Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 568

 

                                             

 

 

 

 

2020        03         31                                      2020/ШЦТ/568

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,

Улсын яллагч Б.Уранцэцэг,

Иргэдийн төлөөлөгч З.Оюунцэцэг,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа /ҮД:2634/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Бт холбогдох 2006 00280 0348 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд 1978 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 3 дугаар баг, Эмээлт гэх газарт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бумбатын задгайд түр оршин суух,

урьд 1. Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1/82 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял шийтггэж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2293 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 1 жил 3  сар 25 хоногийн ялаас сулласан,

2. Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1/4 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад тус тус зааснаар нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 6 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 28 хоногийн хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

3. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 439 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Төв аймаг дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 452 дугаар захирамжаар А.Бын эдлээгүй үлдсэн 4 жил 6 сар 10 хоногийн хорих ялаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн оногдуулсан хорих ялаас 6 сарын хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасч, үлдэх 2 жил 10 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн, мөн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 13 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзан,

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 230 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтггэсэн,

5. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 770 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн, Д овогт Агийн Б /РД: /,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

А.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Радио нэвтрүүлэх төв станцын харуулын байранд 16 настай А.Болорцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсангэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Зөрөх юм байхгүй. Орилоод байхаар нь төвөг гээд гарсан.” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3-5/,

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх.6/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоосон мөрдөгчийн тогтоол /хх.9/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.Болорцэцэгийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Радио нэвтрүүлэх төв станцын харуулын байранд өөрийн ээж С.Алтанхундага, хүргэн ах П.Энхбаяр, нагац эгч С.Алтантогос нарын хамт амьдардаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед ээж, С.Алтантогос эгч хоёр эмнэлэгт үзүүлэхээр хот руу явсан бөгөөд хүргэн ах П.Энхбаяр бид хоёр гэртээ хоцорсон. Тэгээд 12 цагийн үед хүргэн ах П.Энхбаяр харуулын объектуудаа шалгахаар яваад би гэртээ ганцаараа үлдсэн юм. Энэ үед 13 цагийн үед манай гэрт урьд нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүргэн ахаас адуу сураглаж орж ирсэн Б гэдэг ах орж ирээд надаас ээж, ах, эгч нарыг асуухаар нь “ээж, нагац эгч хоёр эмнэлэг явсан, хүргэн ах объектоо эргэхээр явсан” гэж би хариулсан, тэгээд намайг хаана сурдгийг асуугаад, хэдэн настайг маань бас асууж яриа өрнүүлсэн. Үүний дараагаар гэнэт “ахад нь их мөнгө байгаа” гэж хэлээд миний сууж байсан орон дээр ирээд гарыг маань хойш нь мушгиж орон дээр дараад авахаар нь би тэр ахын хөл рүү нь өшиглөж орноос холдуулсан, тэгээд би шууд хүргэн ах руу залгаад “гэрт хурдан хүрээд ир” гэж ярих үед нөгөө ах миний гар утсыг салган миний дээр дараад, өмдийг тайлах гэж оролдоод байхаар нь би бас өшиглөөд “босооч ээ” гэж орилсны дараа нөгөө ах миний дээрээс босоод үүдэнд очиж “малгай аваад өг” гэж хэлээд, намайг гэрээс гарах гэхээр гаргахгүй үүд хааж зогсоод байсан. Тэгэхээр нь би тэр ахыг түлхээд гэрээсээ түрүүлж гарсан. Үүний дараа нөгөө ах гэрээс гарч ирээд морио унан яваад өгсөн. Тэгээд би гэртээ орон уйлаад байж байтал хүргэн ах гэртээ ирж надаас болсон явдлыг асуугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... би тухайн үед маш чангаар “болиоч” гэж хэлээд орилсон, мөн хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд ч тухайн үед хүргэн ах П.Энхбаяртай утсаар ярьж амжсан учраас больсон байх гэж бодож байна... намайг орон дээр дарах үедээ миний гарыг хойш нь дараад байсан... миний өмдийг тайлах гэж оролдоод чадаагүй... манай гэрт анх орж ирээд Б гэх хүн малгайгаа тайлсан. Тэгээд намайг дарж авахынхаа өмнө өмднийхөө тэлээ, цахилгааныг тайлаад миний дээр гарсан. Яг бол өмдөө шувталж, бүрэн тайлаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх.8-9, 12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Алтантогосын өгсөн: “... Дүү А.Болорцэцэг маань уг үйл явдлын дараа их айж, цочирдсон байдалтай, хэвийн бус болчихсон байсан. Харин одоо бол уг үйл явдал мартагдаад хэвийн байдалдаа орж байх шиг анзаарагдаж байна. Ерөнхийдаа Б гэх хүн нь манайхтай ойролцоо адуу малаа харж явдаг болохоор эргээд харах, таарах үе байдаг тул сэтгэл санааны хувьд өөрчлөгдөөд, мартаж чадахгүй байх шиг анзаарагдаад байгаа юм. Нэг нутаг усанд амьдардаг учраас дахин ийм явдал гарахвий гэхээс санаа зовж байна. Өөрөөр гаргах санал, гомдол байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.10-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Энхбаярын өгсөн: “... 12 цагийн үед А.Болорцэцэгийг харуулын байранд орхиод объект шалгахаар явсны дараа 14 цагийн үед хадам дүү А.Болорцэцэг манай нөгөө харуул болох Дашнямын утас руу залгасан. Тэгээд би утас аваад ярьтал “та харуулын байранд хурдан хүрээд ир” гэж хэлээд утсаа салгасан. Би яараад харуулын байранд иртэл хадам дүү А.Болорцэцэг уйлчихсан том өрөөнд зогсож байсан. Тэгээд би хадам дүү А.Болорцэцэгийг тайвшруулж юу болсныг асуухад “нэрийг нь мэдэхгүй, царайг нь харвал таних ах намайг орон дээр дарж аваад байсан” гэж хэлсэн. Тэгээд би сандарсандаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хадам дүү надад хэлэхдээ “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр харуулын байранд орж ирж мал сураглаж байсан ах байсан” гэж хэлсэн. Тэгээд би манай хонхорт адуу малладаг Б гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бын гэрчээр өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 06-ны өглөөний 09 цагийн үед намайг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Бумбат өртөөний задгай тоотод байх гэртээ байхад манай гэрээс урагшаа байдаг Жонжоо /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ өөрийн эхнэр Лхагвадуламын хамт манайд 1 шуудай нүүрс авах гэж ирэхээр нь би Жонжоог архинд Хонхорын төв рүү мориор нь явуулаад эхнэр Лхагвадуламын хамт хонио туугаад Содном ахынд очоод байж байтал Жонжоо сумын төвөөс 0.75 литрийн хэмжээтэй Хараа архийг аваад ирсэн. Тэгээд Содном ах, Жонжоо бид гурав 0.75 литрийн хэмжээтэй Хараа архийг Содном ахын гэрт хуваан ууж дуусгасан. Үүний дараагаар 12:00 цагийн орчим Содном ах бид хоёр адуунд хамт яваад Хонхорын нүхэн гүүрэн дээрээс хоёр тийш салцгаасан. Би Содном ахаас салаад Радио нэвтрүүлэх төв станцын байр буюу П.Энхбаярын харуулын байранд очсон. Манай адуу тухайн үед Радио станцын торон хашаан дотор байсан. Намайг 13:00 цагийн орчим Радио станцын харуулын байраар ороод том өрөөний үүдний хэсэгт байрлах сандал дээр суух үед П.Энхбаярын хадам дүү охин харуулын байрны зүүн талд байрлах шар өнгөтэй лакан будагтай модон орон дээр сууж байсан. Тухайн үед би П.Энхбаярын хадам дүүгээс ямар сургуульд сурдаг, хэдэн настай болохыг нь асуухад Налайхын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг, өөрийгөө 17 настай гэж хэлж байсан. Улмаар тухайн үед надад болмоор юм шиг бодол төрөөд харуулын байшингийн том өрөөний зүүн талд байрлах шар өнгийн лакан будагтай модон орон дээр сууж байсан П.Энхбаярын хадам дүүг орон дээр гарыг нь арагшаа дарж дээр нь гараад байж байтал нөгөө охин хашгирч орилоод, гарандаа атгаж байсан гар утсаараа хүн рүү залгах гэхээр нь би утсыг шүүрч аваад, охины дээрээс нь бууж орон дээр гар утсыг нь үлдээгээд, харуулын байрнаас гарч морио унаад Радио станцын торон хашаа руу орж адуугаа туугаад гэрийн хойноо аваачсан. Тэгээд гэртээ хэсэг орж байж байгаад 14:00, 15:00 цагийн орчим Содном ахынд ирэхэд Содном ах дахиад нэг 0.75 литрийн хэмжээтэй Хараа архи аваад ирчихсэн байхаар нь Жонжоо, Содном ах, бид гурав хувааж уусан. Тэгээд Содном ахынд архи хуваан ууж байх үед Жонжоо болон Лхагвадулам нар нь өөрийн 14 настай охинтой миний үнэгүй ярьдаг мобикомын 94801277 дугаарын утаснаас гэр лүүгээ залган ярьж байсан. Миний сонссоноор Жонжоо болон Лхагвадулам нар нь өөрийн 14 настай охинтой ярихдаа “гэртээ цоожилчихсон, тэгээд хувиндаа бие засаарай” гэсэн утгатай юм яриад байсан. Тэгээд удалгүй Содном ахынд байж байтал П.Энхбаяр хадам дүү охиноо дагуулж 2 цагдаагийн хамт ирээд надад хандан “битгий элэг бариад байгаарай” гэж хэлээд шанаадаж байсан ба улмаар цагдаагийн ажилтнууд намайг гавлаад Налайх дүүргийн эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Би хааяадаа П.Энхбаярын харуулын байраар адуу сураглаж очдог байсан. Би Энхбаярын гэрээр энэ явдлаас өмнө нилээд хэдэн хоногийн өмнө очсон санагдаж байна. Уг байранд П.Энхбаяр эхнэрийн хамт мөн 2 дүү охины хамт байдаг. П.Энхбаярын хадам дүү охиныг ер нь урд өмнө харж байсан  Ээжийнхээ хамт Энхбаярынд амьдардаг юм. Би өмд болон бусад хувцасаа тайлаагүй байсан. Би П.Энхбаярын хадам охин дүүгийн 2 гарыг нь хойш нь дарсан, өөрөөр зодож цохиогүй, мөн хувцас хунарыг нь тайлаагүй. Би Жонжоогийн 14 настай охиныг гэрт нь очиж оролдсон зүйл байхгүй, мөн гар утсаар яриагүй.” гэх мэдүүлэг /хх.16-17/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Жаргалсайханы өгсөн: “Би өөрийн нөхөр Агийн  Бын хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Бумбат өртөөний задгай тоотод оршин суудаг. 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдрийн 16:00 цагийн орчим намайг хотоос гэртээ ирэхэд манай гэрийн хаалга цоожтой байсан. Би 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш ажлын шалтгаанаас болж нөхөр А.Бтай уулзаагүй буюу гэртээ ирээгүй байсан юм. Ингээд гэртээ ортол манай гэрт архи пиво, ундааны сав, тамхины иш зэрэг зүйлс хөглөрсөн, эмх замбараагүй байдалтай байхаар нь хогоо цэвэрлээд гадаа гарган хаяж байтал морьтой хүн давхин ирж байгаа харагдсан, тэгэхээр нь би нөхрийг ирж байна гэж бодтол манай тэнд байдаг хүлэмжийн манаач ажилтай Мийгаа гэх залуу ирээд “Болдоо ахыг 2 цагдаа ирээд Содном ахынхаас гавлаад явчихлаа” гэж хэлэхээр нь би “Б яагаав, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд агсам, согтуу тавиа юу” гэж асуухад яг ямар учир шалтгаантай болохыг нь хэлэхгүй яваад өгсөн. Иймд би Содном өвгөний гэрт очоод “манай нөхөр Быг цагдаа нар ямар шалтгаанаар аваад явсан юм бэ” гэж асуухад мэдэхгүй гээд учир шалтгааныг нь хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би “зөв зүгээр байгаа хүнийг цагдаа нар аваад явахгүй байх учиртай, манай нөхөр Б хүн зодоо юу, архи ууж агсам согтуу тавьсан юмуу” гэж асуухад мөн үгүй гэж хариулж байсан. Энэ үед нь би тэгвэл “Б хүн хүчиндээ юү?” гэж асуухад “за нэг тиймэрхүү юм болсон, маргааш тодорхой болно” гэж Содном өвгөн хариулахаар нь би тэдний гэрт шалан дээр цэнэглээд байж байсан манай нөхөр Бын 94801277 дугаартай Самсунг эс-4 маркийн гар утсыг нь аваад гэртээ харьсан. Тэгээд би гэртээ очоод нөхрийнхөө мобикомын 94801277 дугаартай Самсунг эс-4 маркийн гар утасны залгасан дуудлагуудыг үзэхэд 94301837 дугаарын утаснаас хамгийн олон удаа буюу 10 гаруй залгасан байхаар нь уг дугаарын утас руу залгаж ярихад Лхагвадулам гэх зүс таних эмэгтэй утсаа аваад танай нөхрийг чинь настай, бүдүүн, сахалтай ах, 2 цагдаа дагуулж ирээд “бага шиг элэг бариарай” гээд шанаадан авч явсан” гэж хэлэхээр нь “чи хаана байна” гэхэд би “Содном өвгөнийд байна” гэж хэлэхээр нь “чи Содном өвгөнд утсаа өгөөдөх” гээд хэлтэл Содном өвгөн утсыг авахаар нь “та яагаад нуугаад байгаа юм бэ?” гэж хэлтэл “маргааш бүх юм тодорхой болно” гэж хэлээд утсаа салгасан. Үүний дараагаар 22:00 цагийн орчим намайг гэртээ байж байтал надтай утсаар ярьсан мобикомын 94301837 дугаартай Лхагвадулам гэх зүс таних эмэгтэй нөхрийнхөө хамт бага зэрэг архи үнэртүүлчихсэн, Содном өвгөнийхөөс харихаар явж байна гээд манайд орж ирсэн. Тэгээд би тэр хоёрт архи уучихсан учраас нүүр өгөхгүй орондоо орчихсон хэвтэж байтал эхнэр Лхагвадулам нь надад хандаж “танай нөхөр чинь олон хүүхэдтэй өвгөний мэдрэл муутай охины өмдийг шувтлаад дээр нь гарчихсан хүчиндэж байгаад охин нь аавдаа хэлж цагдаа дуудан баригдаад явсан” гэж хэлсэн. Үүний дараа Лхагвадулам гэх эмэгтэй хэсэг байж байснаа уйлаад “тэр битгий хэл танай нөхөр чинь манай 14 настай, жижигхэн биетэй охиныг маань аав, ээж чинь шал согтуу байгаа, би хониндоо явлаа гэж хэлээд Содном өвгөнийхөөс гараад чам дээр очиж унтая” гэсэн утгатай юм ярьж хэлээд “манай гэрт очиж охины маань хамаг утасны нэгжийг нь дуусгасан байсан” гэж хэлсэн. Мөн манай охин тухайн үед айж уйлаад гэртээ байж байтал манай хөршийн Казак залуу өөрийнхөө охиныг явуулж, манай 14 настай охиныг маань гэртээ оруулсан байсан, би гомдолтой байна гэж уйлсан. Содном өвгөн, эмгэнтэйгээ, тэдний малчин эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй/, Бадам гэх залуу, Лхагвадулам гэх эмэгтэй нөхөр Мийгаатайгаа, тэгээд манай нөхөр хамт архи уусан гэж байсан.” гэх мэдүүлэг /хх.18-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Лхагвадуламын өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр Г.Мягмарсүрэн, миний бие, Б бид нар Содном өвгөний гэрт очоод байж байтал удалгүй хоёр цагдаа орж ирээд Быг машиндаа аваад явсан. Үүний дараагаар нөхөр бид хоёр Содном өвгөний гэрт архи ууж байгаад гэр лүүгээ оройн 23:00 цагийн үед явсан бөгөөд замаараа Бын гэрээр явж орсон, тэгтэл Б гэртээ байхгүй, эхнэр Б.Жаргалсайхан нь ганцаараа гэртээ байсан. Тэгээд би Бын эхнэрээс “Б ирээгүй юм уу, утас нь холбогдохгүй байх юм” гэж асуутал “утас нь надад байна, 94301837 дугаар луу 15,16 залгасан байх юм” гэж асуухаар нь бид хоёр охин руугаа Бын гар утсаар залгасан юм, наад дугаар чинь манай дугаар гэж хариулсан, тэгтэл “охин руу чинь Б залгаад байсан юм биш үү” гэж асуугаад байсан, тэгэхээр нь би “үгүй ээ, нөхөр бид хоёр охинтойгоо ярьсан юм” гэж хариултал миний хэлж байгааг тоохгүй байхаар нь нөхөр бид хоёр гэр рүүгээ удалгүй явсан. Үүний дараа бид хоёр гэртээ очоод амарч байтал хоёр цагдаатай хамт, Бын эхнэр манай гэрт ирж манай охиныг асуугаад “танай охиныг Б ирж оролдон хаалга үүдийг чинь татсан юм биш үү” гэсэн утгатай юм яриад байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр “тийм юм огт болоогүй” гэж хэлтэл цагдаа нар маргааш очиж мэдүүлэг өгөөрэй гэж хэлээд явсан. Манай гэр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Бумбатын задгай тоотод байдаг юм. Би Б гэх хүнийг 2019 оны 09 дүгээр сарын сүүлээс таньж мэдэх болсон. Манай охиныг Мягмарсүрэнгийн Анударь гэдэг бөгөөд 2006 оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 14 настай, Төв аймгийн Зүүндэлгэр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 7 дугаар ангийн сурагч, одоо Төв аймагт манай эгч Нямжавын гэрт байгаа. Ер нь сургуульд сурдаг учраас Төв аймагт байдаг, 2020 оны 01 дүгээр 06-ны өдөр сургууль нь амарсан байсан учраас гэртээ буюу Баянзүpx дүүргийн 11 дүгээр хороо, Бумбатын задгай тоотод ирсэн байсан юм. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нөхөр бид хоёр өөрийн охин М.Анударийг гэрт ганцааранг нь үлдээж гаднаас нь цоожлоод явсан, түлхүүрээ болохоор гадна хатавчиндаа нууж үлдээсэн байсан юм. Би тухайн өдөр охиноо ганцааранг нь гэртээ үлдээсэн болохоор санаа зовоод нилээн олон удаа Бын утаснаас залгаж ярьсан. Манай охин нөхөр бид хоёрыг тухайн шөнө гэртээ ирэх үед саахалт Казак айлынх руу хонох гээд явсан байсан. Өдөр намайг Бын гар утсаар охинтойгоо ярих үед “Казак ахынх залгаад хүүхдийнхээ хичээлийг заалгамаар байна, би тийшээ очлоо” гэж хэлэхээр нь би түлхүүр байгаа газрыг зааж өгсөн, иймд Казак айлын охин нь манайд ирж манай охиныг аваад явсан байсан. Бын эхнэр өөрөө л танай охиныг оролдсон байна гэж зүтгээд байсан. Ер нь Бын эхнэр ямар ч үндэслэлгүй худлаа зүйл ярьж надад ажил удаж байгаад би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх.20-22/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1235 дугаартай:

“1.2. А.Б нь бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна.

3. А.Б нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.

4. А.Бын цус нь АВО системээр А2-р бүлгийн харьяалалтай байна” гэх дүгнэлт /хх.24-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1198 дугаартай:

“1.2.3.4.5. А.Болорцэцэгт гэмтэл тогтоогдсонгүй.

6. А.Болорцэцэг нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

7. Арчдас наалдацанд эр бэлгийн эс илрээгүй байна.

8. Охин хальс нь гэмтэлгүй байна” гэх дүгнэлт /хх.31-32/,

Хохирогч А.Болорцэцэгийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх.37/,

Хохирогч А.Болорцэцэгийн төрсний гэрчилгээний хуулбар /хх.39/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Бын яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12:00 цагийн орчим Содном ах бид хоёр адуунд хамт яваад Хонхорын нүхэн гүүрэн дээр хоёр тийш салцгаасан. Би Содном ахаас салаад Радио нэвтрүүлэх төв станцын байр буюу П.Энхбаярын харуулын байранд очсон. Манай адуу тухайн үед радио станцын торон хашаан дотор байсан. Намайг 13:00 цагийн орчим Радио станцын харуулын байраар ороход П.Энхбаяр гэртээ байхгүй, хадам дүү охин болох А.Болорцэцэг нь харуулын байрны том өрөөнд ганцаараа байж байсан. Тухайн үед би П.Энхбаярын хадам дүүгээс ямар сургуульд сурдаг, хэдэн настай болохыг нь асуухад Налайхын мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг, өөрийгөө 17 настай гэж хэлж байсан. Улмаар тухайн үед надад болмоор юм шиг бодол төрөөд харуулын байшингийн том өрөөний зүүн талд байрлах шар өнгийн лакан будагтай модон орон дээр сууж байсан А.Болорцэцэг гэх охиныг орон дээр гарыг нь арагшаа дарж дээр нь гараад байж байтал нөгөө охин хашгирч орилоод гарандаа атгаж байсан гар утсаараа хүн рүү залгах гэхээр нь би утсыг шүүрч аваад охины дээрээс нь бууж орон дээр гар утсыг нь үлдээгээд харуулын байрнаас гарч морио унаад радио станцын торон хашаа руу орж адуугаа туугаад гэр лүүгээ явсан. Тэгээд гэртээ хэсэг орж байж байгаад 14:00-15:00 цагийн орчим Содном ахынд очиж 0.75 литрийн хэмжээтэй хараа архи хувааж уусан. Ингээд байж байтал П.Энхбаяр, хадам дүү охин болох А.Болорцэцэг нар 2 цагдаагийн алба хаагчийн хамт ирээд цагдаагийн алба хаагч нар намайг гавлаад Налайх дүүргийн Эрүүлжүүлэх байранд хүргэж өгсөн. Надад тухайн үед А.Болорцэцэгийг оролдож болох юм шиг бодол гэнэт төрөөд ийм муухай зүйл хийсэн. Миний хувьд ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна. Надад А.Болорцэцэгийг зодож цохьсон зүйл байхгүй ээ. А.Болорцэцэгийг хүчиндэхийг завдах үед А.Болорцэцэг нь “Босооч ээ, яваач” гэж орилж хашгирч байсан. Намайг зодож цохиж эсэргүүцэл үзүүлсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх.44-45/,

А.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.58/,

Шүүхэд насанд хүрээгүй хохирогч А.Болорцэцэгийн гаргасан: “Миний бие Алтанхундага овогтой Болорцэцэг нь Бт холбогдуулан гомдол гаргасан. Б нь тухайн өдөр надад ямар нэгэн гэмтэл бэртэл учруулаагүй, өөрөө сайн дураараа босоод явчихсан. Иймд миний бие гомдол санал байхгүй болно. Шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт /шинээр гаргасан 1 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

А.Б нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 13 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Радио нэвтрүүлэх төв станцын харуулын байранд 16 настай А.Болорцэцэгийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх.2/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3-5/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.Болорцэцэгийн өгсөн: “... би гэртээ ганцаараа үлдсэн юм. Энэ үед 13 цагийн үед манай гэрт урьд нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүргэн ахаас адуу сураглаж орж ирсэн Б гэдэг ах орж ирээд надаас ээж, ах, эгч нарыг асуухаар нь ээж, нагац эгч хоёр эмнэлэг явсан, хүргэн ах объектоо эргэхээр явсан гэж би хариулсан, тэгээд намайг хаана сурдгийг асуугаад, хэдэн настайг маань бас асууж яриа өрнүүлсэн. Үүний дараагаар гэнэт “ахад нь их мөнгө байгаа” гэж хэлээд миний сууж байсан орон дээр ирээд гарыг маань хойш нь мушгиж орон дээр дараад авахаар нь би тэр ахын хөл рүү нь өшиглөж орноос холдуулсан, тэгээд би шууд хүргэн ах руу залган “гэрт хурдан хүрээд ир” гэж ярих үед нөгөө ах миний гар утсыг салган миний дээр дарж, өмдийг тайлах гэж оролдоод байхаар нь би бас өшиглөн “босоочээ” гэж орилсны дараа нөгөө ах миний дээрээс босоод үүдэнд очин “малгай аваад өг” гэж хэлээд намайг гэрээс гарах гэхээр гаргахгүй үүд хааж зогсоод байсан. Тэгэхээр нь би тэр ахыг түлхээд гэрээсээ түрүүлж гарсан. Үүний дараа нөгөө ах гэрээс гарч ирээд морио унан яваад өгсөн. Тэгээд би гэртээ орон уйлаад байж байтал хүргэн ах гэртээ ирээд надаас болсон явдлыг асуугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... би тухайн үед маш чангаар “болиоч” гэж хэлээд орилсон, мөн хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд ч тухайн үед хүргэн ах П.Энхбаяртай утсаар ярьж амжсан учраас больсон байх гэж бодож байна... намайг орон дээр дарах үедээ миний гарыг хойш нь дараад байсан... миний өмдийг тайлах гэж оролдоод чадаагүй... манай гэрт анх орж ирээд Б гэх хүн малгайгаа тайлсан. Тэгээд намайг дарж авахынхаа өмнө өмднийхөө тэлээ, цахилгааныг тайлаад миний дээр гарсан. Яг бол өмдөө шувталж, бүрэн тайлаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх.8-9, 12-13/,

Мөн гэрч П.Энхбаярын өгсөн: “...12 цагийн үед А.Болорцэцэгийг харуулын байранд орхиод объект шалгахаар явсны дараа 14 цагийн үед хадам дүү А.Болорцэцэг манай нөгөө харуул болох Дашнямын утас руу залгасан. Тэгээд би утас аваад ярьтал “та харуулын байранд хурдан хүрээд ир” гэж хэлээд утсаа салгасан. Би яараад харуулын байранд иртэл хадам дүү А.Болорцэцэг уйлчихсан том өрөөнд зогсож байсан. Тэгээд би хадам дүү А.Болорцэцэгийг тайвшируулж юу болсныг асуухад “нэрийг нь мэдэхгүй, царайг нь харвал таних ах намайг орон дээр дарж аваад байсан” гэж хэлсэн. Тэгээд би сандарсандаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хадам дүү надад хэлэхдээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр харуулын байранд орж ирж мал сураглаж байсан ах байсан гэж хэлсэн. Тэгээд би манай хонхорт адуу малладаг Б гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1235 дугаартай:

“1.2. А.Б нь бактериологийн шинжилгээгээр бэлгийн замын халдварт өвчингүй байна.

3. А.Б нь бэлгийн харьцаанд орох чадвартай байна.

4. А.Бын цус нь АВО системээр А2-р бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт /хх.24-25/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ц.Ганболдын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1198 дугаартай:

“1.2.3.4.5. А.Болорцэцэгт гэмтэл тогтоогдсонгүй.

6. А.Болорцэцэг нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.

7. Арчдас наалдацанд эр бэлгийн эс илэрээгүй байна.

8. Охин хальс нь гэмтэлгүй байна.” гэх дүгнэлт /хх.31-32/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Бын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр эцэг, эх асран хамгаалагчийг нь тогтоох байтал насанд хүрээгүй хохирогч А.Болорцэцэгийн хууль ёсны төлөөлөгчөөр ээж Ц.Алтанхундагыг нь тогтоолгүй, харин нагац эгч Ц.Алтантогосыг тогтоож хууль зөрчин, улмаар түүнийг байлцуулж насанд хүрээгүй хохирогчоос авсан мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй, мөн насанд хүрээгүй хохирогч нь А.Б түүнийг хүчиндэхээр завдах үед өөрийн хүргэн ах  П.Энхбаяр луу утсаар ярьсан гэх боловч үүнийг мөрдөн байцаалтад тогтоогоогүй” үндэслэлээр хэргийг нэмж шалгахаар прокурорт буцаах тухай хүсэлт гаргажээ.

Гэвч насанд хүрээгүй хохирогч А.Болорцэцэгийн хууль ёсны төлөөлөгчөөр түүнтэй хамт амьдардаг нагац эгч Ц.Алтантогосыг нь тогтоож, улмаар түүнийг байлцуулж насанд хүрээгүй хохирогчоос мэдүүлэг авсан нь хууль зөрчөөгүй учир тэдгээр мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх боломжтой, мөн насанд хүрээгүй хохирогч нь шүүгдэгч А.Б түүнийг хүчиндэхээр завдах үед өөрийн хүргэн ах  П.Энхбаяр луу утсаар ярьсан нь хохирогч болон тухайн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй.

Түүнчлэн “А.Б нь насанд хүрээгүй хохирогч А.Болорцэцэгийг хүчиндэхээс сайн дураар татгалзсан учир хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй” хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгч мэтгэлцэн тайлбарлаж байх боловч шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийсэн боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй нөхцөл болох нь:

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч А.Болорцэцэгийн өгсөн: “... би тухайн үед маш чангаар “болиоч” гэж хэлээд орилсон, мөн хөл рүү нь өшиглөсөн. Тэгээд ч тухайн үед хүргэн ах П.Энхбаяртай утсаар ярьж амжсан учраас больсон байх гэж бодож байна... намайг орон дээр дарах үедээ миний гарыг хойш нь дараад байсан... миний өмдийг тайлах гэж оролдоод чадаагүй... Тэгээд намайг дарж авахынхаа өмнө өмднийхөө тэлээ, цахилгааныг тайлаад миний дээр гарсан...” гэх мэдүүлэг /хх.8-9, 12-13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Энхбаярын өгсөн: “... хадам дүү А.Болорцэцэг манай нөгөө харуул болох Дашнямын утас руу залгасан. Тэгээд би утас аваад ярьтал “та харуулын байранд хурдан хүрээд ир” гэж хэлээд утсаа салгасан. Би яараад харуулын байранд иртэл хадам дүү А.Болорцэцэг уйлчихсан том өрөөнд зогсож байсан. Тэгээд би хадам дүү А.Болорцэцэгийг тайвшируулж юу болсныг асуухад “нэрийг нь мэдэхгүй, царайг нь харвал таних ах намайг орон дээр дарж аваад байсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.14-15/ зэрэг нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон, улмаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйлд нь хүргэхээс сайн дураараа татгалзсан гэж үзэхээргүй байх тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдэхээр завдсан гэж дүгнэсэн болно.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  “Арван дөрвөн наснаас дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсан” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

А.Бын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Насанд хүрээгүй хохирогч А.Болорцэцэг, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Алтантогос нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгч А.Быг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

          2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед даган мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж тус тус заажээ.

А.Бын гэмт хэрэг үйлдэх үед даган мөрдөж байсан Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт оногдуулж байсан хоёроос найман жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн өөрчлөлт оруулсан хуулийн холбогдох заалтаар таваас арван хоёр жилийн хугацаагаар хорих ял болгож харьцангуй хүндрүүлсэн учир тухайн хэргийн хувьд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах Эрүүгийн хуулийн шинээр өөрчилсөн дээрх заалтыг хэрэглэх үндэслэлгүй юм.

          Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж хуульчилсан байна.

          Иймд шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчид 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

          А.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Бт оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөнгөрүүлэхийг түүний өмгөөлөгч хүсч байх боловч гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээргүй байгаа шүүгдэгчийн хувийн байдал зэргээс үзэхэд дээрх хүсэлтийг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

А.Быг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс одоог хүртэл цагдан хорьсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. Д овогт Агийн Быг “Арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийхийг завдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Бт 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Бын урьд цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

          5. А.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, А.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОДОНТУУЛ

                                  ШҮҮГЧИД                        Ч.АЛТАНЦЭЦЭГ

                                                                            С.ӨСӨХБАЯР