| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2017/00037/Э |
| Дугаар | 2017/ДШМ/42 |
| Огноо | 2017-11-07 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | - |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2017/ДШМ/42
*******од холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Намуунзул
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар
Шүүгдэгч ******* нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, шүүгч Б.Энхбаатар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Насанбуян нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын давж заалдах гомдлоор *******од холбогдох эрүүгийн 201711000168 дугаартай хэргийг 2017 оны 10 сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1979 оны 06 сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /РД-*******/, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт амьдрах, Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн “Тэнгэр-Ус” гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 02 сарын 19-ний өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 01 сарын 11-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 05 сарын 13-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2016 оны 02 сарын 01-ний өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Тэнгэр-Ус” гэх газарт оршин суух иргэн *******ийн хашааны баруун талд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн *******тай маргалдаж, улмаар түүнийг зодож, бие махбодид нь гэмтэл учруулсны улмаас нугас дарагдаж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овогт *******гийн *******ыг хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ыг 8 /найм/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан 8 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын 2017 оны 04 сарын 21-ний өдрөөс 2017 оны 09 сарын 12-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 144 /нэг зуун дөчин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хохирогчийн төлөөлөгч *******ын нэхэмжилсэн өмгөөлөгчийн хөлс 2000000 /хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын оршуулгын болон замын зардалд 5624405 /таван сая зургаан зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун таван/ төгрөгийг хохирогчийн төлөөлөгч *******д төлсөн ба энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан шүүгдэгч *******ын өмсөж явсан хар өнгийн түрийтэй нэг хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, түүний эзэмшлээс 1300000 төгрөгийн үнэлгээ бүхий таван ханатай эсгий гэр битүүмжилсэн мөрдөгчийн 2017 оны 06 сарын 09-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хүчингүй болгож, баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 09 сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж, ...шийдвэрлэжээ.
Хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдолдоо: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 сарын 12-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ******* нь 2017 оны 04 сарын 19-ний өдөр хүн амины гэмт хэрэгт холбогдсон юм. Шүүхээс амь хохирогч *******ыг яаж алсан учруулсан гэмтлүүдийг хэн учруулсанд үнэн зөв дүгнэлт хийлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна. Талийгаачийн биед шинжээчийн дүгнэлтээр хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл учирсан байгааг тогтоож өгсөн байхад Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 3-д заасан ял оногдуулахгүй ял завшуулсан гэж үзлээ. Мөн хэргийн зүйлчлэлийг өөрчлөн амь хохирогчийг онц харгис хэрцгийгээр алсан гэж зүйлчилж ял шийтгэл оногдуулах саналтай байна.
Иймд шүүхийн 123 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах хүсэлт гаргаж байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа: ... 123 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан гомдолтой танилцлаа. Гомдолд хохирогч *******ын биед учирсан гэмтлүүд нь хүнд, хүндэвтэр, хөнгөн зэргийн гэмтэл болохыг шинжээч тогтоосон байхад уг гэмтлүүдийг хэн, яаж учруулсанд үнэн зөв дүгнэлт хийсэнгүй. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.3 /андуурсан байх/-т заасан ял оногдуулсангүй ял завшуулсан гэжээ. Зүйлчлэлийг өөрчлөн хохирогчийг онц харгис хэрцгийгээр алсан гэж шийтгүүлэх саналтай гэжээ. Энэ талаар анхан шатны хурал дээр санал гарч байсан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд дээрх саналыг няцаасан. Шүүхээс ч зүйлчлэлийг зөв байна гэж үзэж шийдвэрлэсэн. Ялтан *******ын хувьд өөдөөс нь тийрээд хөлөөрөө тийчлээд байхад нь хөлийг нь нийлүүлж 2 гараараа тэвэрч барьсан. Тэр нуруу сээр дээрээ тулгуурлан тэлчилж хөлөө татахад нь би дээрээс татагдаад дарж унасан. Тэгэхэд л эвгүй болсон байх гэдэг. ... Хөл шилбэ энд тэнд үүссэн салангид цус хуралтууд олон хоног архи уусан үед ойролцоо үүссэн байх боломжтой. Хүзүүний хугарал мултрал, хавирганы хугарал, уушигны гялтан доорхи цус хуралт, хажуу /нурууны/-гийн шугамаар цус хуралт, баруун бугалга, ар нуруу хэсгийн цус хуралт зэргийг нэг удаа дээрээс нь дарж унах үед, дарсан хүрсэн талбай хэрхэн яаж дарсан, босохдоо яаж боссон зэргээс үүсч болох гэмтэл байгаа. Олон удаа зодсон, өшиглөсөн, дэвссэн ч гэдэг юм уу тийм нөхцөл байдал тогтоогдоогүй.
Ийм байтал хохирогчийн өмгөөлөгч онц харгис хэрцгийгээр гэдэг хүндрүүлэх нөхцөлтэй гэж үзэж байгаа нь хэт нэг талыг барьсан хэрэг юм. Онц харгис хэрцгийгээр алах гэдэг талаар тодорхой ойлголт байдаг. Тэр шинж тэмдэг байхгүй байгаа. Иймд хохирогчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн орчимд Дорнод аймгийн Чойбалсан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тэнгэр-Ус” гэх газарт *******ийн хашааны баруун талд, хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч *******тай маргалдан, улмаар түүнийг хавсарч унагаах, дээрээс нь дарж унах зэргээр зодолдсоны улмаас түүний бие махбодид хүзүүний 2-р нугалам, 3-р нугалмын их бие хэсгээр дарагдсан хугарал, муртрал, хүзүүний 2,3-р нугалмын түвшин дэх нугас дарагдалт, зүүн талын 6,7, 8, 9-р хавирганы хугарал, баруун, зүүн уушгины гялтан хальсан доорхи цус хуралт, нурууны хажуугийн шугамаар цус хуралтууд, баруун бугалга, ар нуруу, цээжний зүүн хажуу гадарга, бүсэлхийн баруун тал, зүүн шилбэний цус хуралт зэрэг гэмтэл учруулан хохирогч *******ыг алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Тухайлбал, тухайн үед хэргийн газарт байсан гэрч *******, нар нь “тухайн өдөр хохирогч *******ыг *******ийнд согтуу байдалтай байхад нь ******* гаднаас орж ирсэн ба *******, ******* нар харилцан үг сөрж муудалцсан байна. Улмаар гадаа гарч хэрүүл маргаан үргэлжлэн хохирогч ******* нь *******ыг үг хэлээр өдөж доромжилсон, ******* нь хохирогч *******ыг тонгорох, хавсрах, хазаараар ороолгох зэргээр зодсон. Дараа нь *******, ******* нар хашааны баруун тал руу явцгаасан ба удалгүй *******, нарыг араас нь очиход ******* нь дээшээ хараад ёолоод босож чадахгүй болчихсон хэвтэж байсан, хажууд нь ******* зогсож байсан. Ингээд *******, ******* нар хохирогчийг дамжлан гэрт оруулсан ба тэрээр удалгүй нас барсан” гэж мэдүүлсэн /хх-ийн 51-53, 57-61/, шүүгдэгч ******* үйлдсэн хэргийнхээ талаар “...******* нь намайг өшиглөх гээд хий өшиглөөд унасан, уначихаад нуруун дээрээ эргэлдээд над рүү тийрээд байхад нь хоёр хөлийг барьж авах үедээ татагдаад дээрээс нь дарж ойчсон, тэгээд нуруу эвгүй болчихлоо гэхээр нь сандралдаад дамжлан гэрт оруулсан” гэж мэдүүлсэн /хх-ийн 137-149-р хуудас/, түүнчлэн “хохирогч ******* нь хүзүүний 2 дугаар нугалам, 3 дугаар нугалмын их бие хэсгээр дарагдсан хугарал, мултралын улмаас хүзүүний 2, 3 дугаар нугалмын түвшин дэх нугас дарагдаж нас барсан” болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийг байцаасан тэмдэглэлээр тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба нотлох баримтыг цуглуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул дээрх нотлох баримтад үндэслэн хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Нэг санаа сэдлээр, нэг цаг хугацаанд үйлдсэн гэмт хэргийг хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хэргийг хамгийн хүнд хор уршгаар нь зүйлчилсэн нь зөв байна. Түүнчлэн онц харгис хэрцгийгээр алсан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.
Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******ын 2017 оны 09 дүгээр сарын 12-ноос 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ
Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД
Б.ДЭНСМАА
Л.НАРАНБАЯР