Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 44

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х  овогтой М ийн Ч /РД:*****/

Хариуцагч: Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.Ч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Р , Б.У , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сумъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: “...Миний бие М ийн Ч нь Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст ахмадын өрөөний зохион байгуулагч албан тушаалд 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажилд орсон, 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдроөс Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 7 дугаар хороо хариуцсан мэргэжилтэн, 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 3 дугаар хороо хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг, 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрийн захиргааны албан хаагчийн тангарагийг тус тус өргөсөн болно. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно. 

Нэг. Ажлаас үндэслэлгүй халсан тухай Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 10.1, 17.2 дахь заалтыг тус тус үндэслэн намайг Төрийн албан хаагчийн шалгалтыг удаа дараа өгч тэнцэхгүй байгаа тул 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөр тасалбар болгон үүрэг ажлаас чөлөөлсүгэй гэжээ. 

Миний бие Төрийн захиргааны болон төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг 2011 онд өгч тэнцсэн, 2013 оны 12 дугаар сарын 09-нд Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн, 2013 оны 12 дугаар сарын 25-нд төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн билээ. 

Миний төрийн албан хаагчийн тангарагийг хүчингүй болгоогүй атлаа хууль бусаар дахин шалгалт өгөхийг шаардсан хууль бус үйлдэл гаргаж, тэнцээгүй гэдэг шалтгаанаар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “...27.2.1.энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх;” гэж заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгааг зөрчин ажлаас үндэслэлгүй халсан тул Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хуүль бус актад тооцуулж, хүчингүй болгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна...” гэв.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариу тайлбартаа: “...М.Ч нь 2013 онд төрийн албан хаагчийн шалгалт өгч, төрийн албан хаагчийн тангараг өргөсөн боловч тухайн хугацаанд Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ын дагуу нэр дэвшүүлж аваагүйн улмаас нөөцийн бүртгэлийн хүчинтэй байх хугацаа дууссан байна. Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны А/69 дүгээр тушаал, удирдамжийн дагуу хийсэн шалгалт, Налайх дүүргийн Дотоод аудитын хяналт шалгалтаар уг албан хаагчийн томилгоог зөрчилтэй гэсэн дүгнэлт гарсан 

Дээрх асуудлыг төрийн албан хаагчдын эрх ашгийг хөндөхгүйгээр хэрхэн шийдвэрлэх талаар Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл болон яамны салбар зөвлөлд хандахад /2016 оны 11 дүгээр сар, 2017 оны 02 дугаар сард/ Монгол улсын Төрийн албаны зөвлөлд хандан эцсийн шийдвэрийг гаргуул гэсэн чиглэл өгсөн. Үүний дагуу 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 197 тоот албан бичгээр хүсэлт гаргахад Төрийн албаны тухай хууль, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг баримтлан ажиллах анхааруулга өгсөн. 

Хэлтсийн удирдлагын зүгээс албан хаагчдад нөхцөл байдлыг тухай бүр танилцуулж төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтыг 2017 оны эхний хагас жилд багтаан өгөхийг удаа дараа мэдэгдэж ирсэн. Дахин шалгалт өгөх шаардлагыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Дүүргийн дотоод аудит, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөл, Монгол улсын Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлттэй танилцаж хүлээн зөвшөөрсөн гэдэг нь М.Ч тухайн шалгалтыг 3 удаа өгснөөр батлагдаж байна. М.Ч тай ижил нөхцөл байдалтай байгаа тус хэлтсийн 2 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалтыг 2017 оны 04-06 дугаар саруудад өгч, журмын дагуу 10 дугаар сард нэр дэвшигдэн, тангаргаа өргөн ажиллаж байна. Тус хугацаанд М.Ч нь шалгалтыг 3 удаа өгч тэнцээгүй нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг хангахгүй байгааг харуулсан гэж үзэн албан даалгавар, дүгнэлт зөвлөмжийн хэрэгжилтийг хангах үүднээс холбогдох байгууллагуудын дүгнэлтийг үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 

М.Ч ын хүсэлтийн дагуу эгүүлэн томилох тухай Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны 1080 тоот шийдвэр нь тус байгууллагын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны 542 тоотоор ирүүлсэн хариутай зөрчилдөж байгаа бөгөөд шийдвэр нь шударга ёсны зарчмыг зөрчин, манай байгууллагаас тайлбар, тодруулга авалгүйгээр нэг талыг баримтлан гаргасан шийдвэр байна гэж үзээд Монгол улсын Төрийн албаны зөвлөлд албан бичиг хүргүүлж, Зөвлөлийн гишүүн, Ажлын албаны дарга нарт тайлбар өгснөөр, 2017 оны 10 дугаар сарын 31-ний 1179 тоотоор залруулга хийлгэсэн болно. Тус залруулгад М.Ч нь зөвхөн өөрийн бүрдүүлсэн баримт бичгээр өөрт ашигтай байдлаар шийдвэрлүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, Төрийн албаны тухай хууль, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг баримтлан ажиллах” талаар дахин анхааруулга өгсөн. 

2. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно гэж өөрийгөө тодорхойлсон нь дараах баримтуудаар үндэслэлгүй гэдэг нь харуулж байна. Үүнд: 

Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 05 дугаар сарын 08-ны Б/16 тоот тушаалаар М ийн Ч нь “Ажилдаа хариуцлагагүй хандаж, иргэдэд чирэгдэл учруулсан тул” албан тушаалын цалингийн хэмжээг 1 сар хувиар бууруулах сахилгын шийтгэл, 

М.Ч нь 7 дугаар хорооны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа 2011 оны 12 дугаар 24-ний өдөр 7 дугаар хорооны хорих ангиас суллагдсан иргэн Л.С*******, М.Х******* нарын Онцгой тохиолдлын тэтгэмжийн мөнгө болох 2.400,000 төгрөгийг дур мэдэн зарцуулж, иргэн нь гомдол гаргасны дагуу Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 02 дугаар сарын 24-ний Б/06 тоот тушаалаар “Холбогдох хууль тогтоомжийг зөрчин үүрэгт ажилдаа хариуцдагагүй хандсан тул” сахилгын сануулах шийтгэл, 

М.Ч нь 3 дугаар хорооны мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа тус хорооны иргэн Ж.*******ийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэж өгөхгүй, ёс бус харьцаж чирэгдэл учруүлсан тухай иргэний өргөдлийг судлан Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 06 дугаар сарын 21-ний Б/37 тоот тушаалаар “Үйлчлүүлэгч иргэнтэй зүй бус харьцаж ёс зүйн зөрчил гаргасан тул” албан тушаалын цалинг 1 сарын хугацаатай 10 хувиар хасах сахилгын шийтгэл тус тус ногдуулж байсан байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ч нь “Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

М.Ч нь Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 42 дугаар тушаалаар тус хэлтэст “ахмадын амралт чөлөөт цагийн өргөөний зохион байгуулагч”-аар /ТҮ-1-5 шатлалаар/, 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар тушаалаар тус хэлтсийн 7 дугаар хороо хариуцсан хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр /ТЗ-4-1 шатлалаар/, 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар тус  хэлтсийн хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтнээр /ТЗ-4-3 шатлалаар/ томилогдон ажиллаж байгаад 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар “Төрийн албан хаагчийн шалгалтыг удаа дараа өгч тэнцэхгүй байгаа” үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ. 

Төрийн албаны зөвлөлийн мэргэшлийн шалгалтын мэдээллийн санд бүртгэгдсэнээр М.Ч нь төрийн албаны удирдах болон гүйцэтгэх ажилтны сонгон шалгаруулалтад 9 удаа орсноос 2013 оны 11 дүгээр сард Төрийн албаны зөвлөлийн Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам /хуучин нэрээр/-ны дэргэдэх салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад 60.62 оноогоор тэнцэн нөөцөд бүртгэгдэн, 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт “төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг”, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яаманд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “төрийн захиргааны албан хаагчийн тангараг” өргөж, мөн 2017 оны 11 дүгээр сард Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлөөс зохион байгуулсан төрийн албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад орж 60.5 оноогоор тэнцэн нөөцөд бүртгэгдсэн байна.

Хэдийгээр Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 17 дугаар тушаалаар М.Ч ыг 7 дугаар хороо хариуцсан хөдөлмөр, халамжийн мэргэжилтнээр ТЗ-4-1 шатлалаар цалинжуулан төрийн захиргааны албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.4-т зааснаар Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөлөөс төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөөс нэр дэвшүүлэх замаар томилоогүй ч, энэ нь томилогдсон иргэнийг дангаар шууд буруутгах үндэслэл болохгүйн дээр, ийнхүү томилогдсоноос хойш төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдэн тангараг өргөж төрийн албан хаагч мэргэшсэн байх шаардлагыг хангасан байхад “нөөцөд байх хугацаа дууссан” гэдгээр түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзлээ. Учир нь төрийн жинхэнэ албаны нөөцөд байх хугацаа гэдэг нь ажил эрхлээгүй, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдоогүй байх хугацааг ойлгох ба нөгөөтэйгүүр  ажиллаж байх хугацаандаа төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн, тангараг өргөж Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан шаардлагыг хангасан байхад уг шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Тодруулбал нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн тангараг өргөсөн, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.3-т зааснаар төрийн жинхэнэ албыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагч байх тул түүнийг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан “төрийн албан тушаалд тавих 

ерөнхий шаардлага буюу тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх” шаардлагыг хангаагүй, 17 дугаар зүйлийн 17.2-т заасан “энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангаагүй” гэсэн үндэслэлээр чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. 

Дээр дүгнэснээр тэрээр төрийн жинхэнэ албан хаагч байх тул түүнийг төрийн албанаас чөлөөлөхөд Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн жинхэнэ албан хаагчийг чөлөөлөх” үндэслэлийг шаардах бөгөөд мөн хуулиар төрийн жинхэнэ албан хаагчид олгосон “хуульд зааснаас өөр үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” баталгааг мөн эдэлнэ.

Төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг тухайн ажлын байрны тодорхойлолтод нарийвчлан заасан бөгөөд энэ шаардлагыг хангасан, өөрөөр хэлбэл дээд боловсролтой, бакалаврын зэрэгтэй, нийгмийн ажилтан мэргэжилтэй байх зэрэг шаардлагуудыг хангасан, энэ талаар тухайлан маргаагүй байна.

Түүнчлэн тэрээр ийнхүү чөлөөлөгдсөнөөс хойш төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны сонгон шалгаруулалтад дахин тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах нэг үндэслэл болсныг дурьдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгч М.Ч ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж  “Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Ч ыг Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилгүй байсан 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны буюу 4 сар 16 хоногийн цалинг ТЗ-4-3 шатлалаар тооцон 2.*******.740 төгрөг гаргуулан олгуулахаар шийдвэрлэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар ажил олгогч ажилтны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан дээрх хугацаанд зохих бичилт хийх үүрэгтэйг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэл болоогүй сахилгын зөрчил, шийтгэлтэй холбоотой баримтуудыг шүүх дүгнээгүй болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.7, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/35 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Ч ыг тус хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 4 сар 16 хоногийн хугацааны цалин 2.*******.740 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь ажилгүй байсан дээрх хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурьдсугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь  шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг  тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА