Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 457

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Я.*******гийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Я.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1966 онд төрсөн. 1980 оны 03-р сараас эхлэн хөдөө мал малласан бөгөөд ******* сумын ******* нэгдлийг тартал *******, ******* бригадуудад мал малласан. 1980-1987 оны хөдөлмөрийн хөлс эцэг *******гийн нэр дээр бичигдсэн. 1988-1989 оны хөдөлмөрийн хөлс нөхөр *******ын нэр дээр бичигдсэн байсныг архиваас шүүн баталгаажуулсан ч 1980-1981 оны хөдөлмөрийг насанд хүрээгүй гэх үндэслэлээр архивын лавлагаа өгөөгүй. Тухайн үед бригадын дарга ******* санал тавьж аав, ээж маань зөвшөөрснөөр би 1980 оны 03-р сараас саалийн 10 тооны үнээ хариуцан аав, ээждээ тус дэм болж өөрөө хөдөлмөрлөж эхэлсэн юм.

Иймд намайг 1980-1989 онуудад Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн *******, ******* бригадуудад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Я.******* нь 1980 оны 03-р сарын 10-наас 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдэж, энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй.

Я.******* 1980 оны 03-р сарын 10-нээс эхлэн Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал малласан гэх боловч энэ талаар бичиг баримт байхгүй бөгөөд нэхэмжлэгч нь 1980 оны 03-р сарын 10-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй байсан байна.

Иймд нэхэмжлэгчийг насанд хүрсэн он буюу 1982 оны 10-р сарын 01-нээс эхлэн 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан гэж үзэх үндэстэй.

Нэхэмжлэгч Я.*******г 1982 оны 10-р сарын 01-нээс 1989 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2016 оны 09-р сарын 28-ны өдрийн А/727 дугаартай, мөн архивын тасгийн 2015 оны 04-р сарын 17-ны өдрийн А/328 дугаартай лавлагаанууд болон 1986 оны 02-р сарын 27-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтаар нотлогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Б. ... ******* бид 2 нэг ангид хамт сурдаг байсан юм. Сурлага сайтай хүүхэд байсан юм. Гэнэт ар гэрийн гачигдлаар 6-р ангиасаа сургуулиас гарсан юм. Я.******* 1980 оноос нэгдэл тартал Завхан аймгийн ******* сумын ******* нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан. Аав, ээжтэйгээ хамт мал малладаг байсан. Аав, ээж нь настай хүмүүс байдаг байсан. Аавыг нь *******, эжийнх нь нэрийг одоо оноож мэдэхгүй байна. Үнээ голдуу саадаг байсан. Давхар бог мал малладаг байсан. Тэгээд 1988 онд ******* гэдэг хүнтэй гэр бүл болсон юм. Тухайн үеийн нэгдлийн дарга Адьшаажав гэж хүн байсан. Нэгдэл 1993-1994 оны үед татан буугдсан байх... гэсэн,

гэрч В.гийн ...******* сургуульд сурж байгаад 8-р анги төгсөлгүй сургуулиас гарсан байх. Эцэг нь хөлөө гэмтээчихээд түүнийг далимдуулан сургуулиас гарчихсан байсан юм. Тэгээд сургуулиас гараад насаараа мал малласан. Одоо хүртэл малаа маллаж байгаа. Дандаа л мал маллаж байсан. Мал маллахаас өөр ажил хийж байсныг нь мэдэхгүй юм. Тухайн үед ******* бригадын даргаар гэж хүн байсан санагдаж байна... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал давхар нотлогдож байна.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Я.*******г 1982 оны 10 дугаар сарын 01-нээс 1989 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын ******* нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт заасны дагуу тус шүүхийн 2016 оны 10-р сарын 21-ний өдрийн 1210 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Я.*******г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдсугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ