Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 358

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Баярмагнай, Ж.Пүрэвмаа нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 19.760.776,55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв /УБД:9016001007, РД:2578697/ шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Лхагваа овогтой Баярмагнай, хамтран үүрэг гүйцэтгэгч Жанчивдорж овогтой Пүрэвмаа нар нь тус банкнаас 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1390005153 тоот зээлийн гэрээгээр 30.000.000 төгрөгийн зээлийг сарын 2.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай суудлын машин авах зориулалтаар авсан. ...Барьцаат зээлийн 1390005153 дугаар гэрээний гол нөхцөл нь тус гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2015 оны 03 дугаар сараас хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1390005153 зээлийн нөхцөлийг өөрчлөн 1390009052 тоот зээлийн гэрээгээр 20.357.000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай болгож өөрчилсөн. Мөн 2015 оны 12 дугаар сараас эхлэн 1390009052 тоот зээлийн гэрээг дахин хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба тус зээлийг 2016 оны 01 дугаар сарын 26-ны өдөр зээлийн нөхцөлийг өөрчлөн 1390010394 тоот зээлийн гэрээгээр 18.045.335,55 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай болгож өөрчилсөн. Гэвч зээлдэгч 2016 оны 06-р сарын 18 өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй 138 хоног болж байна. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Лхагваа овогтой Баярмагнай, хамтран үүрэг гүйцэтгэгч Жанчивдорж овогтой Пүрэвмаа нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Дээрх үндэслэлүүдээр зээлийн гэрээг үргэлжүүлэх боломжгүй болж 1390005153, 1390009052, 1390010394 дугаар гэрээнүүдийн 5 дугаар зүйлд заасны дагуу гэрээг цуцалж байгаа болно. 2016 оны 11 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар зээлдэгч Лхагваа овогтой Баярмагнай, хамтран үүрэг гүйцэтгэгч Жанчивдорж овогтой Пүрэвмаа нарын төлбөл зохих зээлийн төлбөр дараах байдалтай байна. 1390010394 дугаар гэрээтэй зээлийн үндсэн төлбөр 17.745.335,55 төгрөг хүү 2.003.745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.696 төгрөг нийт 19.760.776,55 төгрөг барьцаа хөрөнгүүдийн гэрээний үнэлгээ, зах зээлийн үнэлгээ нь зээлийн үлдэгдэлд хүрэлцэхгүй болсон тул зээлдэгчийн бусад хөрөнгө, орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардалага гаргаж байна: 1.Зээлийн нийт төлбөр болох 19,760,776.55 төгрөгийг Лхагваа овогтой Баярмагнай, хамтран үүрэг гүйцэтгэгч Жанчивдорж овогтой Пүрэвмаа нараас гаргуулах. 2.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах. 3.Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон бусад хөрөнгө, орлогоор хангуулах талаар шүүхийн шийдвэрт тусгуулах” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Отгонтуяа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Хариуцагч нартай харилцан тохиролцож нэхэмжлэлийн шаардлага 19.760.766,55 төгрөгөөс Л.Баярмагнай, Ж.Пүрэвмаа нар нь 3.665.441 төгрөг төлж барагдуулахаар болсон. Үүнд үндсэн зээлийн төлбөр 1.650.000 төгрөг, хүүгийн төлбөр 2.003.745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.696 төгрөгийг төлнө. Уг хугацаа хэтэрсэн төлбөрийг Л.Баярмагнай, Ж.Пүрэвмаа нар нь 2016 оны 12 сарын 26-ны дотор төлж барагдуулж, цаашид 1390010394 тоот зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, 2017 оны 01 сарын 18-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн, Замын-Үүд сумын 3 дугаар баг Голомтын гудамж 1-10 тоотод оршин суух Хондого овогт Лхагваагийн Баярмагнай /РД: ЕС78051818/, Бичигт овогт Жанчивдоржийн Пүрэвмаа /РД:ЕО82091967/ нар  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хас банкны нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэг 19.760.776,55 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Л.Отгонтуяатай харилцан тохиролцож, нэхэмжлэлийн шаардлага 19.760.776,55 төгрөгнөөс үндсэн зээл 1.650.000 төгрөг, зээлийн хүү 2.003.745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.696 төгрөг нийт 3.665.441 төгрөгийг 2016 оны 12 сарын 26-ны өдрийн дотор төлж барагдуулж, үлдэгдэл 16.095.335,55 төгрөгийг 2017 оны 01 сарын 18-ны өдрөөс эхлэн 13900110394 тоот зээлийн гэрээний графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Л.Баярмагнай, Ж.Пүрэвмаа нараас зээлийн гэрээний үүргийн төлбөр 19.760.776,55 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Л.Баярмагнай, Ж.Пүрэвмаа нартай 1390005153 дугаартай зээлийн гэрээг байгуулж, 30.000.000 төгрөгийг, сарын 2.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай авто машин худалдан авах зориулалтаар зээлдүүлсэн, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1390005153 зээлийн нөхцөлийг өөрчлөн 1390009052 тоот зээлийн гэрээгээр 20.357.000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай болгож өөрчилсөн.  2016 оны 01 дугаар сарын 26-ны өдөр зээлийн нөхцөлийг өөрчлөн 1390010394 тоот зээлийн гэрээгээр 18.045.335,55 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай болгож өөрчилсөн зээлийн гэрээг тус тус байгуулсан байна.

Хариуцагч нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй, 2016 оны 06 сарын 18 өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй 138 хоногийн хугацаа хэтэрсэн болох нь зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Л.Баярмагнай нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн төлбөр 19.760.776,55 төгрөгөөс 2016 оны 12 дугаар сарын 26-ны дотор үндсэн зээл 1.650.000 төгрөг, зээлийн хүү 2.003.745 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11.696 төгрөг нийт 3.665.441 төгрөгийг төлж барагдуулах, үлдсэн 16.095.335,55 төгрөгийг 13900110394 дугаар зээлийн графикийн дагуу төлж барагдуулахаар тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч байгууллага  зөвшөөрсөн байна.  Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Баярмагнай, Ж.Пүрэвмаа нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 19.760.776,55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт, хариуцагч Л.Баярмагнай, Ж.Пүрэвмаа нар нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны дотор 3.665.441 төгрөгийг төлж барагдуулах, үлдсэн 16.095.335,55 төгрөгийг зээлийн графикийн дагуу төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256.754 төгрөгийн 50 хувь буюу 128.377 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 128.377 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Л.Баярмагнай, Ж.Пүрэвмаа нараас 128.377 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Л.Баярмагнай, Ж.Пүрэвмаа нар нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Э.БОЛОРМАА