Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 110

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч А.Мөнхзул,

хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Энхбуйр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0970/

шүүгдэгч У.Э, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1851/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Уын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Б овогт Уын Э нь Монгол Улсын иргэн, 1993 оны 6 дугаар сарын 26-нд Улаанбаатар хотод төрсөн, боловсролгүй, мэргэжилгүй, “...” ХХК-нд ачигчаар ажилладаг, ам бүл 11, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

У.Э нь 2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг  “...” караоке баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан иргэн Ц.Бын нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, хэвлийн тус газар нь хоёр удаа өшиглөж зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч У.Эээс: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Ц.Б мэдүүлэхдээ: 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр манай ажлынхан “...” нэртэй караоке бааранд байна гээд намайг дуудахаар нь 22 цагийн үед очсон. Тэнд нэг шил архи уугаад гарсан. У.Э намайг зүгээр байхад шууд баруун гараараа толгойн баруун хэсэгт цохисон, газар унахад 2-3 удаа цээж рүү өшиглөсөн. Нэг сэрэхэд бүгд байгаагүй. Би арай гэж такси бариад гэртээ очоод явж чадахгүй хашаан дотроо байхад эхнэр гарч ирж намайг гэртээ оруулсан. Тэр шөнөжин бие өвдөөд маргааш нь буюу 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед Гэмтэл согог судлалын төв эмнэлэгт очиж үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хагалгаанд орсон. Эээс 1.000.000 төгрөг эмчилгээний зардалд авсан. Хохиролд цалин хөлс 2.120.000 төгрөг, намайг эмнэлэгт асарсан эхнэрийн цалин хөлс нэг сарын 400.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг, эмчилгээний зардал зэрэгт 4.097.111 төгрөгийн нэхэмжилсэн. Үүнээс төлсөн 1.000.000 төгрөгийг хасч, үлдэх төлбөрийг нэхэмжилнэ гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1.Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 14-нд өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 16-нд ажлын газрын хүмүүс утсаар залгаад байгууллагын ажилчид эрчүүдээ хүлээн авч байна хүрээд ир гээд дуудахаар нь 21 цагийн үед байх, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “...” нэртэй караоке бааранд очсон. Тэнд ууж идэж байгаад хамт ажилладаг Э, Баярсайхан хоёртой үлдээд баарнаас шөнө гарсан. Баарнаас гарах үед Э миний нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Би газар унасан чинь гэдсэнд хөлөөрөө 1-2 удаа өшиглөх үед би ухаан алдсан. Ганцаараа хэвтэж байгаад сэрсэн. Э Баярсайхан хоёр явчихсан байсан. Би зам дээрээс такси бариад хүргэн ах Энхтөрийн гэр рүү орж чадаагүй, хашаанд нь ороод сууж байтал эхнэр ирж гэрт оруулаад унтсан. Маргааш нь түргэн дуудаж үзүүлээд гэмтлийн эмнэлэгт ирж хэвтээд бүдүүн гэдэсний хагалгаанд орж бүдүүн гэдсээ тайруулсан. Э ямар шалтгаанаар намайг цохисныг мэдэхгүй, баруун нүдэнд гараа атгаж байгаад нэг удаа цохин газар унах үед гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн. Би ухаан алдсан. ...Баруун нүд хөхөрч байгаад эдгэсэн, одоо дотор эрхтнээ эмчлүүлж байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг [1],

-2018 оны 5 дугаар сарын 22-нд хохирогчоор дахин өгсөн:

“... Сүүлд бодож байхад Э миний баруун нүдэнд нэг удаа цохих үед би газар унасан, тэгтэл дээрээс нэмж цээж, хэвлий хэсэгт өшиглөх үед би ухаан алдсан, дэргэд хамт ажилладаг Баярсайхан Эийн дүү Эрдэнэбаяр нар хараад зогсож байсан. Тэр хоёр намайг цохиж зодоогүй. Гэмтлийг Э хөлөөрөө цээж хэвлий хэсэгт өшиглөж байхдаа учруулсан. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. Зардалд  1,000,000 төгрөг авсан. Дараа нь дахин эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, ажилгүй болсон, өр зээлтэй байгаа, түүнийгээ төлж чадахгүй, ажлаа ч хийж чадахгүй байна. Мөн эхнэр намайг асарч байгаа тул ажлаа хийж чадахгүй байна. Цаашид эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ...“ гэх мэдүүлэг [2],

-2018 оны 9 дүгээр сарын 13-нд хохирогчоор дахин өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг үнэн. Надад учруулсан хүнд болон хөнгөн гэмтлийг Э намайг гараараа нүүрэнд нэг удаа цохиж, хөлөөрөө хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөн зодож байхдаа учруулсан. Би шүүх хурал дээр өгсөн тайлбартаа Э, Эрдэнэбаярыг өшиглөсөн гээд хэлсэн. Би шүүх хурал дээр хоёр мэдүүлгийнхээ зөрүүг ойлгоогүй тайлбар өгсөн байна. Эрдэнэбаяр намайг цохиж зодсон асуудал байхгүй. Дээрхи гэмтлийг зөвхөн Э надад учруулсан. Намайг цохиж байхыг Баярсайхан харж байсан. ...Э нэг удаа нүүрэнд гараараа цохиж хэвлий хэсэгт хөлөөрөө 2-3 удаа өшиглөх үед би ухаан алдсан. Надад учирсан гэмтлийг Э хөлөөрөө хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөж байхдаа учруулсан. ...Дахин эмчилгээнд хэрэглэх 3.587.000 төгрөг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг [3],

 

2. Гэрч О.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 21-нд өгсөн:

“...Би нөхөр Ц.Б, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбитын 80-54 тоотод амьдардаг. Манай нөхөр ...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянхошуунд байдаг хүргэн ах Энхтөрийн /88262959/ гэрт хамт байж байгаад орой 20 цагийн үед цэргийн баяр болж байгаа гээд надад манай ажлынхан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “...” пабад байна гээд явсан. 2018 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед ирэхгүй болохоор нь санаа зовоод гэрээсээ гартал хашаан дотор довжоон дээр хүн сууж байхаар нь гайхаад очтол манай нөхөр сууж байсан. Тэгэхээр нь би юу хийж сууж байгаа талаар асуухад хэвлийгээр өвдөөд байна, явж чадахгүй байна гэхээр нь би юу болсон талаар асуухад мэдэхгүй ямар ч байсан энд ирснээ л мэдэж байна гээд нилээд согтолттой байсан. Би нөхрийгөө түшиж гэрт оруулсан. Шөнө унтахгүй хөрвөөгөөд байсан. Тэгээд өглөө орноосоо босоод бөөлжөөд байсан. Орой 21 цагийн үед бие нь нэг л муу байгаад байхаар нь түргэн дуудаж үзүүлтэл хэвлийдээ гэмтэлтэй байна, яаралтай явж гэмтэлд үзүүл гэхээр нь би эгч Ганчимэг, нөхөр Быг дагуулаад 22 цаг 40 минутын орчим гэмтэл дээр очиж эмчид үзүүлсэн. Тухайн эмч манай нөхрийг хэвлийдээ гэмтэлтэй байна, хэвтүүлнэ гэсэн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өглөө манай нөхрийн бүдүүн гэдсэнд гэмтэлтэй байна гээд бүдүүн гэдсийг нь тайрсан. Б нь Э, Баяраа хоёртой маргалдаж байснаа санаж байна гэж 2018 оны 3 дугаар сарын 18-ны өглөө эмнэлэг дээр байхад надад хэлсэн. Харин Э, Баяраа хоёртой уулзахад тэр хоёр Этэй маргалдсан, Баяраа салгасан гэж надад хэлж байсан. ...“ гэх мэдүүлэг [4],

-2018 оны 5 дугаар сарын 16-нд гэрчээр дахин өгсөн:

“...Бын хэлснээр хамт ажилладаг Э дүүтэйгээ нийлж зодсон гэж анх хэлсэн, одоо бие нь гайгүй болоод ирсэн чинь Э нүүрэнд нь гараараа цохиж унагаагаад унах үед нь хэвлий рүү өшиглөж зодсон гэж хэлсэн.

Нөхөр ажлынхантайгаа уулзана гээд намайг болон хүүхдүүдийн хамт хүргэн ахыд  үлдээгээд явсан. Шөнөөр хүргэн ахынд байж байгаад нойл ороод гэртээ орох гэтэл нөхөр Б хашаан дотор орж ирээд ганцаараа сууж байсан. ...тухайн үед намайг харахад нөхөр Бын баруун нүд нь хөхөрч хавдсан байдалтай, гэдэс хөндүүртэй хэвлийгээр өвдөөд байна гэхээр нь би түшээд гэрт оруулж хэвтүүлсэн. Гэрт орж ирээд эвхрэлдэж  хэвтээд шөнөжин ногоон өнгөөр бөөлжиж хоносон. Маргааш нь өдөржин өвдөөд байхаар нь орой 21 цагийн үед түргэн дуудаж үзүүлсэн чинь харин дотуур гэмтэлтэй байж магадгүй гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэсний дагуу очиж үзүүлсэн чинь эход харуулаад хэвт гэсэн. ...” гэх мэдүүлэг [5],

 

3. Гэрч А.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 15-нд өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Алтан тариа” ХХК-ний эзэмшлийн пабад орж тэнд няравууд эрчүүдээ хүлээн авч хоолонд оруулсан юм. Тэндээ ууж идэж байгаад 21 цагийн үед үргэлжлүүлж “...” нэртэй караоке бааранд орж дуулж байх үед би муудаад хэсэг унтсан. Сэрсэн чинь Б ирчихсэн дуулаад, архи ууж байсан. Тэндээс удаагүй 23 цагийн үед бүгд хамт гарсан. Үүдэн дээрээс цувж явсаар байгаад хамт ажилладаг Б, Э бид гурав үлдсэн байсан. Э манай дүү машинтай ирж байгаа, та хоёрыг хүргээд өгнө гэж байсан. Тэгтэл нэг мэдсэн Э, Б хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Б Эийн нүүрэнд нэг удаа цохих үед Э газар унаад босч ирэнгүүтээ зөрүүлээд Бын нүүрэнд нэг удаа цохисон. Б газар унах үед хоорондоо зууралдаад салахгүй байхаар нь би салгаж байтал Эийн дүү машинтай ирээд хамт салцгаасан. Тэр үед Б Эийн дүү Эрдэнэбаяртай муудалцаад байсан. Тэгэхээр нь би Эийг салгаж аваад машинд суулгасан. Эийн дүү машинаа асаасан чинь Б газраас чулуу аваад машин руу шидээд байхаар нь тэндээс бид гурав Быг орхиод явсан. Ийм л асуудал болсон. Б эхлээд Эийн нүүрэнд нэг удаа цохисон. Э зөрүүлээд нэг удаа нүүрэнд нь гараараа цохисон, тэд хоорондоо зууралдаад газар унах үед нь би салгасан. Э, Б хоёрыг салгаж байхад дүү Эрдэнэбаяр нь Быг цааш нь гараараа түлхэж байхыг харсан, тэрнээс цохиж зодсон үгүйг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг [6],

-2018 оны 9 дүгээр сарын 15-нд гэрчээр дахин өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 16-нд “...” караоке баарнаас манай ажлынхан цувж явсаар байгаад хамгийн сүүлд хамт ажилладаг Э, Б бид гурав баарны гадаа үлдсэн байсан. ...Б, Эийн нүүрэнд гараараа нэг удаа цохиод авах үед Э зөрүүлээд Бын нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Тэр үед Б газар унасан. Тэр хоёр дээр доороо ороод ноцолдож эхлэх үед би тэр хоёрыг салгаж байхад Эийн дүү Эрдэнэбаяр ирж таарсан. Тэгээд Эийг аваад машин руугаа явсан, би Быг тайвшруулж байгаад тэр хоёрын машинд суусан. Б чулуу шидлээд үлдсэн. Э Бын нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Б газар унаж байгаа харагдсан. Нэг мэдсэн тэр хоёр хоёулаа босож ирээд хоорондоо зууралдаад салахгүй байсан. ...Б орилж хашгираад байхаар нь үлдээгээд Эрдэнэбаярын машины арын суудал суугаад тэндээс хөдөлсөн. Эрдэнэбаяр зодоонд оролцоогүй ахыгаа аваад машиндаа суусан....” гэх мэдүүлэг [7],

 

4. Гэрч У.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 24-нд өгсөн:

“...Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан хуулийг ойлголоо. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ах Э утсаар залгаад ирээд аваадхаач, Баярсайхан, Б нарын хамт байна гэж хэлсэн. Заасан газарт нь яваад очсон чинь тэр гурав караоке баарнаас гараад замын эсрэг талын боржур дээр сууж байсан. Ахыг авч явлаа гээд Б, Баярсайхан хоёрт хэлсэн чинь “чи хэн юм бэ” гээд Б агсраад байсан. Удалгүй машины цонхоор харсан чинь ах Э, Б хоёр хоорондоо барьцалдаад зууралдчихсан, Баярсайхан ах салгах гээд зогсож байсан. Би очоод салгах гэтэл ахыг Б нүүрэнд нь гараараа цохисон. Зөрүүлээд Э ах Бын нүүрэнд гараа атгаж байгаад нэг удаа цохиод авахаар нь би ахыг тэндээс салгаж аваад машиндаа суулгасан. Баярсайхан Б ахыг хориод ард үлдсэн. Баярсайхан ах машинд суусан. Араас Б машин руу чулуу шидээд байхаар нь би явсан. ...” гэх мэдүүлэг [8],

-2018 оны 9 дүгээр сарын 18-нд гэрчээр дахин өгсөн:

“...3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ах Э “намайг ирээд авчих” гэхээр нь байгаа газрыг нь заалгаад ахын өөрийнх нь машинтай ганцаараа очсон. Намайг очих үед Б, Э ах хоёр хоорондоо зодолдоод зууралдаж байхаар нь би ахыг салгаад машиндаа оруулсан. Би зодоонд оролцоогүй. Намайг очиход ах Э хамт ажилладаг Баярсайхан, Б хоёртой хамт байсан. ...Баярсайхан ах салгах гээд зогсож байхдаа надад “ахыгаа ав” гэхээр нь би ахыгаа салгаад машиндаа суулгасан. Араас Баярсайхан ах машинд орж ирсэн. Б суугаад үлдсэн. ...” гэх мэдүүлэг [9],

 

5. Хохирогч Ц.Б, гэрч У.Эрдэнэбаяр нарыг мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 23-нд нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд:

“...Хохирогч Бын өгсөн: ...Надад учруулсан хүнд болон хөнгөн гэмтлийг Э намайг гараараа нүүрэнд нэг удаа цохиж, хөлөөрөө хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөж зодож байхдаа учруулсан. Би шүүх хурал дээр өгсөн тайлбартаа Эрдэнэбаярыг өшиглөсөн гээд хэлсэн. Би шүүх хурал дээр хоёр мэдүүлгийнхээ зөрүүг ойлгоогүй тайлбар өгсөн. Эрдэнэбаяр намайг цохиж зодож гар хүрээгүй. Э харин миний нүүрэнд гараараа цохиж намайг газар унах үед хэвлийн хэсэгт өшиглөж зодсон.

-Гэрч У.Эрдэнэбаярын өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө төрсөн ах Э утсаар залгаад Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” караоке баарны гадна байна хүрч ирээд аваадхаач гэсэн. Би соната-5 машинтай очиход ах Э, Б хоёр маргалдаж муудалцаад зогсож байсан. Б ахыг Баярсайхан ах хориглоод, Э наана нь ганцаараа зогсож байх үед Баярсайхан ах “ахыгаа аваад яв” гэж хэлэхээр нь би Эийг аваад машиндаа суулгасан. Тэр үед Баярсайхан ах ганцаараа машинд орж ирээд “Быг хамт аваад явъя” гэхээр би “за” гээд буух гэтэл Б ах машин руу чулуу шидэх үед Баярсайхан ах “за за боль явъя” гэж хэлсэн. Би тэндээс хөдлөөд Баярсайхан ахыг хүргэж өгөөд Этэй хамт харьсан. Би Б ахыг цохиж зодон гар хүрээгүй. Баярсайхан ах Быг хориод ахыгаа ав гэхээр нь би Эийг аваад машиндаа суусан. ...” гэх тус тус мэдүүлэг [10],

 

6. Хохирогч Ц.Б, гэрч А.Баярсайхан нарыг мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 23-нд нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэлд:

“...Гэрч А.Баярсайханы өгсөн: Тухайн үед намайг караоке баарнаас гарах үед хамт ажилладаг байсан Б, Э хоёр маргалдаад байж байхаар нь би очиж салгасан. Эийн төрсөн дүү Эрдэнэбаяр ахыгаа авахаар машинтай ирээд бид хоёр тэр хоёрыг салгасан. Б, Эийн нүүрэнд нэг удаа цохих үед Э газар унаад босож ирэнгүүтээ Бын нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Нэмж өшиглөсөн үгүйг хараагүй болохоор мэдэхгүй байна. Эрдэнэбаярын хамт би Эийг машинд суулгаад арын суудалд нь суусан. Б чулуу шидлээд үлдсэн. Миний харснаар Эрдэнэбаяр зодоонд оролцоогүй. Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ Эрдэнэбаярыг Быг түлхсэн гээд өгсөн байсан. Тухайн үед Эрдэнэбаяр бид хоёр Эийг Боос салгаад машинд суулгасан. Тэрнээс Эрдэнэбаяр Быг түлхэж, гар хүрээгүй. ...” гэх мэдүүлэг [11],

 

7. Гэрч С.Айгүлийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 25-нд өгсөн:

“...Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан заалтыг уншиж танилцлаа, мэдүүлэг өгнө. 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нөхөр Э хамт олонтойгоо ресторанд хүлээн авалтанд орно гэж байсан. Шөнө намайг унтаж байхад 00 цаг 40 минутын үед нөхөр Э шал согтуу байдалтай, дүү нь гэрт авч орж ирэн унтуулсан. Гэртээ орж ирснээ бараг мэдээгүй. 2018 оны 3 дугаар сарын 22-ны орой цагдаагаас хүмүүс ирэн авч явсан. Тэгсэн дүүгээс нь юу болсон талаар асуухад ажлын газрын хүнтэй маргалдаж байгаад хоорондоо зодолдсон гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [12],

 

8. Гэрч П.Алтанбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 22-нд өгсөн:

“...Би 2018 оны 4 дүгээр сард хөдөө ажиллаж байгаад иртэл эхнэрийн эгчийн хүүхэд Э, Эрдэнэбаяр хоёр хүнтэй муудалцаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж сонссон. Э тухайн өдөр хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт архи уусан байсан. Тэгээд нэгэнтэй нь муудалцаж зодолдсон гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг [13],

 

9. У.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 5 дугаар сарын 12-нд яллагдагчаар өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр “Алтан тариа” ХХК-ний ажлын хамт олон цэргийн баяр тэмдэглэх гэж “...” нэртэй караоке бааранд орсон. Тэнд ууж идэж байгаад хамт ажилладаг Б, Баярсайхан хоёртой хамт сүүлд үлдсэн. Бид гурав тэр караоке баарнаас гараад би дүү Эрдэнэбаяр руу утсаар залгаад ахыгаа ирээд авчих гэж хэлсэн.  Дүү за гэхээр нь хүлээгээд 30-40 минут болсон. Тэр хугацаанд Б бид хоёр яг юунаас болсныг мэдэхгүй хоорондоо маргалдаж байтал Б миний духанд гараараа нэг удаа цохиод авахаар би зөрүүлээд нүүр буюу баруун нүдэнд нь нэг удаа гараа атгаж байгаад цохисон, бид хоёр барьцалдаж аваад хоорондоо ноцолдож байтал хажууд байсан Баярсайхан бид хоёрыг салгах үед Б надаас зуурчихаад тавихгүй байсан. Тухайн үед Эрдэнэбаяр машинтайгаа ирээд бид хоёрыг салгах гэж оролдож байтал Б манай дүүг “чи хэн бэ” гээд байсан, дүү “би Билгээгийн дүү байна” гээд хэлсэн чинь Б “тэр чинь надад ямар хамаатай юм” гэж хэлээд дүүгийн нүүрэнд гараараа нэг удаа цохих шиг болсон. Дүү харин зөрүүлж цохисон үгүйг мэдэхгүй байна. Дүү намайг аваад машинд суулгасан. Баярсайхан араас машинд суугаад одоо явцгаая гэж хэлсэн Быг үлдээсэн. ....” гэх мэдүүлэг [14],

-2018 оны 9 дүгээр сарын 18-нд яллагдагчаар дахин өгсөн:

“...караоке баарнаас хамт ажилладаг Баярсайхан, Б хоёртой гараад гадаа дүүгээрээ хүргүүлэх гээд утсаар дуудчихаад сууж байхад Б гэнэт босч ирээд над руу уурлаад нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд Бын баруун нүдэнд гараараа нэг удаа цохисон. Тэгээд газар унахаар нь хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөсөн чинь хажуунаас Баярсайхан болио гээд намайг салгасан. Тэр үед дүү Эрдэнэбаяр ирээд намайг аваад машинд суулгаад явах гэж байхад Б газраас чулуу аваад шидлээд үлдсэн. Баярсайхан бид хоёрыг салгасан. Бод учирсан гэмтлүүдийг би түүний хэвлийд нэг удаа хөлөөрөө өшиглөж байхдаа учруулсан. ...” гэх мэдүүлэг [15],

 

10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 4007 тоот дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун дээд зовхинд хөхөлбөр хүрэн ягаан өнгийн цус хуралттай, баруун тохойд 4,5x1,5 см хүрэн өнгийн зузаан тав тогтсон зулгаралттай. Хэвлийн голын шугамаар мэс заслын шархтай, хэвлийн зүүн талд 2 ширхэг гуурстай, хэвлийн баруун талд интерстомын ууттай.

Гэмтэл Согог Судлалын үндэсний төв 02822 тоот өвчний түүх нээсэн. 2018 оны 3 дугаар сарын 18-нд хэвтэх үеийн зовиур: Хэвлийгээр татаж хатгуулж өвдөнө. ...Хэсэг газрын үзлэгт: Тэмтрэлтээр хэвлийгээр өвчин эмзэглэл ихтэй...2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Мэс заслын тэмдэглэлээс: ...Хэвлийн хөндийг нээж дотор эрхтнүүдийг шалгахад хэвлийн хөндийд бага зэргийн махны угаадас шиг шар шингэнтэй, бүдүүн гэдэсний өгсөх хэсэг болон дээд хөндлөн хэсэг нэлэнхүйдээ үрэвсэж үхжиж харласан, гялтангийн арын зайд үрэвслийн шингэн ихтэй. Иймд бүдүүн гэдсийг полоцитоми L булангаас дээш 5 см зайнаас дэлүүний булан хүртэл зайг чөлөөлж хэсэгчлэн....шулуун оёгчоор тайрав. Бүдүүн гэдэсний дээд төгсгөлийг хэвлийн баруун хажууд гарган арьсанд бэхлэв. Жич: Нойр булчирхай нэлэнхүйдээ хөөнгө хавантай байна. Хэвлийн хөндийг...сайтар угааж цэвэршүүлж бага аарцгийн хөндий болон ходоодон доорх зайд дранаж гуурс байрлуулан хэвлийг полиэтилен нааж хагас нээлттэй орхив.

Мэс заслын дараах онош: Хэвлийн битүү гэмтэл, бүдүүн гэдэсний үхжил, няцрал, хэвлийн гялтангийн цочмог үрэвсэл.

ДҮГНЭЛТ:

1 Ц.Бын биед чацархайн гэмтэл чацархайн артерийн бүлэгт бөглөөдөс, бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хэсгийн үхжил, хэвлийн гялтангийн цочмог идээт үрэвсэл, баруун дээд зовхинд цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

З. Чацархайн гэмтэл чацархайн артерийн бүлэгт бөглөөдөс, бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хэсгийн үхжил, хэвлийн гялтангийн цочмог идээт үрэвсэл, гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун дээд зовхины цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун тохойн зулгаралт гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /шинжээч Ш.Цэцэгмаа/ ...” гэсэн дүгнэлт [16],

 

11. Шинжээч Ш.Цэцэгмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 25-нд өгсөн:

“...Ц.Бын биед чацархайн гэмтэл чацархайн артерийн бүлэгт бөглөөдөс, бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хэсгийн үхжил, хэвлийн гялтангийн цочмог идээт үрэвсэл гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэвлий хэсэгт 1 удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, архаг хууч өвчин биш юм. Тухайн цаг үеийн цохилтоос болж чацархайн артери буюу тараагуур судас тэнийснээс тараагуур судсанд бүлэний бөглөөс үүсч цусны урсгал саатсанаас бүдүүн гэдсэнд очих цусан хангамж байхгүй болсноос бүдүүн гэдсэн үхжил үүснэ. Хэдий ямар цаг хугацаанд үүссэнийг тогтоох боломжгүй. Баруун дээд зовхины цус хуралт нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дангаар хөнгөн зэрэгт хамаарна. 1 удаагийн байж болно. ...” гэх мэдүүлэг [17],

- Шинжээч Ш.Цэцэгмээгаас мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 9 дүгээр сарын 20-нд дахин өгсөн:

“...Бын биед учирсан хүнд болон хөнгөн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүнд гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. Хөнгөн гэмтэл нь цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэх мэдүүлэг [18],

12. Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлтэд "Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна, сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. ...” гэсэн дүгнэлт [19] ,

13. 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Ц.Бын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл [20],

14. Хохирогч Ц.Бын өвчний түүхийн хуулбар [21], гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжилсэн гэх баримтууд[22], хохирогч Ц.Бын хүсэлт [23],

15. Шүүгдэгч У.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа [24], Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны тодорхойлолт [25], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[26], У.Эийн өмчлөлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй тухай Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [27], гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа [28], У.Эийн өмчлөлд эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа [29], “Алтан тариа” ХХК-ийн “...У.Э нь тус компанийн бизнес хөгжлийн хэлтэст ачигчаар ажилладаг тухай” тодорхойлолт, мөн Э.Эийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа [30] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

Шүүгдэгч У.Э нь 2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” караоке баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ялимгүй зүйлээр шалтаглан иргэн Ц.Бын нүүрэн тус газар нь 1 удаа цохиж, хэвлийн тус газар нь 2 удаа өшиглөж зодсоны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Б, гэрч О.Амаржаргал, гэрч А.Баярсайхан, гэрч У.Эрдэнэбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийн хувьд Ц.Быг хамт ажилладаг байсан хүмүүс нь бааранд дуудаж хамт архидан согтуурсан, улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэн бие биедээ аархсан, агсарсан байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, У.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Быг баарнаас дуудан гаргаж ирээд нүүр рүү нь цохиж, хэвлийн тус газар нь өшиглөж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байна. У.Э нь өөрийн үйлдлийн шинж байдлыг ухамсарласан атлаа хүсэж үйлдэж, хор уршигт зориуд хүргэсэн, Ц.Бын биед хүнд гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд шүүгдэгч У.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан. 

 

Хохирогчийн өмгөөлөгч А.Энхбуйр нь тухайн үед У.Э нь хохирогчид гэмтэл учруулчихаад газар дээр нь орхиж явсан байдаг. Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Б нь хөдөлмөрийн чадвараа алдсан, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, гэр бүлийн хувьд бага насны хоёр хүүхэдтэй, хохирогчийг эмнэлэгт эхнэр нь сахисны улмаас нь ажилгүй болсон зэргээр сэтгэл санаа, эд хөрөнгийн хувьд хохирсон. Нийт 4.960.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 1.000.000 төгрөгийг шүүгдэгч төлж барагдуулсан. Үлдэгдэл хохирлыг төлөөгүй. Цаашид дахин эмчилгээ сувилгаа хийлгэх шаардлагатай. Хэрвээ шүүгдэгч гэм буруугаа ухамсарлаж, уучлалт гуйгаад, хохирол төлбөр төлсөн бол гомдолгүй гэж хэлэх байсан гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нь гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч У.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас уг гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. У.Э нь мөрдөн байцаалтаас хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэлд маргадаггүй.  Хохирогчийн мэдүүлгээс шалтгаалж хэрэг прокурорт буцсан байдаг. Гэтэл хохирогч өнөөдөр бас л эргэлзээтэй мэдүүлэг өгч байна. Энэ нь хэргийн бодит байдлыг тогтооход эргэлзээтэй байна. У.Э нь хохирогчид төлөх төлбөртөө тээврийн хэрэгсэл шилжүүлж өгье гэсэн санал гаргаж хохирлыг нөхөн төлөхөө байнга илэрхийлж байсан боловч хохирогч Ц.Б хүлээж аваагүй, мөнгөн дүн л яриад байсан учраас хохирлыг бүрэн төлж чадаагүй. Энэ хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байгааг харгалзан үзнэ үү гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн ба шүүгдэгч У.Э нь гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Эт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч У.Э, хохирогч Ц.Б нар нь “Алтан тариа” ХХК-д хамт ажилладаг байсан байх бөгөөд тэд 2018 оны 3 дугаар сарын 16-нд Цэргийн баяр тэмдэглэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “...” караокед орж согтууруулах ундааны зүйлийг хэн аль нь хэрэглэсэн байна. Улмаар баарнаас 2018 оны 3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө гарсан байх ба тус баарны гадна шүүгдэгч У.Э нь хохирогч Ц.Бтой ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, түүнийг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиж, газар унасан байхад нь хэвлийн тус газар нь хоёр удаа өшиглөж зодсоны улмаас Ц.Бын биед чацархайн гэмтэл чацархайн артерийн бүлэгт бөглөөдөс, бүдүүн гэдэсний өгсөх, уруудах хэсгийн үхжил, хэвлийн гялтангийн цочмог идээт үрэвсэл бүхий хүнд гэмтэл, баруун дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, гэмтлийн зэрэг тогтоогдохгүй баруун тохойд зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь:

- Хохирогч Ц.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажлын газрын хүмүүс утсаар яриад  байгууллагын ажилчид эрчүүдээ хүлээн авч байна хүрээд ир гээд дуудахаар нь орой 21 цагийн үед байх, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “...” нэртэй караоке бааранд очсон. Тэнд ууж идэж байгаад хамт ажилладаг Э, Баярсайхан хоёртой үлдээд байрнаас шөнө гарсан. Баарнаас гарах үед Э миний нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Би газар унасан чинь гэдсэнд хөлөөрөө 1-2 удаа өшиглөх үед би ухаан алдсан. ...Маргааш нь түргэн дуудаж үзүүлээд гэмтлийн эмнэлэгт ирж хэвтээд бүдүүн гэдэсний хагалгаанд орж бүдүүн гэдсээ тайруулсан. Э ...баруун нүдэнд гараа атгаж байгаад нэг удаа цохин, газар унах үед гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн. ...” гэх мэдүүлэг [31],

-2018 оны 5 дугаар сарын 22-нд хохирогчоор дахин өгсөн:

“...Сүүлд бодож байхад Э миний баруун нүдэнд нэг удаа цохих үед би газар унасан, тэгтэл дээрээс нэмж цээж, хэвлий хэсэгт өшиглөх үед би ухаан алдсан дэргэд хамт ажилладаг Баярсайхан Эийн дүү Эрдэнэбаяр нар хараад зогсож байсан. ...“ гэх мэдүүлэг [32],

-2018 оны 9 дүгээр сарын 13-нд хохирогчоор дахин өгсөн:

“...2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр өгсөн мэдүүлэг үнэн. Надад учруулсан хүнд болон хөнгөн гэмтлийг Э намайг гараараа нүүрэнд нэг удаа цохиж, хөлөөрөө хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөн зодож байхдаа учруулсан гэмтэл юм. Би шүүх хурал дээр хоёр мэдүүлгийнхээ зөрүүг ойлгоогүй тайлбар өгсөн байна. ...” гэх мэдүүлэг [33], мөн түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

- Гэрч О.Амаржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Манай нөхөр Ц.Б ...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Баянхошуунд байдаг хүргэн ах Энхтөрийн гэрт хамт байж байгаад орой 20 цагийн үед цэргийн баяр болж байгаа гээд манай ажлынхан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо “...” пабад байна гээд явсан. ...2018 оны 3 дугаар сарын 17-ны шөнө 02 цагийн үед ирэхгүй болохоор нь санаа зовоод гэрээсээ гартал хашаан дотор довжоон дээр хүн сууж байхаар нь гайхаад очтол манай нөхөр сууж байсан. ...юу хийж сууж байгаа талаар асуухад хэвлийгээр өвдөөд байна явж чадахгүй байна гэсэн. ...Тэгээд өглөө орноосоо босоод бөөлжөөд байсан. ...Орой 21 цагийн үед бие нь нэг л муу байгаад байхаар нь түргэн дуудаж үзүүлтэл хэвлийдээ гэмтэлтэй байна яаралтай явж гэмтэл дээр үзүүл гэхээр нь гэмтэл дээр очиж эмчид үзүүлсэн. Тухайн эмч манай нөхрийг хэвлийдээ гэмтэлтэй байна хэвтүүлнэ гээд хэвтүүлсэн Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өглөө манай нөхрийн бүдүүн гэдсэнд гэмтэлтэй байна гээд бүдүүн гэдсийг нь тайрсан. ...“ гэх мэдүүлэг [34],

-2018 оны 5 дугаар сарын 16-нд гэрчээр дахин өгсөн:

“...Бын хэлснээр хамт ажилладаг ...Э нүүрэнд нь гараараа цохиж унагаагаад унах үед нь хэвлий рүү өшиглөж зодсон гэж хэлсэн. ...тухайн үед намайг харахад нөхөр Бын баруун нүд нь хөхөрч хавдсан байдалтай, гэдэс хөндүүртэй хэвлийгээр өвдөөд байна гэхээр нь би түшээд гэрт оруулж хэвтүүлсэн. Гэрт орж ирээд эвхрэлдээд хэвтээд шөнөжин ногоон өнгөөр бөөлжиж хоносон. ...Маргааш нь өдөржин өвдөөд байхаар нь орой 21 цагийн үед түргэн дуудаж үзүүлсэн чинь харин дотуур гэмтэлтэй байж магадгүй гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэсний дагуу очиж үзүүлсэн чинь эход харуулаад хэвт гэсэн. ...” гэх мэдүүлэг [35],

- Гэрч А.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ажлаа тараад хамт олонтойгоо 21 цагийн үед ...“...” нэртэй караоке бааранд орсон. ...Б ирчихсэн дуулаад архи ууж байсан. ...23 цагийн үед бүгд хамт гарсан. Үүдэн дээрээс цувж явсаар байгаад хамт ажилладаг Б, Э бид гурав үлдсэн. ...нэг мэдсэн Э, Б хоёр юунаас болж маргалдсаныг мэдэхгүй, Б Эийн нүүрэнд нэг удаа цохих үед Э газар унаад босч ирэнгүүтээ зөрүүлээд Бын нүүрэнд нэг удаа цохисон. Б газар унах үед хоорондоо зууралдаад салахгүй байсан. ...Б эхлээд Эийн нүүрэнд нэг удаа цохисон, Э зөрүүлээд нэг удаа нүүрэнд нь гараараа цохисон.. ...” гэх мэдүүлэг [36],

-2018 оны 9 дүгээр сарын 15-нд гэрчээр дахин өгсөн:

“...Б, Эийн нүүрэнд гараараа нэг удаа цохиод авах үед Э зөрүүлээд Бын нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Тэр үед Б газар унасан. Тэр хоёр дээр доороо ороод ноцолдож эхэлсэн.  ...Хоорондоо зууралдаад байхаар нь би дундуур нь орж салгасан. ...” гэх мэдүүлэг [37],

- Гэрч П.Алтанбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...Э тухайн өдөр хамт ажилладаг хүмүүстэйгээ хамт архи уусан байсан. Тэгээд нэгэнтэй нь муудалцаж зодолдсон гэж ярьсан. ...” гэх мэдүүлэг [38],

- Гэрч У.Эрдэнэбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...У.Э нь миний төрсөн ах байгаа юм. Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг “...” нэртэй караоке баарны гадна байна хамт ажилладаг Баярсайхан, Б хоёрын хамт байна гэж хэлэхээр нь за гээд заасан газарт нь яваад очсон.  ...Э Б хоёр хоорондоо барьцалдаад зууралдчихсан Баярсайхан ах салгах гээд зогсож байсан. ...ахыг Б нүүрэнд нь гараараа цохисон, зөрүүлээд Э ах Бын нүүрэнд гараа атгаж байгаад нэг удаа цохиод авсан.. ...” гэх мэдүүлэг [39],

-2018 оны 9 дүгээр сарын 18-нд гэрчээр дахин өгсөн:

“...3 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ...намайг очих үед Б, Э ах хоёр хоорондоо зодолдоод зууралдаж байхаар нь би ахыг салгаад машиндаа оруулаад авч явсан.. ...” гэх мэдүүлэг [40],

- Хохирогч Ц.Б, гэрч У.Эрдэнэбаяр нарыг мөрдөн шалгах ажиллагаанд нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл дэх: “...хохирогч Бын ”...надад учруулсан хүнд болон хөнгөн гэмтлийг Э намайг гараараа нүүрэнд нэг удаа цохиж, хөлөөрөө хэвлий хэсэгт 2-3 удаа өшиглөж зодож байхдаа учруулсан ...” гэх мэдүүлэг [41],

- Хохирогч Ц.Б, гэрч А.Баярсайхан нарыг мөрдөн шалгах ажиллагаанд нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл дэх “...гэрч А.Баярсайханы ...Б Эийн нүүрэнд нэг удаа цохих үед Э газар унаад босож ирэнгүүтээ Бын нүүрэнд гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг [42],

- У.Эийн мөрдөн шалгах яллагдагчаар өгсөн: “...Б миний духанд гараараа нэг удаа цохиод авахаар би зөрүүлээд нүүр буюу баруун нүдэнд нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Бид хоёр барьцалдаж аваад хоорондоо ноцолдож байтал хажууд байсан Баярсайхан бид хоёрыг салгасан.  ...” гэх мэдүүлэг [43],

-2018 оны 9 дүгээр сарын 18-нд яллагдагчаар дахин өгсөн:

“...Б гэнэт босч ирээд над руу уурлаад нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Би зөрүүлээд Бын баруун нүдэнд гараараа нэг удаа цохисон. Тэгээд газар унахаар нь хэвлий хэсэг нь нэг удаа өшиглөсөн чинь хажуунаас Баярсайхан болио гээд намайг салгасан. ...Бод учирсан гэмтлүүдийг би түүний хэвлийд нэг удаа хөлөөрөө өшиглөж байхдаа учруулсан. ...” гэх мэдүүлэг [44],

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүний биед үзлэг хийсэн 4007 тоот дүгнэлт [45], шинжээч Ш.Цэцэгмаагийн мэдүүлэг [46], хохирогч Ц.Бын өвчний түүх [47] зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Шүүх хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Ц.Б нь У.Э, У.Эрдэнэбаяр нар нь хоёулаа намайг зодож гэмтэл учруулсан гэж мэдүүлсэн ба, шүүхээс тус гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн эсэхийг шалгуулахаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан ба, хэргийн газар байсан гэрч нарыг болон хохирогчийг байцаах, бусад ажиллагааг хийхэд тус хэрэгт У.Эрдэнэбаяр оролцсон болох нь тогтоогдоогүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч У.Эт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруутай эсэх асуудлыг шүүх хянан шийдвэрлэв.

Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч У.Э нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ бусадтай зүй бус харьцсан байдал, мөн хохирогч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нь нөлөөлсөн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч У.Э нь хохирогч Ц.Бтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар цохих, хэвлийн тус газар нь өшиглөх зэргээр идэвхтэй үйлдэл хийсэн нь хохирол хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдэл байна.

Иймд шүүгдэгч У.Эийн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос шүүгдэгчийн дээрх үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх бөгөөд шүүхээс шүүгдэгч  У.Эийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай.

Улсын яллагчаас хохирогч Ц.Бын нэхэмжилж байгаа 3.097.111 төгрөгийг шүүгдэгч У.Эээс гаргуулах гэсэн дүгнэлтийг,

Хохирогч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Энхбуйр нараас хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.120.000 төгрөг, эхнэр О.Амаржаргалын нь 1 сарын хугацаанд ажилгүй байсан цалин 400.000 төгрөг болон өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг, эмчилгээ, шатахууны зардал зэрэгт 4.097.111 төгрөг нэхэмжилснээс төлөгдсөн 1.000.000 төгрөгийг хасч, үлдэх төлбөрийг болон цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас шүүгдэгч У.Э нь хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа гэсэн тайлбар дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Тус гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, мэс ажилбарт орсон, мөн бусад холбогдох зардлууд гарсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.   

Хохирогч Ц.Б нь өөрийн ажилгүй байсан хугацааны цалин, хөлсөнд 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс хойш 7 сарын цалин 2.120.000 төгрөг, түүнийг өвчтэй байх хугацаанд асарсан эхнэр О.Амаржаргалын нэг сарын цалин 400.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 600.000 төгрөг, унааны зардал, эмчилгээний зардал зэрэгт бүгд 4.097.111 төгрөг нэхэмжилж, энэ талаар Ц.Б нь сарын 530.000 төгрөгийн цалинтай тухай, мөн түүний эхнэр О.Амаржаргал сарын 400.000 төгрөгийн цалинтай тухай тус тус ажил  олгогч байгууллагын тодорхойлолтууд болон бусад эмчилгээ, шатахуун, ахуйн хэрэглээний зардлыг нэхэмжилсэн баримтыг хэрэгт ирүүлсэн байна.

Шүүх хохирогчийн хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг судлан үзэж, нотлох баримтын шаардлага хангасан эсэхийг шалгаж, олговол зохих төлбөрт хохирогчийн эмчилгээ, унааны зардалд 2.056.552 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзэв. Үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч У.Э 1.000.000 төгрөг хохирогчид нөхөн төлснийг хасч, үлдэх 1.056.552 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд төлүүлэх үндэстэй гэж дүгнэсэн болно.

Хохирогчийн нэхэмжлэлээс “...кока кола ундаа удаа дараа авсан гэх, оймс, дотуур хувцас, хуушуур, тамхи, кекс...” гэх зэргийн үнийг нэхэмжилсэн 134.113 төгрөгийг тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, зайлшгүй төлөх төлбөр гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн хохирогч нь өмгөөлөгчийн хөлс 600,000 төгрөгийг нэхэмжилж, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хэрэгт ирүүлсэн.

Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хохирогч ... өмгөөлөгчөө өөрөө сонгоно”,

-8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхтэй талаар тус тус заасан.

Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.” гэж заасан.

Хохирогч Ц.Б нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 600,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин хохирогч Ц.Бын ажилгүй байсан хугацааны цалинг ажил олгогчийн цалингийн тодорхойлолтоор тооцож олгох боломжгүй байх ба шүүх хуралдаанд Ц.Боос гурван сарын хугацаанд эмнэлгээс өвчтэй байсан хугацааны магадлагаа  олгосон, уг магадлагаагаар цалин авсан гэж мэдүүлэх бөгөөд үүнээс үзвэл Ц.Бын өвчтэй байсан хугацаанд ажил олгогчоос магадлагааг үндэслэн хэдэн төгрөгийн цалин олгосон эсэх, зөрүү хэд олгогдоогүй эсэх, түүнийг ажил олгогч ажлаас нь хэзээ чөлөөлсөн эсэх, цалингийн зөрүү хэдэн төгрөгийг олгох эсэхийг баримтгүйгээр тооцох боломжгүй байна.

Мөн хохирогчийг өвчтэй хугацаанд асарсан гэх эхнэр О.Амаржаргалын нэг сарын  цалингийн тодорхойлолтоор ажилгүй байсан хугцаааны цалинг тооцоолох боломжгүй, ажил олгогчийн О.Амаржаргалд чөлөө олгосон шийдвэр, цалингийн санхүүгийн баримт гэх зэрэг холбогдох баримтгүй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалинг холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн хохирогч Ц.Б нь тус гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээс шалтгаалан дахин мэс ажилбарт орох тухайгаа шүүх хуралдаанд мэдүүлэх тул цаашид гарах зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг тогтоолд дурдав.

 

Шүүхээс шүүгдэгч У.Эийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх үндэслэлээр шүүх хуралдааныг завсарлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, тус хэргийг хуульд заасан хугацаанд завсарлуулсан.

Шүүх хуралдаан завсарласан хугацаанд, 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр шүүгдэгч У.Эийн ар гэр нь хохирогч Ц.Бод 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хохирол барагдуулсан тухай баримтаар тогтоогдсон.

Иймд шүүгдэгч У.Эийг энэ тогтоолоор хохирогч Ц.Бод төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүхээс шүүгдэгч У.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Иймд шүүгдэгч У.Эийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг арилаагүй зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч У.Эийн цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах гэсэн дүгнэлтийг;

Хохирогчийн өмгөөлөгч А.Энхбуйр “тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршиг арилаагүй байгааг анхаарч үзнэ үү” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалангаас У.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг  үйлдсэн, уг гэмт хэрэгт хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж өгнө үү. У.Э нь “Алтан тариа” ХХК-д тогтвор суурьшилтай 11 жил ажилласан талаар байгууллагаас тодорхойлолт гаргасан байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч У.Э нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэлгүй буюу ял шийтгэгдэж байгаагүй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  бодитоор гарсан мөнгөн төлбөрийг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Мөн шүүгдэгч У.Э нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, нөгөө талаас хэдийгээр шүүгдэгч У.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн байх боловч энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Бын биед хүнд гэмтэл учирсан, гэмтлийн улмаас бүдүүн гэдсийг тайруулах хагалгаанд орж, тус хагалгаагаар гуурс байрлуулан хагас нээлттэй орхисон талаар өвчний түүхэнд тэмдэглэсэн байх ба, улмаар хохирогч нь дахин хагалгаанд орох тухайгаа мэдүүлсэн нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилаагүй, тус хэргийн хор уршгийн шинж чанарыг харгалзан шүүхээс шүүгдэгч У.Эт 2 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан торгох ялын саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.

 

4.Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч У.Эийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд нь оруулан тооцох зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Уын Эийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эт оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Эийн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 4 (дөрөв) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй,  шүүгдэгч У.Эийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, хохирогч Ц.Бод энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Бын нэхэмжлэлээс 734.113 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь тус гэмт хэргийн улмаас учирсан ажилгүй байсан хугацааны цалин болон цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч У.Эт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, түүний дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд  У.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА