| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 105/2020/0651/Э |
| Дугаар | 675 |
| Огноо | 2020-04-13 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Ариунжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 675
2020 04 13 2020/ШЦТ/675
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Д.Ариунжаргал,
Хохирогч Л.Саранхүү,
Шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Нд холбогдох эрүүгийн 2006 00530 0537 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
П.Н.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Н нь 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 22 дугаар байрны 85 тоотод иргэн Л.Саранхүүд “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, дансаар 3.500.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч П.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн түүнд холбогдох эрүүгийн 2006 00530 0537 дугаар хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судалхад шүүгдэгч П.Н нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Л.Саранхүүгийн мөрдөн байцаалтад өгсөн:
2019 оны 05 сарын эхээр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот явах замын унаанд би П.Н гэх хүнтэй анх танилцсан ба тухайн эмэгтэй нь өөрийгөө БНСУ-н элчин сайдын яаманд таньдаг хүнтэй мөн өөрийгөө Хууль зүйн яамны сайд Нямдоржын туслах ажилтай гэж хэлж байсан юм. Би тухайн хүнээс БНСУ-н удаан хугацааны /мулти/ виз гаргуулах хүсэлтэй байгаа талаараа хэлэхэд боломжтой гэж хэлсэн юм. Би тухайн эмэгтэйгээс виз гаргуулах үнэ ханшийнх нь талаар асуухад 6.000.000 төгрөг болно гэж хэлсэн ба тухайн үед надад мөнгө байхгүй байсан тул 85402244 дугаарыг нь аваад салсан юм.
Би Улаанбаатар хотод өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 22-85 тоотод байрлах гэртээ ирээд БНСУ-н виз гаргуулах 6.000.000 төгрөгийг олохоор хөөцөлдөж эхэлсэн ба тухайн мөнгийг үеэлээсээ 3.500.000 төгрөгийг 5 хувийн хүүтэйгээр зээлсэн юм.
2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр би 3.500.000 төгрөгтэй болоод П.Н гэх эмэгтэйн надад өгсөн 85402244 утасны дугаараар нь холбогдоод "надад 6.000.000 төгрөг олдсонгүй, 3.500.000 төгрөг л байна" гэхэд тухайн эмэгтэй "болно" гэж хэлээд тэр эмэгтэйтэй Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо Баянцээлийн гудманд уулзаж өөрийн гадаад паспортыг өгсөн ба салаад өөрийн гэр болох Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 22-85 тоотод гэртээ ирээд өөрийн гар утасны интернет банкаар П.Нийн Хаан банкны 5041099222 дугаартай дансруу нь 3.500.000 төгрөгөө шилжүүлсэн юм. П.Н нь сарын дараа буюу 06 дугаар сарын 26-ны өдөр гэхэд виз гарна гэж хэлж байсан ба 1 сарын хугацаа нь дуусаад виз гарахгүй болохоор нь 85402244 дугаартай утсаар нь холбогдоход "таны виз гараагүй байна, дараа сард гарна" гэхээр нь дахиад 1 cap хүлээсэн боловч миний виз гараагүй юм. Тухайн эмэгтэй хугацаагаа байнга хойшлуулсаар байгаад өнөөдрийг хүрсэн ба одоо утасных нь орох ярианы эрх хаагдчихсан байдалтай байна. Мөн тухайн эмэгтэйн гэрт нь 1 сарын өмнө очиж уулзахад "таны мөнгийг буцааж өгнө" гэж хэлж байсан боловч сүүлд очиж уулзахад "бие өвдсөн" гээд өвөө болон охин дүү хоёр нь хэлж байсан юм.
... Би өөрийн үеэлээсээ 3.500.000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн ба П.Нээс 1.000.000 төгрөгийг 2019 оны 07 сард буцааж авсан ба одоо үлдэгдэл 2.500.000 төгрөгөө буцааж авах үлдэгдэлтэй байгаа юм. Мөн би өөрийн үеэлдээ зээлсэн мөнгөний хүү гэж cap болгон 5 хувийн хүү болох 250.000 төгрөг төлдөг ба одоогийн байдлаар нийт 1.800.000 төгрөгийг хүүнд нь төлсөн байгаа юм. Надад учирсан нийт хохирол 2.500.000 төгрөг хүүнд төлсөн мөнгө 1.800.000 төгрөг нийт 4.300.000 төгрөгийн хохирол учраад байгаа тул шийдвэрлэж өгнө үү мэдүүлэг /хх 7-9/,
Гэрч М.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Би иргэн Саранхүүгээс “хэдэн төгрөг, хэзээ өгөх юм, ямар хэлбэрээр өгөх юм” гэж асуухад иргэн Саранхүү нь “өөрийн ХААН банкны данснаас иргэн П.Нийн ХААН банкны данс руу 2019 оны 05 сарын 26-ны өдөр Мобайл банкаар 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн” гэж хэлсэн. Баримтыг нь харуул гэхэд Саранхүү нь өөрийн утаснаас дансны хуулга харуулсан. … гэх мэдүүлэг /хх 17/,
-гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,
-хохирогч Л.Саранхүүгийн ХААН банкны 5076119966 тоот данснаас 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг, 500.000 төгрөг тус тус 5041099222 тоот дансруу шилжүүлсэн талаарх тус банкны шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 40/,
-шүүгдэгч П.Нийн ХААН банкны 5041099222 тоот дансанд 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг, 500.000 төгрөг тус тус 5076119966 данснаас “виз Саранхүү” гэх гүйлгээний утга бүхий орлого шилжсэн дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 47/,
Шүүгдэгч П.Нийн мөрдөн байцаалтад өгсөн:
... Танилцсанаас хойш Саранхүү над руу хэд хэдэн удаа ойр зуур утсаар ярьсан. Удалгүй Саранхүү над руу залгаад Дарханд байхад уулзаад Солонгос улсын виз гаргаж өгөх хүн байна уу гэсэн. Тэгээд би асууж өгье гэсэн. Саранхүү Дарханд ирэхээрээ л уулзъя гээд утсаар ярьдаг. 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянцээлийн гадаа Саранхүү бид хоёр уулзаж, би Саранхүүгийн гадаад пасспортыг нь авсан. Тэгээд Саранхүү нь ажлын 5 жилээр Солонгос улс гарч байсан учир боломжгүй юм байна гээд нотариатад гэрээ байгуулахаас өмнө гадаад пасспортыг нь буцааж өгсөн. Би гадаад пасспорт өгсөн өдрийг санахгүй байна. Тэгээд 2019 оны 6 дугаар сарын 12-нд нотариатад гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед Саранхүү өөрөө гадаад пасспортаа бариад зогсож байсан. Саранхүү нь нотариатын гадаа байхдаа хамаатны гэх 3 залуутай ирсэн. Тухайн үед нотариат руу Саранхүү бид хоёр л орж гэрээ байгуулсан. Би Саранхүүтэй анх уулзахдаа визний талаар яриагүй, дараа нь Дарханд байхад Саранхүү надтай уулзаад виз гаргаж өгөх хүн байна уу гэж асуухад нь би асууж өгье гэж хэлсэн. Тухайн үед би Хууль зүйн яаманд ажилладаг, Нямдорж сайдын туслах ажилтай гэж хэлээгүй. Би хувиараа тендерийн ажил бичдэг байсан. Сэлэнгэ-Улаанбаатарын хооронд байнга явдаг байсан. Надад Солонгос улсын элчин сайдын яаманд таньдаг хүн байхгүй ээ. Саранхүү визний талаар асуух үед өөрөө би Солонгосын элчин сайдын яаманд таньдаг хүнтэй гэж хэлсэн.
Визний талаар тамирчны виз гаргуулдаг Жаргалсайхан гэх хүнээс асуусан. Би Жаргалсайхантай 2-3 жилийн өмнөөс Мөнхбат гэх төмөр замд ажилладаг байсан найзаараа дамжуулж танилцаж байсан. Одоо би Мөнхбат, Жаргалсайхан гэх хүнтэй холбоогүй. Саранхүү 2019 оны 6 дугаар сарын эхээр миний бичиж байсан тендерийн тусгай зөвшөөрлийг хамаатны хүнээрээ гаргуулж өгье, 1 сая төгрөг болно, материалтайгаа өгчих гэсэн. Тэгээд би материалаа Саранхүүд 2019 оны 6 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ундрам плазагийн гадаа өгсөн гэх мэдүүлэг /хх 13-14/ зэрэг хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргээс П.Нийн иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 30, 33-34/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Түүнчлэн бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр илэрч хохирогчийг төөрөгдөлд оруулж, өөрийнх нь зөвшөөрлөөр эд зүйлийг нь өөртөө авч захиран зарцуулах эрхтэй болсноор энэ төрлийн гэмт хэрэг төгс үйлдэгддэг.
Шүүгдэгч П.Н нь ямар нэгэн виз олгох эрх бүхий субект биш болохоо өөрөө сайтар ухамсарлаж байсан ч хохирогчийүг хуурч, итгэл төрүүлэн өөрийн данс руу мөнгө шилжүүлэн авч өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна.
Шүүгдэгч П.Н нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч шунахайн сэдэлтээр үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуульд гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болно.
Шүүгдэгч П.Н нь иргэн Л.Саранхүүд “Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгө шилжүүлсэн баримт, дансны хуулга зэрэг хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч П.Нийг Баянзүрх дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Саранхүүд учирсан 3.500.000 төгрөгийн хохирол учруулсанаас 1.000.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тухай хохирогч, шүүгдэгч нарын ХААН банкны Дипозит дансны дэлгэрэнгүй хуулга дээрх орлого, зарлагын баримт /хх 52, 56/, 2.500.000 төгрөгийг шүүх хуралдааны явцад төлж барагдуулан баримтыг хавтаст хэрэгт хавсаргуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч Л.Саранхүү нь 3.500.000 төгрөгийг хүнээс сарын 5%-ийн хүүтэй зээлж авсан. Өнөөдрийг хүртэл 2.475.000 төгрөгийг төлсөн учир энэ төлбөрийг гаргуулж авмаар байна гэж шүүх хуралдаанд хүсэлт гаргасан. Шүүх уг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй болно. Учир нь шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролыг шийдвэрлэх хууль зүйн зохицуулалттай болно.
Шүүгдэгч П.Нийг гэм буруутайд тооцох болон түүнд эрүүгийн хариуцалга хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байдал, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тодорхой хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хэргийн учир цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Нийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ялыг шүүгдэгч П.Нд оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч П.Нд хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд П.Нд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ