| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 140/2016/00456/И |
| Дугаар | 456 |
| Огноо | 2016-12-09 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 456
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Р.*******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1966 онд ******* аймгийн ******* суманд төрсөн. 1982 онд 8-р анги төгсөөд 1984-1990 он хүртэл эцэг, эхийн хамт мал маллаж байгаад 1990 онд М.*******той гэр бүл болж одоог хүртэл малаа маллаж байна. 1984-1990 он хүртэл ******* аймагт мал маллаж байсан талаар архивын лавлагаа авах гэтэл архивын фондод нь холбогдох баримт байхгүй байна.
Иймд намайг 1984-1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Р.******* нь 1984 оноос 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгөх хүсэлтийг шүүхэд гаргасан байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Р.******* 1984 оноос 1990 он хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд мал маллаж байсан болох нь 1985 оны 12-р сарын 26-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, аймгийн архивын тасгийн 2016 оны 09-р сарын 02-ны өдрийн А/665 дугаартай ...1990 онд 4758 төг, 1-3, 5-9-р сар Хуу№101 *******... гэсэн бичилттэй лавлагаа зэргээр нотлогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч М.*******ын ... ******* 1990 оны намар манай ******* сумын залуу *******тай гэр бүл болж ирсэн. Тэр цагаас хойш шувт л ******* суманд мал маллаж байна. Үүнээс өмнө ******* аймгийн ******* сумд аав, ээжтэйгээ мал маллаж байсан. Аав нь бас малчин хүн байсан. Аавыг нь ******* гэдэг юм. Манайхан ойрхон залгаа нутаг болохоор сайн мэднэ. Манай сумын *******ийн нутаг, ******* аймгийн ******* сумын нутаг залгаа юм. Тэгээд манайхан ******* гэдэг нутгаар зусдаг. Баянбулгийнхан даваагаар манай нутаг руу орж ирж зусдаг байсан болохоор мэднэ. ******* сургуульд суугаагүй. Байнга л хөдөө байж мал малладаг байсан. ******* ******* сумын Оргил нэгдэлд 1992 он хүртэл мал малласан. Тэгээд нэгдэл тарсан юм. Бог голдуу мал малладаг байсан. ******* ******* аймагт ямар ч байсан л нэгдэл нийгмийн үед мал маллаж байсан. Нэгдлийнх нь нэрийг сайн хэлж мэдэхгүй байна. 1990 онд ******* аймгийн ******* сумын нэгдлийн даргаар гэдэг хүн байсан. Яагаад гэхээр манайхан айл саахалт байсан юм. 1990 онд ******* сумын нэгдлийн дарга гэж хүн байсан юм... гэсэн,
гэрч Л.Цэдэнбалын ... ******* ******* аймгийн ******* сумын хүн байгаа юм. Сургуульд нэг их суугаагүй, аав, ээжтэйгээ хамт мал маллаж байгаад 1990 онд манай сумын ын ******* гэдэг хүнтэй гэр бүл болж тэр цагаас хойш ******* сумын Оргил нэгдэлд мал малласан. 1990 оны 09-р сарын сүүлч, 10-р сард айл болж байсан шиг санагдаж байна. Их л орой айл болж байсан юм. Нэгдэл 1993 он буюу бичин жилийн зуднаар тарсан. Тэр хүртэл нэгдэлд мал малласан. Түүнээс хойш одоог хүртэл малаа маллаж байна. Аавыг нь ******* гэж хүн байсан, ээжийнх нь нэрийг сайн хэлж мэдэхгүй байна. ******* сум манай ээжийн нутаг байгаа юм. Тэгээд зунд нь их ойрхон нутагладаг байсан болохоор *******ыг ******* аймагт мал маллаж байсан гэдгийг нь сайн мэднэ. Сургуульд суугаагүй, гэртээ мал маллаж байсныг нь сайн мэднэ. 1987 оноос хойш мал малласан. ******* аймгийн ******* сумын нэдлийн даргаар гэдэг хүн байдаг байсан. Сүүлдээ хэн болсныг нь мэдэхгүй... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал нь давхар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь 1984 оноос 1990 он хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт ирүүлсэн бөгөөд сар, өдрийг тодорхой зааж ирүүлээгүй бөгөөд тэрээр 1982 онд 16 нас хүрсэн байх тул түүнийг 1984 оны 01-р сарын 01-нээс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд мал маллаж байсан гэж үзэх үндэстэй.
Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Р.*******ыг 1984 оны 01 дүгээр сарын 01-нээс 1990 оны оны 12-р сарын 31-н хүртэл ******* аймгийн ******* сумын Социализмын зам нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ