Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 558

 

 

 

 

 

  2020         03         30                                       2020/ШЦТ/558

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч С.Чимэдцэеэ,

Хохирогч Б.Майцэцэг,

Шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Уд холбогдох 1906 04118 0387 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод 1977 оны 06 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг, Төмөртэйн 10 дугаар гудамжны 12 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 156 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 23 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 40.000 төгрөгөөр торгох ял,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 68 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 138 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 124 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дэхь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 165 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ял,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1525 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, Х овогт Дгийн У /РД:.........../,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Д.У нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сандэй /Sunday/ худалдааны төвийн 5 дугаар давхарт байрлах 5078 дугаартай лангуун дээрээс иргэн Б.Майцэцэгийн эзэмшлийн Самсунг /Samsung/ брэндийн Галакси А-70 /Galaxy А-70/ маркын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.036.000 /нэг сая гучин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Уий өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Майцэцэгийн өгсөн: “Галакси А-70 гэсэн утсаа алдсан. Алдаад тэр орой нь камер шүүлгэсэн. Камер шүүлгэхэд их ажил болдог юм байна лээ. Яг орж ирээд 2 давхарт гоо сайхны лангуун дээр гоо сайхны юм үзэхдээ нүдний шилээ авсан. Яг камерны урдаас нь харсан байсан. Тэрнээс биш үнэхээр явсан байдлыг нь үзэхэд мэргэжлийн юм шиг байсан. Би энэ хүний амьдралын талаар байцаагчаас сонссон. Би энэ хүнтэй уулзаж байгаагүй. Би гар утсаа 1.200.000-1.300.000 төгрөгөөр авсан. Би үнэлгээний дүнтэй санал нийлж байна...” гэх мэдүүлэг,

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх.5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сандэй плазагийн 5 давхарт 5078 тоот лангуун дээрээ наймаагаа хийгээд байж байхдаа гар утсаа лангуун дээрээ тавьчихаад хүнд юм үзүүлээд байж байхад үл таних эмэгтэй миний гар   утсыг хулгайлсан байсан... Шангрила 2-ын Юнителийн салбараас 2019 оны 06 дугар сарын 17-ны өдөр 1.200.000 төгрөгөөр худалдаж авсан, шинээрээ утас байгаа юм. Мөн цэнхэр өнгийн хавтсан кэйстэй, сэв, зураас, эвдрэл, гэмтэлгүй ... гар утас алдагдсан гэх газарт хяналтын камер байгаа, СиДи дээр хуулбарласан байгаа. 50-60 орчим насны дундаж нуруутай, туранхай, хар хувцастай, шаргал өнгийн цүнхтэй, цагаан өнгийн бүрх малгайтай эмэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Эд мөрийн баримтаар хурааж авсан Камерын бичлэг бүхий СиДи-д үзлэг хийсэн: “... бичлэгийг эхлүүлэхэд 2019 оны 07 дугаар сарын 06-ны 12 цаг 27 минутанд гэж цаг заасан байх ба цахилгаан шатны хажууд хулгайд гар утсаа алдсан гэх хохирогчийн лангуу харагдах ба ертөнцийн зүгээр хойд талаас цэнхэр өнгийн нарны малгайтай, хар өнгийн нүдний шилтэй, хар цамцтай, хар өмдтэй, хар өнгийн өсгийтэй гуталтай, жижиг хар цүнх 1 ширхэг, том цагаан шаргал өнгийн тор 1 ширхэг гартаа барьсан 35-40 орчим насны эмэгтэй хүн уг лангуун дээр ирж бараа үзэж байгаад зүүн гартаа цүнхээ барьсан байдалтай баруун гараа сунган лангуун дээрээс утсыг авч, том цайвар шаргал өнгийн торондоо хийж ертөнцийн зүгээр баруун тал руу эргэн явж байгаа бичлэг бичигджээ...” гэх мэдүүлэг /хх.11/,

“Дамно” ХХК-й 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б31-2019-736 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.20-21/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Д.У нь 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Сандэй /Sunday/ худалдааны төвийн 5 дугаар давхарт байрлах 5078 дугаартай лангуун дээрээс иргэн Б.Майцэцэгийн эзэмшлийн Самсунг /Samsung/ брэндийн Галакси А-70 /Galaxy А-70/ маркын гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлж, 1.036.000 /нэг сая гучин зургаан мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх.5-6/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Майцэцэгийн өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 30 минутын үед Сандэй плазагийн 5 давхарт 5078 тоот лангуун дээрээ наймаагаа хийгээд байж байхдаа гар утсаа лангуун дээрээ тавьчихаад хүнд юм үзүүлээд байж байхад үл таних эмэгтэй миний гар   утсыг хулгайлсан байсан... 50-60 орчим насны дундаж нуруутай, туранхай, хар хувцастай, шаргал өнгийн цүнхтэй, цагаан өнгийн бүрх малгайтай эмэгтэй байсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Эд мөрийн баримтаар хурааж авсан Камерын бичлэг бүхий СиДи-д үзлэг хийсэн: “... 2019 оны 07 дугаар сарын 06-ны 12 цаг 27 минутанд гэж цаг заасан байх ба цахилгаан шатны хажууд хулгайд гар утсаа алдсан гэх хохирогчийн лангуу харагдах ба ертөнцийн зүгээр хойд талаас цэнхэр өнгийн нарны малгайтай, хар өнгийн нүдний шилтэй, хар цамцтай, хар өмдтэй, хар өнгийн өсгийтэй гуталтай, жижиг хар цүнх 1 ширхэг, том цагаан шаргал өнгийн тор 1 ширхэг гартаа барьсан 35-40 орчим насны эмэгтэй хүн уг лангуун дээр ирж бараа үзэж байгаад зүүн гартаа цүнхээ барьсан байдалтай баруун гараа сунган лангуун дээрээс утсыг авч том цайвар шаргал өнгийн торондоо хийж ертөнцийн зүгээр баруун тал руу эргэн явж байгаа бичлэг бичигджээ...” гэх мэдүүлэг /хх.11/,

“Дамно” ХХК-й 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б31-2019-736 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.20-21/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Майцэцэгийн өгсөн: “Галакси А-70 гэсэн утсаа алдсан. Алдаад тэр орой нь камер шүүлгэсэн... Яг орж ирээд 2 давхарт гоо сайхны лангуун дээр гоо сайхны юм үзэхдээ нүдний шилээ авсан. Яг камерны урдаас нь харсан байсан. Тэрнээс биш үнэхээр явсан байдлыг нь үзэхэд мэргэжлийн юм шиг байсан...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Уий гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Уийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.Уий үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна. 

Д.Уээс 1.036.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Майцэцэгт олгох нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Д.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Д.Уий үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 6 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

          Д.Уд эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Шүүгдэгч Д.Уийг 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 32 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. Х овогт Дгийн Уийг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уд 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Д.Уд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1525 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 6 сар 23 хоногийн хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Д.Уд оногдуулсан нийт 1 жил 6 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Д.Уийг урьд нь цагдан хорьсон 32 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт нь үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Уээс 1.036.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Майцэцэгт олгосугай.

          8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Уд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                           С.ӨСӨХБАЯР