Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 653

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг Баянхаан 2 дугаар хэсэг 195 тоотод оршин суух, 56 настай, эмэгтэй, одоо Сэлэнгэ аймгийн Хүүхдийн сувилалын газарт сувилагч багш ажилтай Боржигон овогт Цэгмидийн Сайханчимэгийн /МА-60102604/ нэхэмжлэлтэй

 “Ажилласан байдал тогтоолгох тухай“  иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ц.Сайханчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Ц.Сайханчимэг шүүх хуралд гаргасан тайлбартаа:

Миний бие нь 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумд сувилагч, бага эмч, дотуур байрны багш зэрэг ажлыг хийж байсан. 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр сургууль маань татан буугдсан. Одоо тэтгэвэрт гарах гэтэл тус сургуульд анх ажилд орсон, чөлөөлөгдсөн тушаал байхгүй учраас заавал шүүхээр орж ажилласан жил тогтоолгох шаардлагатай гэсэн. Архиваас шүүлгэж үзэхэд тус сургуулийн материалууд шилжин ирээгүй гэсэн. Миний хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичилт хийгдсэн байгаа.

Иймд намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумын сургуульд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагч, бага эмч, дотуур байрны багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.    

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Сайханчимэг нь “...намайг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумын сургуульд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагч, бага эмч, дотуур байрны багшаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэсэн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

 Ц.Сайханчимэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумын сургуульд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагч, бага эмч, дотуур байрны багшаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

1983 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нээлгэсэн “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ”-ний 6-11 талд авагдсан Ц.Сайханчимэгийн  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумын сургуульд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагч, бага эмч, дотуур байрны багшаар ажилласан талаарх ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудын бичилтүүд, гэрч П.Хандмаа, Б.Лхагвасүрэн, Н.Энхээ нарын шүүхэд Ц.Сайханчимэгийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар  нотлогдож байна.

Иймд Ц.Сайханчимэгийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумын сургуульд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагч, бага эмч, дотуур байрны багшаар ажилласан байдлыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цэгмидийн Сайханчимэгийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ХАА-н техникумын сургуульд 1980 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сувилагч, бага эмч, дотуур байрны багшаар ажилласан болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.СОЁЛМАА