Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 41

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Прокурор О.Батнасан

         Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

       Ялтан Н.*******т оногдуулсан хорих ялыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, ял дүйцүүлэн хасах тухай асуудлаар гарсан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 тоот шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр Н.*******т холбогдох ялтны хувийн хэргийн материалыг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Өмнөговь аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас тус аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: Н.******* нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 10 /арав/ хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний ялын тооцоог 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон бодоход биеэр эдэлсэн ял 1 жил 28 хоног, шагналын 3 сар 20 хоног, нийт эдэлсэн ял 1 жил 4 сар 18 хоног болжээ. Иймд Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн  3-т заасныг үндэслэн хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             Анхан шатны шүүх: Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ялын эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 8 хоногийн хорих ялаас 2 жил 25 хоногийн хорих ялыг хасаж шийдвэрлэжээ.

          Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:    Сум дундын шүүх шийдвэртээ ялтан Н.*******ын ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг шийдвэрлээгүй орхигдуулж, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй талаар дурьдаагүй учир Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжийг зөвтгөж өгнө үү гэжээ.

         Прокуророос давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.9-д заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуралдааны тэмдэглэл дуу-дүрсний бичлэг зөрүүтэй гарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдлоо. Учир нь:

         Өмнөговь аймгийн Прокурорын газарт тус аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Н.******* нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 10 /арав/ хоногийн хорих ялаар шийтгүүлсэн. Түүний ялын тооцоог 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон бодоход нийт эдэлсэн ял 1 жил 4 сар 18 хоног болсон учир Н.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг ирүүлсэн /хх-74/ байхад Н.*******т холбогдох ялтны хувийн хэргийн материалыг анхан шатны шүүхэд шилжүүлэх болсонтой холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх дээрх материалыг хүлээн авч шийдвэрлэжээ.

           Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэлд /хх-75/ ...шүүх хуралдаанаар ялтан ******* овогтой *******ын баривчлах ялаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ, ...шүүх хуралдаанд ялтан Н.******* нар ирсэн, ...баривчлах ял шийтгүүлсэн хугацаа чинь хэзээ вэ, ...прокуророос Эрүүгийн хуулийн дагуу үлдэж байгаа баривчлах ялаас нь чөлөөлүүлэх саналтай байна гэж, мөн ялтны биеийн байцаалтыг буруу бичсэн байх бөгөөд дээрх шүүх хуралдааны тэмдэглэл нь Н.*******т холбогдох материалыг хэлэлцсэн тухай дуу-дүрсний бичлэгтэй харьцуулан үзэхэд зөрүүтэй гарчээ.

          Ялтан Н.*******ын хорих ялаас хасах тухай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай захирамжинд /хх-76/ ...Н.*******ын хорих ялаас хасах тухай прокурорын дүгнэлтийг ялтны хувийн хэргийн хамт хүлээн авч гэж бичсэн боловч ялтны хувийн хэрэгт прокурорын дүгнэлт авагдаагүй байна.

          Мөн шүүгчийн захирамжийн тодорхойлох болон тогтоох хэсэгт ялтанд оногдуулсан ялын төрөл хэмжээ нь шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг өөрчилсэн байдлыг тусгаагүй, энэ талаар дүгнэлт хийгээгүй, дэглэм шинээр тогтоосон тухай тусгаагүй байна.

           Иймээс шүүгчийн захирамж нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхэд гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж өгөхийг хүссэн прокурор О.Батнасангийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Н.*******т холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.9, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.*******т холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАСАНЖАРГАЛ

            ШҮҮГЧИД                                                  Т.БЯМБАЖАВ

                                                                               Х.ГЭРЭЛМАА