Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0352

 

Д.Эийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Д.Эийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/909 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг үндэслэн нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих эрх хэмжээнийхээ хүрээнд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Иргэн Д.Э нь зориулалтын дагуу ашиглаагүй байна.

Захиргааны байгууллага буюу Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасны дагуу нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хийсэн ба Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Энэ хуулийн 24.1-д заасан ажиллагаа явагдах хэлбэр болон хамрах хүрээг захиргааны байгууллага тогтоохдоо оролцогчийн гаргасан нотлох баримт, өргөдөл, хүсэлтийг харгалзан өөрөө бие даан шийдвэрлэнэ” гэх эрх хэмжээг мөн үгүйсгэсэн нь хууль бус болжээ” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/909 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1-д заасныг тус тус үндэслэн Д.Э нь “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” хэмээн 000049987, 000049988, 000046670, 000060803, 000046669 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг, А/1097 дугаар захирамжийн иргэн Д.Эт холбогдох хавсралтын 10-14 дэх хэсгийг тус тус хүчингүй болгожээ.

Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хууль болон Газрын тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хариуцагч нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч Д.Эийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн хуулийн урьдчилсан нөхцөл бодит байдалд бий болоогүй буюу бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус байх бөгөөд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон ...” гэж заасанд нийцээгүй.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А/1097 дугаар захирамжаар нэхэмжлэгч Д.Эт Сонгинохайрхан дүүрэгт орон сууц, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар 28504 м.кв, 50000 м.кв, 145114 м.кв /96114 болсон/, 1245 м.кв, 45000 м.кв газруудыг эзэмшүүлж, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 01116-2019/05964, 01116-2019/05967, 01116-2019/05966, 01116-2019/05968 01116-2019/05969 дугаартай “иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга, газар зохион байгуулагч, нэхэмжлэгч Д.Э нар байгуулж, газрын төлбөрөө төлж байсан болон шүүхийн үзлэгээр хариуцагчаас нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлсэн гэх 03-06/2959 дугаар албан бичиг нь “Хаягт байхгүй” гэсэн үндэслэлээр буцаж ирсэн, маргаан бүхий газруудыг бүхэлд нь хашаалж, тухайн газар дээр худаг гаргасан, барилгын суурь хийсэн, малын өвс, тэжээл худалдан борлуулах цэг ажиллуулж байгаа зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Төрийн захиргааны байгууллага нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахын өмнө зайлшгүй урьдчилан бодит нөхцөл байдлыг бүрэн судалж, тогтоон, газар эзэмшигчийн оролцоог нь хангасны үндсэн дээр эрх зүйн үндэслэлтэй шийдвэр гаргах учиртай. Гэтэл энэхүү хэргийн тухайд мэдэгдэх, сонсгох ажиллагааг бүрэн хийгээгүй, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ямар нэгэн зөрчилгүй гэж үзэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан атлаа 2020 онд нэхэмжлэгчийг 2 жил дараалан газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзэж, түүний эрхэд халдаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6. “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн гэж үзнэ.

Мөн нэхэмжлэгч “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх тухайд хариуцагч захиргааны байгууллагын зүгээс энэхүү гэрээний үүргийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьсан /Гэрээний 5.1 Газрыг гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж байгаа эсэхийг хянах/, гэрээний үүргийн зөрчлийг арилгах талаар ямар шаардлага тавьсан, түүнийг нь газар эзэмшигчийн зүгээс хэрхэн яаж удаа дараа буюу ноцтойгоор зөрчсөн /Гэрээний 5.2/ зэрэг нь тодорхойгүй, гэрээг дүгнээгүй /Гэрээний 5.4/, гэрээ дүгнэх 1 жилийн хугацаа болоогүй байхад буюу гэрээ байгуулагдсанаас хойш 7 сар гаруй хугацааны дараа маргаан бүхий актыг гаргасан нь захиргааны акт “бодит нөхцөлд тохироогүй” байна.

Энэ тохиолдолд гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө төлж, үйл ажиллагаа явуулж буй нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасны дагуу хууль ёсны итгэлийг хамгаалагдах учиртай.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т заасны дагуу нөхцөл байдлыг тогтоож, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хийсэн” гэж давж заалдах гомдолдоо дурдах боловч хавтаст хэрэгт нэхэмжлэгчийг “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” зөрчил гаргасан гэдгийг хариуцагчаас хэрхэн яаж тогтоосон, ямар баримтад үндэслэж дээрх зөрчлийг гаргасан гэж үзсэн, бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хэрхэн яаж хэрэгжүүлсэн талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд гомдолдоо бодит нөхцөл байдлыг тогтоосон ямар баримт гаргаж өгснийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, дүгнээгүй талаар үндэслэлтэй тайлбар гаргаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 329 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН