Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 514

 

                                             

 

 

 

 

 

 2020        03          25                                     2020/ШЦТ/514

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч О.Баярсайхан,

Шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий /ҮД:0294/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйүлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Бд холбогдох 2006 01071 0643 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1992 оны 12 дугаар сарын 13-ний өдөр төрсөн, эрэгтэй, 27 настай, яс үндэс казак, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, “Наран Мандал” ХХК-д инженер ажилтай, Дархан-Уул аймгийн Хонгор сумын 3 дугаар баг, Сэртэн гудамжны Хөдөө хэсэгт оршин суух бүртгэлтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ж овогт Мын Б, /РД:................../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

М.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 20 тоотод эхнэр Ө.Булбулыг бусадтай хардаж, улмаар зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бн өгсөн: “Би 01 дүгээр сарын 22-ны өдөр эхнэрээ хардаж зодсон. Шинжээчийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл гарсан.” гэх мэдүүлэг,

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Булбулын өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өглөө 10 цагт босоод байж байхад нөхөр миний гар утсыг аваад бүх зураг, мессеж, чат уншиж байгаад нэг хүний утасны дугаарыг хараад уг хүнтэй намайг хардаад эхэлсэн. Манай ажлын газрын чат байдаг ба түүнд ажлын хүмүүс чат бичихээр намайг эрэгтэй хүмүүстэй хардаад байдаг. Намайг хардаад янз бүрээр хэлж доромжилж байгаад миний 2 хацар луу ээлжлэн алгадаж эхэлсэн, мөн миний 2 гарыг барьсан байсан. Би тухайн үед өөрийгөө хамгаалж “чамд зодуулдаг хэн юм бэ?” гэхэд “зодно гэдэг ямар байдгийг би чамд үзүүлье, аав чинь чамайг зодоогүй бол би зодоод үзүүлье” гэж хэлээд миний 2 хацар луу хэд хэдэн удаа чанга алгадаж эхэлсэн. Энэ үед би шинжээчийн дүгнэлтэнд тусгагдсан баруун нүдний дотор булан, доод зовхи, зүүн нүдний гадна булан, баруун зүүн эгэм зэрэг гэмтлийг авсан. Намайг зодоод эхлэхээр нь би өөрийгөө хамгаалж түүнийг гараараа цохих үед гарын сарвуу шуунд учирсан гэмтлийг авсан байх. Мөн миний үс билүү хойноос барьж байгаад буйдан дээр нүүрээр хэд хэдэн удаа дараад байсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1825 дугаартай:

          “... 1. Ө.Булбулын бие баруун нүдний дотор булан, доод зовхи, зүүн нүдний гадна булан, баруун, зүүн эгэм, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, нурууны цус хуралт, баруун, зүүн хацар, оочны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын хажуу булангийн шарх, доод уруулын язрал, цус хуралт, баруун тохойны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.         

          2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.5.6. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх.33-34/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

М.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эхийн 1 дүгээр гудамжны 20 тоотод эхнэр Ө.Булбулыг бусадтай хардаж, улмаар зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

          Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Булбулын өгсөн: “... Намайг хардаад янз бүрээр хэлж доромжилж байгаад миний 2 хацар луу ээлжлэн алгадаж эхэлсэн, мөн миний 2 гарыг барьсан байсан... миний 2 хацар луу хэд хэдэн удаа чанга алгадаж эхэлсэн... Мөн миний үс билүү хойноос барьж байгаад буйдан дээр нүүрээр хэд хэдэн удаа дараад байсан...” гэх мэдүүлэг /хх.21-22/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Ундармаагийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1825 дугаартай:

          “... 1. Ө.Булбулын бие баруун нүдний дотор булан, доод зовхи, зүүн нүдний гадна булан, баруун, зүүн эгэм, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн бугалга, нурууны цус хуралт, баруун, зүүн хацар, оочны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын хажуу булангийн шарх, доод уруулын язрал, цус хуралт, баруун тохойны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.         

          2.4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.5.6. Дээрх гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

7. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх.33-34/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Бн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

          Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Бг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар М.Бн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүгдэгч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон, хохирогч Ө.Булбул нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна

Иймд М.Бг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

М.Бн үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хохирогч Ө.Булбул нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч М.Бг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ М.Бн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

М.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Бд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Ж овогт Мын Бг “Хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зйүлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.Бд оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.           

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Бд сануулсугай.

5. М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ө.Булбул нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                       С.ӨСӨХБАЯР