Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 505

 

                                             

 

 

 

 

 

 2020        03         25                                      2020/ШЦТ/505

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч А.Сайнбаяр,

Хохирогч Б.Буянхишиг, түүний өмгөөлөгч М.Баасанбат /ҮД:0941/,

Шүүгдэгч С.Ш, түүний өмгөөлөгч Г.Баяржаргал /ҮД:0491/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Шт холбогдох 1906 02736 1434 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Дундговь аймагт 1970 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилттэй, хөдөө аж ахуйн бизнес эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 4 улирлын цэцэрлэг, 02 дугаар байрны 220 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Сгийн Ш /РД:......................./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

С.Ш нь 2019 оны 03-06 дугаар сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 259 тоотод оршин суух иргэн Б.Буянхишиг, Б.Нямдулам нарыг цахим сүлжээгээр болон 99111356 дугаарын утаснаас залгаж, түүнчлэн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны 03-04 цагийн хооронд Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 259 тоот гэрт нь очиж, өөртэйгөө уулзахыг шаардах зэргээр тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Шын өгсөн: “Би Нямдуламтай танилцан хамт амьдраад 20 гаруй жил болж байна. Сүүлийн үед тэр хүнийг утсаар дарамталж, захиа явуулсан үйлдэл болсон. Би Нямдуламд охиноосоо илүү хүссэн болгоныг нь авч өгч, хөрөнгө мөнгө, орон байр, өнгөтэй өөдтэй болгоныг л авч өгдөг байсан. Нямдуламын хуралд ирэхгүй байгаа шалтгааныг би гайхаад байгаа юм. Би 8.000 доллараар байр авч өгсөн. Нэгэнт намайг Бүгд Найрамдах Монгол Ард улсын хууль, шүүхийн өмнө дуудан хэрэг үүсгэж байгаа учраас би цаашид иргэний шүүхэд хандан гомдлоо барагдуулах асуудал бодогдож байгаа. Намайг гомдоож байгаа. Худлаа үнэн үлгэр зохиож хүний нэр хүндэд халдаад байгаа нь таалагдахгүй байна...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Буянхишигийн өгсөн: “Анх 2019 оны 03 дугаар сарын дунд үеэр манай эгч түр хөдөө явсан. Тэр хойгуур Ш над руу залгаад “танай эгч чинь алга болчихлоо, би санаа зовоод байна, эгчтэйгээ уулзуулаад өгөөч” гэхээр нь “манай эгч түр хугацаагаар хөдөө явсан учраас одоо боломжгүй байна” гээд тайлбарлаж хэлсэн. Гэвч Ш миний үгийг угаасаа ойлгохгүй намайг худлаа яриад байна гэсэн хандлагатайгаар над руу байнга ярьж байсан.  Би энэ хүнтэй холбогдох шаардлага байхгүй гэж үзээд утсыг нь авахгүй, мессежинд нь хариу өгөхгүй байсан. Манай эгч хөдөөнөөс ирээд хэсэг байж байгаад гадагшаа эмчилгээнд явсан. Тэр хойгуур нь “чи надтай холбогдохгүй байвал Баянмонгол хороололд амьдарч байгаа дүүд чинь янз бүрийн юм болгоно, шоронгийн хүн явуулна, хар тамхины хэргээр шоронд оруулна” гэж хэлсэн байгаа. Надад өмнө танихгүй дугаараас янз бүрийн мессеж, сэжиг бүхий дуудлага ирдэггүй байсан. Ш Хятад улсад байх үедээ “би Хятад улсад байна” гэж манай эгч рүү мессеж бичиж байсан. Тэр үед нь надад давхцалтайгаар Хятад дугаараас “хар тамхи, Улаанбаатар зочид буудлын өмнө ирээд нөгөө юм аа ав, орой 11 цагт уулзая, үхдэл болгоно” гэсэн мессежүүд ирдэг байсан. Мөрдөгч гар утсан дээрээс үзээд тогтоож авсан нь хэрэгт байгаа. Би гэртээ ганцаараа байсан учраас айгаад найзууддаа хэлээд гэртээ хамт хонодог байсан. Манай найзууд “ийм хэрэг явсаар байгаад хүний амь насанд хүрдэг, чиний махбодид бодитой хохирол учирна шүү” гэж анхааруулсан учраас цагдаад өргөдөл өгсөн. Хэрэг шалгагдаад явж байх явцад Ш “би энэ хүмүүстэй дахин уулзахгүй” гэсэн баталгаа бичиж өгсөн байсан. Өөрийн гараар бичсэн баталгаа нь хэрэгт байгаа. Гэсэн хэдий ч энэ хүний үйлдэл одоог хүртэл үргэлжилсээр байгаа. Хамгийн сүүлд л гэхэд манай эгч рүү залгаж “Шүүх хурал хойшилчихлоо, энэ шүүгч миний нэр хүндэд халдлаа. Та нар намайг корона вирус тусаагүй байхад корона туслаа гэсэн байдлаар надтай хандлаа” гэж уурлаж орилсон.  Би тэр үед эгчтэйгээ хамт явсан, утсаар ч ярьсан. Одоо хүртэл айлган сүрдүүлж, заналхийлсэн үйлдэл нь зогсохгүй байна. Нямдулам, Буянхишиг гэж хүмүүсийн амьдралаас Ш гэж хүнийг зүгээр байхгүй болгоод өгөөч. Бид нар Шт хуулийн дагуу арга хэмжээ авахуулаад холбоогүй баймаар байна. Дэлгүүрээс юм худалдан аваад тэрэнтэйгээ харьцаж байгаа мэтээр мөнгө төгрөг өгсөн бол чи надтай уулзах ёстой гэсэн байдлаар хандаад байгаа нь таалагдахгүй байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Буянхишигийн өгсөн: “... манай эгч Нямдулам нь 2000 оноос хойш С.Ш гэх хүнтэй харилцаж эхэлсэн. Тэрнээс хойш холбоотой байж байгаад Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3, 4 дүгээр хороололд байрлах С.Шын гэрт 2000-2003 оны хооронд хамтран амьдарч байсан. Тэгээд С.Штай хамт амьдарч байх хугацаанд эгч Нямдуламыг байнга зодож дарамталж байсан тул эгч Нямдуламыг манай гэрийнхэн С.Шын гэрээс авчирж гэртээ байлгасан. Тэрнээс хойш Нямдулам, Ш нар нь хоёр талд ирэн очин харилцдаг байсан. Тэгээд 2011 оноос хойш Нямдулам нь Шаас салъя гэж зөндөө хэлсэн боловч Ш нь салахгүй байнга дарамталж байсан. Тухайн үед Нямдулам нь сэтгэл зүйн хүнд дарамтанд байж, байнга Ш зоддог байсан... 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр С.Ш нь 8618747451376 дугаараас “чамайг үхдэл болгоно” гэж мессеж бичсэн. Мөн тухайн өдөр С.Ш нь “надтай уулз, би чамтай уулзвал 5 үг сольё, юм хэлж өгнө” гэж уулзахыг шаардсан. Тэгээд би “уулзахгүй” гэтэл “уулзах л болно доо, нэг өдөр ч гэсэн өөрийнхөө төлөө ажиллаад ав” гэхээр нь би “үгүй, таньтай уулзахгүй” гэтэл “би чамд мөнгө өгье, орой яваад очъё” гэх мэтээр зогсоо зайгүй мессеж бичсэн. Тэгээд “эгчтэйгээ уулзуулаад өг, би чамд мөнгө өгье” гээд мессеж бичсэн...” гэх мэдүүлэг /хх.1.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нямдуламын өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С.Ш өөрийн 99111356 дугаараас миний 99997397 дугаар луу “хаана байна чи, надтай уулзахгүй бол Баянмонголд байгаа хүнийг чинь дайнд өртүүлнэ, би дайн зарлаж чадна, шоронгийн хүн явуулна, чамайг ална” гэж дарамталсан мессежийг өдөр бүр бичин залгаж байсан... “чи зугатаагаад байвал чамайг алж байж дуусна, надад буу байгаа” гэх мэтээр байнга дарамтлан мессеж тасралтгүй явуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Бадамсамбуугийн өгсөн: “... тэгээд 2001 оны 06 сарын үед охин Б.Нямдулам үүрээр над руу залгаад “хүрээд ирээч” гэхээр нь яваад очтол С.Ш нь гэртээ охин Б.Нямдуламыг уйлуулчихсан, маргалдсан байдалтай сууж байсан. Тэгээд би охин Б.Нямдуламыг дагуулаад “хүнд алуулах гэж байна” гэж бодон гэртээ аваад явсан. Тухайн үед С.Шын ах Эрхэмбаяр, түүний эхнэр нар байсан. Тэрнээс хойш Б.Нямдуламаас С.Ш нь уучлалт гуйгаад тэр хоёр эвлэрч гэрээс Б.Нямдулам нь яваад өгсөн. Тэрнээс хойш 2002 онд Б.Нямдулам гэрт хувцсаа торонд хийгээд ирсэн. Тухайн үед “залуу хүмүүс байна, муудалцаж сайцалдахыг алийг тэр гэхэв” гээд тоогоогүй үлдээсэн. 2011 оноос Б.Нямдулам нь дүү Б.Буянхишигийг “хамт нэг гэрт амьдраач” гэж гуйгаад тэр хоёр хамт амьдрах болсон. Тэр оноос эхлээд Б.Нямдулам нь С.Шаас салсан боловч С.Ш нь араас нь байнга салахгүй явсан. Энэ явдал нь даамжирсаар байгаад 2019 оны эхээр Б.Нямдулам, Б.Буянхишиг нарыг байнга дарамтлаж, мессеж бичиж, ална гэх болсон тул миний хувьд энэ хүнд гомдолтой, сэтгэл санаа зовж байна...” гэх мэдүүлэг /хх.1.21/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Тэгшжаргалын өгсөн: “... Манай эгч Б.Нямдулам болон үеэл эгч Халиун нарын ярианаас С.Ш эгч Б.Нямдуламыг байнга хардан зодож, өөрийнхөө эрхшээлд байлгадаг байсныг сонсож байсан. Тухайн үед Халиун намайг эгч Б.Нямдуламыг энэ хүнээс хурдан салгаж аваач гэж хэлдэг байсан. 2016 оны 03 дугаар сард эгч Б.Нямдулам нь С.Штай Хятад улсад явж байхдаа над руу интернет чатаар Б.Нямдулам нь холбогдоод “намайг буудлын халаадны бүсээр хүлж байгаад хүчиндэж зодсон” гэж уйлаад ярьж байсан. Тухайн үед би “бүх зүйлээ баримтжуулаарай” гэж хэлж байсан. Тэгээд Улаанбаатар хотод ирэхэд би уулзаагүй. 2001 онд мөн эгч Б.Нямдуламыг зодоод хүүхдийг нь зулбуулж С.Ш нь эмнэлэгт өөрөө хүргэж өгч байсан гэсэн. Он, cap, өдрийг санахгүй байна, эгч Б.Нямдулам нь хэлэхдээ С.Штай хамт амьдарч байхдаа паарнаас хүлээд хонуулж байсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Гантуяагийн өгсөн: “... 1998 онд найз Б.Нямдулам нь С.Штай танилцаж хамтран амьдраад бизнес хийдэг байсан, тэгсэн тухайн үед надад С.Ш нь “1-2 удаа намайг зодоод байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би найзын зүгээс “С.Ш нь чамд гар хүрж байвал амьдрал болохгүй” гэж сануулж хэлж байсан. С.Шын охиныг Б.Нямдулам өсгөж өгдөг байсан. Тэрнээс хойш 2000 оны эхээр он, сарыг санахгүй байна, С.Ш нь шөнө согтуу ирээд найз Б.Нямдуламыг аймаар зодчихсон гээд маргааш нь надтай уулзах үедээ энэ талаар хэлж байсан. 2007 онд анх удаа С.Штай уулзах үедээ олон жил найз Б.Нямдуламыг зодож байгааг сонссон учир уурлан Б.Нямдуламын амьдралаар тоглолоо гээд “эмэгтэй хүнийг дарамталлаа” гэж хэлтэл С.Ш нь юу ч хэлэлгүй яваад өгсөн. Түүний дараа бас 2007 оны 05 дугаар сарын орчим Хүмүүнлэгийн их сургуулийн төгсөлтөөр Дуган хад амралтын газар ангиараа амарсан, тухайн үед би явж амжаагүй, харин ангийхан болон Б.Нямдулам нь надад хэлэхдээ С.Ш нь Б.Нямдуламыг хараад араас нь очоод буу бариад, хий буудаж айлган сүрдүүлсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх.1.25/,

Хэрэгт тусгасан баримтууд /хх.1.84-98, 110-117/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

С.Ш нь 2019 оны 03-06 дугаар сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 259 тоотод оршин суух иргэн Б.Буянхишиг, Б.Нямдулам нарыг цахим сүлжээгээр болон 99111356 дугаарын утаснаас залгаж, түүнчлэн 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2019 оны 04 дүгээр сарын 17-ны 03-04 цагийн хооронд Баянмонгол хорооллын 410 дугаар байрны 259 тоот гэрт нь очиж, өөртэйгөө уулзахыг шаардах зэргээр тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Буянхишигийн өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр С.Ш нь 8618747451376 дугаараас “чамайг үхдэл болгоно” гэж мессеж бичсэн. Мөн тухайн өдөр С.Ш нь “надтай уулз, би чамтай уулзвал 5 үг сольё, юм хэлж өгнө” гэж уулзахыг шаардсан. Тэгээд би “уулзахгүй” гэтэл “уулзах л болно доо, нэг өдөр ч гэсэн өөрийнхөө төлөө ажиллаад ав” гэхээр нь би “үгүй, таньтай уулзахгүй” гэтэл “би чамд мөнгө өгье, орой яваад очъё” гэх мэтээр зогсоо зайгүй мессеж бичсэн. Тэгээд “эгчтэйгээ уулзуулаад өг, би чамд мөнгө өгье” гээд мессеж бичсэн...” гэх мэдүүлэг /хх.1.13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Нямдуламын өгсөн: “... 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр С.Ш өөрийн 99111356 дугаараас миний 99997397 дугаар луу “хаана байна, чи надтай уулзахгүй бол Баянмонголд байгаа хүнийг чинь дайнд өртүүлнэ, би дайн зарлаж чадна, шоронгийн хүн явуулна, чамайг ална” гэж дарамталсан мессежийг өдөр бүр бичин залгаж байсан... “чи зугатаагаад байвал чамайг алж байж дуусна, надад буу байгаа” гэх мэтээр байнга дарамтлан мессеж тасралтгүй явуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Бадамсамбуугийн өгсөн: “... 2019 оны эхээр Б.Нямдулам, Б.Буянхишиг нарыг байнга дарамтлан мессеж бичиж, ална гэх болсон...” гэх мэдүүлэг /хх.1.21/,

Хэрэгт эд мөрийн баримт хураан авсан тухай мөрдөгчийн тогтоол /хх.1.50/,

Хэрэгт тусгасан баримтууд /хх.1.84-98, 110-117/,

Цагдаагийн байгууллагад С.Шын гаргасан хүсэлт /хх.1.147/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Ням-Очир /хх.1.148-149/, О.Мөнх-Эрдэнэ /хх.1.150-151/, Д.Баярмаа /хх.1.152-153/ нарын тус тус өгсөн мэдүүлэг /хх.1.21/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Буянхишигийн өгсөн: “... Манай эгч хөдөөнөөс ирээд хэсэг байж байгаад гадагшаа эмчилгээнд явсан. Тэр хойгуур нь “чи надтай холбогдохгүй байвал Баянмонгол хороололд амьдарч байгаа дүүд чинь янз бүрийн юм болгоно, шоронгийн хүн явуулна, хар тамхины хэргээр шоронд оруулна” гэж хэлсэн байгаа. Надад өмнө танихгүй дугаараас янз бүрийн мессеж, сэжиг бүхий дуудлага ирдэггүй байсан. Ш Хятад улсад байх үедээ “би Хятад улсад байна” гэж манай эгч рүү мессеж бичиж байсан. Тэр үед нь надад давхцалтайгаар Хятад дугаараас “хар тамхи, Улаанбаатар зочид буудлын өмнө ирээд нөгөө юмаа ав, орой 11 цагт уулзая, үхдэл болгоно” гэсэн мессежүүд ирдэг байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт С.Шын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт С.Шыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлэх” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

С.Шын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдэлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Б.Нямдулам, Б.Буянхишиг нар нь хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгч С.Шыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

С.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Шын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

С.Шт эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Шүүгдэгч С.Шт оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Б овогт Сгийн Шыг “Бусдыг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, хүч хэрэглэхээр заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Шт 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, С.Шт оногдуулсан 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Шт сануулсугай.

5. С.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Нямдулам, Б.Буянхишиг нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР