| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0131/Э |
| Дугаар | 153 |
| Огноо | 2019-01-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 153
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Х.Анхцэцэг,
шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Б овогт Бийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Бийн Н Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 28-нд Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... цагдаагаар ажиллаж байсан, тус ажлыг түр түдгэлзүүлсэн гэх, ... дугаар курсэд суралцдаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй /РД:.../.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... камерт “унтуулахгүй байна” гэх шалтгаанаар иргэн С.Аг зодож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг гаргасан. Дахин мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ...дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч С.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 24-нд өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 019 дүгээр цэргийн ангийн хажуу талын байранд аавын гэрт аавтай хамт нэг шил архи ууж байгаад аав Сандагтай маргалдаж, хэрүүл маргаан болсон. Тэгэхэд эхнэр Билэгсайхан цагдаад дуудлага өгч цагдаа ирээд аваад явсан. Дуудлагаар ирсэн хоёр цагдаа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн саатуулах байранд шөнө 03 цагийн үед оруулсан. Миний орсон камерт байсан үл таних эрэгтэй хүн “яасан муухай хардаг хүн бэ” гээд нүүрэнд нэг удаа мөргөж, шанаан тус газар нэг удаа цохиж, боож унагаагаад цээжин дээр хоёр удаа дэвссэн. Энэ үед жижүүрийн цагдаа ирээд намайг өөр камерт оруулсан. Миний хамраас цус гарсан байсан. Маргааш өглөө нь зүүн нүд хөхөрч, хавдсан цээж хөндүүрлээд байсан. Миний зүүн талын шанаа цуурсан байна гэсэн, эмчилгээнд гарах зардлаа нэхэмжилж байна. Гомдолтой байна. ..” гэх мэдүүлэг [1] ,
-түүний 2018 оны 11 дүгээр сарын 15-нд хохирогчоор дахин өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлаасаа 23 цагийн үед тараад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 24-10 тоот гэртээ ирсэн. Би гэр рүүгээ орохоосоо өмнө дэлгүүрээс нэг шил “Сэржим” нэртэй 0,75 литрийн архи авч орсон. Тэр архийг эцэг Сандагийн хамт ууж дуусгаад шөнийн 02 цагийн үед унтах гэж байгаад эцэгтэйгээ гэр бүлийн асуудлаас болж маргалдсан. Тэгтэл манай эхнэр Билэгсайхан нь надад уурлаад “чи хөгшин хүн унтуулж амраахгүй, ядаргаатай юм” гэж хэлээд цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. Удалгүй манай гэрт хоёр цагдаа орж ирээд гэр орондоо агсан согтуу тавилаа гэсэн шалтгаанаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд авчирч саатуулсан. Намайг тус эрүүлжүүлэхийн саатуулах байрны нэг камерын өрөөнд оруулсан. Би өрөөнд ороод эрүүлжүүлэхийн цагдаа нарт нь хандаж “намайг эндээс гаргаач, би дүүтэйгээ утсаар ярья” гэж хэлээд зогсож байтал уг өрөөнд хамт саатуулагдаж байсан нэг залуу босч ирээд “чи чимээгүй болж чадахгүй байна уу” гэж хэлээд миний хамар руу толгойгоороо мөргөж, нүүр рүү минь гараараа шанаадсан. Тэгээд цамцны захнаас татаад хоолой боосон. Би энэ үед орилоход эрүүлжүүлэхийн цагдаа нар ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд намайг камерын өрөөнөөс гаргаад өөр өрөөнд оруулсан. Миний хувьд тэр залуутай муудах шалтгаан байгаагүй. Эрүүлжүүлэхийн цагдаа нарт хандаж “намайг эндээс гарга, би дүүтэйгээ утсаар яримаар байна” гэж хэлээд зогсож байтал хамт нэг өрөөнд саатуулагдаж байсан залуу ирээд “ яагаад орилж чарлаад байгаа юм” гэж хэлээд намайг зодсон. Уг залуу миний хамар руу толгойгоороо мөргөж, зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохиж, цамцнаас минь боосон. Энэ үед цагдаа нар орж ирээд салгасан. Тэр залуу миний зүүн талын шанаа руу цохисноос болж миний шанааны яс, хамрын яс хугарсан. Би зодуулахаасаа өмнө 2016 онд мориноос унаад зүүн талын нэг хавиргаа хугалж байсан. Би эцэгтэйгээ архи уугаад хоорондоо гэр бүлийн маргаан хийсэн. Бид хоёр хоорондоо зодолдоогүй. Би согтуу байсан учир ямар учраас миний хамраас цус гарсныг мэдэхгүй. Гэртээ эцэг Сандагийн хамт нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан учир нилээн согтолттой байсан. Зарим зүйлээ санахгүй байгаа. Би Нд гар хүрч зодож, цохисон асуудал байхгүй. Надад учирсан эмчилгээний зардлыг гаргуулаад авчихвал өөр санал гомдол байхгүй. ...” гэх мэдүүлэг [2],
- 2018 оны 12 дугаар сарын 07-нд дахин өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эрүүлжүүлэхэд Н гэдэг залууд зодуулснаас болж эрүүний зүүн талын яс хугарсан. Мөн хамар бага зэрэг мурийсан гэмтлүүд учирсан. Тэр залуу намайг эхлээд нүүр рүү мөргөсөн, мөргөснийхөө дараа нь миний зүүн талын шанаан тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг түлхээд унагаасан, унахдаа би хана мөргөж унасан. Дагзаараа хана мөргөж унасан. Эмнэлэгт л үзүүлэхэд “эрүү чинь хугараад хэвэндээ орохооргүй болсон байна, мэс засал хийлгэх, хадуулах шаардлагатай” гэж эмч хэлсэн. Би 32 дугаар тойргийн хойд талд байдаг Эрүү нүүрний эмнэлэгт очиж үзүүлэхэд “эрүүг чинь хадахгүй бол болохгүй” гэсэн бөгөөд төлбөрөө төлж байж эмчилгээ хийнэ гэсэн. Эмчилгээнд хоёр сая төгрөг шаардлагатай гэж хэлсэн. 10 дугаар сарын 04-ний өдөр хагалгаанд ор гэсэн бөгөөд хагалгаанд орохын тулд шинжилгээнүүд хийлгэх шаардлагатай гэсэн. ...” гэх мэдүүлэг [3],
2. Гэрч Ч.Сандагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байсан хүү А нэг шил архитай орж ирэхээр нь 2-3 хундага уучихаад хэвтэж байсан чинь А согтоод орилж, чарлаад, том дуугараад байсан. Тэгтэл эхнэр нь орж ирээд хөгшин хүний хажууд орилж чарлаж агсам согтуу тавилаа гэсэн чинь өөдөөс нь хэрэлдэж маргалдсан. Тэгтэл эхнэр нь цагдаад дуудлага өгч цагдаа аваад явсан....” гэх мэдүүлэг [4],
3. Гэрч Б.Билэгсайханы мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед гэртээ харих замаараа нөхөр С.Агийн ажил хийж байсан газарт нь очиж уулзахад архи уусан халамцуу байсан. Гэртээ харъя гэсэн чинь аавынд очино гэсэн. Тэгээд такси бариад очиход хадам аав Сандаг дээрээс нь жоохон уусан архи гаргаж ирээд тэр хоёр хувааж уусан. Тэгтэл А уусан архиндаа согтож ээж байхад сайхан байсан, эрт нас барсан, та халамжлаагүй учраас миний ээж эрт нас барсан ээжийгээ санаж байна гээд чанга хашгирч, агсам тавих гээд байсан. Аав чинь хараа муутай өндөр настай хүн учраас даралт нь ихсэнэ чимээгүй бай гэсэн чинь үгэнд орохгүй агсам согтуу тавиад, хашгираад байхаар нь цагдаа дуудаад өгч явуулсан. С.Агийн хамраас цус гарсан зүйл харагдаагүй. ...Эрүүлжүүлэхэд орсны маргааш өдөр эгч нь ирж авахад эрүүлжүүлэхэд хүнд зодуулсан байсан гэсэн. Цаашид шанааны яс нь цуурсан, хагалгаанд орж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. ...” гэх мэдүүлэг [5] ,
4. Гэрч Л.Ундрахмөрөнгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 13-нд өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 21-ний шөнө намайг Сонгинохайрхан дүүргийн 6-8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ачит 115 чиглэлд албан үүргээ гүйцэтгэж байхад манай хэлтсийн жижүүрээс Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 76 айлд нөхөр агсам тавиад байна гэсэн дуудлагыг эхнэр нь өгсөн байсан. Дуудлагын дагуу би цагдаагийн хамт дуудлага өгсөн газарт очиход 3 давхар хуучин цэргийн ангийн байр байсан. Очиход дуудлага өгсөн хүн нь байрныхаа гадна зогсож байсан. Ингээд эхнэрийг нь дагуулаад гэрт нь ороход аав Сандаг нь хойд талынхаа орон дээр суучихсан, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Харин дуудлаганд агсам тавьсан гэх А нь аав Сандаг надад агсам тавьсан гэж яриад байсан. Миний ойлгосноор тухайн үед тэр аав, хүү хоёрыг хамт байхад эхнэр нь цуг байгаагүй, гаднаас л дуудлага өгсөн юм шиг байна лээ. Гэрт нь нэг жижиг модон сандал байсан, тэр модон сандлаар аав миний нуруу руу цохисон гэж А нь хэлж байсан. Агийн биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй бөгөөд аль нэг талынх нь нүд хөхөрсөн байдалтай байсан. Ингээд Аг аваад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд авчирсан. Агийн хамраас цус гарсан байдалтай байсан. Би эрүүлжүүлэхэд хүлээлгэж өгөхдөө бүртгэлд Агийн биед хамраас цус гарсан байдалтай гэж тэмдэглээд хүлээлгэн өгсөн. Түүнээс А нь тэнд энд зодуулсан талаараа юм яриагүй. А аав намайг сандлаар нуруу руу цохисон л гэж хэлсэн. Аав Сандаг нь болохоор нилээд согтуу байдалтай наадах чинь намайг зодсон, наадахыгаа аваад яв гэж хэлж байсан. Ингээд Аг авч яваад эрүүлжүүлсэн. А нь бид нарт ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. ...” гэх мэдүүлэг [6],
5. Гэрч Ч.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 14-нд өгсөн:
“...Тэр өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Н гэдэг хүнээс манай дүүг хүн зодчихлоо гэсэн дуудлага ирсэн. Хаягжилт тодорхой бус, ...ерөнхий жижүүрээс чи дуудлага өгсөн хүнтэйгээ утсаар ярьсан уу согтуу байх шиг байна, холбогдоод гудамжных нь үзүүр дээр ч гэсэн уулзаад дуудлага нь үнэн байна уу худлаа байна уу гэдгийг тогтоогоод ир гэсэн. Ингээд дуудлага өгсөн хүнтэй гудамжны үзүүр дээр гараад ир гэхэд 30 минутын дараа гарч ирсэн. Манай ах дуудлага өгсөн гээд ямар нэгэн зодоон болоогүй, харин энэ гудамжны нохойнууд өглөө оройд барьж ирэх гээд байдаг юм, би хууль сахиулах их сургуульд сурч байгаа гэж өөрийгөө танилцуулсан. Тэр нилээд их хэмжээний согтууралтай, та нар хаяг олоод ирчихэж чадахгүй гэсэн. Та нар энэ нохойнуудыг буудах ёстой гэж хэлж байсан. Тэр хүн над руу агсраад байсан. ...Та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ худлаа дуудлага өгсөн байна, таныг эрүүлжүүлнэ гэж хэлээд тухайн хүнийг цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тухайн иргэн нь Цагдаагийн байгууллагын нэр бариад байсан. ...Ямар ч байсан шалгах шаардлагатай гэж үзсэн. Мөн намайг болон манай цагдаа жолоочийг эсэргүүцээд өөдөөс хэл амаар доромжлоод байсан. Энэ асуудлыг нь жижүүрт энэ байдлаар дамжуулсан, жижүүрээс Цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэж дуудлага мэдээллийг оруулсан байна. ...Манай дүү хүнд зодуулчихлаа гэлүү, нохойд уруулчихлаа гэлүү тийм л утгатай дуудлага байсан санагдаад байна. ...Нгийн хувьд ...түүнийг машинд суу гэхэд суухгүй эсэргүүцээд байхаар нь би тусгай хэрэгсэл, мэх хэрэглэнэ гэдгээ хэлсэн, тэгэхэд машинд суусан юм. Түүнээс манай цагдаа болон миний биед ямар нэгэн гэмтэл учруулсан асуудал болоогүй. ...” гэх мэдүүлэг [7],
6. Гэрч Ц.Доржхандын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн:
“...Би 2018 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байхад, ...шөнө 01 цаг өнгөрч байсан байх, Н гэгч нь цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэх зөрчилтэй орж ирсэн. Үзлэг хийхэд нилээн согтолттой, ил харагдах гэмтэл шарх байгаагүй бөгөөд хэвлий хэсэгтээ хагалгааны хуучин соривтой байсан. Ингээд үзлэг хийгээд камерт оруулсан. Үүнээс хойш 02 цаг өнгөрч байсан байх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дэслэгч Ундрахмөрөн аавыгаа зодсон гэх зөрчилтэй Аг авчирсан. Уг хүнд үзлэг хийхэд хамраас нь цус гараад хатсан, духны дээд хэсэгт өнгөцхөн шалбарсан байдалтай согтуу байсан тул эрүүлжүүлсэн. Тэгтэл А эрүүлжүүлэхийн хаалган дээр гармаар байна гэх зэргээр орилж, камерын хаалга нүдээд зүгээр байгаагүй. Ингээд бид нар үүдэнд нь байж байтал “В-2” камерт байсан Н, Аг чимээгүй бай гэж байснаа нэг харсан чинь араас нь боосон зогсож байсан. Цагдаа Нурберген хаалга онгойлгоод орох хооронд нүүрэнд нь цохиод, шалан дээр хүчтэй шидсэн, тэгэхэд хамраас нь цус гарсан. Ингээд Агийн хамарны цусыг угаалгаад үзэхэд зүүн чамархай нь хонхойсон, нүд нь хөхөрсөн байсан, …103 эмнэлэг дуудаж үзүүлсэн. Эмч гэмтэлтэй байна, авч явахгүй ар гэрт нь хүлээлгэж өг гэсэн. Энэ үед 04 цаг болж байсан. Өглөө 07 цагийн үед утсаар холбогдож 12 цагийн үед Аг хамаатан Пүүжээ гэх хүнд хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг [8],
- гэрчээр 2018 оны 11 дүгээр сарын 15-нд дахин өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 22-ны шөнийн 02 цагийн үед манай хөдөлгөөнт эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч Ундрахмөрөн нь орон гэртээ агсам тавьж, аавыгаа сандлаар цохисон гэсэн зөрчил гаргасан иргэн С.Аг саатуулахаар авчирсан. Ингээд би саатуулах байранд хийхийн өмнө тухайн хүнд үзлэг хийсэн. Үзлэгээр С.Агийн дух хэсэгт хөндлөн байрлалтай бага хэмжээний зулгаралт үүссэн, хамраас цус гарч хатсан байдалтай байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Тухайн хүн нь саатуулах байранд орж ирэхдээ нилээн согтолттой, биеэ аваад явах чадваргүй байсан. С.Аг камерын өрөөнд оруулахад бага зэрэг эсэргүүцэл үзүүлээд “Би энд орохгүй, манай дүү цагдаа хийдэг, намайг ирж авна, дүүг маань дууд” гээд камерын өрөөний хаалганы төмөр сараалжийг хөлөөрөө цохиод, орилж чарлаад байсан. Ингэж байхдаа өрөөндөө цуг саатуулагдсан нэг залуутай маргалдаж зодуулсан байдаг. Өрөөнийхөө залууд зодуулсныхаа дараа камерын өрөөнөөс гаргаж ирэхэд С.Агийн зүүн шанаа, хамар нь хавдаж цус гарсан байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй. С.Ад үзлэг хийж байхад хуучин гэмтэл болон хууч өвчний талаараа хэлээгүй. Хэлэх ч ухаан байгаагүй, нилээн согтолттой байсан. С.Агийн камер нь миний сууж байсан газрын ойролцоо байсан учир болсон асуудлыг харсан. Б.Нг унтаж байхад С.А нь камерын өрөөнд ороод шууд хаалганы төмөр сараалжийг нааш, цааш нь татаад “манай дүүг дуудаж авчир, цагдаа хийдэг юм” гээд орилоод байсан. Тэгтэл Б.Н нь хэвтэж байгаад босч ирээд ар талаас нь хоолойг нь боогоод хойш нь татаад эхлэхээр нь манай цагдаа нар камерын өрөөг онгойлгоод ороход С.Аг шууд нүүрээр нь газар унагаасан. Хаана нь яаж цохисон талаар хараагүй. Тэгэд С.А нь босч ирэхдээ хамраас нь цус гараад нүүр, хамар хоёр нь хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг [9],
7. Гэрч Х.Нурбергены мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө эрүүлжүүлэх байранд ажил дээр гарч байсан. Шөнө 01 цаг 35 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон зөрчил гаргасан Бийн Нг манай хэлтсээс эрүүлжүүлсэн. Дараа нь 03 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтсээс гэртээ агсам тавьсан зөрчилтэй С.Аг авчирч эрүүлжүүлсэн. ...Би камерт оруулсан хүмүүсийг шалгаад явж байсан чинь В-2 дугаартай өрөөнд 2 хүн хоорондоо зодолдоод эхлэхээр нь очиход С.Аг Б.Н толгойгоор нь уургалж боогоод зодож байсныг салгасны дараа цагдаа ахлах дэслэгч Хоролсүх ирсэн. Тэгээд зодуулсан Агийн хамраас цус гарсан, нэг нүд нь хөхөрсөн байсан. ...Эрүүлжүүлэх байрны эмч ахлах ахлагч Доржханд үзэж дараа нь 103 дуудаж үзүүлсэн. ...” гэх мэдүүлэг [10],
- 2018 оны 12 дугаар сарын 13-нд дахин өгсөн:
“...Анх манайд А ирэхдээ хамрынх нь үзүүрт хатсан цус байснаас тэгж зодуулсан зүйл ажиглагдаагүй. Түүнийг авчирсан цагдаа Даваадорж, Мягмарсүрэн нар зодуулсан талаар юм хэлээгүй. В2 камерт саатуулагдаж байсан Ховд аймгийн цагдаа гэх залуу Атэй зодолдсон. Тэгэхээр нь би камер руу нь ороод салгасан. Н намайг салгах үед Аг заамдаж байгаад нүүрээр нь газар шидсэн. Манай эрүүлжүүлэхийн камер нь плитан шалтай. А нь нүүрээрээ газар унахад хамраас нь цус гарч нүүр нь хавдсан байсан. Ингээд 103-ын эмч дуудаж үзүүлсэн. Эмч нь Тамир гэж хүн байсан. Агийн хамраас цус гарсан байсан. 103-ын эмч түүнийг нүүрэндээ гэмтэл авсан байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг [11],
8. Гэрч Х.Хоролсүхын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 26-нд өгсөн:
“...2018 оны 10 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө эрүүлжүүлэх байранд ажил дээр гарч байсан. Шөнө 03 цагийн цагийн үед камер хянаад сууж байхад В-2 дугаартай өрөөнд 2 хүн хоорондоо зодолдоод эхлэхээр нь хажуу талд нь явж байсан эмч болон цагдаа Нурберген хоёрт хэлэхэд Нурберген очиж салгасан. Би араас нь очиход зодуулсан хүн нь доошоо хараад хэвтсэн, нүүрнээс нь цус гарсан байдалтай байсан. Зодуулсан хүнийг А-1 өрөөнд оруулж 103 дуудаж үзүүлсэн.Тухайн үеийн камерын бичлэгт зодуулсан гэх А нь камерын хаалга сэгсрээд зогсож байхад Б.Н нь унтаж байснаа босч ирээд уг хүнийг өшиглөөд, араас нь уургалж боогоод нүүрэн тус газар нь цохиж, татаж унагаад шал мөргүүлсэн, энэ үед цагдаа ирээд салгаж байгаа үйлдэл харагдсан. Зодуулсан Агийн нэг талын нүд, шанаа нь хөхөрсөн байсан. Аг эрүүлжүүлэхэд орж ирэхэд хамраас нь цус гараад хатсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг [12],
9. Гэрч Б.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 24-нд өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр би Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сонгинохайрхан салбарын 1 дүгээр ээлжийн дуудлаганд явж байсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрнаас дуудлага ирсний дагуу очиход 30-35 орчим насны эрэгтэй хүн зүүн талын нүдний доод хэсэгт хөхөрсөн, нүүрний тэгш хэм алдагдсан байсан. Тухайн хүний биед үзлэг хийх гэсэн боловч эсэргүүцэж, үзлэг хийлгэхээс татгалзсан тул уг хүнийг үзээгүй, тухайн хүн нилээн согтолттой байсан учраас үзүүлэхгүй, үзлэг хийх гэхэд өөдөөс агсраад байсан. ...” гэх мэдүүлэг [13],
10. Гэрч С.Алтанчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 27-нд өгсөн:
“...Намайг 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дүүргийн газрын алба орох ажилтай явж байхад манай эгчийн хүүхэд буюу нагац дүү Пүрэвсүрэн нь над руу утсаар яриад хаана байна гэхээр нь дүүрэг дээр байна гэхэд Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүрээд ир гэсэн. Би 10 цагийн орчим эрүүлжүүлэх байранд нь очиход Алтан- Өлзийг өөдөөс авч гарч ирсэн. А нь зодуулсан байдалтай нүүр нь хүн харахын аргагүй болчихсон байсан, хэнд зодуулсан юм бэ гэхэд манай дүү Пүрэвсүрэн нь Нг заагаад энэ хүнд зодуулсан гэсэн зүйл хэлсэн. Тэд нар хоорондоо би Аг зодсон нь үнэн гэсэн бичиг хийчихсэн зогсож байсан. ...” гэх мэдүүлэг [14],
11. Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 21-нд яллагдагчаар өгсөн:
“...Би Ховд аймгийн Цагдаагийн Үенч сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан юм. 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би Цагдаагийн Ерөнхий газрын даргын тушаалаар Улаанбаатар хотод ирж, Хууль сахиулах их сургуулийн Цагдаагийн сургуулийн эчнээ 5 дугаар курст суралцахаар ажлаас чөлөөлөгдсөн.
2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 21 цагийн орчим Цагдаагийн 102 дугаарын утсанд “би Тахилтад амьдардаг иргэн байна, манай энэ хавиар гудамжны нохой дайраад байна, эзэнтэй нь ирж уулзаж өгөөч” гэсэн дуудлага өгсөн. Дуудлага хүлээж авсан цагдаа нь надтай утсаар ярьж байгаад хүрч ирсэн. Тухайн үед дуудлага өгсөн цагдаагийн алба хаагчид намайг өөрөө согтуу байна гэсэн. Би тэдэнд өөрийгөө Цагдаагийн алба хаагч гэдгээ хэлсэн боловч чи өөрөө согтуу байгаа учраас дуудлагыг хүлээж авах боломжгүй гээд намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Эрүүлжүүлэхийн камерт хийснийх нь дараа би өөрийнхөө куртикийг нөмрөөд хэвтсэн. Хэвтэж байхад А гэдэг нэрийг нь мэддэг болсон залуу орж ирээд хашгираад бусад хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулаад байсан. Тэр А нь “пиздануудаа та нар буруу хүн эрүүлжүүлсэн байна, та нар намайг мэдэхгүй байна, та нар манай аавыг эрүүлжүүлэх ёстой байсан” гээд байсан. Би тэр залууд чи хүмүүсийг унтуул гэж хэлэхэд тэр залуу унтахгүй байсан. Би тэр залууд чи унт гэж хэлээд нүүрэн тус газарт нь баруун гараараа 2 удаа цохисон. Мөн зүүн талын бүдүүн гуя руу нь хоёр удаа өшиглөсөн. Тэгээд цамцных нь захаас чирээд наар руу хэвтүүлэх гэж байхад Цагдаагийн алба хаагч орж ирсэн. Цагдаагийн алба хаагчийг орж ирэхээр нь би Аг шалан дээр унагаасан. А нь шалан дээр нүүрээрээ унасан. ...Би анхнаасаа манай гудамжны нохойнууд хүн урах гээд байна, энэ асуудлыг зохицуулж өгөөч, гудамжны буланд зам дээр байдаг нохой хүн урах гээд байна гэдэг асуудлыг шийдээд өгөөч гэсэн дуудлага өгсөн. Би тэр цагдаагийн алба хаагч залуутай уулзаад тэр нохойны байгаа газрыг нь зааж өгөөд, эзнийг нь зааж өгөөд, сүүлгүй цагаан нохой байгаа гэдгийг хэлэхэд цагдаагийн албан хаагч намайг “чи өөрөө согтуу байна” гэж хэлээд аваад явсан. Би цагдаагийн албан хаагчийн шаардлага эсэргүүцээгүй. Машинд суу гэхээр нь суугаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд авчирсан. Би тэр өдөр хагас шил архи ганцаараа уусан. ...Би Агийн эмчилгээний зардалд 150.000 төгрөгөөр түүний цээж, толгойны зургийг авахуулж, тухайн эмчийн бичсэн эмийг нь 50.000 төгрөгөөр авч өгсөн. ...” гэх мэдүүлэг [15],
12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 12865 дугаартай дүгнэлтийн:
“...Хэсэг газрын үзлэгт: зүүн нүдний дээд, доод зовхи хүрэн ягаан өнгийн цус хуралттай, орчны эд бага зэрэг хавдартай. Духны баруун дунд хэсэгт 5x0,5см улаан хүрэн өнгийн зулгаралтай. Цээжний зүүн хэсгээр тэмтрэхэд эмзэглэлтэй.
2018 оны 10 дугаар сарын 22-ны Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн толгойн компьютер томографийн шинжилгээнд: ...зүүн нүдний ухархайн гадна хана хоёрлосон, зүүн хацрын нум гурвалсан зөрөөтэй хугаралтай, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хуучин хугаралтай.
2018 оны 10 дугаар сарын 23-ны Мед Травма эмнэлгийн цээжний компьютер томографийн шинжилгээнд: зүүн талын 8-р хавирга LAM-p зөрүүгүй хугаралтай, хугарлаар бороожилт явагдаж байгаа. ...”
ДҮГНЭЛТ:
1 .С.Ан биед зүүн хацар яс, зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн 8-р хавирганы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
6. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч эмч Б.Долгормаа/ ...” гэсэн дүгнэлт [16],
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн /хэргийн материалаар/ хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 1347 дугаартай дүгнэлтэд:
-хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12865 тоот дүгнэлт,
-хэргийн материалд ирүүлсэн компьютер томографийн шинжилгээний зургийг давтан уншуулахад: 2018.10.22, 23-ны зураг /СД-2ш/: ...зүүн хацрын нумын урд хэсгээр ташуу сэлтэрсэн, дунд хэсгээр цөмөрсөн хугаралтай, зүүн нүдний ухархайн гадна хананд дотогш цөмөрсөн хугаралтай, зүүн хацар, зүүн нүдний зовхинд хаван, хавдар, хийтэй, зүүн нүдний ухархайн дотор хананд жижиг цөмөрсөн, хамар ясны баруун хажуу хана сэлтэрсэн хуучин хугаралтай, хамрын таславч баруун тийш хуучин мурийлттай, эрүү ясанд гэмтэлгүй, дайвар хөндийнүүдэд агууламжгүй. Цээжний томограммуудад зүүн талын 9 дүгээр хавирга суганы урд шугамаар бороололт бүрэн үүссэн хуучин хугаралтай /сампингийн эрх шинэ үүссэн/, зүүн 7 дугаар хавирга суганы урд шугамаар бороололт үүсч эхэлсэн хуучин хугаралтай, 2 уушигны дээд дэлбэнд нимгэн хана бүхий уйланхай төст голомтлог үүсгэврүүдтэй, гялтангийн хөндийд сул хий, шингэнгүй, өвчүү, эгэм, дал ясанд гэмтэлгүй, сээрний 7, 8, 9, 10 дугаар нугалмуудын их биед Шморлын эвэрхийтэй. /Дүгнэлт бичсэн эмч С.Чулуунсүх 2018.12.21/ гэжээ.
ДҮГНЭЛТ:
1. С.Агийн биед зүүн хацар ясны хоёрлосон хугарал, зүүн нүдний ухархайн гадна ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой, зүүн хацар ясны хоёрлосон хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, зүүн нүдний ухархайн гадна ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт гэмтэл нь дангаараа болон нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дээрх гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12865 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. /Шинжээч эмч Т.Чимэд-Очир, Т.Сэлэнгэ, Ц.Нандинцэцэг/...” гэсэн дүгнэлт [17] ,
14. Шинжээч эмч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 15-нд өгсөн:
“...Үзүүлэгч С.Ан биед учирсан зүүн хацар ясны хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин зүүн нүдний ухархайн гадна хана, зүүн 8 дугаар хавирганы хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духанд зулгаралт гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Үзүүлэгч С.Ан биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэх мэдүүлэг [18],
15. Эд мөрийн баримтаар DVD-R Multispeed 1x16x467GB/120min гэсэн бичиглэл бүхий дээд хэсэгт нь 180804977 гэсэн дугаарыг бичсэн DVD-г тооцсон тухайн тогтоол [19], Эд мөрийн баримтаар хэрэгт хураагдсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн камерын бичлэгт 2018 оны 12 дугаар сарын 10-нд өдөр үзлэг хийсэн тэмдэглэлд:
“...1. Эхний бичлэг буюу 77-05D8AB-1-2018102210957 гэсэн хэсэгт бичигдсэн дүрс бичлэгт ...01:47:18 цагт хар өнгийн урт куртиктэй хар өнгийн өмд, хар өнгийн оймстой, халзан толгойтой эрэгтэй хүн /Б.Н/ нааран дээр байсан хүрэн өнгийн ноосон бүтээлгийг авч өрөөний зүүн урд буланд нөмөрч хэвтсэн. 01:49:50 цагт эрүүлжүүлэхийн камерт саарал өнгийн цамцтай ногоон өнгийн өмдтэй хүрэн өнгийн оймстой эрэгтэй хүнийг эрүүлжүүлэхийн цагдаа оруулж ирсэн бөгөөд уг эрэгтэй хүн камерын сараалжин хаалганы орчим зогсож байна. 01:52:23 цагт хар өнгийн урт куртиктэй хар өнгийн өмд, хар өнгийн оймстой, халзан толгойтой эрэгтэй хүн хэвтэж байсан газраасаа босч ирээд камерын сараалжин төмрөөс барьж зогсож байгаад 01:56:10 цагт буцаад байсан газартаа хэвтсэн. Энэ хугацаанд саарал өнгийн цамцтай ногоон өнгийн өмдтэй хүрэн өнгийн оймстой эрэгтэй хүн камерын сараалжин хаалгаар гараа гаргаад хаалганы түгжээг тайлах оролдлого хийж, ямар нэгэн зүйл яриад байгаа байдалтай зогсох бөгөөд дээрх бичлэг нь 01:58:59 цагт дууссан.
Дараагийн 77-05D8AB-1 -20181022015838 гэсэн дугаартай бичлэгт ...02:03:33 цагт өрөөний зүүн урд буланд хэвтэж байсан халзан толгойтой эрэгтэй хүн босч ирээд гадуураа өмссөн байсан хар өнгийн урт куртикээ тайлж, камерын хаалганы орчим зогсож байсан саарал өнгийн ноосон цамцтай эрэгтэй хүнийг баруун хөлөөрөө хөлний орчим өшиглөж, нүүрэн тус газарт нь 3-4 удаа гараараа цохиж гараараа 2 гараа холбон хоолойг нь боох байдалтай араас нь татаж байхад гаднаас цагдаагийн алба хаагч орж ирэх үед халзан толгойтой эрэгтэй хүн нь тухайн саарал өнгийн ноосон цамцтай эрэгтэй хүнийг газар унагаасан. Мөн тухайн хүнтэй зууралдаж байгаад халзан толгойтой эрэгтэй хүн нь цагдаагийн алба хаагчийг орж ирсний дараа тухайн саарал өнгийн ноосон цамцтай эрэгтэй хүнийг зуурч доош нь дарж байгаад газраас 40 орчим см-ийн зайнаас шалан дээр нүүрээр нь газарт шидэхэд уг саарал өнгийн ноосон цамцтай эрэгтэй хүн хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй хэвтэж байгаад босч ирэхэд хамраас нь цус гарсан байдалтай, камерын өрөөний шалан дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйл болсон, уг саарал цамцтай эрэгтэй хүний хамраас цус гарсан байдалтай байхад цагдаа нар тухайн саарал өнгийн цамцтай эрэгтэй хүнийг авч гарна. ...үлдсэн халзан толгойтой эрэгтэй хүн нь цагдаа нартай маргалдаж байгаа байдалтай гараа савчуулан юм ярьж байсан. 02:10:00 цагаас хойш дээрх халзан толгойтой эрэгтэй хүн камерын өрөөний зүүн урд буландаа хэвтсэн байсан газартаа хэвтсэн. ...” гэсэн тэмдэглэл [20],
16. 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Шүүх эмнэлгийн 8.000 төгрөг төлсөн төлбөрийн баримт [21], Мед травма эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний хариу [22], Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Компьютер томографийн шинжилгээний хариу [23], С.Агийн гэмтлийг харуулсан гэрэл зураг [24], хохирлын баримтууд [25], С.Агийн эрүүлжүүлэгдсэн бүртгэл, тэмдэглэл [26],
17. Шүүгдэгч Б.Нгийн иргэний үнэмлэхийн лавлагаа [27], түүний нэр дээр Hyundai Sonata 6 маркийн 41-07 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл бүртгэлтэй талаар Автотээврийн үндэсний төвийн лавлагаа [28], Б.Нгийн өмчлөлд эд хөрөнгө бүртгэлгүй талаарх лавлагаа [29], түүний хувийн байдалтай холбоотой Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 180 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын хуулбар, Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 111 дугаартай “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолын хуулбар [30], Б.Нгийн хувийн хэргийн хуулбар [31] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Нгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.Н нь 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эрүүлжүүлэх саатуулах байрны B-2 камерт “унтуулахгүй байна” гэх шалтгаанаар С.Аг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.Агийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт, шүүгдэгч Б.Нгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд хуульд заасан эрхийн хүрээнд өөрийгөө өмгөөлөн оролцож гаргасан дүгнэлтдээ “...Хохирогч С.А чамайг алчаад авгайг чинь шаана гэж намайг хэл амаар доромжилсон. Тэгээд хаалганаас зуурчихаад би эрүүлжүүлэхэд орохгүй, манай аавыг оруул” гэж орилоод байхаар нь С.Агийн цамцны захнаас зуураад унтуулах гээд чирсэн. Хохирогч С.А нөгөө талын камерын өрөөнд байхдаа маргаан үүсгээд манай камерын өрөөнд орж ирсэн. Цагдаагийн албан хаагч миний үнэмлэхийг үзсэн бол ийм асуудал гарахгүй байсан” гэсэн дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Н, хохирогч С.А нар нь 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... камерт хамт эрүүлжүүлэгдсэн байх ба, энэ үед шүүгдэгч Б.Н нь иргэн С.Аг “унтуулахгүй орилж хашгирлаа” гэх шалтгаанаар баруун хөлөөрөө хөлний орчим өшиглөж, нүүрэн тус газарт нь 3-4 удаа гараараа цохиж улмаар зуурч доош нь дарж байгаад газраас шалан дээр нүүрээр нь газарт шидэх зэргээр зодож, түүний эрүүл мэндэд зүүн хацар ясны хоёрлосон хугарал бүхий хүндэвтэр гэмтэл, зүүн нүдний ухархайн гадна ханын хугарал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
-хохирогч С.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 21-нд ажлаасаа 23 цагийн үед тараад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 24-10 тоот гэртээ ирж эцэг Сандагийн хамт архи ууж дуусгаад шөнийн 02 цагийн үед эцэгтэйгээ гэр бүлийн асуудлаас болж маргалдсан. Тэгтэл манай эхнэр Билэгсайхан цагдаагийн 102 дугаарт дуудлага өгч, агсан согтуу тавилаа гэсэн шалтгаанаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд саатуулсан. ...эрүүлжүүлэхийн цагдаа нарт нь хандаж “намайг эндээс гаргаач, би дүүтэйгээ утсаар ярья” гэж хэлээд зогсож байтал уг өрөөнд хамт саатуулагдаж байсан нэг залуу босч ирээд “чи чимээгүй болж чадахгүй байна уу” гэж хэлээд миний хамар руу толгойгоороо мөргөж, нүүр рүү минь гараараа шанаадсан. Тэгээд цамцны захнаас татаад хоолой боосон. Би энэ үед орилоход эрүүлжүүлэхийн цагдаа нар ирээд бид хоёрыг салгасан. ...Уг залуу миний хамар руу толгойгоороо мөргөж, зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохиж, цамцнаас минь боосон. ...” гэх мэдүүлэг [32] болон мөн түүний 2018 оны 10 дугаар сарын 24, 12 дугаар сарын 07-ны өдөр тус тус өгсөн мэдүүлэг [33],
-гэрч Ц.Доржхандын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2018 оны 10 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байхад, ...шөнө 01 цаг өнгөрч байсан байх, Н гэгч нь цагдаагийн алба хаагчийг эсэргүүцсэн гэх зөрчилтэй орж ирсэн. ...02 цаг өнгөрч байсан байх, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дэслэгч Ундрахмөрөн аавыгаа зодсон гэх зөрчилтэй Аг авчирсан. Уг хүнд үзлэг хийхэд хамраас нь цус гараад хатсан, духны дээд хэсэгт өнгөцхөн шалбарсан байдалтай согтуу байсан тул эрүүлжүүлсэн. ...А эрүүлжүүлэхийн хаалган дээр гармаар байна гэж орилж, камерын хаалга нүдээд байсан, ...В-2 камерт байсан Н, Аг чимээгүй бай гэж байснаа нэг харсан чинь араас нь боосон зогсож байсан. Цагдаа Нурберген хаалга онгойлгоод орох хооронд нүүрэнд нь цохиод, шалан дээр хүчтэй шидсэн, тэгэхэд хамраас нь цус гарсан, нүд нь хөхөрсөн байсан ...” гэх мэдүүлэг [34], мөн түүний дахин өгсөн: “...Өрөөнийхөө залууд зодуулсныхаа дараа камерын өрөөнөөс гаргаж ирэхэд С.Агийн зүүн шанаа, хамар нь хавдаж цус гарсан байсан, ....Б.Нг унтаж байхад С.А нь камерын өрөөнд ороод шууд хаалганы төмөр сараалжийг нааш, цааш нь татаад “манай дүүг дуудаж авчир, цагдаа хийдэг юм” гээд орилоод байсан. Тэгтэл Б.Н нь хэвтэж байгаад босч ирээд ар талаас нь хоолойг нь боогоод хойш нь татаад эхлэхээр нь манай цагдаа нар камерын өрөөг онгойлгоод ороход С.Аг шууд нүүрээр нь газар унагаасан. С.А нь босч ирэхдээ хамраас нь цус гараад нүүр, хамар хоёр нь хавдсан байсан. ...” гэх мэдүүлэг [35],
-гэрч Х.Нурбергены мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө эрүүлжүүлэх байранд ажил дээр гарч байсан. Шөнө 01 цаг 35 минутын үед цагдаагийн алба хаагчийг хэл амаар доромжилсон зөрчил гаргасан Б.Нг манай хэлтсээс эрүүлжүүлсэн. ...03 цагийн үед гэртээ агсам тавьсан зөрчилтэй С.Аг авчирч эрүүлжүүлсэн. ...В-2 дугаартай өрөөнд 2 хүн хоорондоо зодолдоод эхлэхээр нь очиход С.Аг Б.Н толгойгоор нь уургалж боогоод зодож байсныг салгасан, Агийн хамраас цус гарсан, нэг нүд нь хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг [36], мөн түүний дахин өгсөн мэдүүлэг [37],
-гэрч Х.Хоролсүхын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 10 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө эрүүлжүүлэх байранд ажил дээр гарч байсан. Шөнө 03 цагийн цагийн үед камер хянаад сууж байхад В-2 дугаартай өрөөнд 2 хүн хоорондоо зодолдоод эхлэхээр нь хажуу талд нь явж байсан эмч болон цагдаа Нурберген хоёрт хэлэхэд Нурберген очиж салгасан. Би араас нь очиход зодуулсан хүн нь доошоо хараад хэвтсэн, нүүрнээс нь цус гарсан байдалтай байсан. ...камерын бичлэгт зодуулсан гэх А нь камерын хаалга сэгсрээд зогсож байхад Б.Н нь унтаж байснаа босч ирээд уг хүнийг өшиглөөд, араас нь уургалж боогоод нүүрэн тус газар нь цохиж, татаж унагаад шал мөргүүлсэн, энэ үед цагдаа ирээд салгаж байгаа үйлдэл харагдсан. Зодуулсан Агийн нэг талын нүд шанаа нь хөхөрсөн байсан. ...” гэх мэдүүлэг [38],
-гэрч Б.Тамирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрнаас дуудлага ирсний дагуу эрүүлжүүлэх байранд очиход 30-35 орчим насны эрэгтэй хүн зүүн талын нүдний доод хэсэгт хөхөрсөн, нүүрний тэгш хэм алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг [39],
-гэрч С.Алтанчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Намайг 2018 оны 10 дугаар сарын 22-ний өдөр нагац дүү Пүрэвсүрэн нь Цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх байранд хүрээд ир гэсэн. ...очиход Алтан- Өлзийг өөдөөс авч гарч ирсэн. А нь зодуулсан байдалтай нүүр нь хүн харахын аргагүй болчихсон, хэнд зодуулсан юм бэ гэхэд манай дүү Пүрэвсүрэн Нг заагаад энэ хүнд зодуулсан гэсэн зүйл хэлсэн. ...” гэх мэдүүлэг [40], гэрч Ч.Сандаг, Б.Билэгсайхан, Л.Ундрахмөрөн, Ч.Энхболд нарын мэдүүлэг [41],
- Шүүгдэгч Б.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...намайг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн. Хэвтэж байхад А гэдэг нэрийг нь мэддэг болсон залуу орж ирээд хашгираад “пиздануудаа та нар буруу хүн эрүүлжүүлсэн байна, та нар намайг мэдэхгүй байна, та нар манай аавыг эрүүлжүүлэх ёстой байсан” гээд байсан. ...Би тэр залууд чи унт гэж хэлээд нүүрэн тус газарт нь баруун гараараа 2 удаа цохисон. Мөн зүүн талын бүдүүн гуя руу нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд цамцных нь захаас чирч, ..цагдаагийн алба хаагчийг орж ирэхээр нь би Аг шалан дээр унагаасан. А нь шалан дээр нүүрээрээ унасан ...” гэх мэдүүлэг [42],
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12865, 1347 дугаартай дүгнэлт[43], шинжээч Б.Долгормаагийн мэдүүлэг [44], Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон болон тус дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл [45], Мед травма эмнэлгийн компьютер томографийн шинжилгээний хариу [46], Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Компьютер томографийн шинжилгээний хариу [47] болон бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд талуудын мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах, өмгөөлөгч чиг үүргийг хэрэгжүүлэгч субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хууль зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.Н нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн боловч хүсч үйлдэж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шууд санаатай үйлдлээр гэмт хэргийг үйлдсэн байна. Түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.Агийн эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учирсан байх бөгөөд шинжээчдийн 1347 дугаартай дүгнэлтээр дээрх хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах талаар дүгнэсэн, шүүгдэгч Б.Нгийн хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Нг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн Иргэний хуульд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй” талаар заасан.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч С.А нь шаардах эрхийн хүрээнд өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид хагалгаанд орох зардлыг нэхэмжилсэн байна.
Харин шүүгдэгч Б.Нгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ хохирогчид компьютер томографийн шинжилгээ хийлгээрэй гэж 150.000 төгрөг өгсөн, мөн эмчилгээндээ хэрэглээрэй гэж 50.000 төгрөг өгсөн, нийт 200.000 төгрөгийг нөхөн төлсөн гэж мэдүүлсэн, хохирогч С.А нь мөрдөн шалгах ажиллагаанд “... тэр хүн надад 100.000 төгрөг өгсөн, 3 төрлийн өвчин намдаах эм авч өгсөн. Өөрөөр ямар нэгэн туслалцаа үзүүлээгүй...” гэж мэдүүлсэн байна. [48]
Хэрэгт цугларсан нотлох баримтыг үзвэл шүүх эмнэлэгт үзлэг хийлгэхэд төлсөн 8000 төгрөгийн, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 80.000 төгрөгийн, “Мед травма” эмнэлгийн цээж, нурууны дүрс оношлогооны төлбөр 150.000 төгрөгийн, шатахууны 22.350, 20.000 төгрөгийн тус тус баримтыг хохирогч хэрэгт ирүүлсэн байх ба, эдгээр нь 280.350 төгрөг болж байх ба, үүнээс шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэгт үндэслэн 150.000 төгрөг нөхөн төлөгдсөн гэж үзэж, уг төлбөрийг хасч, үлдэх 130.350 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгох үндэстэй гэж үзэв.
Харин хохирогч С.А нь цаашид мэс засал хийлгэх шаардлагатай байгаа талаар мэдүүлсэн байх тул тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нөхцөлүүдийг харгалзан шүүгдэгч Б.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тогтоосон байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг;
-шүүгдэгч Б.Н шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцож, эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ “би Хууль сахиулах их сургуульд сурдаг. Манай байгууллагаас албаны шалгалт явуулж, цаашид намайг ажлаа үргэлжлүүлэн хийх эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. Хэрвээ би нийтэд тустай ажил хийх ял шийтгэгдвэл сургууль болон ажлаасаа чөлөөлөгдөх болно. Тиймээс оногдуулах ялыг хөнгөрүүлж торгох ял шийтгэж өгнө үү. Би торгох ялыг эхнэрийн цалин болон эгчийнхээ цалингийн зээлээр төлөх боломж бололцоотой. Мөн надад Марк-2 машин байгаа. Уг машинаар болон эцэг, эхийн үлдээсэн хөрөнгө болох малаа борлуулах замаар торгох ялыг төлөх боломжтой. Би Цагдаагийн албанд ажилладаг учраас Хууль сахиулахын их сургуульд үнэ төлбөргүй сурдаг бөгөөд цаашид цагдаагийн албаныхаа ажилд үлдэх шаардлагатай байна” гэсэн тус тус дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүгдэгч Б.Н нь Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын даргын 2008 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 34 дүгээр тушаалаар цагдаагийн мэргэжлийн сургалтыг төгсөж, 2008 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт жижүүрийн шуурхай албаны туслах ажилтнаар, эрүүлжүүлэх баривчлах байрны цагдаа, Ховд аймгийн Зэрэг, Эрдэнэбүрэн сумын хэсгийн цагдаа, харуулын цагдаа, нийтийн хэв журмыг хамгаалах цагдаа зэргээр ажиллаж байсан байна. [49]
Шүүгдэгч Б.Н нь хувийн байдлын тухайд хэрэгт авагдсан баримтаар Ховд аймгийн прокурорын газрын 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 111 дугаартай тогтоол, мөн дараа нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 180 дугаартай тогтоолоор түүний холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хоёр удаагийн эрүүгийн хэргийг хохирогчтой сайн дураараа эвлэрсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүхээс шүүгдэгч Б.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
ч
4. Бусад асуудлын талаар.
Тус хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны В-2 камерын бичлэг бүхий CD-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Бийн Нг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (таван зуун тавь) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүлжүүлэх байрны 2018 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнийн В-2 камерын бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурьдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нгээс 130.350 (нэг зуун гучин мянга гурван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч С.Ад олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.А нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА