| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0561/Э |
| Дугаар | 593 |
| Огноо | 2020-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 593
2020 04 02 2020/ШЦТ/593
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хулан,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч Т.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сд холбогдох 1906 02120 0593 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Увс аймгийн Улаангом суманд 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, аграномич мэргэжилтэй, “Барган” ХХК-д барилга угсралтын талбайн даамал ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 15 дугаар баг, Рашаантын 23 дугаар гудамжны 4 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Их Дамбадаржаагийн 32 дугаар гудамжны 391 тоотод түр оршин суух, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 185 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, У овогт Тгийн С /РД: /,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Т.С нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Аюушжавшинэжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Сгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Аюушжавшинэжаргалын өгсөн: “... Би Сгаас 2018 оны 11 дүгээр сард салсан бөгөөд өөрийн хүү Сүлдийн хамт амьдардаг байсан. Ингээд би 2019 оны 03 сард хичээлд явах шалтгаанаар өөрийн хүү Сүлдийг Сд хариуцуулан үлдээсэн. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүүхдээ буцааж авахаар С руу чат бичтэл С Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, “Асайт” худалдааны төвийн хойно байрлах тоглоомын талбай дээр байна гэж хэлсэн. Ингээд очтол С хүүгээ тэврээд сандалны хажууд зогсож байсан, тэгэхээр нь би “чи дүүгийндээ байхгүй, явалддаг хүүхэнтэйгээ хамт амьдарч байгаа юм байна” гэж хэлтэл С хүүхдээ ширээн дээр тавьчихаад “чи муу юу гээд байгаа юм бэ” гэж хэлэн намайг зүүн хацар луу 1 удаа алгадсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “янхан, архичин” гэж хэлтэл дахин 2-3 удаа миний зүүн, баруун хацар луу алгадсан. Үргэлжлүүлээд толгойны дээд хэсэг рүү 2 удаа цохиод мөн хөл болон гар луу 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би хүрэмнээс нь зууртал хүрмээ урж хаячихаад зугтаагаад гүйчихсэн...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4004 дугаартай:
“1. Д.Аюушжавшинэжаргалын биед эрүүний мултрал, зүүн бугуй, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Т.С нь 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Аюушжавшинэжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Аюушжавшинэжаргалын өгсөн: “... С хүүхдээ ширээн дээр тавьчихаад “чи муу юу гээд байгаа юм бэ” гэж хэлэн намайг зүүн хацар луу 1 удаа алгадсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “янхан, архичин” гэж хэлтэл дахин 2-3 удаа миний зүүн, баруун хацар руу алгадсан. Үргэлжлүүлээд толгойны дээд хэсэг рүү 2 удаа цохиод мөн хөл болон гар луу 2-3 удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би хүрэмнээс нь зууртал хүрэмээ урж хаячихаад зугтаагаад гүйчихсэн...” гэх мэдүүлэг /хх.21-22/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Г.Ханхүүгийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4004 дугаартай:
“1. Д.Аюушжавшинэжаргалын биед эрүүний мултрал, зүүн бугуй, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.27/,
Шүүхийн хэлэлцүүлэгт Т.Сгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Сг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
Т.Сгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Д.Аюушжавшинэжаргал нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Т.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Гэвч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Т.Сд холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед даган мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” хэмээн тус тус заажээ.
Шүүгдэгч Т.Сгийн гэмт хэрэг үйлдэх үед даган мөрдөж байсан Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэсэн заалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэж өөрчлөн найруулсан байна.
Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. У овогт Тгийн Сг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Сд холбогдох 1906 02120 0593 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Т.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР