Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 221/МА2021/0326

 

Э.Оийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Г.Б, гуравдагч этгээд Г.Гийн өмгөөлөгч И.Ч нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээд Г.Г-ийн давж заалдах гомдлоор Э.О-ийн нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн /1994/ 27 дугаар зүйлийн 2, 31 дүгээр зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн /2002/ 4 дүгээр зүйлийн 4.1.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2, 34 дүгээр зүйлийн 34.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 52 дугаар зүйлийн 52.7-д заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн М.Бт холбогдох хэсгийг болон уг захирамжийг үндэслэн Нурамтын өвөлжөөний 0,5 га газрыг эзэмшүүлэхээр Д.Бт олгосон 0123406 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, Нурамтын өвөлжөөний 0.2 га газрыг эзэмшүүлэхээр 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г.Гт олгосон Т-09 дугаартай газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд Г.Г давж заалдах гомдолдоо: “ ...Миний аав Н.Г, ээж Д.Б нар нь Завхан аймгийн Тэлмэн сумын харьяат насаараа тэнд амьдарсан. 1996 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Тэлмэн сумын Нуур багийн Дээд шумуултайн Нурамтын өтөг гэх газар өвөлжөөний зориулалтаар газар хүссэн өргөдөл гаргасныг тухайн үеийн Засаг дарга нар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулсан.

Газар олгосон зөвшөөрлийн дагуу өвөлжөө барих гоожингийн зөвшөөрлөө Тэлмэн сумаас авч 1996 оны 5, 6 дугаар сард өвөлжөө барьсан. 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дээд шумуултайн Сантын өвөрт хаваржиж байхад тухайн үеийн сумын Засаг дарга, ойн байцаагч, сумын цагдаа, багийн хүний эмч нар ирж аав Н.Гд Т-08, Т-09 дугаартай газрын гэрчилгээг 1996 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн өргөдлийн дагуу олгосон.

Э.Оийн аав н.Эрдэнэдаваа нь 1996 онд зөвшөөрөл авч өвөлжөө бариагүй. 1998 оны 12 дугаар сарын 15-ны Тэлмэн сумын харьяа болж байсан. Т-12 дугаартай газрын гэрчилгээг хуулийн дагуу авсан гэсэн байсан хэрэв хуулийн дагуу авсан бол газар хүссэн хүсэлт нь хаана байна вэ. Т-08 дугаартай газар эзэмших гэрчилгээг аавын газар хүссэн өргөдлийн дагуу авсан. Харин Т-09 дугаартай гэрчилгээг Г.Г миний бие өрх тусгаарласан байсан учир авсан.

Э.Оийн нэр дээр гэрчилгээ байдаггүй. Түүний аав н.Эрдэнэдаваа гэдэг хүний нэр дээр Т-12 гэх гэрчилгээ байдаг. Энэ гэрчилгээг ямар замаар олж авсан нь тодорхой бус.

Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг дутуу цуглуулж, хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Э.О нь Завхан аймгийн Тэлмэн сумын Засаг даргын 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Г.Гт тус сумын “Нуур” багийн “Нурамт” өвөлжөөг эзэмшүүлэхээр олгосон Т-09 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2009 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дүгээр захирамжийн Д.Бт холбогдох хэсэг болон “Нурамт” өвөлжөөг эзэмшүүлэхээр олгосон 0123406 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...1996 онд Тэлмэн сумын Баян-Айраг багийн дээд шумуултайн “Нурамт” гэдэг өтөг дээр өвөлжөө барьж эзэмшиж байгаад 1999 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн Т-12 дугаартай газар эзэмших гэрчилгээг хуулийн дагуу авсан ... Г.Г болон Д.Б нар хуурамчаар гэрчилгээ гаргуулж авсан ... ” гэж тайлбарлажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрдүүлж, цуглуулах нь шүүхийн үүрэг бөгөөд анхан шатны шүүх хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Э.О болон гуравдагч этгээд Г.Г нарын хэзээ, хаана гаргасан хүсэлтийг үндэслэн ямар захирамж, шийдвэрээр гэрчилгээ олгосон, уг өвөлжөөг цаг хугацааны хувьд хэн нь түрүүлж эзэмших хүсэлт гаргасан, одоо маргаан бүхий өвөлжөөний газарт хэний хороо, хашаа, саравч байгаа болох нь тодорхойгүй, үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч түүнийг хэрэгсэхгүй болгосноор хэрэгт энэ талаар хангалттай баримт авагдаагүй байна.

Хэдийгээр анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг цуглуулахаар Тэлмэн сумын Засаг дарга, Завхан аймгийн Архивын тасаг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал зэрэг төрийн байгууллагууд руу албан бичиг явуулсан, маргааны үйл баримтад хамааралтай баримтууд байхгүй талаар хариунууд ирсэн байх боловч нэгэнт хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой баримтуудыг цуглуулах нь шүүхийн үүрэг тул шаардлагатай тохиолдолд захиргааны байгууллагуудад очиж үзлэг хийх замаар маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт байгаа эсэхийг бүрэн тодруулах нь зүйтэй.

Тухайлбал, гуравдагч этгээд Г.Гийн “...2010 онд Э.О өвөлжөө буулгаад, манайхыг өвөлжүүлэх аргагүй болгож, хажуу талд нь өөрөө хашаа, саравч барьсан” хэмээн тайлбарлан маргаж буй тохиолдолд маргаан бүхий Нурамт өвөлжөөний газар хэдэн бууц, хашаа, саравчтай, нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүдийн хэн алийнх нь хороо, хашаа, саравч байгаа эсэх, хэн нь хэзээ барьж байгуулсан, уг өвөлжөөний газрын аль хэсэгт хэний эд хөрөнгө байрлаж байгаа болон эзэмшиж буй газрынх нь хэмжээ зэргийг шүүх маргаан бүхий газарт үзлэг хийх замаар тодруулах боломжтой байна.  

Түүнчлэн гуравдагч этгээд нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ “Н.Ггийн гаргасан хүсэлтийг үндэслэн Т-08, Т-09 дүгээр гэрчилгээ олгосон, улмаар Т-08 дугаар гэрчилгээг үндэслэн Д.Бт 0123406 дугаар гэрчилгээ олгогдсон” хэмээн тайлбарлан маргасан байхад шүүхээс энэ талаар огт баримт цуглуулаагүй атлаа “...Д.Бт шинээр газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай.

Хэрэгт авагдсан баримтуудаар гуравдагч этгээд Д.Бт шинээр газар эзэмшүүлсэн эсхүл өмнө гарсан захирамж, шийдвэрийг үндэслэн шилжүүлэн эзэмшүүлсэн эсэх нь бүрэн тогтоогдохгүй, энэ тохиолдолд гуравдагч этгээдийн дээрх тайлбартай холбогдуулан уг үйл баримтыг бүрэн тодруулсны үндсэн дүгнэлт өгөх шаардлагатай.

Нэхэмжлэгч Э.О нь Тэлмэн сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/248 дугаар хариу өгсөн албан бичгийг хэзээ гардаж авсан, аймгийн Засаг даргад уг маргаан бүхий асуудлаар гомдол гаргасан эсэх нь тодорхойгүй, улмаар гаргасан гэх гомдол, түүнд хариуг хэрхэн гардуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй төдийгүй гуравдагч этгээд нь нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн хэмээн маргаж байхад анхан шатны шүүх “...Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь Завхан аймгийн Засаг даргын харьяа газрын асуудал эрхэлсэн мэргэжлийн байгууллага байх ба уг байгууллагаар дамжуулан нэхэмжлэгч Э.От хариу өгсөн гэж үзэхээр байна ... уг албан бичиг гарсан өдрөө алслагдсан хөдөөгийн багт орших нэхэмжлэгчид хүргэгдсэн байх боломжгүй” гэсэн хийсвэр дүгнэлт хийж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг тооцсон нь үндэслэл муутай болжээ.

            Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2-т “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна”, 43.4-д “Хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны актыг гардуулах бөгөөд гардан авсан этгээд гарын үсгээ зурж баталгаажуулна. Захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэж заасны дагуу Тэлмэн сумын Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/248 дугаар хариу өгсөн албан бичиг болон аймгийн Засаг даргад гаргасан гомдол болон түүнд өгсөн хариуг хэрхэн мэдэгдэж, гардуулсан талаарх баримтыг цуглуулсны үндсэн дээр хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Иймд дээрх нөхцөл байдлууд тодорхойгүй, анхан шатны шүүх нотлох баримт цуглуулах үүргээ хангалтгүй биелүүлсэн байх тул хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн давж заалдах шатны шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН