| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
| Хэргийн индекс | 140/2016/00446/И |
| Дугаар | 446 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 446
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Нямдэмбэрэл, хариуцагч Д.Амарбаатар Р.Сувданчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Төрийн банкны Завхан салбарын нэхэмжлэлтэй Д.Амарбаатар, Р.Сувданчимэг нарт холбогдох 6.219.591.72 /зургаан сая хоёр зуун арван есөн мянга таван зуун ерэн нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Завхан салбар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
“...Иргэн Д.Амарбаатар, Р.Сувданчимэг нар банктай 2013 оны 12 сарын 23-ны өдөр ТБ/ЖДҮДТЗ/2013 тоот зээлийн гэрээ, ТБ/ЖДҮДТЗ/2013 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон 2015 оны 10 сарын 12-ны өдрийн ТБ/ХОЗ/868/2015 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ ТБ/ЖДҮДТЗ/455/2013 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан 15000000/ арван таван сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг, сарын 1.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авсан. ...”
Зээлийн барьцаанд Завхан аймаг Улиастай сумын Богдын гол баг Хангамжийн 3-8 тоот ахуйн зориулалттай өвлийн сууц, граж /УБДугаар Y-0918000889/, мужааны цех /УБДугаар Y- 0918001679/ өмчлөх эрхтэй газрын хамт /УБД Г-0918003016/ газрын хамт, мужааны багаж тоног төхөөрөмж /ком/, 29 инч Venap зурагт, хөлдөөгч мөн зээлийн санхүүжилтаар шинээр худалдаж авах төхөөрөмжүүдийг барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлэлгүй, төлбөрийн хувиарийг удаа дараа олон хоногоор хугацаа хэтрүүлдэг ба нийт 15 удаа 66 хоног хэтрүүлж улмаар хугацаа хэтэрсэн ангилалд шилжсэн. 2016 оны 09 сарын 16-ны байдлаар 13 хоног хугацаа хэтрүүлэн зээлээ төлөхгүй байгаа тул иргэн Д.Амарбаатар Р.Сувданчимэг нараас зээлийн үндсэн үлдэгдэл 6.059.638.08 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 159.400.29 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 553.35 төгрөг нийт 6.219.591.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Амарбаатар Р.Сувданчимэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банкны нэхэмжилсэн нийт 6219591 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Амарбаатар Сувданчимэг бид 2013 оны 12-р сарын 23-ны өдөр Төрийн банктай 15 сая төгрөгийг жилийн 7 хувь буюу 0,58 хувийн хүүтэйгээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. 2013 оны 12-р сарын 23-ны өдөр Төрийн банкны эдийн засагч Алтансолонго Амарбаатар руу утсаар ярьж Жижиг дунд үйлдвэрийн зээлийн мөнгө татагдсан байсныг мэдэлгүй зээл гаргасан тул зээлийн гэрээг өөрчлөх шаардлагатай байна гэсэн. Тэрээр 1,8 хувийн зээлийн гэрээгээр байгуулчихаад хавар ЖДҮ-ийн 0,58%-ийн зээл рүү шилжүүлчихнэ гэсэн учраас зээлийн гэрээг дахин 1,8%-ийн хүүтэйгээр байгуулсан. Тухайн үед 0,58 хувийн хүүтэй олгосон зээлийн гэрээ хүчинтэй байгаа учраас энэ гэрээг дүр үзүүлж хийсэн гэрээ гэж ойлгож байсан учраас гэрээнд гарын үсэг зурсан. Сүүлд хийсэн гэрээг дүр үзүүлж хийсэн гэрээ гэдэг нь нэг өдөр 2 өөр хүүтэй гэрээ байгуулагдсан байдлаар тогтоогдож байгаа юм. Би зээлийн төлбөрөө анх байгуулагдсан гэрээнийхээ дагуу сарын 0,58 хувиар тооцож төлөлтүүдийг хийж байсан. Гэтэл энэ онд миний гэрээний хүүг сарын 1,8 хувиар бодож байгаа талаар надад хэлж байсан. Энэ байгуулагдсан гэрээгээр 15 сая төгрөгийн хүү 4 жилийн туршид төлөгдөх хүү 2406314 төгрөг байсан. Гэтэл жилийн 1,8 хувийн хүүтэй болсноор 4 жилийн туршид 7425198 төгрөг төлөхөөр болж байгаа юм. Төрийн банкны нэхэмжлээд байгаа 6059638 төгрөгнөөс 1040754 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа ба хүүгийн зөрүү болох 5018884 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн нотариатын төлбөр 20500 төгрөг нь тухайн нэхэмжлэгчийн өөрийн нотлох баримтаа бүрдүүлэхэд гарч байгаа зардал учраас манайх төлөх боломжгүй. Түүнчлэн тэмдэгтийн хураамжийн 114791 төгрөг нь ИХШХШ ажиллагааны явцад шүүх шийдвэрлэх зардал учраас үүнийг мөн төлөх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 5018884 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр анх зээлдэгч Амарбаатар, Сувданчимэг нартай 15000000 төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулсан. Жижиг дунд үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалт орж ирсний дараа тухайн зээлийн олгох ёстой байсан. Гэтэл санхүүжилт орж ирээгүй байхад зээл гаргасан байсан учраас зээлдэгчээр зээлийг хаалга гэсэн шаардлагыг ажилтандаа тавьсан. Манай ажилтан Алтансолонго зээлдэгч нартай уулзаад зээлийг буцаагаад хаа гэсэн шаардлага тавьсан. Гэтэл зээлдэгч нар тухайн мөнгийг захиран зарцуулсан учраас буцааж төлөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Тэгээд манай банкнаас харилцагчид боломж олгох үүднээс жилийн 21.6 хувийн хүүтэй, өөрийн банкны бүтээгдэхүүнийг санал болгосон. Хариуцагч нь тухайн саналыг хүлээн зөвшөөрч гар өргөдөл бичиж өгөөд зээлийн гэрээг байгуулсан байна. Өмнөх жилийн 7 хувийн хүүтэй зээлийн санхүүжилт орж ирээгүй байхад банк олгох боломжгүй. Тэр гэрээн дээр ажилтан алдаа гаргасан байсан. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Энэ хүмүүс өмнө нь банктай удаан хугацаанд харилцаатай байсан. Тиймээс энэ хүмүүсийг санхүүгийн боловсрол муутай гэж ойлгохгүй байгаа. Тухайн зээлийг авснаас хойш 21 сар маш сайн эргэж төлсөн. Банкны дүрэмд заасны дагуу явцын хяналт хийсэн байхыг шаарддаг. Явцын хяналтыг 2 удаа хийсэн байна. Явцын хяналт гэдэг нь харилцагчтай уулзаад үйл ажиллагаа нь хэрхэн явж байгаа, санхүүгийн хувьд хүндрэл бэрхшээл байгаа эсэх талаар, мөн зээл нь зориулалтын дагуу зарцуулагдаж байна уу гэж хяналт тавьдаг. Энэ хяналтын явцад харилцагч маань хүү өндөр байгаа талаар хүсэлт, гомдол гаргаагүй. 2016 оны 01 сарын 27-ны өдөр уулзаж хугацаа хэтрэлтийнх нь талаар тайлбар гаргуулж авсан байдаг. Энэ тайлбар дээрээ зөвхөн орлого буурсан, орлого саатсан гэдэг үндэслэлээ хугацаа хэтэрсэн гэж тайлбарласан байдаг. Хүүтэй холбоотой ямар ч асуудал гаргаагүй байдаг. Энэ баримтууд гар бичмэлээр өөрсдийнх нь гарын үсэгтэйгээ байгаа. Гэрээг 2 хоногийн дараа хийсэн гэж тайлбарлаж байна. Ингэж гэрээ хийх үндэслэл байхгүй. Банкны үйл ажиллагаа, дүрэм, журам, зааврын дагуу хийгддэг. Банкны зээлийн хорооны хурлын шийдвэр, зээлийн гэрээний нөхцөл, программд оруулсан нөхцлүүд адилхан байдаг. Гэрээ программаас автоматаар хэвлэгддэг учраас гэрээний сар өдрийг засах боломж байхгүй. 2014, 2015 онд банкныхаа дотоод аудитаар шалгуулсан. Монгол банканд 4 удаа шалгуулсан. Тэр шалгалтуудаар энэ зөрчил гараагүй. Зээлийн хорооны шийдвэр гараад Хөдөлмөрийн яамнаас санхүүжилт хүсдэг. Хөдөлмөрийн яамнаас санхүүжилт орж ирсэн үед нь зээлийн гэрээг байгуулах ёстой. Тухайн үед зээлийн эдийн засагч алдаа гаргаж санхүүжилт орж ирээгүй байхад гэрээ байгуулсан байсан. Би өдөр бүр зээлийн эргэн төлөлт, тооцооны төвийн ажлыг дүгнэдэг. Тэгж дүгнэх явцад гаргасан тэр зөрчил нь харагдсан учраас зээлээ хаа гэсэн шаардлага тавьсан чинь зээлдэгчтэй тохирлоо. Хөрөнгө оруулалтын зээлээр авахаар болсон гэсэн юм. Хариуцагчийн зүгээс хавар санхүүжилт орж ирэх ёстой гэж ярьж байна. Хэрвээ санхүүжилт орж ирсэн бол бид зээлийн 7 хувь болгож болох байсан. Гэтэл Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн ажилтан Байгалмаа гэдэг хүнээс энэ талаар асуухад 2013 оны санхүүжилт 2014 онд орж ирэхгүй гэсэн тайлбарыг хэлсэн учраас зээлийн 7 хувьд шилжүүлэх ямар ч боломж байгаагүй. Жил бүр санхүүжилт орж ирдэг. Тэр нь шалгарсан төслийнхөө нэрээр хүн бүрийнх нь нэр дээр орж ирдэг. 2013 оны Амарбаатарын санхүүжилт хойшилчихсон юм. 2014 оны санхүүжилтэд Амарбаатарыг оруулъя гэсэн ойлголт байхгүй. Амарбаатар 2014 онд 7 хувийн хүүтэй зээлд хамрагдах байсан бол дахиж өргөдөл бичиж төслөө өгөх байсан гэв.
Хариуцагч Д.Амарбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүгийн талаар бид мэдээгүй биш мэдэж байсан. Ирэх хавар нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн санхүүжилт орж ирэхээр буцаагаад 7 хувийн хүүтэй болно гэсэн яриа сонссон учраас би банкнаас зээл авахыг хүлээн зөвшөөрсөн юм. Өндөр хүү нь хэвээрээ яваад байсан учраас тухайн хүүг хасч өгөөч гэсэн хүсэлт тавиад байгаа юм. Би зээлийг төлөхгүй биш төлнө. Хамгийн гол нь хүүгийн зөрүү болох 5118884 төгрөгийг хасч өгөөч гэж хүсч байгаа юм. Тоног төхөөрөмж авна гээд төлвөлчихсөн байсан юм. Би Төрийн банканд 4.500.000 төгрөгийн зээлтэй байсан. Тэр зээлээ хаасан байсан. Хамгийн гол нь Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт орж ирэхээр буцаагаад 7 хувийн хүү рүү шилжүүлнэ гэсэн болохоор нь би 1.8 хувийн хүүг хүлээн зөвшөөрсөн юм. Энэ талаараа хүсэлтдээ тодорхой бичих байсан байна лээ. Хууль эрх зүйн мэдлэггүй болохоор ийм асуудал үүссэн юм. 25-ны өдөр гэрээ байгуулсан гэдгийг Алтансолонго мэдэж байгаа. Тэрийг мөнгө шилжүүлсэн баримт, миний дансанд орж ирсэн мөнгөний хуулга зэргээр нотлогдоно гэж үзэж байна. Эхэндээ тэр санхүүжилтийнх нь мөнгө банкан дээр байршсан байж байдаг гэдэг байдлаар надад ойлгуулж байсан. Алтансолонго санхүүжилт нь ирэх онд орж ирэхэд 7 хувь руу шилжүүлнэ гэсэн гэв
Хариуцагч Р.Сувданчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгэнт бид 2 хоёулаа гэрээ хийсэн байгаа учраас хүсэлтийг бид 2-т хоёуланд нь хэлж бичүүлж авах ёстой байсан гэж үзэж байна гэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Төрийн банкны Завхан салбар нь иргэн Д.Амарбаатар, Р.Сувданчимэг нараас 6.219.591.72 төгрөгийн зээлийн өр, нотариатын хөлс 20500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 114791 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Төрийн банкны Завхан салбар шүүхэд нэхэмжлэл ирүүлэхдээ Төрийн банкны Завхан салбарын Арал тооцооны төв гэсэн хэвлэмэл хуудас дээр нэхэмжлэлээ бичсэн боловч банкны захирал гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж үзлээ.
Хариуцагч Д.Амарбаатар, Р.Сувданчимэг нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа Төрийн банктай 2013 оны 12-р сарын 23-ны өдөр 15 сая төгрөгийг жилийн 7 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Гэтэл Төрийн банкны эдийн засагч Алтансолонго утсаар ярьж жижиг дунд үйлдвэрийн зээлийн мөнгө татагдсан байсныг мэдэлгүй зээл гаргасан тул зээлийн гэрээг өөрчлөх шаардлагатай байна. 1,8 хувийн зээлийн гэрээгээр байгуулчихаад хавар ЖДҮ-ийн 0,58 хувийн зээлрүү шилжүүлчихнэ гэсэн учраас зээлийн гэрээг дахин 1,8 хувийн хүүтэйгээр байгуулсан. Энэ гэрээ дүр үзүүлж хийсэн гэрээ гэж ойлгож гарын үсгээ зурсан. Энэ сүүлд хийсэн гэрээг дүр үзүүлж хийсэн гэрээ гэдэг нь нэг өдөр 2 өөр гэрээ байгуулсан байдлаар нотлогдож байгаа. Би зээлийн төлбөрөө анх тохиролцож хийсэн гэрээний дагуу сарын 0,58 хувиар тооцож төлөлтүүдийг хийж байсан гэж маргажээ.
Хэдийгээр нэг өдөр 2 өөр хүүтэй гэрээ хийдсэн боловч ЖДҮДСангийн зээлийн эх үүсвэр байхгүй байхад сарын 0,58 хувийн хүүтэй зээл олгогдсон эсэх талаар талууд маргаагүй.
Гэхдээ хариуцагч Д.Амарбаатар сарын 0,58 хувийн хүүтэй зээлийг буцаан татах тухай банкны шаардлагыг эс зөвшөөрч уг зээлийг сарын 1,8 хувийн хүүтэй хөрөнгө оруулалтын зээл болгохыг хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан ”... Би тоног төхөөрөмж авахаар төлөвлөсөн байсан учраас буцааж банкинд өгөхийг хүсээгүй. ЖДҮ-ийн зээлийн эх үүсвэр орж иртэл сарын 1,8 хувийн хүүтэй зээл авахыг зөвшөөрсөн...” гэсэн тайлбар болон Д.Амарбаатар зээл авснаас хойш буюу 2013 оны 12-р сарын 30 ны өдөр Төрийн банкны Арал тооцооны төвд гаргаж байсан өргөдөлөөр тогтоогдож байна.
Мөн Д.Амарбаатар, Р.Сувданчимэг нар сар бүр 1,8 хувийн хүү тооцсон зээлийн, эргэн төлөлтийн графикийн дагуу зээлээ төлж, гэрээний үүргээ тодорхой хугацаанд биелүүлж байсан нь Д.Амарбаатарын дипозит дансны харилцагчийн монгол хуулга, зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байна.
Хэрвээ энэхүү зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн бол анхнаасаа зээлийн эргэн төлөлтийг гэрээнд заасан хувь хэмжээгээр төлөх шаардлагагүй, гэрээний үүргийг биелүүлэхгүй гэдгээ талууд хэн хэн нь мэдэж байх ёстой.
Иймд талуудын хооронд байгуулсан сарын 1,8 хувийн хүүтэй зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Зээлдэгч Д.Амарбаатар, Р.Сувданчимэг нар 2016 оны 08-р сарын 02-ноос хойш зээлийн эргэн төлөлтөө хийлгүй гэрээний үүргээ зөрчсөн байна.
Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1-д ...зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээхээр, мөн хуулийн 452.2-т гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус заасны дагуу хариуцагч Д.Амарбаатар, Р.Сувданчимэг нараас 6.219.591.72 төгрөг гаргуулах үндэстэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас 2013 оны 12-р сарын 23-ны өдөр байгуулсан сарын 1,8 хувийн жилийн 21,6 хувийн хүүтэй зээлийн гэрээ /ХХ-10-12 дугаар хуудас/, түүний эргэн төлөлтийн хуваарь /ХХ-ийн 13-р хуудас/, хариуцагч Д.Амарбаатарын депозит дансны харилцагчийн монгол хуулга /ХХ-ийн 4-6-р хуудас/, Д.Амарбаатарын зээлийн дансны хуулга /ХХ-ийн 7-9 дугаар хуудас/ Төрийн банкны Арал тооцооны төвд зээлдэгч Д.Амарбаатарын 2013 оны 12-р сарын 30-ны өдөр гаргаж байсан өргөдөл /ХХ-ийн 26-р хуудас/зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэрэгт хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэллээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаатай холбогдуулж нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 114791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас 114791 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол улсын иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452-р зүйлийн 452.2 дахь хэсгүүдэд зааснаар Д.Амарбаатар , Р.Сувданчимэг нараас 6.219.591.72 72 /зургаан сая хоёр зуун арван есөн мянга таван зуун ерэн нэгэн төгрөг далан хоёр мөнгө/ төгрөгийг гаргуулж Төрийн банкны Завхан салбарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 114791 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 114791 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болно.
4. Зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ