Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2017/0032/з |
Дугаар | 02 |
Огноо | 2018-01-12 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 02
2018 оны 01 сарын 12 өдөр | Дугаар 123/ШШ2018/0002 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянцогт сумын 1 дүгээр багийн иргэн Л.Пүрэвбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Пүрэвбаатар, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв, хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж, Хурлын дарга Д.Од-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, гэрч Х.Хурцгэрэл, Б.Цэрэнбат, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Пүрэвбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 2015 оны 06 сарын 17-ны өдрөөс Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 29 дүгээр тогтоолоор ажлаас үндэслэлгүй халсан. Би 29 дүгээр тогтоолд заасан зөрчлүүдийг гаргаагүй, намайг ажлаас халсан үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд Хурлын нарийн бичгийн даргын ажлыг хэлэлцэх талаар ороогүй байхад тухайн хуралдааныг хаасны дараа энэ талаар хэлэлцэж, намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус. Байгууллагын нууц задруулсан гэсэн. Гэрч Мөнхцэцэг Пүрэвбаатарыг задруулсан байх гэж таамаглаж байна гэсэн мэдүүлэг шүүхэд өгсөн. Би Монгол ардын намын гишүүн байж байгаад төрийн албан хаагч болохдоо тухайн үед намын дарга байсан Даваадоржид хүсэлтээ өгөөд гарсан. Ардчилсан намд элсэж орсныг батлах бүртгүүлсэн бүртгэл байхгүй. 2016 онд хуучин Хурлын даргатай үр дүнгийн гэрээ байгуулсан боловч сонгуулийн жил байсан учир үр дүнгийн гэрээгээ дүгнүүлж амжаагүй байж байгаад 2016 оны 11 сард шинэ Хурлын дарга орж ирээд 12 сард би үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг гаргаж өгсөн. Хурлын дарга миний үр дүнгийн гэрээг хангалтгүй гэж дүгнэнэ гэхээр нь би тантай ажиллаад 1 сар болж байна. Бүтэн жилийн хөдөлмөрөө би хангалтгүй гэж хэлэхгүй. Та дотроос нь надаас асуух юм байвал асууж болно гэж хэлсэн. Тэгээд даргатай ярилцаад 2016 оны үр дүнгийн гэрээг дүгнэе. 2017 онд хамтран ажиллах учраас хэн юу хийсэн нь харагдана гээд 2016 оны үр дүнгийн гэрээ 70,2 хувьтай дүгнэгдсэн. Энэ нь хангалттай гэсэн үнэлгээ. Манай ажлын цагийн бүртгэлийг байгууллагын нярав ирсэн явсанаар нь бүртгэдэг. Няравын цагийн бүртгэл дээрээс ажилласан цаг харагдана. Хуурамч 05 тоот тогтоолоор томилогдсон гэсэн. Л.Пүрэвбаатарыг томилсон шийдвэр нь захирамж байж болохгүй юм байна гэж Д.Энхдагуул даргад хэлээд дарга сольсон гэсэн. 2017 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2016 оны тайланг 93 хувь хангалттай гэж үзээд 100 хувийн саналаар дэмжиж баталсан. Тэр хурал дээр Хурлын дарга өөрөө сууж байсан, мэдэж байгаа. Мөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тайланг аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт гаргаж өгдөг. Мөн төлөвлөгөөний хэрэгжилт 82 хувьтай хэрэгжсэн гэж тайлангаа аймагт өгч дүгнүүлсэн. Сургалтын шатахууныг өөртөө зарцуулсан гэсэн. Тухайн үед шатахуун цохуулахад миний гарын үсгээр ороод Хурлын дарга хянаад тамга дарж явуулж байсан. Тийм учраас баримтгүйгээр зарцуулсан зүйл байхгүй. Шатахуун түгээх газраас болон нягтлан дээрээс заавал шаардах хуудсаар гардаг. Эрдэнэ суманд болсон сургалтанд манай сумаас 3 машин явсан. 2 нь сумаас нэг нь хотоос явсан. Тухайн үед би Хурлын даргад Хурлын төлөөлөгч, тэргүүлэгч н.Батжаргал Улаанбаатар хотоос 2-3 төлөөлөгч аваад Эрдэнэ суманд сургалтанд оролцоно гэнээ, шатахууныг нь үлдээлээ шүү гэж хэлсэн. Ирэхэд Л.Пүрэвбаатараа орлогч дарга С.Ганчимэгт чи 40 литрыг цохчихоод 30 литрийг өгч явуулсан байна. 10 литр бинзен нь яасан бэ гэхээр нь н.Батжаргал тэргүүлэгчид нэмж шатахуун өгөх учир 10 литрийг үлдээсэн байгаа гэж хэлсэн. Өөрөө энэ талаар мэдэж байгаа. Н.Батжаргал тэргүүлэгч сургалтаас ирээд шатахуун түгээх газраас шатахуунаа авсан. Би зөрчил гаргачихаад сүүлд нь битгий арга хэмжээ аваач гэж гуйж байгаагүй, тийм зүйл байхгүй. Одонт туг 2015 оны 01 дүгээр сараас манай суманд аялсан байсан. Би 2016 оны 6 дугаар сард 17-нд ажилд орсон. Гэрч Д.Энхдагуул Л.Пүрэвбаатарт мөнгө хүлээлгэж өгөөгүй гэж хэлсэн байгаа. Би мөнгө хүлээж аваагүй. Намайг хотод явж байхад хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг утсаар залгаад 10 хонио авах гэсэн юм аа Даваатай уулзсан. Чамтай уулзаж байгаад өгнө гэсэн гэхээр нь Сүхбаатар гээд айлд байгаа очоод ав гэж зааж өгсөн. Г.Гантүшиг 10 хонийг авсан. Би өөртөө хонь аваагүй. Иймд Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганпүрэв шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Пүрэвбаатар албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлэн гэдэг үндэслэл тогтоогдоогүй байхад хууль бусаар ажлаас нь халсан. Бэлэн мөнгө шатахууныг баримтгүй авсан бол 2017 оны тайлан балансаараа гаргаад ирэх боломжтой. Сургалтанд 3 машин явна гээд нэг машинд 20 литр бензин хийсэн. Нэг шаардахаар 40 литр бензин авсан, зарим нь хувийн машиндаа хийсэн. Энэ бол аль ч байгууллагад байдаг зүйл. Үүнийг л дундаас нь завшсан юм шиг зүйл яриа байгаа. Байгууллагын зүйлийг хувьдаа завшлаа гэсэн зүйл хавтаст хэрэгт байхгүй. Гэрчийн мэдүүлэг байдаг. 40 литр шатахуун шаардахаар гаргуулсан. Ерөнхий балансаараа барьсан байгаа. Хариуцагчийн яриад байгаа бүх зүйл сэжиг таамаг төдий зүйл. Байгууллагын нууц гэдэг бол байгууллагын нууцын тухай хуулиар нууцад хамааруулсан жагсаалтад хамаарах мэдээлэл байдаг. Хурал дээр ярьсан зүйлийг Л.Пүрэвбаатар ярьсан байж магадгүй гэсэн. Ажлын цаг ашиглалт муу, үр дүнгийн гэрээний биелэлт муу, архи уусан гэж яриад байдаг. Ямарч баримт байхгүй. Харин ч цагийн бүртгэлээр ажлын цаг бүрэн бүртгэгдсэн байгаа. Үр дүнгийн гэрээг дүгнэхгүй гэсэн, би дүгнээгүй, муу дүгнэсэн гэж хариуцагч яриад байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Л.Пүрэвбаатар, Д.Од-Эрдэнэ дарга хоёрын гарын үсэгтэй 70,2 оноо тавиад хангалттай гэсэн үр дүнгийн гэрээний биелэлт байгаа. Л.Пүрэвбаатарын гарын үсэггүй, Д.Од-Эрдэнэ дарга өөрөө гарын үсэг зурсан 60 хувьтай, дутагдалтай гэсэн үр дүнгийн гэрээний хэрэгжилт хавтаст хэрэгт нөхөөд хийсэн байгаа. Үүнийг үнэлэх ямарч боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямарч эргэлзээгүй нотлох баримт дээр тулгуурлаж явах ёстой. Одонт тугны хандивын хөрөнгийн зарцуулалт хэрэгт байгаа. Бэлэн мөнгөний тооцоо дутсан бол Д.Энхдагуул авсан уу, Л.Пүрэвбаатар авсан уу гэдгийг ялгаж салгасан зүйл байхгүй. Одонт тугны хандивын аяны бэлэн мөнгө болон хонийг иргэдийн Хурлын балансад бүртгэж авч балансжуулаагүй байгаа юман дээр өөрийнхөө байгууллагын өмч гэж үзээд байгаа. Л.Пүрэвбаатарын бүртгэл дээрээс харж байгаад Засаг дарга хонь өгөөд байдаг байсан. Цагдаа н.Саруулмөнх Засаг дарга н.Даваадоржтой уулзахад Л.Пүрэвбаатарын бүртгэл дээр 10 хонь байгаа тэрийг гурвалсан гэрээний дагуу өгнө гэсэн. Н.Саруулмөнх 10 хонио аваагүй байхдаа шилжээд явсан. Г.Гантүшиг нь н.Саруулмөнхийн яриад байсан 10 хонийг авъя гээд авсан. Үүний зарцуулалт бол Засаг дарга зарцуулах зөвшөөрөл олгосон. Харин Л.Пүрэвбаатар зарцуулсан тайланг гаргаагүй байхыг үгүйсгэхгүй. Г.Гантүшиг Авилгалтай тэнцэх газарт өгсөн мэдүүлэгтээ 10 хонийг би өөрөө авсан гэсэн байдаг. Энэ 10 хонь зохих журмын дагуу зарцуулагдсан. Л.Пүрэвбаатар ааваараа дамжуулж 10 хонь өөртөө авсан гэсэн нь нотлогдоггүй. Зөрчлийг шалгаж тогтоож чадаагүй. Санхүүгийн зөрчил гаргасан гэж сэжиг таамаг гаргаад байгаа. Нэгдүгээр гарын үсгийг Л.Пүрэвбаатар зурна, үүнийг Хурлын дарга хянаад тамга дардаг. Архи уусан гэж байгаа бол шалгаж тогтоох үүрэг нь Д.Од-Эрдэнэ даргад байсан. Л.Пүрэвбаатарын ажлын байрны тодорхойлолтод байгууллагын хөрөнгийг балансад бүртгэж авах, тооллого явуулах чиг үүрэг байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан Л.Пүрэвбаатарыг ажлаас нь халах үндэслэл байхгүй. Гаргасан гээд байгаа зөрчлүүд нь Төрийн албаны хуулийн 26 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа. Шалгаад нотлоод хуульд заасан процесс явж байж сахилгын шийтгэлээр халах ёстой. Хууль тогтоогч ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг 2 өөр зүйлд ялгамжтай хуульчилсан. Энэ тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тогтоол. Захиргааны ерөнхий хуулийн захиргааны акт хуульд нийцсэн бөгөөд зорилгодоо нийцсэн үндэслэлтэй байх гэсэн шаардлага, хуулийн 40-р зүйлийн 40.2-д заасан шаардлагууд хангагдаагүй. Хурал хаагдсаны дараа Д.Од-Эрдэнэ дарга тэргүүлэгч нартайгаа үлдэж, Л.Пүрэвбаатарыг гаргаж байгаад Хурлаар хэлэлцэх асуудалд ороогүй, ямар ч төлөвлөгөөнд тусгагдаагүй асуудлыг хэлэлцэж, хууль бусаар хуралдаж тогтоол гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг төлөөлж, Хурлын дарга Д.Од-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Пүрэвбаатар нь удирдах албан тушаалд томилогдохоос эхлээд хууль зөрчиж уг албан тушаалд ажилласан. Төв аймгийн Одонт тугийг сумын хэмжээнд аялуулах ажлыг гардан зохион байгуулсан. Уг аяны хандиваар цугларсан бэлэн мөнгө дансаар оруулалгүй зарцуулсан нь ам дамжсан яриагаар батлагдаж байгаа. Малчин Д.Сүхбаатар хандиваар 10 хонь өгснийг өөрийн аав Д.Лувсангаар дамжуулан авч хувьдаа ашигласан. Энэ нь авлигатай тэмцэх газар шалгагдан нотлогдсон боловч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнд хүрээгүй учир Прокурорт шилжсэн. Төрийн жинхэнэ албан хаагчийнхаа ёс зүйн хувьд удаа дараа ажлын цаг баримтлахгүй, 2-3 удаа архи ууж согтуурхсан, анхааруулсан боловч дахин ажлын цагаар архи уусныг нь тэмдэглэл үйлдсэн, удаа дараа сануулж байсан, цалин мөнгөнөөс нь хасаад яахав дээ гэж бодсон. Гэрчүүд байгаа. Ажлын бүтээмж буурч төрийн жинхэнэ албан хаагчийн чадамж хангалтгүй байсан учир аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс тангараг өргүүлэхийг нь хойшлуулсан. Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэг болон аймгийн ГХУСАЗЗөвлөлийн удаа дараагийн шалгалтаар хангалтгүй дүгнүүлж байсан. Шатахуун болон бэлэн мөнгийг ашигласан завших оролдлогыг удаа дараа хийж хувийн ашиг сонирхлын зөрчлийг гаргасан. Үүнийг нь гэрч болон баримтаар нотолно. Хувийн эрх ашгийн төлөө байгууллагын нууцыг задруулан албан тушаал наймаалцах зэрэг чанаруудыг гаргаж байсныг хамт олон болон Тэргүүлэгчдийн хурлаар тухайн хүнийг авч хэлэлцэж байсан. Гэрчүүдийн мэдээлэл нотлох болно. Л.Пүрэвбаатарын үндсэн ажлын байрны тодорхойлолт, 2016 онд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан Б.Баттүшигтэй тухайн оны эхэнд үр дүнгийн гэрээ байгуулсан тухай баримт сумын архивт байхгүй. 2016 онд байгуулсан үр дүнгийн гэрээ байхгүй мөртлөө жилийн эцсийн гэрээний хэрэгжилтийг надаар дүгнүүлсэн. Би нэлээн хангалтгүй дүгнэсэн. Гэтэл та намайг гайгүй дүгнээд өгөөч гэж гуйсны үндсэн дээр би ажил төрлөө сайжруулана шүү гэж хэлсэн. Гарын үсгээ зурсан нь албан ёсны үр дүнгийн гэрээний хэрэгжилт. 2017 онд үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Төрийн албан хаагчийн ур чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд мэдлэг ур чадвараа сайжруулаагүй. Төсвийн гүйцэтгэлийг буруу зарцуулж өр авлага үүсгэсэн. Иргэдээс 2 удаа гомдол ирсэн. Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн талаас ажил зохион байгуулаагүй. Сургалтад Хурлын төлөөлөгчид явахад С.Ганчимэгт шатахуун цохогдсон. С.Ганчимэг 20 литрийг үлдээгээд явсан. Дараа нь Батжаргал ирээд авах гэхэд шатахуун түгээх газар нь үлдсэн 20 литр шатахууныг Л.Пүрэвбаатар ирээд авсан гэсэн. Нэмж няраваар 10 литрийг цохуулж Батжаргалд өгсөн байгаа. Дэлгүүрийн худалдагч Уранчимэг манай өрөөнд орж ирээд Л.Пүрэвбаатар чинь ийм яриа гаргасан байна гэж хэлсэн, Хурлын дотоод үйл ажиллагааг задруулаад байгаа нь ёс зүйгүй ажлаад байна гэсэн үг. Би өөрөө ажлын цагийг нь бүртгэж байсан. 02 дугаар сарын 01-ний үдээс хойш согтуу орж ирсэн, өөрөө гуйгаад байсан учир арга хэмжээ аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий актын үндэслэл болсон “Одонт” тугны хандивын хөрөнгийг өөртөө авсан гэдэг үндэслэл нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Д.Од-Эрдэнийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилогдсоны дараа нэр бүхий иргэдээс гомдол ирсэн. “Одонт” тугны аянд хандив өгсөн иргэн миний өгсөн 10 хонь хайчсан бэ гээд энийг яаж захиран зарцуулсан талаараа тайлбарлахыг шаардсан. Үүний дагуу шалгасан. Нэхэмжлэгч нь иргэнээс ирүүлсэн хандивыг бүртгүүлэх ёстой, бүртгүүлсний дараа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын зөвшөөрлөөр юм уу, Засаг даргын зөвшөөрлөөр өөрт нь эрх олговол захиран зарцуулах эрхтэй. Гэтэл эрх олгоогүй байхад өөрөө очиж аваад заримыг нь хүнд өгсөн гэдэг. Хууль бусаар, захиран зарцуулах эрхгүй этгээд захиран зарцуулсан гэж үзэж байгаа. Энэ нь эрүүгийн журмаар шалгагдаад гэмт хэрэг биш байна гэж тогтоогдсон. Тэгэхдээ эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан нь захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Нийтийн өмчийг хууль бусаар захиран зарцуулсан гэдэг үндэслэлээр төрийн албанд тэнцэхгүй гэж үзэж байгаа. Энэ бол хангалттай үндэслэл. Мөн төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэсэн үндэслэлээр чөлөөлсөн. Л.Пүрэвбаатар нь ардчилсан намын гишүүн. Төрийн албанд томилогдон ажиллахдаа Улс төрийн намаас харъяалалаа түдгэлзүүлэх ёстой. Харъяалалаа түдгэлзүүлээгүй нь төрийн албаны тухай хууль зөрчсөн. Энэ нь өөрөө төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй. Төрийн албаны салбар зөвлөлийн хяналт шалгалтаар тогтоогдсон үйл баримт. Байгууллагын нууц задруулсан гэж байгаа. Үүнийг байгууллага баримтжуулж аваагүй юм байна лээ. Тэргүүлэгчдийн хурал дээр яригдсан зүйлүүдийг тараасан. Хурал дээр нэг иргэний талаар ярьсан зүйлийг тухайн иргэнд очиж мэдээлсэн. Тэр иргэн нь ирж хэрүүл маргаан гаргасан байгаа. Үүнийг Л.Пүрэвбаатарыг тараасан гэж үзсэн. Сумын сургалт семинарт явахад зарцуулах ёстой байсан шатахууныг баримтгүй ашигласан. Д.Од-Эрдэнэ дарга ажлаа хүлээж авсны дараа санхүүгийн үйл ажиллагаатай танилцахад Л.Пүрэвбаатар нь зарцуулсан баримтаа заримыг нь өгөөд заримыг нь өгөөгүй байсан. Л.Пүрэвбаатар баримт гаргаж өгөөгүй учраас хууль бусаар үндэслэлгүйгээр байгууллагын хөрөнгийг захиран зарцуулсан гэж үзэж байгаа. Эдгээр үндэслэлүүдээр Л.Пүрэвбаатарыг чөлөөлсөн. Л.Пүрэвбаатар нь 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 05 дугаар тогтоолоор төрийн албанд томилогдсон гэж байгаа боловч хэрэг дотор байгаа тогтоолууд хуурамч байгаа. Эрх бүхий этгээдийн шийдвэрээр томилогдоогүй гэж үзсэний дараа ийм хуурамч тогтоолууд гарсан. Сумын Хурлын даргын 2015 оны 01 тоот захирамжаар томилсон байдаг. Энэ тухай хууль зөрчиж томилсон байна гээд ярихаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 33 дугаар тогтоол гэдэг зүйлийг гаргаж ирсэн. Энийг салбар зөвлөлийн хяналт шалгалтаар хуурамч тогтоол үйлдсэн байна. Үүнийг хүчингүй болго гэж шаардлага ирсэн. Маргаан бүхий акт бол Пүрэвбаатарыг чөлөөлөх гэж гарсан нь үнэн. Хуулийн заалт болон үйл баримтуудаас харахаар чөлөөлсөн гэдгийг харахаар зорилгогүй гэж үзэх үндэслэлгүй. Дээд шүүхийн тогтооолд заасан үндэслэлүүдээс үзэхэд Л.Пүрэвбаатар төсвийн шууд захирагч мөн. Байгууллагад өгсөн хандив тухайн байгууллагын хөрөнгө мөн. Төсвийн захирагч учир бүртгэж авах ёстой. Хонийг төсвийн захирагч юм бол цагдаагийн хүнсэнд өгсөн байж болно. Хүсэлтийг нь бичүүлээд санхүүгийн баримт үйлдэх ёстой. Өмгөөлөгч нь удаа дараа юунд зарцуулсан нь чухал гэж байна. Аль аль нь чухал. Л.Пүрэвбаатар зарцуулсан гэдэг нь харагдаад байна. Юунд зарцуулсан гэдэг нь чухал. Цагдаа хүнсэндээ хэрэглээгүй бол мөнгөө нэхээд авах ёстой. Аав нь түрүүлж яваад хонь авчраад зарсан байна. Мөнгөн хөрөнгийн зарцуулалт хоньтой адилхан. Зарцуулалт байсан бол Л.Пүрэвбаатар дүрмийн дагуу ажлаа хийсэн гээд хэлэх ёстой. Орон нутгийн өмчийг зарцуулсан хүнд сануулаад өнгөрөх ёстой бол тийм хууль зүйн үндэслэл байхгүй. Хариуцлагатай албан тушаалтан хуурамч бичиг баримт бүрдүүлчихээд ингэж ярихгүй. Санхүүгийн зөрчил гэдэг нь чи өөрөө шууд захирагч учир надад хамаагүй гэх нь үндэслэлгүй. Хуралдааны хэлэлцэх асуудалд оруулаагүй гэж байна. Өөрийг нь чөлөөлөх хуралдааны тэмдэглэлийг Л.Пүрэвбаатар хөтлөх боломжгүй. Хууль зөрчиж хийсэн зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй. Санхүүгийн зөрчил удаа дараа гарсан. Ажлаас халах хангалттай үндэслэл мөн. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гэрч Х.Хурцгэрэл шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Баянцогт суманд манай хамаатны хүмүүс байдаг. 2016 оны өвөл Баянцогт суманд очсон. Анх үхэр үзэх гэж айлд очоод цагдаатай санамсаргүй тааралдсан. О.Лувсан гуай хонь авч ирэх гээд явсан. Тэгээд сумын цагдаагаас 10 хонь худалдаж авсан. Мөнгийг нь маргааш нь хотод орж ирээд цагдаад өгсөн гэжээ.
Гэрч Б.Цэрэнбат шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны өвөл манай айлын О.Лувсан ах айлд очоод хонь аваад ирье гээд бид хоёр Д.Сүхбаатар гэж айлд очиж 10 хонь ачиж ирээд машинтайгаа гэрийн гадаа нь тавиад би гэртээ орсон. Ирэхэд цагаан машинтай хүн О.Лувсан ахынд ирсэн байсан, би тэднийд ороогүй. Өглөө нь машинаа авахад 10 хонь байгаагүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, гэрч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлэг, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор Хурлын нарийн бичгийн дарга Л.Пүрэвбаатарыг Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасныг баримтлан “иргэдээс удаа дараа гомдол, хүсэлт ирсэн, Одонт тугны хандивын хөрөнгө тооцоо данс баримт байхгүй, хандиваар өгсөн хонинуудыг өөрийн төрсөн ааваар дамжуулан авсан, төрийн албан хаагчийн ёс зүйн болон эрхэмлэх зарчим баримтлаагүй, байгууллагын нууц задруулсан, үнэнч байдлыг эрхэмлээгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагагүй, ажлын цаг ашиглалт муу, бүтээмжгүй, ажлын цагаар архи ууж согтуурхаж сахилгын зөрчил гаргасан, сургалт семинарт явах шатахуун болон бусад албаны үйл ажиллагаанд зарцуулагдах бэлэн мөнгийг ил тод зарцуулаагүй, баримтгүй ашиглан завших гэх мэт байдал илэрсэн зөрчил гаргасан” гэх үндэслэлүүдийг дурьдан албан тушаалаас нь чөлөөлж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 4 дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө”-нд Хурлын нарийн бичгийн даргын ажлыг хэлэлцэх талаар ороогүй байхад тухайн хуралдааныг хаасны дараа энэ талаар хэлэлцэж, намайг ажлаас чөлөөлсөн нь хууль бус, би 29 дүгээр тогтоолд заасан зөрчлүүдийг гаргаагүй гэж тайлбарлажээ.
Маргааны үйл баримтуудыг авч үзвэл:
1. Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид “Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2017 онд хэлэлцэх асуудлын төлөвлөгөө”-г 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр баталж, ...тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 4-р хуралдаанаар нийт 4 асуудал буюу 1. Мал хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын тухай мэдээлэл, 2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодоос хийсэн шалгалтын дүн, 3. Боловсролын салбарын сургалтын талаар баримтлах бодлогын хэрэгжилт, 4. Нийгэм эдийн засгийг 2017 онд хэрэгжүүлэх үндсэн чиглэлийн 1-р улирлын тайланг хэлэлцэхээр төлөвлөсөн[1] байна.
Мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ээлжит 4 дүгээр хуралдаанаа эхэлж, тус хуралдаанаар 1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын мэдээлэл, 2. Нийгэм, эдийн засгийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөгөөний хэрэгжилт, 3. Газар эзэмшигчийн талаарх мэдээлэл, 4. Хүний эрхийг хангах хөтөлбөрийг 2017-2020 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө, 5. Төсөвт байгууллагуудын эд хөрөнгийн тоологын дүн, 6. Сум хөгжүүлэх сангийн зөвлөл, 7. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, 8. Хороодын хяналт шалгалт дүн зэрэг 8 асуудлыг хэлэлцэхээр тогтоосон байх бөгөөд эдгээр асуудлуудыг тухайн хуралдаанаар хэлэлцсэн болох нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 4 дүгээр хуралдааны дотоод журам[2], нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хуралдааны тэмдэглэл /бичмэл/ зэргээр тогтоогдож байна.
Харин тус хуралдааныг хаасны дараагаар хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөгдсөн асуудалд ороогүй Л.Пүрэвбаатарыг ажлаас нь чөлөөлөх асуудлыг гэнэт хэлэлцэж шийдвэрлэсэн болох нь “Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанд ирсэн өргөдлийн тэмдэглэл"[3] гэсэн бичгийн нотлох баримт, маргаан бүхий 29 дүгээр тогтоол[4] зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ нь хууль бус байна.
Хурлын Тэргүүлэгчид нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1-д тус тус зааснаар Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулж хэлэлцэх, 20.1.4-д зааснаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг хууль тогтоомжид заасан журмын дагуу судлан шийдвэрлэх бүрэн эрхтэй. Гэтэл хариуцагч нь Л.Пүрэвбаатартай холбогдох өргөдөл гомдлыг дээрхи хууль тогтоомжид заасны дагуу судлаж шалгаагүй, тухайн асуудлыг хэлэлцэх хуралдааныг товлон зарлахгүйгээр 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдаанаар тухайн гомдол, өргөдлийг хэлэлцсэн нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.1.4-д заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийн “хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хуралдааныг хаасны дараа хэлэлцэж шийдвэрлэсэн нь хууль бус” гэсэн тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Маргаан бүхий захиргааны актад дурьдсан Л.Пүрэвбаатарын гаргасан гэх зөрчил тус бүрийг авч үзвэл:
I. Иргэдээс удаа дараа гомдол, хүсэлт ирсэн, “Одонт туг”-ны хандивын хөрөнгө тооцоо данс баримт байхгүй, хандиваар өгсөн хонинуудыг О.Лувсан /төрсөн эцэг/-гаар дамжуулан авсан гэсний тухайд:
Хариуцагчаас иргэн Г.Тогоохүү, Д.Сүхбаатар нарын өргөдөл, гомдлыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
-Баянцогт сумын иргэн Г.Тогоохүү тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хандан “...2015 онд мал сүргийн өвөлжилт хүнд байхад Хурлын дарга Б.Энхдагуул надад мал сүргийг онд оруулах зөвлөмж бичиж өгөхийг хүссэн....би 2 хуудас зөвлөмж бичиж нарийн бичгийн дарга Л.Пүрэвбаатарт өгөөд малчдад тарааж өгөхийг даалгасан, гэтэл Л.Пүрэвбаатар малчдад зөвлөмж өгөөгүй, мартсан гэхээр нь би гар бичмэлээ өгөөд хувилаад тараачих гэж хэлсэн. Дараа нь гар бичмэлээ авах гэтэл ...хогийн саванд хийгээд шатаачихсан гэж хэлсэн. Би бүх хүмүүст хэлж өргөдөл өгсөн, сануулаад өнгөрсөн... дахиад 2017 онд өргөдөл өгсөн...” гэсэн гомдол гаргасан. Уг гомдлын дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Л.Пүрэвбаатарт сахилгын шийтгэл ногдуулж байсан болох нь Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, гэрч Г.Тогоохүүгийн гомдлын өргөдөл, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. Эдгээр үйл баримтуудаас үзэхэд Л.Пүрэвбаатарын 2015 оны 12 дугаар сард гаргасан сахилгын зөрчилд эрх бүхий этгээд зохих хариуцлагыг хүлээлгэсэн байна.
Харин дээр дурьдсан сахилгын зөрчлийг Л.Пүрэвбаатар гаргаснаас хойш 1 жил 4 сарын дараа буюу 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хариуцагч нь тухайн зөрчлийг дахин үндэслэл болгон Л.Пүрэвбаатарыг ажлаас нь халсан нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.
Учир нь Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах, мөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах журмыг 2 өөр зүйлээр зохицуулсан. Тодруулбал Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “төрийн жинхэнэ албан хаагчийг удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн /төрийн албан хаагч ажлын байрны тодорхойлолтод заасан болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр/ бол төрийн албанаас хална” гэж заасан, харин хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.1-д “төрийн албан хаагч Төрийн албаны тухай хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг болон төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн, мөн албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн бол сахилгын шийтгэл ногдуулна” гэж тус тус заасан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй байна.
Түүнчлэн сахилгын нэг зөрчилд нэг төрлийн шийтгэл ногдуулах ба давхардуулан шийтгэл ногдуулахгүй тул хариуцагч нэг зөрчилд давхардуулан хоёр хариуцлага тооцсон нь хууль бус байна.
- Баянцогт сумын иргэн Д.Сүхбаатар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандан “2016 оны 12 дугаар сарын дундуур “Одонт туг”-ны хандивт миний бие 10 хонь өгсөн. Энэ хонийг Л.Пүрэвбаатарын аав О.Лувсан очиж авсан нь үнэн” гэсэн өргөдөл гаргажээ.
Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, нутгийн өөрөө удирдах байгууллагаас хамтран зохион байгуулсан “4795 дугаартай Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, 2230 дугаартай Сүхбаатарын одон”-т туг болон “Одонт туг аялах” дэвтрийг Баянцогт сум 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч тус аяныг зохион байгуулан, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Энхдагуул 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдөр тайланг бичиж, хандив болон түүний зарцуулалтын тооцоог гаргасан болох нь хэрэгт авагдсан “Одонт туг” аяны хүрээнд хийсэн ажлын тайлан, “Одонт туг” аяны хандив, хандиваас бэлэн мөнгө зарцуулалтын тайлан, хандиваас ямаа, хонины зарцуулалт гэсэн гарчигтай жагсаалт зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдлоо.
Мөн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 01 дүгээр захирамжаар Л.Пүрэвбаатарыг тус Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилсон байна. Эдгээр үйл баримтуудаас үзэхэд Л.Пүрэвбаатарыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдохоос өмнө “Одонт туг” аяныг Баянцогт суманд зохион байгуулсан байх тул Л.Пүрэвбаатарыг “Одонт туг”-ны хандивын хөрөнгө тооцоо данс баримтыг бүрдүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна.
Үүнээс гадна 2015 онд “Одонт туг”-ны хандивт иргэн Д.Сүхбаатар 15 хурга өгөхөөр хандивын бүртгэлд бүртгүүлсэн. Мөн “Сумын Засаг дарга, Цагдаагийн газрын дарга, Хэсгийн төлөөлөгч нарын 2016 онд хамтран ажиллах гурвалсан гэрээ”-ний 3.1.6-д “Сумын Засаг дарга...цагдаагийн албан хаагчдад тодорхой хэмжээний бог, бод малыг хүнсний хэрэгцээнд дэмжлэг болгон олгож байна” гэж заасны дагуу Баянцогт сумын хэсгийн төлөөлөгч Г.Гантүшиг нь 2016 оны 12 дугаар сард Л.Пүрэвбаатарын зөвшөөрлөөр Д.Сүхбаатарынхаас хандивт өгөх 10 хонийг нь авч хүнсэндээ хэрэглэсэн, нэхэмжлэгчтэй ямар ч хамааралгүй болох нь “Одонт аянд 2-р багийн иргэдээс өгсөн хандивын бүртгэл”[5], гэрч Д.Сүхбаатарын “Одонт туг аянд 10 хонь өгнө гэж хэлсэн ... Л.Пүрэвбаатар 2 цагдааг манайх руу явуулж хонь ав гэсэн... Л.Пүрэвбаатарын аав О.Лувсан ирээд 10 хонь аваад явсан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Гантүшигийн 2017 оны 5 дугаар сарын 29, 6 дугаар сарын 27-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчид өгсөн “...Л.Пүрэвбаатар... Д.Сүхбаатарынхаас 10 хонь ав гэж хэлсэн...10 хонийг хүнсэндээ хэрэглэсэн” гэсэн мэдүүлэг, гэрч О.Лувсангийн “...би машинаар очиж 10 хонь аваад хэсгийн төлөөлөгч Г.Гантүшигт өгсөн” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Мөн эдгээр үйл баримтуудыг дүгнэн үзэхэд Л.Пүрэвбаатарыг “Одонт туг”-ны хандиваар өгсөн хонинуудыг О.Лувсан /төрсөн эцэг/-гаараа дамжуулан авсан гэх байдал тогтоогдохгүй байна. Иймээс хариуцагч талын “Л.Пүрэвбаатар “Одонт туг”-ны хандиваар цугларсан хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй, хууль бусаар захиран зарцуулсан” гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.
Хариуцагч Д.Од-Эрдэнэ Авлигатай тэмцэх газарт “Л.Пүрэвбаатар албаны эрх мэдлээ урвуулан ашигласан ...” гэх гомдол гаргасныг ...Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 47 дугаар тогтоолоор “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй” гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан байна.
II. Ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагагүй гэсний тухайд:
Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Од-Эрдэнэ 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр тус Хурлын нарийн бичгийн дарга Л.Пүрэвбаатарын үр дүнгийн гэрээний биелэлтийг 70.2 оноогоор “С” буюу “хангалттай” гэж үнэлж, уг үнэлгээнд хариуцагч Д.Од-Эрдэнэ, Л.Пүрэвбаатар нар гарын үсэг зурсан байгаа нь хэрэгт авагдсан “Үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх” илтгэх хуудсаар тогтоогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.3-д “төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмыг хуульд өөрөөр заагаагүй бол Төрийн албаны төв байгууллаган тогтооно” гэж, мөн Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.7-д “гэрээний биелэлтийг дүгнэх илтгэх хуудсанд талууд гарын үсэг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно” тус тус гэж заажээ.
Хариуцагч нь дээрх хууль, журамд заасны дагуу Л.Пүрэвбаатарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг тогтоосон журмын дагуу үнэлж, түүний 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг 70.2 оноогоор “С” буюу “хангалттай” гэж үнэлсэн атлаа хариуцагч маргаан бүхий актад Л.Пүрэвбаатарыг “ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн үүргээ хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвар, туршлагагүй” гэсэн нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “...2017 онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл хуралдаад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 2016 оны тайланг 93 хувь хангалттай гэж үзээд 100 хувийн саналаар дэмжиж баталсан, хурал дээр Хурлын дарга өөрөө сууж байсан, мөн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тайланг аймгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт гаргаж өгдөг, төлөвлөгөөний хэрэгжилт 82 хувьтай хэрэгжсэн гэж тайлангаа аймагт өгч дүгнүүлсэн” гэсэн тайлбарыг хариуцагчаас үгүйсгэж маргахгүй байна. Иймээс Л.Пүрэвбаатар ажил үүргээ хангалттай биелүүлж, дүгнүүлж байсан байна гэж шүүх дүгнэлээ.
III. “Төрийн албан хаагчийн ёс зүйн болон эрхэмлэх зарчим баримтлаагүй, байгууллагын нууц задруулсан, үнэнч байдлыг эрхэмлээгүй”, “ажлын цаг ашиглалт муу, бүтээмжгүй”, “ажлын цагаар архи ууж согтуурхаж сахилгын зөрчил гаргасан”, “сургалт семинарт явах шатахуун болон бусад албаны үйл ажиллагаанд зарцуулагдах бэлэн мөнгийг ил тод зарцуулаагүй, баримтгүй ашиглан завших зөрчил гаргасан” гэсний тухайд:
Хууль тогтоогчоос Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйл, 15 дугаар зүйлүүдэд төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүрэг, төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг тус тус тодорхойлж, хуулийн 26 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагч энэ хуулийн 13, 15 дугаар зүйлд заасныг зөрчсөн бол сахилгын шийтгэл ногдуулахаар журамласан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д заасны дагуу Засгийн газар 1995 оны 6 сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг баталсан байна.
Маргаан бүхий захиргааны актад заасан “Төрийн албан хаагчийн ёс зүйн болон эрхэмлэх зарчим баримтлаагүй, байгууллагын нууц задруулсан, үнэнч байдлыг эрхэмлээгүй, ажлын цаг ашиглалт муу, бүтээмжгүй, ажлын цагаар архи ууж согтуурхаж сахилгын зөрчил гаргасан, сургалт семинарт явах шатахуун болон бусад албаны үйл ажиллагаанд зарцуулагдах бэлэн мөнгийг ил тод зарцуулаагүй, баримтгүй ашиглан завшсан” гэх зөрчлүүд нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, .13.1.3, 13.1.5, 13.1.7-д тус тус заасан төрийн жинхэнэ албан хаагчийн “Монгол улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх”, “өргөсөн тангарагтаа үнэнч байх”, “...ард түмний тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэх, ...төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах” зэрэг нийтлэг үүргээ биелүүлсэн эсэхтэй холбогдох, сахилгын зөрчлүүд гэж үзэхээр байна.
Харин хариуцагч нь Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолын 1.4-д “Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна...” гэж заасныг зөрчиж, Л.Пүрэвбаатар дээр дурьдсан зөрчлүүдийг гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй, Л.Пүрэвбаатарт зөрчил гаргасан гэх баримт, үндэслэлийг урьдчилан танилцуулаагүй болох нь хариуцагчийн “...Хурал дээр ярьсан зүйлүүдийг Л.Пүрэвбаатар тараасан, ...баримтжуулсан зүйл байхгүй, би өөрөө сонссон... Л.Пүрэвбаатар согтуу орж ирсэн... өөрөө гуйгаад байсан учир арга хэмжээ аваагүй...би удаа дараа сануулж байсан...ажил тасалсан, би цагийг нь бүртгэж байсан... сургалтад явах шатахууныг С.Ганчимэгт цохсон... 20 литрийг үлдээгээд явсан, шатахуун түгээх газар үлдсэн 20 литр шатахууныг Л.Пүрэвбаатар ирээд авсан гэж хэлсэн гэсэн...” гэх тайлбаруудаар тогтоогдож байна.
Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэвэл хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан “захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох”, 24.2-д заасан “бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх” үүргээ тус тус зөрчсөнөөс захиргааны акт зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байна гэж шүүх үзлээ.
Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1-т төрийн жинхэнэ албан хаагчийг “ ...хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн...” бол төрийн албанаас халахаар зааснаас гадна төрийн албан хаагч хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-т заасан “...энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгаагаар хангагдсан байна. Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасан журмын дагуу Л.Пүрэвбаатарыг ажлаас халах үндэслэл тогтоогдоогүй байхад түүнийг ажлаас халж, түүний төрийн жинхэнэ алба хаах эрх, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн болох нь тогтоогдож байх тул Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Л.Пүрэвбаатарыг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-т “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж, 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор... олгоно” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч Л.Пүрэвбаатарт 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацаа болох нийт 8 сар 10 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /1 сарын цалин 796464 төгрөг*ажилгүй байсан 8 сар 10 хоног/ нийт 6.742.160 /зургаан сая долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун жаран/ төгрөгөөс ээлжийн амралтын олговор болох 494075 /дөрвөн зуун ерэн дөрвөн мянга далан таван/ төгрөгийг хасч, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон суутгаж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 29 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Л.Пүрэвбаатарыг урьд эрхэлж байсан Төв аймгийн Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т тус тус заасныг баримтлан Л.Пүрэвбаатарын ажилгүй байсан 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор нийт 6.742.160 /зургаан сая долоон зуун дөчин хоёр мянга нэг зуун жаран/ төгрөгөөс ээлжийн амралтын олговор болох 494075 /дөрвөн зуун ерөн дөрвөн мянга далан таван/ төгрөгийг хасч, хариуцагч Баянцогт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас гаргуулан Л.Пүрэвбаатарт олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Пүрэвбаатарт олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН
[1] Хэргийн 106-107 дугаар хуудас,
[2] Хэргийн 108 дугаар хуудас,
[3] Хэргийн 40-46 дугаар хуудас
[4] Хэргийн 122-р хуудас,
[5] Хэргийн 99 дүгээр хуудас,