Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 357

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 4 дүгээр хэсэг Захиргааны 14 дүгээр байрны 07 тоотод оршин суух, Гурван дөрвөлж ХХК-ний захирал ажилтай, Боржигон овогт Өвгөний Хүрэлхүү /РД: СЩ59091716/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох

 Дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, нэхэмжлэгч Ө.Хүрэлхүү, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэндолгор, гэрч Вендо ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрхишиг нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Ө.Хүрэлхүү шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:  2016 оны 06 дугаар сарын 17-ны дугаар 137/ШШ2016/00174 шүүхийн шийдвэрээр дахин үнэлгээ хийлгэх шийдвэрийн дагуу Замын-Үүд ШШГ хэсэг Вендо ХХК-иар үнэлгээ хийлгэсэн нь миний өгсөн үнэлгээний саналд хүрээгүй тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан төлбөр төлөгч Ө.Хүрэлхүүгийн үл хөдлөх эд хөрөнгийг зохих үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Цэрэндолгор шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: Вендо ХХК-ний үнэлгээг Капитрон банкны хувьд хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн бодит үнэлгээнээс хэт өндөр байгаа тул зөвшөөрөхгүй байна гэв.

Гэрч Вендо ХХК-ний төлөөлөгч Г.Дэлгэрхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.Хүрэлхүүгийн өмчлөлийн эд хөрөнгийг өнөөгийн зах зээлийн үнэлгээрээр нийт 1.415.742.069 төгрөгөөр үнэлсэн. Үүнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 47-р байрны баруун талд хаягтай Ү-0714000239, Г-000147377 дугаар гэрчилгээтэй 587,37 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай өмч нь 667.802.863 төгрөг, мөн сумын 1-р баг Долоон бурхан хаягтай Ү-0714000959, Г-000066419 дугаартай гэрчилгээтэй 587,35 мкв талбайтай Гурван дөрвөлж ХХК-ний өмчлөлийн үйлчилгээний зориулалттай барилга нь 667.802.861 төгрөг, тус барилгад байрлах Замын-Үүд сумын 1-р баг Долоон бурхан хаягтай 450 мкв талбайтай, эзэмших эрхтэй газар нь 80.136.344 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн. Уг объектийг үнэлэхдээ зах зээлийн жишиг хандлага болон зардлын хандлагаар үнэлсэн болно. Газрын үнэлгээ болон барилгын үнэлгээ нийлээд нийт 1.415.742.069 төгрөгөөр үнэлсэн. Манай компаний үнэлгээ зөв. Үнэлгээг гаргахдаа Засгийн газрын 336 дугаарт тогтоолыг үндэслэсэн болно гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө.Хүрэлхүү нь Дорноговь аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдуулан Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 47-р байрны баруун талд байрлах 587,35 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай, подвольтой 3 давхар барилга, Замын-Үүд сумын 1-р багт байрлах Долоон бурхан хаягтай, 587,35 мкв талбайтай, подвольтой, нийт 3 давхарын барилга, тус барилга байрлах Замын-Үүд сум 1-р баг Долоон бурхан хаягтай 450 мкв талбайтай, эзэмших эрхтэй газар зэргийг үнэлсэн 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн  Вендо ХХК-ний үнэлгээг эс зөвшөөрч дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тус шүүхийн 2015 оны 10 дугаар сарын  01-ний өдрийн 281  дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ө.Хүрэлхүү нь нэхэмжлэлийн шаардлага 300,211,859 төгрөгийг нэхэмжлэгч Капитрон банкинд төлөхөө хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ө.Хүрэлхүү шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учир тус шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 17 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийн дагуу ажиллагаа хийж, Дорноговь аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа Замын-Үүд дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг төлбөр төлөгчийн эзэмшлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 47-р байрны баруун талд байрлах 587,35 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай, подвольтой 3 давхар барилга, Замын-Үүд сумын 1-р багт байрлах Долоон бурхан хаягтай, 587,35 мкв талбайтай, подвольтой, нийт 3 давхарын барилга, газар зэргийг төлбөр төлөгч болон төлбөр авагчийн саналыг авсан ба санал зөрсөн учраас Вендо ХХК-ний үнэлгээний газрыг шинжээчээр томилж, 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний үнэлгээний тайлан гаргаж, уг барилга, газрыг 1.415.742.069 төгрөгөөр үнэлсэн үйл баримт болжээ.

Нэхэмжлэгч нь уг хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж, хариуцагчийн төлөөлөгч хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан, хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь өөрийнхөө эрх хэмжээнд үнэлгээ гаргасан тул зөвшөөрөхгүй гэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд үнэлгээг зах зээлийн үнээс дуугүүр үнэлсэн гэж тус тус маргажээ.

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь үнэлгээг 2016 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар хийж хөрөнгийн үэлгээний тайланг 2016 оны 09 сарын 08-ны өдөр бичиж, хариуцагч тал үнэлгээг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төлбөр төлөгчид танилцуулж, төлбөр төлөгч Ө.Хүрэлхүү нь шүүхэд гомдлоо 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т "Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно" гэсний дагуу хугацаандаа гаргасан байна.

Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн ханшаар үнэлэх ажиллагааг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5, 8, 9 дүгээр зүйлүүдэд нийцүүлсэн гэж үзэх боломжтой байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь үнэлгээг зах зээлийн үнээс өндөр үнэлсэн гэж маргаж байгаа боловч энэ талаараа шүүхэд бие даасан шаардлага гаргах эрх нь нээлттэй байсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ө.Хүрэлхүү нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй,  өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй тул түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.         

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэсэн болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Монгол Улсын Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, 177.4-т зааснаар нэхэмжлэгч Ө.Хүрэлхүүгийн нэхэмжлэлтэй Дорноговь аймаг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Замын-Үүд сум дэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт холбогдох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 47-р байрны баруун талд байрлах 587,35 мкв талбайтай, үйлчилгээний зориулалтай, подвольтой 3 давхар барилга, Замын-Үүд сумын 1-р багт байрлах Долоон бурхан хаягтай, 587,35 мкв талбайтай, подвольтой, нийт 3 давхарын барилгууд, тус барилга байрлах Замын-Үүд сум 1-р баг Долоон бурхан хаягтай 450 мкв талбайтай, эзэмших эрхтэй газар зэргийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний  үнэлгээг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА