Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 40

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор О.Батнасан,

         Шийдвэр гүйцэтгэгч Б.Содбаяр,

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

        Ялтан С.*******д оногдуулсан торгох ялыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр босон Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж торгох ялаас хасч тооцуулах тухай асуудлаар гарсан Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 26 тоот шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр С.*******д холбогдох ялтны хувийн хэргийн материалыг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Анхан шатны шүүх: Ялтан С.*******д Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 9792000 төгрөгийн торгох ялыг багасгаж, 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял байхаар тогтоож шийдвэрлэжээ.

          Ялтан С.******* давж заалдах шатны шүүхэд бичсэн гомдолдоо: Миний бие Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр тогтоосон 5400000 төгрөг төлөх боломжгүй тул 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн захирамжийг хуучин хуулиараа шийдэж сольж өгнө үү гэжээ.

           Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шийдвэр гүйцэтгэгч Б.Содбаяраас гаргасан саналдаа:

         Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор О.Батнасангаас гаргасан дүгнэлтэндээ:

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

          Анхан шатны шүүх ялтан С.*******д Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар 9792000 төгрөгөөр торгох ял оногдуулсныг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1-т заасан торгох ялын доод хэмжээгээр тооцож 5400000 төгрөг болгож торгох ялыг багасгаж ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

       Шинээр батлагдсан Эрүүгийн хуулинд торгох ялыг биелүүлэх хугацааг шүүхээс тогтоож болохоор, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солих талаар зохицуулалт тусгагдсан учир дээрх хуулийн заалтад нийцүүлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

     Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж заасан учир ялтан С.*******ы  “шүүгчийн захирамжийг хуучин хуулиараа шийдэж сольж өгөхийг хүссэн” гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.5, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 26 тоот шүүгчийн захирамжийн ЗАХИРАМЖЛАХ НЬ хэсэгт “...2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар С.*******ы торгох ялыг 3 /гурван/ жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялыг хорих ялаар солихыг С.*******д мэдэгдсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

2. Захирамжлах хэсгийн бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАСАНЖАРГАЛ

            ШҮҮГЧИД                                                  Т.БЯМБАЖАВ

                                                                               Х.ГЭРЭЛМАА