Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 466

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Б.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийж, Б.*******ын хүсэлттэй улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн иргэн ******* овогт *******гийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Би 1977 онд Шарын гол дахь Усны аж ахуйн техникумыг гидротехникч мэргэжлээр төгсөж, Завхан аймгийн Усны аж ахуйг удирдах газарт /хуучин нэрээр/ 1977 оны 07-р сарын 26-наас хөдөлмөрийн гараагаа эхлэж 1995 оны 03-р сарын 15-ныг хүртэл ажилласан. 1992 оны 03-р сард өмч хувьчлал явагдаж Усны аж ахуйн контор 5-6 жижиг аж ахуйн нэгж болон зохион байгуулагдахад өөрийн мэргэжлийн дагуу усны хайгуул өрөмдлөгийн Оргил ББХК-нд шилжин 1995 оны 03-р сарын 15 хүртэл ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний Оргил ББХК-нд ажилласан 2 жил 11 сар 16 хоногийн хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.******* нь 1992 оны 03-р сараас 1995 оны 03-р сарын 15-ны өдөр хүртэл Усны аж ахуйн Оргил ББХК-нд тодорхойлогч операторчноор ажиллаж байсан болохоо тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

Завхан аймгийн Архивын тасгийн 2016 оны 10-р сарын 07-ны өдрийн А/754 тоот лавлагаанд Б.******* нь 1992-1995 онд Усны аж ахуйн Оргил компанид тодорхойлогчоор ажиллаж байсан тухайгаа тодруулахыг хүссэний дагуу архивын баримт шүүн үзэхэд: 1992-1995 оны Усны аж ахуйн Оргил компаны баримт манай архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй гэжээ.

Хүсэлт гаргагч Б.*******ын ажиллаж байсан байдлууд архивын лавлагаагаар гарч ирээгүй хэдий ч түүний 1977 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаа, Завхан аймгийн НДХ-ийн архивын тодорхойлолт, Завхан аймгийн Усны аж ахуйн конторын даргын 1992 оны 03-р сарын 30-ны өдрийн 36 тоот тушаалын хавсралт зэргийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж шүүх үзэв.

Б.*******ын 1977 онд нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 05-рт 1992.03.23-наас Аж ахуйн хэвшил өөрчлөгдсөн тул ажлаас нь чөлөөлж Оргил компанид шилжүүлэв гэсэн,

06-рт 1992.03.31-ний өдрөөс Усны аж ахуйн Оргил ББХК-нд тодорхойлогч оператороор авч ажиллуулав гэсэн,

07-рт 1995.03.15-наас өөрийн хүсэлтийн дагуу Оргил ББХК-ны тодорхойлогчийн ажлаас чөлөөлөв гэсэн бичилтүүд тус тус хийгджээ.

Дээрх бичилтүүд үнэн зөв хийгдсэн болох нь Завхан аймгийн Усны аж ахуйн конторын даргын 1992 оны 03-р сарын 30-ны өдрийн 36 тоот тушаалын хавсралтанд Оргил компани Б.******* гэж бичсэнээр, мөн гэрч Д.*******гийн Би 1981 оноос эхлэж Усны аж ахуйн удирдах газарт өрөмийн мастераар ажиллаж байгаад манай газар 1992 онд Оргил компани болоход мөн тэнд өрөмийн мастераар ажиллаж байсан юм. ******* яг хэдэн онд ажилд орсныг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан энэ газарт геофизикийн хайгуулын тодорхойлогчоор ажиллаж байгаад мөн компанид энэ ажлаа хийж байсан юм. Бид Оргил компанийг таран тартал цуг ажиллаж байсан нь үнэн юм. Компани яг хэдэн онд тарсныг мөн сайн санахгүй байна гэсэн мэдүүлэг,

Гэрч Ё.*******ын Би 1977 оноос эхлэж Усны аж ахуйн удирдах газарт усны хайгуулын операторчноор ажиллаж байгаад манай газар 1992 онд Оргил компани болоход мөн тэнд операторчноор ажиллаж байсан юм. ******* мөн 1977 оноос энэ газарт геофизикийн хайгуулын тодорхойлогчоор ажиллаж байгаад мөн компанид энэ ажлаа хийж байсан юм. Манай компани 1995 онд татан буугдаж байсан юм. Тэр болтол ******* бид нар цуг ажиллаж байсан нь үнэн юм. 1995 онд манай компани Нэмүү гэдэг нэртэй боллоо гэж байсан, тэгээд л удаагүй тарсан даа гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна.

Завхан аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан Усны аж ахуйн Оргил ББХК нь 1992 оны 01-р сарын 01-нээс эхэлж НД-ийн шимтгэл төлж байсан, 1992 оны 03-р сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл НДШимтгэл төлж байсан болох нь Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн бүртгэлийн архивын лавлагаа болон Завхан аймгийн НДХ-ийн архивын тодорхойлолтоор тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт ач холбогдолтой байх тул тэдгээрийг шүүх үнэн зөвд тооцож шийдвэрийн үндэслэл болголоо.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хүсэлт гаргагч Б.*******ыг 1992 оны 03-р сарын 23-ны өдрөөс 1995 оны 03-р сарын 15-ны өдөр хүртэл Усны аж ахуйн Оргил ББХК-нд тодорхойлогч операторчноор ажиллаж байснаар тогтоох үндэстэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, хэсэгт заасныг баримтлан ******* овгийн *******гийн *******ыг 1992 оны 03-р сарын 23-ны өдрөөс 1995 оны 03-р сарын 15-ны өдөр хүртэл Усны аж ахуйн Оргил ББХК-нд тодорхойлогч операторчноор ажиллаж байснаар тогтоосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

ДАРГАЛАГЧ Ш.ОДОНЗУЛ