барьж, одоогоор олонх байгаа нам өөрсдийн суудлаа алдахгүйн төлөө явуулж байгаа далд үйл ажиллагаа бөгөөд энэ удаагийн ээлжит сонгуулийн нэр дэвшүүлэх, бүртгэх ажиллагаа богино хугацаатай байгааг далимдуулан бүртгэхгүй татгалзаж цаг хожин эрх зөрчигдсөн иргэн эрхээ хамгаалах боломжийг хязгаарлаж байгаа нэг үйлдэл гэж үзэж байна.

Хэрэв сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг шалгахад зөрчил гаргасан бол хэдэн хүнийх нь зөрчилтэй байгаа талаар тодорхойлоогүй нь ч асуудлыг удаашруулах гэсэн арга гэж үзэхэд хүргэж байна. Гарын үсэг зурсан сонгогчид гарын үсэг зураагүй гэх хүн байгаа бол ямар нэгэн зохион байгуулалтаар явагдаж байгаа үйл ажиллагаа болохыг ч үгүйсгэхгүй юм. Гэвч миний бие Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-т заасны дагуу 501-ээс доошгүй хүний гарын үсэг зуруулах ёстой боловч 643 хүний гарын үсэг зуруулсан нь даруй 142 хүнээр илүү байгаа нь ямар нэгэн нөлөөгөөр гарын үсэг зураагүй хүн байсан ч дээрх шаардлагыг бүрэн хангах юм.

Харамсалтай нь нийслэлийн Сонгуулийн хороо бүртгэхийн тулд бус ямар нэгэн шалтаг эрж бүртгэхээс татгалзсан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-т “Монгол Улсын иргэн Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Сонгуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “сонгуулийн эрх бүхий иргэний сонгох, сонгогдох эрхийг хууль бусаар хязгаарлахыг хориглоно” гэж заасныг зөрчин миний эрх чөлөөг бүдүүлгээр зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Иймд нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” тухай 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Алтансүх 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр Л.Алтансүхийг бүртгэх үүргийг нийслэлийн Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ. 

            Хариуцагч нийслэлийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батдорж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багахангай дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигч иргэний ирүүлсэн баримт бичгийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.7-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ намын болон нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичиг гүйцэд эсэхийг нягтлан шалгана”, 157 дугаар зүйлийн 157.8-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан нэр дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах...” гэж заасны дагуу нягтлан шалгасны үндсэн дээр нэр дэвшигч иргэн Л.Алтансүхийн баримт бичиг нь зөрчилтэй байгааг шалган тогтоож Багахангай дүүргийн Сонгуулийн хорооноос нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны сонгуульд нэр дэвшигч иргэн Л.Алтансүхийн ирүүлсэн сонгогчдын гарын үсэг цуглуулсан баримт бичгийг түүвэрлэн шалгасан дүнг хүснэгтийн хамт 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар албан бичгээр ирүүлсэн.

Нийслэлийн Сонгуулийн хороо нь тус албан бичигт дурдагдсан баримт бичгийн зөрчлийг дахин хянаж нягтлан шалгаад бие даан нэр дэвшигч Л.Алтансүх нь Сонгуулийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.4-д “...бие даан нэр дэвшигчээс сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн өөрийн нэр, эцэг, эхийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна” гэж заасныг зөрчиж, тойргийн бус сонгогч гарын үсэг зурсан 8, гарын үсэг хуурамчаар үйлдсэн 53, эцэг, эхийн болон өөрийн нэр дутуу эсхүл буруу 12, регистрийн дугаар буруу эсвэл дутуу 10, хөдөлгөөнт болон суурин утас дутуу эсвэл буруу 201 иргэн байсан ба нийт зөрчилтэй 284, нийт зөрчилгүй 359 иргэн байгааг дахин шалгаж нягтлан тогтоосон болно.

Багахангай дүүргийн Сонгуулийн хорооноос ирүүлсэн дээрх шалгалтын дүнг үндэслэн дахин хянаж шалгаад нэр дэвшигч Л.Алтансүх нь Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа зөрчил гаргаж, хууль тогтоомж зөрчсөн байна гэж тогтоосон, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 501-ээс доошгүй дэмжигчийн гарын үсгийг цуглуулсан байхаар хуульд заасан боловч Л.Алтансүхийн хувьд дээрх хуулийн шаардлагыг хангаагүй зөрчилтэй байсан тул “Бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах” тухай нийслэлийн Сонгуулийн хорооны 34 дүгээр тогтоолыг гаргасан.

Иймд уг тогтоол нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх тул иргэн Л.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нийслэлийн Сонгуулийн хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батдорж, П.Баялагцэнгэл нар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Сонгуулийн хороо нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Лодойн Алтансүхийг нэр дэвшигчээр бүртгэхээс 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор татгалзсан бөгөөд уг тогтоолыг хүчингүй болгох асуудал шийдэгдээгүй тул өмнө өгсөн хариу тайлбарт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй.

Л.Алтансүх нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлж, хуульд заасан хугацааны дотор 643 сонгогчийн гарын үсэг зуруулсан 44 хуудас баримт бичгийг ирүүлсэн. Мөн Багахангай дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолд дурдсанаар цуглуулсан сонгогчдын гарын үсгийг нягтлахад зөрчил илэрсэн.

Үүнээс үзэхэд Л.Алтансүхийн сонгогчийн гарын үсэг үнэн зөв эсэхийг дахин шалгасан дүнгээр зөрчилгүй гарын үсгийн тоо нь Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2.2-т заасан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 501-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагыг хангахгүй байгаа тул түүнийг бүртгэхийг нийслэлийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 432 дугаар шийдвэрээр Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 127 дугаар зүйлийн 127.4, 157 дугаар зүйлийн 157.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Алтансүхийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7, 129 дүгээр зүйлийн 129.3, 156 дугаар зүйлийн 156.2.2, 157 дугаар зүйлийн 157.1-д заасныг тус тус баримтлан Лодойн Алтансүхийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг нийслэлийн Сонгуулийн хороонд даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 378 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 432 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батдорж, Д.Баялагцэнгэл нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Сонгуулийн хороо “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийг бүртгэхэд Сонгуулийн тухай хуулийн 158 зүйлийн 158.1.4-т заасан зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд бүртгэхээс татгалзах үндэстэй. Сонгуулийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.4-т бие даан нэр дэвшигчээс сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад бичих зүйлийг тоочин жагсаасан бөгөөд сонгуулийн төв байгууллагаас маягтын загварыг 2016 оны 13 дугаар тогтоолоор баталсан бие даан нэр дэвшигч гарын үсэг цуглуулахдаа энэ маягтыг бүрэн гүйцэд бөглөх үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсгийн жагсаалтаас тойргийн бус сонгогчоор гарын үсэг зуруулсан 8, гарын үсэг хуурамчаар үйлдсэн 53, регистрийн дугаар дутуу эсвэл буруу 10, эцэг, эхийн болон өөрийн нэр дутуу эсхүл буруу 12, хөдөлгөөнт болон суурин утас дутуу эсвэл буруу 201, эцэг эхийн нэр бичигдээгүй 198, зөрчил илэрсэн нь 501-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулсан байх шаардлагыг хангахгүй байна.

Дүүргийн Сонгуулийн хороо нь нэр дэвшигчийг бүртгэх эрх бүхий байгууллага биш бөгөөд энэ эрх нь нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэн эрхэд хамаарах асуудал учир дүүргийн Сонгуулийн хорооноос сонгогчдын гарын үсгийг шалгаж, ирүүлсэн дүнг заавал үндэслэх үүрэггүй бөгөөд бид өөрсдөө дахин, нэг бүрчлэн шалгахад 501-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг цуглуулах шаардлагыг хангаагүй тул бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй гэсэн хариу тайлбарыг өгсөөр атал дан ганц дүүргийн Сонгуулийн хороо нэр дэвшигчийг шалгасан баримтыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна.

Учир нь нэр дэвшигчийг бүртгэх эрх хуулиар олгогдсон байгууллага буюу нийслэлийн Сонгуулийн хорооны тайлбар нотлох баримтыг үнэлэх ёстой байтал энэ нотлох баримтуудыг үнэлээгүй, эдгээр нотлох баримтад ямар нэг дүгнэлт өгөөгүй хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн байна. Сонгуулийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3-т “энэ хуулийн 128.3.2-т заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 127.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж заасан нь бие даан нэр дэвшигчээс хамаарахгүй шалтгаанаар зөрчил гарсан тохиолдолд мөн илэрсэн зөрчлийг хасахад 501-ээс доошгүй байх гэсэн үндсэн хоёр шалгуурыг тавьж өгсөн гэж үзэхээр байна.

Гэтэл анхан шатны шүүх нь бие даан нэр дэвшигч Л.Алтансүх өөрөө мэдсээр байж санаатай гаргасан хуурамчаар үйлдсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон, зөрчлийн тоог хассан ч гэсэн 501-д хүрэхгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлгүй байна. Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.4-т заасан зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохоор зохицуулсан байхад анхан шатны шүүх “Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлд заасан зөрчлөөс нэгийг л гаргасан тохиолдолд бүртгэхээс татгалзах үндэстэй гэсэн тайлбарыг зөвтгөх үндэсгүй байна” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Сонгуулийн тухай хуулийн зарим, зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Нийслэлийн сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 34 дүгээр тогтоолоор Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8, 157 дугаар зүйлийн 157.7, 157.8, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны “маягт батлах тухай” 13 дугаар тогтоолыг тус тус үндэслэн “Багахангай дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаар албан бичгээр ирүүлсэн сонгогчдын гарын үсгийн үнэн зөв эсэхийг нягтлан шалгасан дүн болон холбогдох баримтаар сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа Сонгуулийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан” гэж дурдаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн 44 дүгээр тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Лодойн Алтансүхийг бүртгэхээс татгалзсан байна.

Нэхэмжлэгч Л.Алтансүх “ямар зөрчил гаргасныг тодорхойлолгүй, тодорхой бус шалтгаан зааж татгалзсан, ямар нэгэн нөлөөгөөр гарын гарын үсэг зураагүй гэх хүн байсан ч  643  хүний гарын үсэг зуруулсан тул 501-ээс доошгүй байх хуулийн шаардлагыг хангасан” гэж маргаж, Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу миний сонгогдох эрхийг хязгаарласан гэх үндэслэлээр дээрх тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гаргаж, “нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах” шаардлагыг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нэмж гаргажээ.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар 156.2-т “бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна; 156.2.2-т “нийслэлийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн хувьд 501-ээс доошгүй” гэж заасан байна.

Энэ зүйл, заалтын агуулгаар нийслэлийн хурлын сонгуульд бие даан нэр дэвшигч нь нэрээ дэвшүүлэх эрх олж авахын тулд 501-ээс доошгүй сонгогчоор өөрийгөө дэмжүүлсэн байх, ийм тооны дэмжигч-сонгогч түүнийг бие даан нэр дэвшихийг дэмжсэн гэдгээ баталгаажуулж, тусгайлан гаргасан маягтад гарын үсгээ зурах бөгөөд 501-ээс доошгүй байх нь хуулийн шаардлага юм.

Иймээс “нэр дэвшихийг нь дэмжээгүй сонгогч” маягтад гарын үсэг зурах боломжгүй ба дэмжигчийн гарын үсэг цуглуулах ажиллагаа үнэн зөв бөгөөд хуулийн хүрээнд явагдах учиртай.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, 44 дүгээр тойрогт бие даан нэр дэвшигч Л.Алтансүх нь 643 дэмжигч-сонгогчийн гарын үсэг цуглуулсан, үүний 10 хувьд буюу 65 сонгогчийг түүвэрлэн сонгож, тэдэнтэй биечлэн уулзах, утсаар холбогдож асууж тодруулсны дүнд дэмжигч-сонгогчийн бүртгэлд гарын үсэг зурсан гэх 14 иргэн гарын үсэг зураагүй, 13 иргэний өмнөөс гэр бүлийнх нь өөр гишүүн гарын үсэг зурсан, 1 иргэн цэргийн алба биеэр хааж байгаа, 4 иргэн тэмдэглүүлсэн дугаар бүхий утсан дээр байдаггүй гэдгийг тогтоожээ.

Нийслэлийн Сонгуулийн хороо нь “гарын үсэг үнэн зөв эсэхийг нягтлан шалгах үүргийг Багахангай дүүргийн Сонгуулийн хороонд өгч, гүйцэтгүүлсэн нь Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2, 32.1.18-т заасантай нийцсэн, эрх хэмжээнийх нь хүрээнд байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зөрчлийг нэр дэвшигч өөрөө “бусдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн” зөрчил биш, “зөрчилгүй гарын үсгийн тоо нь 501-ээс доошгүй байгаа” гэж дүгнэж “бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” нийслэлийн Сонгуулийн хорооны тогтоолыг хүчингүй болгосон нь Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8, 158 дугаар зүйлийн 158.1.4.а-д заасан зохицуулалтад нийцээгүй байна.

Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тохиолдлуудыг жагсаасан байх бөгөөд 158.1.4-т “бие даан нэр дэвшигч нь сонгогчдын гарын үсгийг цуглуулахдаа дор дурдсан зөрчлийг гаргасан бол: 158.1.4.а-д гарын үсэг хуурамчаар үйлдэх; 158.1.4.б-д хүч хэрэглэх; 158.1.4.в-д хуурч мэхлэх; 158.1.4.г-д эд мөнгөөр татах; 158.1.4.д-д сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах; 158.1.4.е-д батлагдсан маягтаас өөр маягтаар гарын үсэг цуглуулах; 158.1.4.ё-д энэ хуульд заасан бусад шаардлагыг зөрчсөн” гэж заасан, хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-т ““гарын үсэг хуурамчаар үйлдэх” гэж бүх төрлийн арга хэрэглэн /өөрөө, эсхүл өөр этгээдээр үйлдүүлэх, техник хэрэгсэл ашиглах гэх мэт/ бусдын гарын үсгийг дуурайлгаж буюу хуулбарлаж, эсхүл зохиож зурах”-ыг ойлгоно гэжээ.

Хэдийгээр хариуцагчийн гаргасан 2016 оны 34 дүгээр тогтоолд хуулийн зүйл, заалтыг нарийвчлан заагаагүй, чухам ямар зөрчил гаргасныг тодорхой бичээгүй боловч Багахангай дүүргийн Сонгуулийн хорооны нягтлан шалгасан дүнг үндэслэснээс үзвэл үүгээр илэрсэн зөрчилд холбогдуулан авч үзсэн гэдэг нь тодорхой бөгөөд “гарын үсэг зураагүй, дэмжигч-сонгогчоор бүртгэгдсэн этгээдийн өмнөөс гэр бүлийн гишүүнээр гарын үсэг зуруулсан” зэрэг нь хуулийн 158.1.4 а-д хамаарах “гарын үсэг хуурамчаар үйлдэх” зөрчил мөн юм.

Нэхэмжлэгч Л.Алтансүх нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 34 дүгээр тогтоолд гомдол гаргаснаар “дэмжигч-сонгогчийн бүртгэл” дэх 643 гарын үсэг үнэн зөв эсэхийг нэг бүрчлэн нягтлан шалгах ажиллагааг Багахангай дүүргийн Сонгуулийн хороо гүйцэтгэж, тойргийн бус сонгогч гарын үсэг зурсан 8, гарын үсэг хуурамчаар үйлдсэн 53, эцэг /эхийн/ болон өөрийн нэр дутуу 12, регистрийн нэр дутуу эсвэл буруу 10, хөдөлгөөнт болон суурин утас дутуу эсвэл буруу 24 нийт 107 зөрчил тогтоож 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 05 дугаар тогтоолыг гаргасан, нийслэлийн Сонгуулийн хороо “хөдөлгөөнт болон суурин утас дутуу эсхүл буруу” гэх зөрчлийн тоог 201 гэж тогтоон нийт зөрчлийг 284 гэж үзжээ.

Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна”, 156.3-т “аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нь сонгуулийн төв байгууллагаас батлагдсан маягтыг бие даан нэр дэвшигчид тэмдэг дарж олгоно” гэж тус тус заасан, нэхэмжлэгч Л.Алтансүх нь Сонгуулийн ерөнхий хорооны 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар тогтоолын 10 дугаар хавсралтаар батлагдсан “нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн тойрогт бие даан нэр дэвшүүлэгчийн дэмжигч-сонгогчийн бүртгэлийн маягт”-аар гарын үсэг зуруулсан нь тогтоогдсон байна.

Уг маягтад тусгаснаар дэмжигчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг бичих шаардлагатай, үүнийг бие даан нэр дэвшигч биелүүлэх үүрэгтэй.

Сонгуулийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.4-т “бие даан нэр дэвшигчээс сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн өөрийн нэр, эцэг /эх/-ийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна”, 129 дүгээр зүйлийн 129.3-т “энэ хуулийн 128.3.2-т заасан сонгогчдын гарын үсэг зуруулсан маягтыг нягтлан шалгахад бие даан нэр дэвшигчээс үл хамаарах, сонгогчийн бичиг баримттай холбоотой зөрчил илэрсэн бөгөөд маягтын зөрчилгүй гарын үсгийн тоо нь энэ хуулийн 127.2-т заасан тооноос доошгүй бол дээрх зөрчил нь бие даан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй” гэж Улсын Их Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчтэй холбоотой асуудлыг тухайн зүйл заалтаар нарийвчлан зохицуулжээ.

Энэхүү зохицуулалтыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчид адилтган тайлбарлан хэрэглэх үндэстэй гэж анхан болон давж заалдах шатны шүүх үзсэн нь сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад баримтлах үндсэн зарчимд нийцсэн бөгөөд Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй байна.

Харин маргаан бүхий тогтоолын үндэслэл болоогүй боловч “маягтын зөрчилтэй холбоотой” дэмжигчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, хөдөлгөөнт болон суурин утасны дугаарыг дутуу бичсэн асуудал нь бие даан нэр дэвшигчтэй шууд холбоотой байхад анхан шатны шүүх “гарын үсэг зурсан дэмжигч-сонгогч утасгүй  байгаа нь нэр дэвшигчээс үл хамаарах” гэж өөр агуулгагатай дүгнэлт хийсэн нь буруу болсон, давж заалдах шатны шүүх “орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчид ногдуулаагүй үүргийг шаардсан” гэж Сонгуулийн тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т “бие даан нэр дэвшигч нь дараах тооны сонгогчдын гарын үсгийг сонгуулийн төв байгууллагаас баталсан маягтын дагуу зуруулсан байна”, 157 дугаар зүйлийн 157.3-т “бие даан нэрээ дэвшүүлэгч нь... дараах баримт бичгийг… биечлэн ирүүлнэ”, гээд 157.3.2-т “сонгогчдын гарын үсэг зуруулсан маягт” гэж заасныг зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Нэхэмжлэгчийн гомдлоор дахин нягталж, шалгасны дүнд 34 дүгээр тогтоолын үндэслэл болсноос гадна сонгогчдын гарын үсэг зуруулсан маягттай холбоотой өөр зөрчил илрүүлсэн, бие даан нэр дэвшигчээс хамаарах зөрчлийн тоо нь нийслэлийн Хурлын сонгуульд бие даан нэр дэвшигчийн цуглуулбал зохих дэмжигч-сонгогчийн тоонд нөлөөлөхүйц байна.

Иймд, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 432 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 378 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Сонгуулийн тухай хуулийн 3.1,8, 5.1.1, 5.1.3, 5.1.5, 27.2, 27.4, 129.3, 156.2, 156.2.2, 157.3.2, 158.1, 158.1.4.а-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Алтансүхийн гаргасан “нийслэлийн Сонгуулийн хорооны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 34 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, бие даан нэр дэвшигчээр бүртгэхийг нийслэлийн Сонгуулийн хороонд даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай. 

 

        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ         

ШҮҮГЧ                                                                  Ч.ТУНГАЛАГ