Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 462

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүүг суулцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Ж.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1966 онд төрсөн. Би 1982-1990 хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн ******* бригадад аав, ээжийнхээ хамт мал маллаж байсан. 1993 онд гэр бүлж болж Говь-Алтай аймгийн Жаргалан сумын бүрэн багт 1994 оноос хойш мал маллаж байна. Одоо тэтгэвэрт гарах болж архиваас баримт шүүхэд ажиллаж байсан талаар баримт олдохгүй байна.

Иймд намайг 1982-1990 хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.*******ад шүүх хуралдааны тов мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тус шүүхийн шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.******* нь 1982 оноос 1990 он хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн ******* бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгохоор шүүхэд хүсэлт ирүүлжээ.

Ж.******* 1982 оны 11-р сарын 03-ны өдрөөс 1990 оны 12-р сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болох нь аймгийн архивын тасгийн 2016 оны 10-р сарын 06-ны өдрийн А/745 тоот лавлагаа, Гэрч Ш.*******ийн ... ******* бид хоёр чацуу юм. Манай нөгөө ангид байдаг байсан. ******* Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн цэгийн мал малладаг байсан. 8-р анги төгсөөд мал дээр гарсан. Би хоньчин байсан. ******* болохоор цэгийн муу мал малладаг байсан. Манай нөхөр цэгийн санитар хийдэг байсан. Би нөхөртэйгөө 1987 онд гэр бүл болоход ******* малаа маллаж л байсан. 1989 он хүртэл цэгийн мал малласан байх ёстой. Тэрнээс хойш ******* руу хүнтэй суугаад сайн яваа л гэж сонсогддог байсан. Бид хоёр 4-6-р анги хүртлээ цуг байсан. Би ар гэрийн гачигдлаар 6-р ангиасаа гараад эргээд 1984 онд оройгоор сууж төгссөн. Тэгэхэд ******* болохоор 8-р ангиа төгсөөд илгээлтийн эзэн болчихсон байсан. Тухайн үеийн нэгдлийн даргаар ******* гэдэг хүн байсан. Аав *******, ээж ******* нарын хамт мал малладаг байсан. Аав нь түрүүлж нас бараад ээжтэйгээ эрх өссөн хүүхэд байсан... гэсэн,

гэрч С.ын ...******* Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдлийн ******* бригадад аав, ээжийнхээ хамт мал маллаж байхыг л сайн мэднэ. Яг хэдэн оноос эхлэн мал маллаж байсныг санахгүй байна. Худлаа хэлэх юм алга. *******ийн аавыг *******, ээжийг нь ******* гэдэг байсан юм. Манай ээж мөн нэгдэлд саальчин хийдэг байсан. Тэгээд би ч бас аав, ээжийгээ дагаад хөдөө мал маллаж байсан юм. Тэгэхэд манай ээж, *******ийн ээжүүд хоорондоо их найзалдаг нэгдлийн саальчин хүмүүс учраас л мэдэж байна. Аав нь нас барахаасаа өмнө бол цэгийн мал малладаг байсан. Тэгээд аавынхаа нас барсаны дараа бол нэгдэлд саалийн үхэр хариулдаг, саадаг байсан. Тэгэхэд үхэр эвлэгэж өгдөг хүүхэд байдаг байсан. Мөн сүүлдээ үхэр саадаг болсон. Хэдэн он хүртэл мал малласныг мэдэхгүй. Нэгдэл 1993 онд хувьчлагдаж дууссан. Нэгдэл хувьчлагдах хүртэл малаа маллаж байсан. Хувьцааны мал тараахад мал авч байсан. Нэгдлийн даргаар Жанчив, ******* гэдэг хүмүүс байсан. ******* тасралтгүй малаа малласан... гэсэн,

гэрч Ц.ийн ...Манайхан айл саахалт байсан юм. ******* аав, ээжтэйгээ 1982 байна уу, 1983 он байна уу тэр үед ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд цэгийн мал хариулдаг байсан. Би тэгэхэд жаахан хүүхэд байсан байнга хөдөө хонь хариулдаг байлаа. Тэгээд ******* 1990 оны хувьчлалаар нэгдлийн малыг өгсөн. Түүнээс хойш одоог хүртэл хувийн малаа маллаж байна. Аав нь ******* гэдэг хүн байсан. Ээжийнх нь нэрийг сайн санаж өгөхгүй байна. Миний мэдэхийн цэгийн мал хариулдаг л айл байсан. Нэгдлийн муу мал эргүү мал л малладаг байсан. Ам бүл 5-лаа малаа малладаг байсан. Гэхдээ хоёр ах нь тусдаа гарсан байсан. Аав, ээжтэйгээ малаа малладаг байсан. Тухайн үеийн нэгдлийн дарга дарга байхыг л мэдэж байна... гэсэн мэдүүлгүүдээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүх гэрчүүдээс хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан бөгөөд тэдний мэдүүлэг өөр хоорондоо зөрүүгүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүссэн хугацаанд хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжтой гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Ж.*******ийг 1982 оны 11 дүгээр сарын 03-наас 1990 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн ******* сумын Партизан Чойбалсан нэгдэлд мал маллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ