| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0612/Э |
| Дугаар | 660 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 660
2020 04 10 2020/ШЦТ/660
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
Хохирогч, шүүгдэгч Д.Э,
Хохирогч, шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Э, Б.Б нарыг холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02947 0732 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Д.Э,
Б.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дизел хүрээ" автомашины захын орчим иргэн Б.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж улмаар толгой хэсэг рүү нь гараараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүргийн цагдаагийн хэлтсий төв байрны үүдэнд иргэн Д.Эгийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Д.Э, Б.Б нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч Б.Бий мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр би ах Баттогтохын машиныг бариад Дизель хүрээ зах дээр ахын хамт ойролцоогоор 16-17 цагийн орчим очсон. Ах 3-4 хоногийн өмнө хөдөөнөөс ирээд машинаа зарсан. Машин зардаг ченжид өөрийнхөө машинаа өгөөд зөрүүнд нь машин авсан байсан. Уг машин нь эвдрэлтэй байсан учир нөгөө ченж дээ хэлээд машинаа солиулан гэж яриад тохирчихоод очсон. Өмнөх өдөр нь ах бид хоёр уулзсан маргааш ирээд солиулчих гэсэн учир ирээд залгахад хүлээж бай гэхээр нь хүлээгээд сууж байтал нөгөө ченж гэх хүн ирээд би жолооч талд сууж байсан чинь хаалгаа нээгээд машин авч чадахгүй бол бууж зайл гэхээр нь би буугаад арын суудал дээр нь суухад тэр ченж жолооч талын суудал дээр суусан. Тэгээд машинаа асаагаад уг зогсоолоос гарах гэж байтал ченж энэ машин яагаад байгаа юм гэхээр нь болохгүй байгаа талаар нь би хэлэхэд машинаа унтраагаад түлхүүрээ сугалж аваад эргэж хараад уг машины түлхүүрийг шидэхэд миний нүүрэн дээр оносон. Тэгэхээр нь би уурлаад тэр хүнтэй хэрэлдсэн...би нилээн зайтай байж байснаа гараа юм шидэж байгаа юм шиг савахад тэр ченж цочсон. Тэгтэл цаанаас нь 4-5 хүн иртэл шууд тэр хүмүүсийг хараад ууж байсан усаа над руу цацаад толгой руу хэд хэдэн удаа цохиод баруун хөлний шилбэ рүү өшиглөөд авахаар нь би гартаа байсан утсаар цагдаа дуудлаа гэхэд гар руу өшиглөөд гарт байсан миний Самсунг А8 маркын гар утсыг унагаад хагалсан. Дзлгэц нь хагарчихсан. Би утсаа хаяаад цаашаа явтал араас ирж гараараа боогоод өмсеч байсан цамцнаас татаж цамц ураад нуруу маажсан гэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,
Хохирогч Д.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 4 сарын сүүлээр 2 залуу машинаа надад өгөөд зөрүү мөнгө авч машин авсан. Авсанаас хойш утсаар яриад машин болохгүй байна наймаа буцая гээд яриад байхаар нь би хүрээд ир гээд ирэхээр нь машинаа үзэхэд яндан нь хонхойсон байсан. Тэрийг нь янзлуулаад явуулсан. Дахиад 2 хоногийн дараа дахиж яриад машинаа буцаая гээд байхаар нь зөрүүнд өгсөн машиныг чинь зарчихсан. Авсан хүнтэй нь очоод уулз гэж хэлсэн. Тэгсэн зах дээр ирчихлээ уулзая гэсэн. Надаас авсан машинаа унаад ирсэн байсан. Машин авсан залуугийн хажууд байсан жаахан банди намайг үгээр доромжлоод араас татаад байсан. Би машиныг унаад шалгаад захын арын гудам руу явсан. Б.Б нь намайг доромжлоод байхаар нь машинаас буутал намайг бариад авахаар нь фудволкноос нь бариад 2-3 удаа сэгсэрхэд хувцас нь урагдаад тэр газар унасан.
... 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн хэлтэс дээр таархад халзан толгойтой залуу намайг пизда гээд заналхийлээд байсан. Жижүүртэй уулзахад анхны байцаагч Санжмятав гэх байцаагч энэ талын байранд байгаа ороод уулз гэхээр нь бид бөөнөөрөө гартал яг цагдаагийн хэлтсийн хаалгаар гарах явцад Б.Б гэх банди миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод авсан. Миний зүүн нүд хөхөрч цус хурсан. Баруун зүүн бугалганы гэмтэл бол 4 сарын 30-ны өдөр Б.Бтэй зууралдаж байхад үүссэн гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/,
Гэрч Д.Отгонбатын мөрдөн байцаалтанд өгсөн:
2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Д.Э гэдэг ченжтэй уулзхад 3 сая төгрөг нэмж өгөөд зарсан машинаа ав. Үгүй бол зайл гэсэн. Тэрнээс болж маргаан болоод Д.Э нь цагдаа дуудсан гээд байшин дотор байгаад байсан. Тэгээд бид нар гадаа нь хүлээж байхад цагдаа ирэхгүй байсан. Харин Д.Э нь байшингийн арын хаалгаар гарч зугтаасан байсан. Бид нар Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр ирээд байж байхад Д.Э ирсэн. Үүдний жижүүртэй уулзчихаад хаалгаар гарч явтал Д.Э миний нүүр рүү гараараа нэг удаа цохиод мөн Б.Бий нүүр рүү цохиж байх шиг харагдсан. Б.Б Д.Эгийн толгой руу цохиод авсан. Тэгэхэд цагдаа гарч ирээд Д.Эг аваад орсон. Миний биед гэмтэл тогтоогдоогүй тухай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Д.Э нь Б.Бий нүүрэнд цохиж байхыг би харсан гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/,
Гэрч Д.Баттогтохын мөрдөн байцаалтад өгсөн:
Д.Э гэдэг хүнтэй машины наймаа хийсэн бөгөөд машин нь болохгүй байгаа талаар хэлхэд аваад ир, өөр машинаар солиод өгье гэсэн. Зах дээр очоод өглөөнөөс орой болтол хүлээж байхад Д.Э нь ирээд машин авч чадахгүй пизданууд гээд уурлаад байсан. Тэгээд жолооны ард сууж байгаад яагаад байгаа юм гэж хэлэхээр нь мотор хроп нь дугараад байна гэхэд уурлаад машины түлхүүрийг арын суудалд сууж байсан Б.Б рүү шидэхэд нүүрэн дээр нь оноод тэр хоёр маргалдсан. Би тэр хоёрыг боль ах хэл амаараа ярилцая гээд тайвшруулсан. Д.Э бид хоёрыг аваад захын арын гудамж руу давхисан. Машин бариад хурдтай давхиад, огцом огцом тоормозлоод дуугарч байгаа юм хаана байна гэх мэтээр асуугаад явж байхдаа энд 2 хулгайч байна. Алаад хаячихая, даварчихсан гарууд байна гээд байсан.
Машинаас бууж Д.Э Б.Б 2 маргалдаад байж байхад 4-5 залуу гүйгээд ирсэн. 1 залуу нь миний гарнаас бариад юу болсон юм гэхээр нь учрыг нь хэлээд байж байхад Д.Э Б.Бий фудболкыг ураад миний гутлыг арч гэж хэлээд фудболкон дээр нь дэвсэж байсан. Дахиад нэг харахад толгой руу нь гараараа цохиж байсан. Б.Б цаашаа зугтааж байсан.
Тухайн үед Б.Бий биед хүзүү, хоолой урагдсан, мөр, цээж нь маажигдсан байсан. Мөн хоёр чамархай нь хавдсан байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй толгой өвдөөд байна гээд байсан.
2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр цагдаагийн хэлтсийн гадаа ах Отгонбат, дүү Б.Б нарын хамт ирээд хүлээж байтал Д.Э нэг эмэгтэйтэй хамт ирсэн. Бид нэг байрнаас нөгөө талын байр руу орж Санжмятав цагдаатай уулзах гээд хаалгаар гарцгаасан. Би хамгийн сүүлд гарч ирэхэд Д.Э нь Отгонбатын хамар руу цохиод хажууд нь байсан Б.Бийг цохитол Б.Б зөрүүлээд толгой нүүр хавьд нь цохисон. Тэгэхэд Д.Эгийн малгай унасан гэх мэдүүлэг /хх-ийн 62-63/,
Гэрч Ц.Алгирмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн үед намайг дэлгүүртээ байж байхад Д.Э гүйгээд ороод ирсэн. Хүмүүс ална гээд хөөж байсан. Халзан толгойтой залууг нь түлхэж гаргаад хаалгаа цоожлоод цагдаад дуудлага өгхөд очиж чадахгүй хэлтэс дээр оч гэсэн. Тэгээд цагдаа дээр ирэхэд нөгөө залуучууд ирчихсэн байхаар нь үүдэнд сууж байсан жижүүрт бүгдийг нь хэлэхэд хажуу талын байранд шалгаж байгаа гэхээр нь цагдаагийн хэлтсийн хаалгаар гартал нэг жижиг залуу Д.Эгийн нүүрэн тус газар нь цохиод авсан гэх мэдүүлэг /хх-ийн 65/,
Гэрч Т.Санжмятавын мөрдөн байцаалтад өгсөн:
... 19-20 цаг болж байсан байх хэлтсийн төв байрны гадаа бараандуу өнгөтөй бомбер маягийн хүрэмтэй залуу нимгэн цагаан цамцтай эрэгтэй хүний нүүр рүү цохиж байгаа харагдсан.
Тэр залуу нь 2019 оны 04 сарын 30-ны өдөр Д.Э гэх машины ченжид зодуулсан гэж наддээр өргөдөл нь шалгагдаж байсан Б.Б гэж залуу байсан. Б.Б надад нөгөө цагаан цамцтай настайвтар эрэгтэйг энэ нөгөө Д.Э гэж хэлж байсан.
Д.Э гэх хүний зүүн нүд улайсан байдалтай байсан. Б.Б гэх залуу Д.Э гэх хүний нүүрэн тус газар нэг удаа цохиж байсан өөр нэг нэгнээ цохисон зүйл анзаарагдаагүй. Камерий бичлэгт хаалганы цаанаас нэг гар Б.Бийг цохиж, Б.Б зөрүүлээд цохиж байгаа нь бичигдсэн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 71/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5647 дугаартай:
Д.Эд тархи доргилт, баруун бугалга, зүүн нүдний салст, зовхинд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 902 дугаартай:
Д.Эгийн биед баруун бугалга, зүүн нүдний салст, зовхинд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт, тархи доргилт гэмтэл учирчээ. Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Д.Эгийн биед учирсан “тархи доргилт” гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд бусад “баруун бугалга, зүүн нүдний салст, зовхинд цус хуралт, зүүн бугалганд зулгаралт” гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 5647 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Тархи доргилтыг үзүүлэгчийн зовиур, мэдрэлийн тусгайлсан үзлэгээр илрүүлэх боломжтой бөгөөд толгойн соронзон резонанст томографи, толгойн компьютерт томографийн шинжилгээ мөн тархины цахилгаан бичлэг зэрэг шинжилгээнүүдээр илрүүлэх боломжтой шинжээчийн дүгнэлт /хх-ийн 96-97/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5479 дугаартай:
Б.Бий биед хүзүү, баруун шилбэнд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтант нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1138 дугаартай:
ШШҮХ-ийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 5479 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна... Б.Бий биед учирсан хүзүү, баруун шилбэний зулгаралт, баруун хацар, шанааны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчллээр үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 104-105/,
Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн БЗ1-19-450 дугаартай:
Бренд тодорхойгүй даавуун цамц 15.000 төгрөг, самсунг А8 маркын гар утасны дэлгэц /солих ажлын хөлсны хамт/ 195.000 төгрөгийн үнэлгээтэй байна гэх үнэлгээний тайлан /хх-ийн 116-117/,
Шүүгдэгч Б.Бий шүүх хуралдаанд өгсөн:
Баттогтох гэх манай ах Д.Эд авто машин зараад зөрүүнд нь өөр авто машин авсан юм. Ер нь энэ асуудлаас маргаан үүссэн. Отгонбат ах бид хоёр авто машины засвар дээр Д.Э гэх хүнтэй анх удаа уулзсан. Отгонбат ах, бид хоёр тухайн өдрийн орой 17 цагийн үед авсан машин дотроо сууж байсан ба би авто машины рүль дээр сууж байсан юм. Д.Э ирээд авто машины хаалга онгойлгоод “машин авч чадахгүй юм бол яах гэж машин авдаг юм бэ, зайл” гэж хэлсэн. Би Д.Эд “таны зарсан машин эвдрэлтэй байна” гэхэд “юу хуцаад байгаа юм, та хоёрыг ална тална” гээд байсан. Машинаа асааж үзээд эргэж унтраагаад над руу машиныхаа түлхүүрийг шидэхэд миний нүүрийг оносон. Эргэж машинаа асаагаад хаашаа явж байгаа нь мэдэгдэхгүй хөдөлсөн. Д.Э утсаа аваад “энд хоёр гөлөг томроод байна, хүрээд ир, энэ хоёрыг алъя” гэж хэлээд гудамжинд очиж зогссон. Би юу ч дуугараагүй. Д.Э машинаас буусан. Би бас буугаад хашааны хажууд гараараа хий савахад цаанаас 4-5 залуу ирсэн. Д.Э тэр үед намайг барьж аваад цохиж зодсон. Би тэр залуучуудыг хараад шууд зугтаасан. Гэтэл араас татаж, цамц урж, хоолой боосон. Би цагдаа дуудахаар гар утсаа халааснаасаа гарахад миний гар луу өшиглөж, гар утас газарт унасан. Д.Э миний урагдсан цамц газарт байхад дэвсэлж, ууж байсан усаа над руу цацаад “миний гутлыг арч” гэж хэлсэн. Би зугтааж яваад цагдаад дуудлага өгсөн. 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Отгонбат, Баттогтох ах нарын хамт цагдаагийн хэлтэс дээр сууж байхад хэрүүл болоод “та нар намайг Баянзүрх дүүрэгт барахгүй шүү” гэж хэлээд манай ахыг нэг, намайг нэг удаа цохисон. Би толгой руу нь түлхэхэд малгай нь газарт унасан гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Д.Эгийн шүүх хуралдаанд өгсөн:
Баттогтох гэх залуутай машины наймаа хийсэн. Хэд хоногийн дараагаас машин болохгүй байна. Буцаамаар байна гээд байхаар хүрээд ир гэж дуудсан. Ирэхээр нь машиныг үзэхэд зүгээр байсан. Тэр үед Баттогтохын дүү Б.Б над руу агсарч, дайраад байсан. Баттогтох нь их томоотой залуу байсан ба ахынхаа үгэнд орохгүй надруу дайрсан. Намайг машинаас буух гэхэд араас зуурахаар нь би подволконоос татаж урсан. Би Баттогтоход “хоёулаа хэрэгтэй үедээ машинаа наймаацаж, чи надаас мөнгө авсан биз дээ” гэж хэлээд түлхүүрийг авч, машинаа түгжээд явсан. Надад хүүхэд шигээ хүүхэдтэй хэрүүл хийх шаардлага байхгүй. Дизель зах дээр орой 5 цагийн үед Отгонбат гэх хүн ирээд нөгөө машины түлхүүрийг үзмээр байна гэж хэлээд аваад зугтаагаад 7 хоног алга болсон. Б.Б худал мэдүүлж байна. Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн үүдэнд намайг Б.Б, Отгонбат нар цохиж унагасан. Үүнийг хоёр цагдаа харсан ба камерийн бичлэг нь хэрэгт авагдсан юм. Би Б.Бд “чи залуу хүн, цаашид чинь нэр төрд чинь хэрэггүй юм биш үү, учраа олъё” гэж удаа дараа хэлсэн ч Б.Б “үгүй ээ, та баян хүн учир надад 1.500.000 төгрөг өг” гэж хэлсэн. Мөн надаас гар утасныхаа мөнгийг нэхэхээр нь “ахаасаа шүүхдээд ав” гэж хэлсэн. Асуудлыг үнэн зөвөөр шийдэж, хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэх мэдүүлэг,
-гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.Бий цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 14-16, 25/,
-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт авагдсан хэргийн талаарх гэх 2 ширхэг сиди /хх-ийн 19-21/,
-Б.Бий компьютерт томографийн оношилгооны дүгнэлт, зураг /хх-ийн 111-112/,
-Б.Бий гэх урагдсан цамцны, дэлгэц нь хагарсан гэх гар утасны, биед үүссэн гэх гэмтлийн гэрэл зураг /хх-ийн 118-121/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс Б.Бий эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-ийн 142-147/, Д.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх-ийн 148-1152/, зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.Э нь хохирогч Б.Бий биед 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Дизел хүрээ" автомашины захын арын гудамжинд, 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн үүдэнд тус тус халдаж гэмтэл учруулсан, бусдыг эхлэж цохин хууль бус үйлдэл гаргасан,
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн үүдэнд хохирогч Д.Эгийн биед халдаж гэмтэл учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Баянзүрх дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн үүдний дотор талын камерийн бичлэг зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож, шүүгдэгч Д.Э, Б.Б нар нь өөрсдийн бусдын эрүүл мэндэд гэмтэл учруулсантай маргахгүй, хүлээн зөвшөөрсөн, тэдний гэм буруутай болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч Д.Э нь нэхэмжлэх зүйлгүй, Б.Бд учирсан 195.000 төгрөгийн хохиролыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, холбогдсон гэмт хэргийн талаар илэрхийлж байгаа байр суурь, хийсэн үйлдэлдээ өгч байгаа дүгнэлт болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт, ажил эрхлэлт, орлогын байдал зэргийг харгалзан торгох ялыг ялгамжтай оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын олон нийтийг болон бие биенээ үл хүндэтгэсэн, өөрийн эрх ашигийг тэргүүн ээлжинд тавьж хүлээцгүй хандсан үйлдэл, өрөөлийг давж даран авах, өрөөлд дийлдэхгүй гэсэн байр суурьнаас хандсан хандалга, бусдад түрэмгий дээрэнгүй байдлаар хандах гэсэн байдал нөлөөлсөн байна. Цаашид оролцогч нар нь дээрх дутагдалыг анхаарч хэн хэнээсээ уучлал гуйн эвлэрэх нь боломжтой, тэдний хувьд нээлттэй асуудал хэвээр үлдэж байна.
Хохирогч Д.Э нь нэхэмжлэх зүйлгүй талаараа шүүх хуралдаанд мэдүүлсэн учир шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бий өмсөж явсан цамц урагдсан, гар утасны дэлгэц хагарсаныг хөрөнгийн үнэлгээний эрх бүхий хуулийн этгээд тусгай мэдлэг, судалгааны үндсэн дээр үнэлсэн байна. Иймд хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон 195.000 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Д.Эгаас гаргуулж хохирогч Б.Бд олгож шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадаглаж, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдоогүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б, Д.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Д.Эг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Д.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Эгаас 195.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Б /КЗ94020415/-д олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хохирогч нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ