Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 450

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ц.******* нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1957 онд төрсөн. 1973 оны 06-р сараас 1975 оны 06-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Социализмын төлөө нэгдэлд эцэг, эхийнхээ хамт мал маллаж байсан юм. Тухайн үед хөдөлмөрийн хөлсийг өрхийн тэргүүлэгчийн нэр дээр гаргаж байсан.

Иймд намайг 1973 оны 06-р сараас 1975 оны 06-р сарын 01-нийг хүртэл Завхан аймгийн ******* сумын Социализмын төлөө нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь 1973 оны 06-р сараас 1975 оны 06-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Социализмын төлөө нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ц.******* 1973 оны 06-р сарын 10-наас 1975 оны 06-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Социализмын төлөө нэгдэлд мал маллаж байсан болох нь 1973 оны 12-р сарын 29-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, мөн эцэг *******ын дээр тооцогдсон хөдөлмөр хөлс бичсэн карт зэргээр нотлогдож байна.

Нэхэмжлэгчийг эцэг *******ын хамт мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.******* ...******* ******* суманд төрсөн. Одоо Дархан хотод нутаглаж байгаа. Энэ хүн Завхан аймгийн ******* сумын Социализмын төлөө нэгдэлд аав, ээжийн хамт мал маллаж байсан. Цэрэгт явтлаа мал маллаж байсан. Тэр үед хөдөлмөрийн дэвтэр гэж хүүхдүүдэд төдийлөн өгдөггүй байсан юм. Хөдөлмөрийн хөлсийг нь өрхөд оногдох хэсгийг өрхийн тэргүүлэгчид нь өгчихдөг байсан. *******д хөдөлмөрийн дэвтэр байна уу үгүй юу мэдэхгүй. 16 насанд хүрсэн бол нээгдсэн л байх ёстой. Би бригадын тоо бүртгэгч 16 жил, бригадын дарга 4 жил хийсэн. Хамгийн сүүлд сүү заводын тасагт сүү заводын мастер хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Тиймээс тухайн үед би тоо бүртгэгч хийж байсан болохоор *******д хөдөлмөрийн дэвтэр байгаа бол бичилт нь миний гарын үсэгтэй байх ёстой. ******* цэрэгт явах хүртлээ л мал малласан. Цэрэгт 1975 оны 5 сарын сүүл, 6 сарын эхээр явж байсан. Тэрнээс өмнө тасралтгүй л мал дээр байсан хүн. Хөдөөгийн нэгдэл чинь хэдэн цагаан гэрүүдтэй Төмөртийн голд байдаг байлаа. Дээр үед хөдөлмөр хөлсийг нь олгох гээд гэрт нь очоод за хөдөлмөрийн дэвтрээ гаргаад ир гэхээр хайгаад ухаад суучихдаг байсан. Тэгээд хөдөлмөр хөлсийг нь өгсөн гээд өрхийн тэргүүлэгч *******аар нь гарын үсэг зуруулаад явчихдаг байсан даа. ******* 4-р анги байна уу, 7-р анги төгссөн үү тийм л байгаа байх. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрийн эзэн нь хүүхэд байсан болохоор бичилт хийлгүүлэлгүй явж байсан байх. Тэгээд эцэг, эхийнх нь дэвтэр дээр биччихээд явчихдаг байсан байх. За нэг гавьяа шагнал авахгүй, тэгсэн хэрнээ өрөнд орчилгүй гайгүй л малаа малладаг байсан... гэсэн,

гэрч Б.*******ын ...******* Завхан аймгийн ******* сумын Социализмын төлөө нэгдэлд аав *******, ээж ******* нарынхаа хамт хонь хариулж байсан. Манайхан нэг бригад, айл аймаг их явсан. ******* чинь манай дүүтэй нэг анги байсан. 8-р анги төгссөн санагдаж байна. 1973 оноос эхлэн нэгдлийн хонь хариулсан. 15, 16-тай хонь хариулдаг хүүхэд байсан. Цэрэгт явах хүртлээ хонь хариулсан. 1975 оны 6-р сард цэрэгт явсан. Миний дүү *******тай хамт явж байсан. Энэ хоёр чацуу юм. Тухайн үед хөдөлмөрийн хөлсийг насанд хүрсэн ам бүлд нь хувааж олгодог байсан. Насанд хүрээгүй бол өрхийн тэргүүлэгч дээр нь бодогддог байсан. Нэгдлийн дарга ******* байсан. Баг бригадын дарга нь байсан. Тоо бүртгэгч нь байсан. Одоо энэ хүн сайн мэднэ. Малаа сайн малладаг малчин айл байсан ... гэсэн,

гэрч С.гийн ...*******ын ******* гэдэг юм. Энэ хүн 1973 оноос л аав, ээжтэйгээ мал маллаж байсныг намайг яриад өг гэж байгаа юм байлгүй дээ. Би 1965 оноос хойш л ******* аав, ээжийн багт бригадын дарга 41 жил хийсэн хүн. Малын бага эмчийн мэргэжлээр төгсөж ирчихээд мэргэжлээрээ ажиллаагүй, бригадын даргаар ажиллаад явчихсан юм. Тийм учраас энэ хүний талаар сайн мэднэ. ******* сумын Социолизмын төлөө нэгдлийн Цэцэрлэг багт л шувт мал малладаг малчин айл байсан. Би энэ бригадын дарга байсан. 1975 онд ******* байсан санагддаг юм. Харин 1976 оноос хойш цэрэгт явсан билүү, ямар ч байсан тракторын жолооч болоод түүнээс хойш нэгдэлдээ тракторын жолоочоор ажилласан юм. Нэгдэл тартал хийсэн. Тэгээд би 2000 онд тэтгэвэрт гарахад надаас багийн даргын ажлыг авч байсан. Тухайн үед нэгдлийн даргаар ******* дарга байсан. Нэгдлийн дарга л хөдөлмөрийн дэвтэр нээж өгдөг байсан. Боловсон хүчин нь байлуу даа. Сайн санахгүй байна. Бригадын тоо бүртгэгч нь байсныг сайн санаад байна. Аав ын *******, ээж ийн ******* нарынхаа хамт дандаа бог мал малладаг байсан. Малаа ярихгүй сайн малладаг байсан. Багтаа байтугай сумдаа нэртэй малчин байсан. Аав, ээж нь бол шагнагдаж байсан. Хүүхдүүд нь малаа маллачихаад аав, ээж нь шагналыг авдаг байсан юм шүү дээ... гэсэн мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ц.*******г 1973 оны 06 дугаар сарын 10-наас 1975 оны 06 дугаар сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Социализмын төлөө нэгдэлд мал маллаж байсан байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ