Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 674

 

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 2020        04         13                                   2020/ШЦТ/674    

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Н.Дуламсүрэн,   

Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Хохирогч С.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Т.О,

Шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т.О, О.О нарт холбогдох 1906 07487 0667 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Т.О,

 О.О,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О, О.О нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний орой Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Улаанхуарангийн 4-134 тоот хашаанд Т.Мөнх-Эрдэнийг өмөөрч иргэн С.Эрдэнэбаатарыг зодож тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацар, духны зөөлөн эдийн няцрал, духын баруун хэсгийн зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                  /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалхад шүүгдэгч Т.О, О.О нар нь бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь:

 

Хохирогч С.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Мак компанийн шинэ жил болж Өмнөговь аймгаас ирж оролцож байгаа Мөнх-Эрдэнэ гэх залуу согтуу тасарсан, хотод таньж мэдэх, хонох айл байхгүй гээд байхаар нь би машиндаа суулгаад найз Ууганбаяраар машинаа бариулаад Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт ирсэн. Мөнх-Эрдэнэ гайгүй болоод сэричхээд Ууганбаяртай маргалдаад байсан. Ууганбаяр, Мөнх-Эрдэнэ нар бие биенийгээ таньдаг. Мөнх-Эрдэнэ чи намайг таниж мэдэх хүнгүй гээд дээрэлхээд байна гээд байсан.

... Би хашаанд оруулж өгөхөд Мөнх-Эрдэнэ намайг дээрэлхээд байна, ална шүү гээд агсам тавиад Ууганбаяр руу дайраад байсан. Гэрээс ах, эгч 2 нь нэг залуугийн хамт гарч ирсэн. Ах нь гарч ирээд чи архи уусан бол ороод унтаач гээд Мөнх-Эрдэнийг цохиод авсан. Мөнх-Эрдэнэ миний гарнаас явуулахгүй гээд татаад би явах гээд гараа татаж авахад Мөнх-Эрдэнэ газар уначихсан. Тэгтэл ах нь чи хашаан дотор орж ирээд миний дүүг зодлоо гээд дайраад байсан. Ууганбаярын хамт хашаанаас гарч явахад ах нь гэх залуу гүйж ирээд миний шанаа руу нэг удаа цохиж газар унагаасан. Би хашаа налаад явган сууж байхад ах нь гэх залуу миний нүүрэн тус газар нэг цохиж, нэг удаа өшиглөсөн. Ууганбаяр ах нь гэх залууг салгаж байхад гэрээс нь гарч ирсэн залуухан залуу миний толгой руу өшиглөсөн. Тэгээд Ууганбаяр салгаад цагдаад хандсан. Т.О нүүрэн тус газар нэг удаа цохиод би доошоо суусан байхад Т.О тус газар нэг удаа өшиглөсөн. Би доошоо суугаад байж байхад О.О нүүр, толгой орчим өшиглөсөн гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

 

Гэрч А.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

... Мөнх-Эрдэнэ нь Эрдэнэбаатар бид хоёрыг хөөе банди нар минь нааш ир гээд дуудаад байсан. Тухайн үед Мөнх-Эрдэнийн ах Т.О, хүүхэд нь болох О.О нар гараад ирсэн байсан. Эхнэр Дэлгэрмаа нь бас гарч ирсэн. Т.О гэх хүн хашаанд орж ирчихээд хүүхэд дээрэлхээд зодлоо гээд байсан. Эрдэнэбаатар Мөнх-Эрдэнийн гарнаас барьж байгаад тавиулах гээд татахад Мөнх-Эрдэнэ унасан. Тэгтэл Т.О гэх хүн Эрдэнэбаатарын нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Эрдэнэбаатар нүүрээ дараад доошоо суухад Т.О Эрдэнбаатарын нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн. О.О гэх хүүхэд нь бас Эрдэнэбаатарын нүүрэн тус газар нэг удаа өшиглөсөн. Хурманбай ах бид хоёр дундуур нь ороод салгасан. Тэгээд машины хажууд очоод гэрэлд нүүрийг нь харахад нүдэнд нь цус хураад, ам нь цус болсон байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Т.Хурманбайн мөрдөн байцаалтад өгсөн:

...Мөнх-Эрдэнийн ах нь болох настайвтар хүнд түүнийг хүлээлгэж өгөх үед машинд цүнхээ мартсан байна гэхээр нь цүнхийг нь аваад буцаж ирэх үед С.Эрдэнэбаатар зодуулсан байдалтай баруун талын нүд хөмсөг хэсгийг гараараа дарж Т.Мөнх-Эрдэнийн ахтай нь маргалдаж байхаар нь би салгаж аваад гарсан. Яг хэн хэдэн удаа хаана нь цохиж зодсоныг хараагүй гэх мэдүүлэг /хх-ийн 67/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 211 дугаартай:

С.Эрдэнэбаатарын биед тархи доргилт, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацар, духны зөөлөн эдийн няцрал, духны баруун хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/,

 

Шүүгдэгч Т.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:

...Эрдэнэбаатар Мөнх-Эрдэнийг хавсраад унагаасан.Отгогнтулга араас барьсан байсан байж байгаад хамт унасан.Тэгэхээр нь би айлын хашаанд орж ирчихээд яагаад дээрэлхээд байгаа юм гэж хэлсэн. Эрдэнэбаатар хаалга руу зугатаагаадтүрүүлж гараад хаалга дарсан. Тэгэхээр нь би хүчтэй түлхэхэд хаалгандаа цохигдоод хашаа налаад суусан. Би Эрдэнэбаатарыг нүүрэн тус газар нь нэг алгадаж, 1 цохиод өвдөг рүү тавчиктай хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгж байтал нөгөө хэдэн залуучууд нь хойноос гарч ирээд намайг тойроод байсан.Та нар настай хүн дээрэлхээд байна уу гээд зогсож байиал манай хүү О.О гарч ирээд намайг аавыг дээрэлхэх гээд байна уу чадахгүй шүү гээд хажууд зогсож байсан гэх мэдүүлэг /хх-ий 56/,

 

Шүүгдэгч О.О мөрдөн байцаалтад өгсөн:

... хашааны хаалга хүчтэй дуугарах шиг болохоор нь би гүйгээд гараад очсон. Хашааны гадаа очиход дөрвөн залуу аав Т.Оийг тойроод зогссон байсан.Эрдэнэбаатар гэх залуу аав Т.Оийг энгэрээс нь заамдсан байсан. Тэгээд тавиулаад гарыг салгаж тавиулаад та нар хөгшин хүмүүс дээрэлхээд байгаа юм уу  гэсэн. О.Оа гэртээ ор гэж аавыг хэлэхээр нь би гэр рүүгээ орсон гэх мэдүүлэг /хх-ий 62/,

 

-зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 6/,

-хохирогч С.Эрдэнэбаатарын эмчилгээний талаарх баримтууд /хх 30-33/,

-хохиролын талаарх баримтууд /хх-ийн 49-50/,    

 

Хавтаст хэргээс: Т.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, дансны хуулга, бусад хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-ийн 68-81/, О.О эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, бусад хувийн байдлыг тодорхойлох баримт /хх-ийн 82-86/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Т.О, О.О нар нь бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний орой Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улаанхуарангийн 4-134 тоот хашаанд иргэн С.Эрдэнэбаатарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч, шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. 

 

Нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдож шүүгдэгч Т.О, О.О нар нь бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Шүүгдэгч Т.О, О.О нарыг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 163.000 төгрөг нэхэмжилж нотлох баримтыг хэрэгт хавсаргасан байна. Уг хохиролыг шүүгдэгч нар төлөх ёстой учир тэднээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Уг гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирол нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэйгээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгч нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Т.Оийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.

 

Шүүхээс ял шийтгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохиролын хэмжээ, хохиролыг төлж барагдуулаагүй байдал, хувийн байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, шүүх хуралдаанд оролцогч нарын дүгнэлт зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч О.О гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон байхад хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир ялыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Түнтгэрийн Т.О, Боржигон овогт Т.Оийн О.О нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч О.Оыг таван зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун хорин таван мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэргийн учир шүүгдэгч Т.О, О.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, О.О нараас 163.000 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж хохирогч С.Эрдэнэбаатар /УЛ99032513/-т олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь уг гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохиролын талаарх нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эртэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.О, О.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БААСАНБАТ