Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 463

 

Хариуцагч хүлээн зөвшөөрсөн

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Н.*******гийн нэхэмжлэлтэй Х*******т холбогдох 1.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагадаа: 2015 оны 10 сард Өөдөс нь ирж уулзаад түүхий эд авч өгье гэж харилцан тохиролцоод 500.000 төгрөг бэлнээр аваад явсан. Дараа нь мөнгө явуул гэхээр нь ХААН банкны ******* гэсэн дансанд 2015-10-12-нд 500.000 төгрөг, 10 сарын 21-нд 500.000 төгрөг тус тус хийсэн. Тэгээд 11 сарын 15-нд 500.000 төгрөгийн түүхий эд өгч явуулсан. Үлдэгдэл 1.000.000 төгрөгөө өгөлгүй өдий хүрлээ. Энэ хугацаанд утсаа авахгүй утсаа салгаад, сүүлдээ утас нь дандаа холбогдох боломжгүй гэдэг болсон. Иймд Х*******өөс 1.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн ******* суманд оршин суух Х******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч *******гийн хүсэлтийг хүлээн авлаа. *******гийн хохиролыг ямар нэгэн аргаар төлнө. Манай гэр бүлийн хүн ажилгүй 2 жижиг хүүхэдтэй амьдралын түвшин дунд учир ямар нэгэн аргаар энэ мөнгийг нь төлнө. Дахин хүндрэл гаргахгүй гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Н.******* нь иргэн Х*******т холбогдуулан 1.000.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Х******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 1.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийгхялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28550 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ

1. Н.*******гийн нэхэмжлэлтэй Х*******т холбогдох 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 1.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Х*******ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 28550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14275 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 14275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ