| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0303/И |
| Дугаар | 359 |
| Огноо | 2016-12-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 359
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1966 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, 72 дугаар байрны 2б тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, Цэвээн овогт Дуламжавын Шоовдор /РД: ЛБ66080401/-ын нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хүсэлтийг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 10 дугаар сарын 27-ны иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Бусад оролцогчид: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх, хүсэлт гаргагч Д.Шоовдор нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Шоовдор шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлтдээ: Миний бие 1982 онд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 8-н жилийн сургуулийн 8-р ангийг төсгөөд тус сумынхаа Эх орны төлөө нэгдэл клубын номын сангийн цэвэрлэгч, галчаар 1982 оны 08-р сараас эхлэн ажилласан. 1988 оны 12 сарыг дуустал тасралтгүй ажилласан юм. 1988 оны 12 сарын сүүлээр нөхөрт гарч Дорноговь аймгийн Сүмбэр сумын буюу Чойр хот руу шилжин амьдарсан юм. Тухайн үеийн ажиллаж байсан байдлыг тодорхойлох Хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн учир 1982 оны 08 сарын 01-нээс 1988 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Шоовдор нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд клубын номын сангийн цэвэрлэгч- галчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Шоовдор нь 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд клубын номын сангийн цэвэрлэгч-галчаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагч Д.Шоовдорын тайлбар, гэрч А.Дуламжавын “Д.Шоовдор нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Соёлын төвд 1982 оны 08 сараас цэвэрлэгчээр 1988 он хүртэл ажилласан. Сургуульд сурч байгаагүй. Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Соёлын төвд кино механикчаар 1980 оны 01 сараас 1988 оны 11 сар хүртэл ажиллаж байсан. Д.Шоовдортой 1982 оноос 1988 он дуустал ажиллаж байсан нь үнэн. 1988 оноос хойш хаана ямар ажил хийж байсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг, гэрч Б.Уранчимэгийн ”...Д.Шоовдор нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Соёлын төвд галч, цэвэрлэгч, үйлчилгээнд 1982-1988 оныг дуустал ажиллаж байсан. Би Баяндэлгэр сумын номын сангийн эрхлэгчээр 1977-2008 он хүртэл ажиллаж байсан. Хамт ажиллаж байсан нь үнэн” гэх мэдүүлэг, гэрч Бүлтүүзийн “Намайг нэгдэлд жолооч байхад Д.Шоовдор нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын нэгдэлд ажиллаж байсан. Би тус нэгдэлд тасралтгүй 1970 оноос 1998 он хүртэл ажилласан. Тэгэхэд 1980-аад онд л ажиллаж байсан. Оныг нь сайн санахгүй байна. Ажиллах нь л ажиллаж байсан. Д.Шоовдорын ээж нь тус нэгдэлд Улаан булангийн галчаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарч оронд нь Д.Шоовдор тус нэгдлийн клубэд галч-цэвэрлэгчээр ажиллаж байсан. Хавсарсан ажил хийдэг байсан. Одоо үед Соёлын төв гэх байх. Нэгдлийн үед Улаан булан гэдэг байсан. Би жолооч хийдэг байсан. Нэгдлийн даргын жолоочоор ажилладаг байсан. Д.Шоовдор удаагүй нөхөрт гарч нэгдлээс гарсан. Оныг нь сайн санахгүй байна” гэх мэдүүлгүүд болон Сүхбаатар аймгийн архивын тасгаас гаргаж өгсөн хүсэлт гаргагчийн цалингийн лавлагаа зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар хүсэлт гаргагч Д.Шоовдорыг 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд клубын номын сангийн цэвэрлэгч-галчаар ажиллаж байсныг тогтоох үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Цэвээн овогт Дуламжавын Шоовдорыг 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын “Эх орны төлөө” нэгдэлд клубын номын сангийн цэвэрлэгч-галчаар ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар нь мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг мөн хуулийн 119.4-т заасан 14 хоногийн дотор гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА