Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2021/0353

 

              Б.П-ын гомдолтой

              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, Б.Д нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах Б.П-ын гомдолтой, Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 367 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.22, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452755 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах Б.П-ын гомдлыг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “... Хэрэгт нотлох баримтаар авагдсан улсын байцаагч Ц.Ө-ын ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд түүний шууд харьяалах дээд шатны албан тушаалтан нь дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга болох нь тогтоогдож байхад улсын байцаагч зөрчил шалган шийдвэрлэх хугацааг өөрөө сунгаж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 6.8.1, 6.8.2-т заасныг зөрчсөн бөгөөд хэрэв эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэргийг хугацаандаа шалгаж xадаагүй бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болно.

Гэтэл шүүхээс улсын байцаагч нь тухайн үед өөрөө дарга байсан тул хууль бусаар хугацаа сунгасан гэж буруутгах үндэслэлгүй байна гэсэн хууль зүйн үндэслэлгүй хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг зөрчиж байна.

Захиргааны хэргийн шүүх нь эрх бүхий албан тушаалтны хууль бус үйлдлийг таслан зогсоож иргэдийн эрх, ашиг сонирхлыг зөрчигдөхөөс хамгаалж хуулийг хэрэгжүүлэн ажиллахыг эрх бүхий албан тушаалтнаас шаардаж хуулийг хэрэгжүүлдэг байтал хууль зөрчсөн албан тушаалтныг хамгаалж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байгаа нь хэт нэг талыг барьсан хууль бус шийдвэр болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1452755 дугаартай шийтгэлийн хуудсаар Б.Пыг “сонгуулийн зардлын явцын тайлан ирүүлээгүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д заасны дагуу 20 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Үүнийг эс зөвшөөрч Б.Паас тухайн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд гомдол гаргаж, “...сонгуулийн сурталчилгааны шууд болон шууд бус зардал гаргаагүй тул сонгуулийн зардлын данс нээлгээгүй, сонгуулийн сурталчилгаа огт хийгээгүй тул “Х” тайлангаа гаргаж, Үндэсний аудитын газарт өгсөн ... энэхүү торгууль миний эрх ашгийг ноцтой зөрчсөн, үндэслэлгүй захиргааны акт” гэж тайлбарлан маргасан байна.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д “Нэр дэвшигч, нам, эвсэл хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Анхан шатны шүүх “нэр дэвшигч хандив аваагүй, өөрийн хөрөнгөөр сонгуулийн сурталчилгаа явуулсан байсан ч сонгуулийн байгууллагад нэр дэвшигчээр бүртгүүлсний дараа данс нээж, дансны мэдээллээ сонгуулийн санал хураалтаас өмнө тогтоосон хугацаанд төрийн аудитын байгууллагад бүртгүүлэх ... –ээр хуульчилсан байна” хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан гомдол гаргагчийн Үндэсний аудитын газар хүргүүлсэн хүсэлт, нэр дэвшигчийн сонгуулийн зардлын тайлангийн хураангуй, Монголын ногоон намаас Баянзүрх дүүргийн Татварын албанд хүргүүлсэн тодорхойлолт, Үндэсний аудитын газрын 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 01/2825 дугаар албан бичиг зэргээс үзэхэд гомдол гаргагч Б.П нь Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн, ингэхдээ сонгуулийн сурталчилгаа явуулаагүй, сонгуулийн зардлын “Х” тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлсэн болох нь тогтоогдсон, сонгуулийн сурталчилгаа явуулаагүй болон сонгуулийн зардлын явцын тайланг хүргүүлээгүй талаар маргаагүй.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3-д “Сонгуулийн зардлын мөнгөн хөрөнгийг энэ хуульд заасны дагуу нээлгэсэн сонгуулийн зардлын дансанд төвлөрүүлж, зарцуулна”, 51 дүгээр зүйлийн 51.3-д “Нам, эвсэл болон нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэх тухай шийдвэр гарснаас хойш энэ хууль болон банкны тухай хууль тогтоомжид нийцүүлэн сонгуулийн зардлын дансыг нээлгэнэ” гэж зааснаас үзэхэд нэр дэвшигч нь сонгуулийн зардлын данс нээлгэж, сурталчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг уг дансандаа төвлөрүүлж, улмаар хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д заасны дагуу авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаа санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэхээр байна.

Дээрх хуулийн зохицуулалтын зорилго нь сонгуулийн сурталчилгаа хийх зорилгоор зардлын данс нээлгэсэн, уг дансандаа сонгуулийн сурталчилгаанд зарцуулагдах мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, сурталчилгаа хийж байгаа тохиолдолд зардлын зарцуулалтын явцын тайлангаа төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх, ингэснээр нэр дэвшигчийн авсан хандив, санхүүжилт, зардлын зарцуулалт нь хуульд нийцэж байгаа эсэхэд хяналт тавихад оршиж байна.

Гэтэл Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчаас сонгуулийн зардлын данс нээлгэж, сонгуулийн сурталчилгаа явуулаагүй, “...сонгуульд оролцохоор нэр дэвшсэний дараа сонгуулийн санхүүжилтийн асуудал хүндээр тусаж нам болон өөрийн зүгээс мөнгөн хөрөнгө гаргах боломжгүй болсон” гэж тайлбарлаж буй гомдол гаргагчийг хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй хэмээн 20 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан зарчимтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн улсын байцаагчаас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880, Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 7/6746 дугаар албан бичгүүдийг үндэслэн зөрчлийн хэрэг нээж, улмаар зөрчилд шийтгэл оногдуулах хүртэл “...99078339 холбогдохгүй байсан”, “...99048339 холбогдох Б.П ийм хүн энэ дугаар байдаггүй” гэсэн тэмдэглэлээс үзэхэд гомдол гаргагчид ямар зөрчилд холбогдуулан шалгагдаж буй талаар мэдэгдээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.16 дугаар зүйл “Дуудан ирүүлэх”, 2-т “Холбогдогчийг дуудах хуудсаар, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудаж болно” гэж заасан ажиллагааг бүрэн хийгээгүй, үүний улмаас гомдол гаргагчийн хуульд заасан ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгааг мэдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, зөрчлийн хэрэгтэй танилцах болон бусад эрхээр хангагдах эрх нь зөрчигдсөн байх бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзэхээр байна.

Ийнхүү хариуцагч Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, сонгуулийн зардлын данс нээж, хандив хүлээж аваагүй, сонгуулийн сурталчилгаа явуулсан болох нь тогтоогдоогүй Б.Пыг Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27 дахь хэсэгт заасан “...Нэр дэвшигч хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй” зөрчил гаргасан гэж үзэж, 1452755 дугаартай шийтгэлийн хуудсаар 20 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Б.Пын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Ц.Ө-ын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 1452755 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                     Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН