Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/00657

 

 

Д.Д гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02759 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00092 дугаар магадлалтай,

Д.Дгийн нэхэмжлэлтэй

“Ш Ш”ХХК-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч Г.Норжинсүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч Г.Норжинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс “Ш Ш” ХХК-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын нарийн бичгээр ажилласан бөгөөд хөдөлмөрийн гэрээ одоог хүртэл бичгээр байгуулаагүй ба миний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж ажиллуулж байсан. Ингээд миний бие ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байтал 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “Ш Ш” ХХК-ийн Улаанбаатар дахь салбарТөлөөлөгчийн газрын дарга н.Хөхбар уулзаж хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай 383 дугаар тушаалыг гардуулан өгсөн. Намайг 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ээлжийн амралтаа авч 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа орох ёстой байсан боловч ажилдаа ирээгүй, ажил тасалсан үндэслэлээр 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие өөрийн ажил үүргээ зохих ёсоор биелүүлж байсан. Төлөөлөгчийн газрын дарга н.Хөхбар мэдээлэл өгөөгүйн улмаас намайг ажлаас халах үндэслэл болсон гэж үзэж байна. Ажил олгогч тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан боловч ажилтан сахилгын зөрчлийг давтан болон хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийн алийг гаргасан нь тодорхойгүй. Мөн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй мөртлөө хөдөлмөрийн гэрээнд заасан зөрчил гаргасан нь үндэслэлгүй, хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үйлдэл байхгүй. Надад сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, шийдвэр байхгүй. Иймд “Ш Ш” ХХК-ийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 383 дугаар тушаалыг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Ийм нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Д “Ш Ш” ХХК-ийн Улаанбаатар хот дахь Төлөөлөгчийн газарт нарийн бичгийн ажилтнаар 2007 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс эхлэн ажилласан бөгөөд түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөрийг цаг тухайд нь төлж байсан. Захирлын "Ээлжийн амралт олгох тухай" тушаалаар 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс ээлжийн амралтаа биеэр эдлээд 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ажилдаа орох байсан боловч ирээгүй. Бид нэхэмжлэгч Д.Д, түүний гэр бүлийн хүнтэй холбогдохыг оролдсон боловч холбогдоогүй учраас Дорнод аймагт оршин суудаг хамаатанд нь мэдэгдлийг гардуулсан. Д.Дгийн гэрийн хаягаар мэдэгдэл хүргүүлсэн боловч ийм хүн байдаггүй, утас нь хаагдсан гэж буцаж ирсэн. Ажил олгогчоос тухайн ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй. Бид ажилдаа ирэх мэдэгдлийг 2017 оны 5 дугаар сарын 20, 30-ны өдөр хүргүүлсэн. Тус мэдэгдлийг хүлээн авснаас хойш Д.Д 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр “Ш Ш” ХХК-ийн гүйцэтгэх захиралд хандан өргөдөл гаргасан байдаг. Мэдэгдлийг хүлээн авсан өдөр ажилдаа ирээгүй 14 хоногийн дараа компанид өргөдөл гаргасан нь ажлын байр мөн компанийн үйл ажиллагааг үл тоосон гэж үзэж байна. Манай компаниас нэхэмжлэгч Д.Дд ажилдаа эргэн орох хугацаа болон боломж олгосон боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй, холбоо барилгүй ажлын байран дээрээ ирсэн нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02759 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дугаар зүйлийн 128.1.2, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Дг “Ш Ш” ХХК-ийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын бичиг хэргийн ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 000 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “Ш Ш” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2018/00092 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02759 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 гэснийг хасч өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр, түүний өмгөөлөгч Б.Норжинсүрэн нар хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаан нь ИХШХШТХ-н 10 бүлэгт заасан шүүхийн процесс, дэгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь шүүх хуралдаан нь 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 09 цаг 00 минутанд эхлэх ёстой байтал нэхэмжлэгч талаас хүрэлцэн ирээгүй байсан. Гэтэл шүүгч нь үндэслэлгүйгээр шүүх хуралдааныг хойшлуулан хүлээлгэж мөн нэгэнт эхэлсэн хурлын дундуур нэхэмжлэгчийн өмгөөлөгч, нэхэмжлэгч нарыг шалтгаангүйгээр хуралд оролцуулж ирцтэй холбоотой гаргасан хариуцагчийн ИХШХШТХ-н 100 дугаар зүйлийн 100.2-т заасан хүсэлтийг хангахгүй орхиж, доод шатны шүүхийн үйл ажиллагааг хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь хариуцагчийн процессын дагуу эдлэх эрхийг зөрчсөн. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс хяналгүй орхиж шийдвэрлэсэн. ИХШХШТХ-н хуулийн дагуу шүүх хуралдаан явагдах бөгөөд хуулиар олгогдсон эрх, үүргээ зохигчид хэрхэн эдлэх нь процессын журмаар тодорхойлогддог. 2. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн байдаг. Улмаар хөдөлмөрийн гэрээгүй тул ноцтой зөрчил байхгүй хэмээн ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гаргасан. Гэтэл шийдвэртээ талуудын хооронд иргэний хуулийн 359-н дагуу хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атал ажилд эгүүлэн тогтоосон нь утга агууламжийн хувьд хууль нийцэхгүй хууль зүйн алдаатай байна. Үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн тайлбарлахдаа талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Мөн давж заалдах шатны шүүхээс талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан гэж дүгнэсэн боловч талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээний тухайд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн үнэлээгүй болохыг харуулж байна. 3. Магадлалын хянавал хэсэгт дурдсанаар “нэхэмжлэгч нь 2017 оны 4 сарын 27-ны өдөр ажилдаа очиход хаалгаа тайлж өгөөгүй, оруулахгүй байсан, тэгээд 6 сард тушаал гаргасан” гэх тайлбар гаргасан бөгөөд ажил олгогчоос ажилтныг ажлын байраар хангахгүй, ажлаа эрхлэх боломж олгохгүй байгаа тохиолдолд хөдөлмөрлөх эрхийг ажлаас чөлөөлсөнтэй адил байдлаар зөрчсөн гэж үзнэ” гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгч нь энэ тайлбараа нотлох баримтын хүрээнд тайлбарлаж чадаагүй бөгөөд ажилдаа ирэхгүй байхад нь оруулахгүй байсан тухай гэрчийн болон бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэт нэг талыг барин нэхэмжлэгчийн тайлбарыг үнэлж байгаа нь шүүхийн шударга байдалд эргэлзээ төрүүлж байна. Учир нь манай компанийн зүгээс нэхэмжлэгчийг 2007 оноос хойш ажлуулж байх хугацаанд элдэв янзаар доромжлох, хөдөлмөрлөх нөхцлийг хясан боогдуулж байсан үйлдэл гаргаж байгаагүй болно. Энэ талаар хамтран ажиллагч хамт олон нь баталгаа гаргаж өгөх боломжтой байдаг. 4. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт дурдсанаар талуудын хооронд хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гарсан эсэх нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн. Гэтэл энэ талаар нэхэмжлэгчийн хариу тайлбар, шүүх хуралдаан дээрх мэдүүлэгт ажилдаа очоогүй тухай хангалттай дурдагдсан байдаг. Мөн шуудангийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн тухай баримт хүртэл хэрэгт авагдсан байдаг. Ажил олгогчийн зүгээс дээрх байдлаар ажилдаа ирээгүйг нь хангалттай нотолсон байтал хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийг ялгаварлан гадуурхсан шинжтэй, ажил олгогчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн хуулийн дагуу эрх зүйн этгээд бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, харилцан тэгш эрхийн үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцох эрхтэй байдаг. Гэтэл ажил олгогч нь ажлаа тасалсан, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн ажилтны үйлдэлд нь хариуцлага тооцох боломжийг хясан боогдуулсан шүүхийн шийдвэр, магадлал нь ажил олгогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн нөхцөл байдлыг нотлох баримтанд тулгуурлан бодитоор үнэлээгүй, улмаар хууль зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэр, магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Д нь хариуцагч “Ш Ш”ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, өмгөөллийн хөлс 1 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй, маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс 1 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх  шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 ... гэсэн заалтыг хасаж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...анхан шатны шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч товлосон цагтаа ирээгүй байхад хүлээлгэж, шүүх хуралдаанд оролцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан манай хүсэлтийг хангаагүй, ...хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, ...хэрэгт хөдөлмөрийн гэрээг гаргаж өгсөн байхад дүгнээгүй, ...нэхэмжлэгч ажилдаа ирээгүй нь баримтаар нотлогдож байхад шүүх хэт нэг талыг барьж дүгнэлт хийсэн, ...гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид ялгаварлан гадуурхсан шинжтэй хандаж ажил олгогчийн эрх ашгийг зөрчсөн...” гэсэн үндэслэл дурьдаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүсчээ. Хариуцагчийн гомдолд ...нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэж дурдсан боловч агуулга нь шийдвэр, магадлалыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох буюу хяналтын гомдлыг хангаж өгнө үү гэсэн утгатай байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

Д.Д нь тус компанид 2007 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс бичиг хэргийн ажилтнаар ажилласан байна. Ажил олгогч 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 383 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн гэрээний 13.2.3.2, Хөдөлмөрийн дотоод журмын 8.3.2 дахь хэсгийг баримталж, ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр Д.Дг ажлаас нь халжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн, ажилтан ноцтой зөрчил гаргаагүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн 128.1.1-д заасан зохицуулалтыг хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг хөлсөөр ажиллах гэрээ гэж буруу дүгнэлт хийсэн...” гэж үзсэн нь үндэслэл муутай болжээ. Анхан шатны шүүх өмгөөллийн хөлс шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсгээр тодорхойлсон агуулгатай байх ба уг зохицуулалт нь гэрээний талууд бие биедээ шаардлага гаргахад хамаардаг тул хэрэглэвэл зохих хэм хэмжээ биш бөгөөд шийдвэрийн тогтоох хэсэгт уг хуулийн заалтыг хассан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан үндэслэл тогтоодоогүй тул өмгөөллийн хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй ба нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар гомдол гаргаагүй юм.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл зохигчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, ажилтан гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан нь нотлогдоогүй тул нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хууль зүйн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурласан, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

“Ш Ш”ХХК нь Д.Дтай 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 1 жилийн хугацаатай, хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний хугацаа дуусгавар болоход хугацаа сунгагдах нөхцлийг гэрээнд тусгасан, гэрээний хугацаа дууссан хэдий ч ажилтан ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэж байсан байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ээлжийн амралтаа авсан, ажилдаа 4 сарын 27-ны өдөр орох байсан талаар талууд маргаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс “...ажилдаа очиход хаалгаа тайлж өгөөгүй, оруулахгүй байсан, тэгээд 6 дугаар сард хариуцагч тушаал гаргасан...” гэсэн бол хариуцагч “ ...нэхэмжлэгч 4 сарын 27-ны өдөр ажилдаа ирээгүй, ...ажилдаа ирэхийг 5 сарын 20, 30-ны өдөр мэдэгдсэн боловч ирээгүй, ажил тасалсан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан ...” гэж мэтгэлцжээ. Ажил олгогч нь ажилтанг ноцтой зөрчил гаргасан гэж ажлаас халахдаа ажилдаа ирэхийг ажилтанд мэдэгдснээс хойш хэзээ, хэд хоног ажил тасалсан гэж үзсэн, ажилтанд ажилдаа ирэхийг мэдэгдсэн гэх байдлыг баримтаар хангалттай нотолж чадаагүй тул ажилтан ноцтой зөрчил гаргаагүй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

Нэхэмжлэгч нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 383 дугаар тушаалын талаар шүүхэд 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргаснаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааны үйл баримтыг дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр  сарын 03-ны өдрийн 210/МА2018/00092 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                       ШҮҮГЧ                                                           П.ЗОЛЗАЯА