Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 447

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг батлах тухай

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням би, Э.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн *******-т холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 10-р сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11-р сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Завхан аймгийн *******-ын даргын 2016 оны 03-р сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар аймгийн *******-ын *******аар томилогдон ажилласан. Гэтэл Завхан аймгийн *******-ын ******* Л.******* намайг 2016 оны 09-р сарын 26-ны өдрийн Б/39 дүгээр тушаалаар ажлаас халсан. Улмаар ажлаас халсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23-р зүйлийн 23.2.3, 36-р зүйлийн 36.2 дахь заалтуудыг зөрчсөн. Халаалт эхэлсэн өвлийн нөхцөлд 0-3 нас хүрээгүй хүүхэдтэй хүнийг ажлаас халахгүй гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Мөн байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ зөрчсөн. Би 2, 4, 7 настай гурван хүүхэдтэй, Хаан банкинд 4 сая төгрөгийн цалингийн зээлтэй. Намайг ажлаас халсанд маш их гомдолтой байна.

Иймд намайг Завхан аймгийн *******-ын Архивын тасгийн архивчын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э.******* нь 2016 оны 03-р сарын 14-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар Архивын тасагт архивчаар түр томилогдон ажиллаж байсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08-р сарын 03-ны өдрийн 09-р тогтоол, мөн Засгийн газрын 2016 оны 09-р сарын 09-ний өдрийн 47-р тогтоол, ЗГХЭГ-ын 2016 оны 08-р сарын 31-ний өдрийн ХЭГ/1433 тоот албан бичгээр ирүүлсэн чиглэл, аймгийн *******-ын 2016 оны 09-р сарын 26-ны өдрийн аймгийн *******-ын зохион байгуулалт бүтэц, орон тоо, чиг үүргийг батлах тухай А/50 тушаалыг хэрэгжүүлж аймгийн *******-ын даргын 2016 оны 09-р сарын 26-ны өдрийн ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаал гарсан. Дээрх шийдвэрүүдэд Тамгын газрын бүтцийг бодлогын 6 хэлтэс, 1 штабтайгаар, орон тоог 41 хүртэл байхаар баталж, дээрх бүтцэд Хууль зүйн хэлтэс нь хэлтсийн дарга, 2 мэргэжилтэн, Архивын тасгийн дарга, сан хөмрөгийн эрхлэгч, архивч, нийт 6 орон тоотойгоор батлагдаж, түр ажиллаж байсан Э.*******г Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 10-р сарын 14-ний өдрөөс ажлаас чөлөөлж, холбогдох хууль тогтоомжийн нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгсон юм. Э.******* анхнаасаа илүү орон тоо гаргаж түр ажиллаж байгаа гэдгээ мэдэж байсан бөгөөд аймгийн *******-ын даргаар ажиллаж байсан Д.******* нь бүтцэд багтаагүй илүү орон тоон дээр ажиллаж байгаа хүмүүсийг чөлөөлөх талаар удаа дараа мэдэгдэж байсан бөгөөд албан ёсоор мэдэгдэхийг хэлтсийн дарга надад үүрэг өгсний дагуу 2016 оны 08-р сарын 25-ны өдөр хэлтсийн хурал дээр албан ёсоор мэдэгдсэн билээ.

Мөн *******-ын ******* Л.******* нь 2016 оны 09-р сарын 12-ны өдөр ажилд томилогдсон бүх хэлтсийнхэнтэй уулзаж нөхцөл байдлыг танилцуулж, илүү орон тоо гарган томилогдсон ажилтнуудыг чөлөөлөх тухай мэдэгдэж, ажилтнуудаас санал хүсэлтийг авахад Э.******* нь ямар ч санал гаргаагүй билээ. Нэхэмжлэгч нь албан ёсоор удаа дараа мэдэгдэж байхад бага насны хүүхэдтэй эсэх талаараа мөн гэрээний хугацаа дуусаагүй талаар хэлж, шийдвэр гаргахаас өмнө асуудлаа танилцуулаагүй нь асуудлыг хүндрүүлж байна.

Иймд 2016 оны 03-р сарын 15-ны өдрийн байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг Э.*******д өгсөн 1 сарын тэтгэмжээр тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрэх хүсэлтэй байна гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДСЭЛЭХ нь:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлж нэхэмжлэгч Э.*******г ажилд нь эгүүлэн авсан болох нь хариуцагч байгуулагын шүүхэд гаргасан ажилд эгүүлэн томилох тухай тушаалаар тогтоогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлсэнийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэстэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273420 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 74.2, 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Э.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсгүүдэдхариуцагч Завхан аймгийн Засаг даргын Тамгын газраас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай

 

ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ