| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0140/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 150
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч А.Мөнхзул,
шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Дийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Дийн Г нь Монгол Улсын иргэн, 1961 оны 02 дүгээр сарын 06-нд Ховд аймгийн Дарви суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” сургуулийн галч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:...) гэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ... тоотод байх гэртээ үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хүн болох Ш.Сгийн баруун нүдэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Ш.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 27-нд өгсөн:
“...Би ... тоотод нөхрийнхөө хамтаар амьдардаг. Нөхөр болох Гтай 1989 онд танилцаж, нэг гэрт орж хамтран амьдарсан, гэрлэлтээ 1992 онд батлуулсан.
2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой ажлаа тараад 19 цагийн орчим гэртээ ирэхэд манай нөхөр Г нь гэртээ архи үнэртүүлсэн байхаар нь би “чи одоо яагаад архи уучихсан юм бэ” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Маргалдаж байгаад Г унтаад өгсөн. Г хэсэг унтаж байгаад 22 цаг өнгөрөөгөөд сэрсэн. Би зурагт хэсэг харж сууж байгаад унтах гээд хэвтэхдээ зурагт унтраатал Г “би зурагт үзмээр байна шүү дээ” гэж хэлээд надтай маргалдаад миний нүүрний баруун талын хэсэг рүү нэг удаа цохиход би газар унахдаа 2 өвдгөөрөө хивсэн дээр шургаж унасан. Тэгтэл Г миний үснээс зулгаагаад намайг чирсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудаад 2 цагдаа ирсэн. Гыг эрүүл байна гэж хэлээд авч явчихаад Гын ах болох Нямжавын гэрт нь хүргэж өгсөн байсан. Тухайн өдөр бид хоёр л байсан. Г миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Г намайг уначихсан байхад үснээс зулгааж чирээд тэгээд миний хоёр өвдөг хөхөрсөн. Нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралд оролцохгүй. ...” гэх мэдүүлэг [1], мөн түүний 2019 оны 01 дүгээр сарын 18-нд дахин өгсөн мэдүүлэг [2],
2. Гэрч Д.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тухайн үед нь юу болсон талаар мэдээгүй. Цагдаа нар Гыг манай гэрт авчирч өгсөн. Цагдаа нар “танай төрсөн ах Г чинь эхнэрийгээ зодож цохисон байна, Г эрүүл учраас танд хүлээлгэж өгье” гэж хэлээд манай үлдээгээд явсан. Тэгээд би Г ахаас “та яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ” гэж хэлтэл “хүний дургүй хүргээд намайг хэл амаар доромжлоод байсан юм” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [3],
3. Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 10-нд яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 11 дүгээр сарын 19-ний 21 цагийн орчим би гэртээ байж байтал манай эхнэр С гаднаас гэртээ орж ирээд намайг шууд “ногоорсон хар архичин, тэнэг, мангар” гээд дуудаад уурлаад байсан. Би Сд “чи одоо хаашаа юм бэ, тэнэг болж байгаа юм уу хаашаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би зурагт үзээд сууж байтал С “унтлаа” гэж хэлээд үзэж байсан зурагт унтраачихаар нь миний уур хүрээд баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл С гэрээс гараад гэр гаднаас түгжчихээд цагдаад дуудлага өгсөн. Намайг гэртээ байж байтал С цагдаа дагуулаад гэрт ороод ирсэн. Тэгээд цагдаа намайг эрүүл байна гэж хэлээд манай дүү Цогзолмаагийн гэрт хүргэж өгсөн. С бид хоёр 1986 оноос хойш нэг гэрт амьдарч байгаа, гэр бүлээ батлуулсан. ...” гэх мэдүүлэг [4],
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13896 дугаартай дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Толгойн хуйхаар бага зэрэг эмзэглэлтэй. Баруун нүдний дээд зовхинд 4,5х1,5 см хүрэн өнгийн цус хуралттай, хавдсан. Баруун өвдөгний үенд 4,0х3,0 см, зүүн өвдөгний үенд 3,0х3,0 см хэмжээтэй хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай.
ДҮГНЭЛТ:
1. Ш.Сгийн биед баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4 Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч Т.Сэлэнгэ/...” гэсэн дүгнэлт [5],
5. Аюулын зэргийн үнэлгээний маягт [6], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [7],
6. Шүүгдэгч Д.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа[8], түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас[9], Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолт[10], Д.Гын өмчлөлд эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа[11], Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа[12], “...” ерөнхий боловсролын сургуулийн “Д.Г нь тус сургуулийн галч, манаачаар ажилладаг, болон цалин хөлсний тодорхойлолт[13], эвлэрлийн гэрээ[14], шүүгдэгч Д.Г, хохирогч Ш.С нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт[15], хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 27 дугаартай тогтоол[16], хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын саналыг яллагдагчид танилцуулж, Д.Г зөвшөөрсөн тухай баримт [17] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Д.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Д.Г нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ш.Сгийн нүүрэн тус газар алгадаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Гад холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Д.Г, хохирогч Ш.С нар нь 1992 оны 8 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа гэрлэгчид байх ба Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулы 6 дугаар гудамжны 10 тоотод оршин суудаг байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхрийг гэрлэгчид гэж тодорхойлсон байдаг.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Дээрх хуульд зааснаар шүүгдэгч Д.Г, хохирогч Ш.С нар нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд байна.
2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Ш.С, шүүгдэгч Д.Г нар гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, шүүгдэгч Д.Г нь эхнэр Ш.Сгийн баруун нүдэн тус газар нь цохиж, газар унахад нь үсдэж биед баруун нүдний дээд зовхи, баруун, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
- Хохирогч Ш.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний орой ...манай нөхөр Г нь гэртээ архи үнэртүүлчихсэн байхаар нь би “чи одоо яагаад архи уучихсан юм бэ” гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би зурагт хэсэг харж сууж байгаад унтах гээд хэвтэхдээ зурагт унтраатал Г “би зурагт үзмээр байна шүү дээ” гэж хэлээд надтай маргалдаад миний нүүрний баруун талын хэсэг рүү нэг удаа цохиход би газар унахдаа 2 өвдгөөрөө хивсэн дээр шургаж унасан. Тэгтэл Г миний үснээс зулгаагаад намайг чирсэн. Г миний баруун талын нүд хэсэг рүү гараараа хүчтэй нэг удаа цохиод миний нүд хөхөрч хавдсан. Би унахдаа 2 өвдгөөрөө хивсэн дээр шургаж унасан, Г намайг уначихсан байхад үснээс зулгааж чирээд тэгээд миний хоёр өвдөг хөхөрсөн. ...” гэх мэдүүлэг [18],
- Гэрч Д.Цогзолмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр цагдаа нар Гыг манай гэрт авчирч өгсөн. Цагдаа нар “танай төрсөн ах Г чинь эхнэрийгээ зодож цохисон байна, Г эрүүл учраас танд хүлээлгэж өгье” гэж хэлсэн. Г ахаас “та яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ” гэж хэлтэл “хүний дургүй хүргээд намайг хэл амаар доромжлоод байсан юм” гэж надад хэлж байсан. ...” гэх мэдүүлэг [19],
- Д.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний 21 цагийн орчим манай эхнэр С гаднаас гэртээ орж ирээд намайг шууд “ногоорсон хар архичин, тэнэг, мангар” гээд дуудаад уурлаад байсан. Сд “чи одоо хаашаа юм бэ, тэнэг болж байгаа юм уу хаашаа юм бэ” гэж хэлсэн. Тэгээд би зурагт үзээд сууж байтал С “унтлаа” гэж хэлээд үзэж байсан зурагт унтраачихаар нь миний уур хүрээд баруун нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг [20], шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13896 дугаартай дүгнэлт[21], Аюулын зэргийн үнэлгээний маягт [22], Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ [23] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Д.Г нь байнга архи, согтууруулах ундаа хэрэглэдэг бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.
Шүүгдэгч Д.Г нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ш.Сгийн баруун нүдэн тус газар нь цохиж түүний биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Сгийн бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч Ш.С нь хохирол нэхэмжлэхгүй гэсэн тул тогтоолд дурдав.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ Д.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д.Г нь дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокурорын шатанд Д.Г нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурорын санал болгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг биелүүлээгүй бол уг ялыг хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Д.Гын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Дийн Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг 240 (хоёр зуун дөчин цаг) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Ш.С нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Д.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА