Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 500

 

                                             

 

 

 

 

 

 2020        03          24                                     2020/ШЦТ/500

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дөлгөөн,

Шүүгдэгч Ө.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Ат холбогдох 1906 03463 0064 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр харъяаллын дагуу хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, Өнөр хорооллын 13 дугаар байрны 349 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хотхоны 115 дугаар байрны 34 тоотод түр оршин суух, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Өн А /РД:...................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Ө.А нь 2019 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хорооллын 115 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхарт иргэн Б.Дөлгөөний халааснаас унасан 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфоун-7 Плас загварын гар утсыг авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Аийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Дөлгөөний өгсөн: “Би 2019 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Мөнхбаяр гээд найзыгаа гэрт нь оруулж өгсөн. Тэр үед Мөнхбаяр, А 2 маргалдсан. Тэгээд би Мөнхбаярыг гэрт нь оруулсан, тэр үед миний гар утас газар унаснийг энэ хүн аваад явчихсан юм шиг байна лээ. Ай фоне утас өөрийнхөө байршлыг тогтоодог. Би байршлаар нь хайсан чинь 1 дүгээр хороололд дохио нь илэрсэн. Би бол гэртээ авч очсон байх гэж ойлгосон. Би хохирлоо авчих юм бол гомдол, саналгүй...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дөлгөөний өгсөн: “... би найзыгаа гэрт нь оруулж өгөөд халаасандаа утсаа үзэхэд миний утас байхгүй байхаар нь машиндаа утсаа орхисон байх гээд машиндаа ирээд утсаа үзэхэд байхгүй байсан. Ингээд би маргааш өглөө нь найзынхаа гэрт ирээд байрных нь камерыг шүүж үзэхэд би найзыгаа гэрт нь оруулж өгөх үедээ хаалганы хажууд утсаа унагаж байгаа нь камерын бичлэгт байсан ба миний утсыг 39 тоотын манай найзтай маргаад байсан залуу аваад лифтэнд суун гараад явж байгаа бичлэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх.12-15/,

“Дамно” ХХК-й хөрөнгийн үнэлгээнийн тайлан, түүний хавсралт /хх.33-34/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Даваацэцэгийн Сидинд үзлэг хийсэн: “... цагаан өнгийн СД-г уншуулахад баруун дээд буландаа 2019/05/29 03:58:00 САМ9 гэсэн бичиглэл бүхий бичлэгийг эхлүүлэхэд А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, дэлгэцний баруун урд буланд байрны коридорт зогсож байгаагаар бичлэг эхлэх бөгөөд коридорын төгсгөлд өөдөөсөө харсан хоёр хаалга онгорхой, ертөнцийн зүгээр баруун гар талын хаалга талд 2 залуу ноцолдох ба хохирогч Б.Дөлгөөн гар утсаа 03:58:03 секундэд газар унагааж, А гар утсыг 03:58:58 секундэд газраас авч, орцноос гарснаар бичлэг 03:59:31 секундэд дуусав” гэх тэмдэглэл /хх.39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Ө.А нь 2019 оны 05 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Саруул" хорооллын 115 дугаар байрны 1 дүгээр орцны 9 давхарт иргэн Б.Дөлгөөний халааснаас унасан 1.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Айфоун-7 Плас загварын гар утсыг авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дөлгөөний өгсөн: “... Ингээд би маргааш өглөө нь найзынхаа гэрт ирээд байрных нь камерыг шүүж үзэхэд би найзыгаа гэрт нь оруулж өгөх үедээ хаалганы хажууд утсаа унагаж байгаа камерын бичлэгт байсан ба миний утсыг 39 тоотын манай найзтай маргаад байсан залуу аваад лифтэнд суун гараад явж байгаа бичлэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх.12-15/,

“Дамно” ХХК-й хөрөнгийн үнэлгээнийн тайлан, түүний хавсралт /хх.33-34/,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Л.Даваацэцэгийн Сидинд үзлэг хийсэн: “... 2 залуу ноцолдох ба хохирогч Б.Дөлгөөн гар утсаа 03:58:03 секундэд газар унагааж, А гар утсыг 03:58:58 секундэд газраас авч. орцноос гарснаар бичлэг 03:59:31 секундэд дуусав” гэх тэмдэглэл /хх.39/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дөлгөөний өгсөн: “... Мөнхбаяр, А 2 маргалдсан. Тэгээд би Мөнхбаярыг гэрт нь оруулсан тэр үед миний гар утас газар унасангийн энэ хүн аваад явчихсан юм шиг байна лээ... Би байршлаар нь хайсан чинь 1 дүгээр хороололд дохио нь илэрсэн. Би бол гэртээ авч очсон байх гэж ойлгосон...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Ө.Аийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ө.Аийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Ө.Ааас 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Дөлгөөнд олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Ө.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Ө.Аийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Ө.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Ө.Аийг 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс цагдан хорьсон 36 хоногийг 288 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 36.11 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Өн Аийг “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ат 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Ө.Аийг 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдрөөс цагдан хорьсон 36 хоногийг 288 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд тооцон эдлэх ялаас хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын биелэгдээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ө.Ат сануулсугай.

          5. Ө.Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгчийг цагдан хорих байраас нэн даруй сулласугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.Ааас 1.000.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Дөлгөөнд олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ө.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                     С.ӨСӨХБАЯР