Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 661

 

 

 

 

 

 

 

 

 

 2020        04          10                                   2020/ШЦТ/661

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Г.Цэрэнжамц,

Хохирогч, шүүгдэгч Т.О,

Хохирогч, шүүгдэгч Д.О нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.О, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.О нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 01259 0720 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Т.О.

Д.О.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут Амины орон сууцын 8 дугаар гудамжны 9 тоотод иргэн Д.Отай үл ялих зүйлээс маргалдаж зүүн талын хөл, хавирга, цээж, толгойн хэсэгт нь 4-5 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,  

Шүүгдэгч Д.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут Амины орон сууцын 8 дугаар гудамжны 9 тоотод иргэн Т.Отай үл ялих зүйлээс маргалдаж зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа цохиж, утсаараа толгойн зүүн хэсэгт нь 3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалхад шүүгдэгч Т.О нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг, шүүгдэгч Д.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

Хохирогч Т.Оын мөрдөн байцаалтанд өгсөн:

2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэртээ юм угааж байхад манай цахилгааны утас масс гараад байхаар хажуу айлын Д.О ахынд ороход Д.О архи уугаад сууж байсан. Манай цахилгаан масслаад байна танайх цахилгааны паскатлаа буулгачихаач гэж хэлэхэд Д.О намайг “хуц пизда минь, надад хамаагүй” гэсэн. Тэгэхээр нь би Д.Оын ууж байсан архийг нь аваад шалруу шидээд хагалсан. Д.О босож ирээд миний зүүн шанаа руу гараараа цохиод авхаар нь би Д.Оыг энгэрээс нь бариад нөгөө талын жижиг өрөөрүү нь түлхэж оруулаад ханаруу шахаад боосон чинь ухаан алдах гээд байхаар нь болиод бид 2 хэсэг хугацаанд хэрэлдээд байж байсан чинь манай эхнэр Алтанзул араас орж ирээд Д.Отай юм яриад зогсож байхад Д.О манай эхнэр Алтанзулыг үсдэж дараад толгойруу цохиод авсан. Тэгэхээр нь миний уур хүрээд Д.Оын нүүр рүү нь 4 удаа гараараа цохиод нуруу руу нь 3-4 удаа цохисон. Эхнэр намайг дагуулаад Д.Оынхаас гараад хашаанд явж байхад Д.О араас ирээд барьж явсан гар утсаараа миний толгойн орой хэсэг рүү 3 удаа цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад нүүр рүү нь цохиод тонгойход нь цээжрүү нь зүүн хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Дахиад цохих гээд байхад хажуу талын хашаанд байдаг Д.О ахын хүргэн Идэрээ гарч ирж салгасан. Д.О бид хоёр дахиад хэсэг хэрэлдээд би дахид цохих гэсэн чинь Идэрээ боль гээд салцгаасан. Тэгээд би гэртээ ороод манай эхнэр Алтанзул цагдаад дуудлага өгсөн юм гэх мэдүүлэг /хх 8/,

 

Хохирогч Д.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр найз Батбаяр 14 цагийн үед ирээд 0.5 литрийн “Хараа” архи хувааж уугаад бууз жигнэж идсэн юм. Буузаа идээд сууж байсан чинь манай хажуу хашаанд амьдардаг авга дүү Т.Оын эхнэр Алтанзул орж ирээд орилоод “манайд гал гарах гэж байна, та нараас болоод манай гэр шатах гээд байна” гэж яриад байхаар нь гайхаад ямар учиртайг нь асуутал Т.О, Алтанзул хоёр хүүхдүүдээ гэртээ орхиод гараад буцаж ирэхэд нь гэрт нь цахилгааны утас нь масс гарсан байсан юм шиг байна лээ. Манайхыг цахилгаандаа их юм залгаж байна гэж хэлж байгаа санаатай байсан юм байна лээ. Эхнэр нь надруу уйлаад орилоод хашгираад байж байхад Т.О араас нь орж ирээд “та нар муусайнууд битгий дээрэлхээд байгаарай” гэхээр нь би “та нар юу яриад байгаа юм бэ ойлгохгүй байна” гээд асууж байхад Т.О шууд миний нүүр рүү баруун гараараа хоёр удаа цохисон. Би биеэ хамгаалаад урдаас нь бариад авахад Т.О намайг үсдэж түлхээд хөлөөрөө нүүр гэдэс рүү өшиглөөд би хойшоо түлхэгдээд унахдаа жижиг өрөөний модон хаалгыг дараад унасан. Би хаалга дараад унахад Алтанзул, Батбаяр хоёр Т.О бид хоёрыг салгаад байж байхад Т.О ширээн дээр байсан үлдсэн архийг аваад шал руу шидэж хагалаад “та нар муусайн архичидаас болж би гэрээ шатаалгахгүй шүү” гээд орилоод байсан. Т.Оыг эхнэр нь дагуулаад манайхаас гараад явсан. Би араас нь гараад газар суугаад цагдаад дуудлага өгөөд байж байхад Т.О зүүн талаас ирээд миний зүүн талын хөл, хавирга, цээж, толгойруу нийт 4-5 удаа өшиглөсөн. Тэр үед хажуу байшинд байдаг манай хүргэн Идэрээ ирж салгасан. Удалгүй цагдаа ирээд намайг авч яваад эрүүлжүүлсэн. Миний биед учирсан гэмтлийг Т.О учруулсан, өшиглөж, гараараа цохиж гэмтээсэн гэх мэдүүлэг /хх 13/,

 

Гэрч С.Идэрбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн:

2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чулуутын Амины орон сууцны 8 дугаар гудамжны 9 тоотод Т.О, Д.О нар маргалдаад зодолдоод байна гэхээр нь би гэрээсээ гараад очсон. Намайг гараад очиход хашаан дотор Т.О, Д.О нар нь хоорондоо хэрэлдээд маргалдаад зогсож байсан. Д.Оын нүүр нь нил цус болчихсон газар сууж байсан. Маргалдаад байхаар нь би салгасан. Цагдаа дуудаад удалгүй цагдаа ирээд хоёуланг нь аваад явсан гэх мэдүүлэг /хх 16/,

 

Гэрч Г.Алтанзулын мөрдөн байцаалтад өгсөн:

2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын АОС-ны 8 дугаар гудамжны 9 тоотод гэртээ юм угаах гээд угаалгын машинаа залгасан чинь манай гаднаас орж ирсэн цахилгааны утсанд гал гараад манай хөшиг шатаад эхлэхээр нь ус цацаж унтраагаад гэрээс гараад нөхөр Т.От хэлсэн. Манай хашаанд 3 айл нийлээд нэг цахилгааны эх үүсвэртэй юм. Т.От цахилгааны утаснаас гал гараад байна гэж хэлсэн чинь Т.О манай хашаанд байдаг Д.Оын гэрт ороод “Д.О ахаа цахилгаанаас гал гараад байна шүү дээ, та цахилгааны паскатлаа буулгаад цахилгаанаа салгаад өгөөч, тэгэхгүй бол гал гараад гэр шатчихвал яах юм бэ” гэж хэлсэн чинь Д.О өөдөөс нь “танай хоёр шээс шатах надад ямар хамаатай юм” гээд Т.О, Д.О хоёр хэрэлдэж байгаад Д.Оын ууж байсан архийг Т.О аваад газар шидээд хагалсан чинь Д.О ах босч ирээд Т.Оыг нэг удаа гараараа нүүрэнд нь цохисон чинь Т.О зөрүүлээд Д.Оын нүүрэнд нь нэг удаа гараараа цохисон. Би тэр хоёрыг болиулаад салгасан чинь Т.О Д.Оыг заамдаад түлхсэн чинь Д.О нөгөө өрөөний хаалга руу унасан. Д.О унах үедээ миний үснээс татаад би дээрээс нь дараад унасан чинь согтуудаа андуурсан юм уу, яасан юм миний толгой руу 2-3 удаа цохиод авсан. Т.О болиоч наадах чинь эмэгтэй хүн гээд Д.Оын нуруунд нь 2-3 удаа цохисон. Тэгээд би Т.Оыг салгаад гараад хашаан дотор явж байхад Д.О араас гарч ирээд Т.Оын толгойны орой хэсэгрүү гар утсаараа цохиж байгаа харагдсан. Тэр үед хүүхдүүд маань нүцгэн гүйгээд гараад ирэхээр нь би хүүхдүүдээ аваад гэр рүүгээ орчихоод буцаад гараад ирсэн чинь Идэрбаатар ах Т.О, Д.О хоёрыг салгаж байсан гэх мэдүүлэг /хх 18/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 2961 дугаартай:

Т.Оын биед зүүн зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх 22/,

 

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3368 дугаартай:

Д.Оын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхины цус хуралт, цээжний зүүн талын 4,10,11,12 дугаар хавирганы хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх шинжээчийн дүгнэлт /хх 27/,

 

Шүүгдэгч Т.Оын мөрдөн байцаалтанд өгсөн:

... Тэгэхээр нь би уурлаад Д.Оын нүүр хэсэг рүү баруун гараараа 4 удаа, нуруу руу нь 3-4 удаа цохисон. Эхнэр намайг салгаад гэрээс нь гараад хашаанд явж байхад Д.О араас гүйж ирээд гартаа барьж байсан гар утсаараа миний толгой руу 3 удаа цохисон. Тэгэхээр нь би эргэж хараад нүүр рүү нь нэг удаа цохиод тонгойхоор нь цээж рүү нь нэг удаа өшиглөсөн. Дахиад өшиглөх гэсэн чинь Идэрбаатар ах гарч ирээд салгасан. ...

... ахынхаа биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ гэмшиж байна. тухайн үеийн түргэн уурандаа буруу үйлдэл хийсэн нь миний буруу. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна. Бид хоёр эвлэрсэн. Хэн хэндээ гомдолгүй болсон байгаа гэх мэдүүлэг /хх 35-36/,

 

Шүүгдэгч Д.Оын мөрдөн байцаалтанд өгсөн:

... цагдаа дуудсан чинь чамайг нэг мөсөн алчихъя гээд дайрхаар нь би зөрүүлээд гар утсаараа толгой руу нь нэг удаа цохисон. Т.О дахиад миний биеийн цээжний зүүн тал, зүүн чих зүүн гуя руу 2-3 удаа өшиглөсөн. Тэр үед Идэрбаатар ирж салгасан. Удалгүй цагдаа нар ирсэн. Тэрнээс хойш Т.О дүүтэйгээ эвлэрсэн. Т.Оаас нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй. Т.Оын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна гэх мэдүүлэг /хх 40/,

 

Хавтаст хэргээс Т.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 49, 51, 52, 53/, Д.Оын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх, иргэний үнэмлэхийн лавлагаа, ажлын газрын тодорхойлолт /хх 50, 56, 57, 58 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Гэрч, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Оыг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуут Амины орон сууцын 8 дугаар гудамжны 9 тоотод үл ялих зүйлээс маргалдаж шүүгдэгч Т.О нь хохирогч Д.Оын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Д.О нь хохирогч Т.Оын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч болон шүүгдэгч нарын удаа дараагийн тогтвортой мэдүүлэгүүд, шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцалга хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч нарын тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон шүүх хуралдаанд гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан торгох ялыг оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуульд зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Т.О, Д.О нар нь хохирол нэхэмжлээгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, мөн бичгээр хүсэлт гаргасан байна.

 

Шүүгдэгч Т.О, Д.О нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныгтус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Түмэнжаргалын Т.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Хатигин овогт Дамдинсүрэнгийн Д.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.О, Д.О нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О, Д.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Н.БААСАНБАТ