| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2019/0150/Э |
| Дугаар | 163 |
| Огноо | 2019-02-01 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 163
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Р.Очирсүрэн,
хохирогч У.А,
шүүгдэгч З.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогт Зын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: О овгийн Зын Э нь Монгол Улсын иргэн, 1966 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ... хүнсний зах дээр лангуу түрээслэн ажиллуулдаг, ам бүл 2, нөхрийн хамт ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, (РД:...).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч З.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 05 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны орцонд иргэн У.Аы гээгдүүлсэн “Huwaie-P-smart” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгаад мэдсээр байж завшсаны улмаас 479.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн
Шүүгдэгч З.Э мэдүүлэхдээ: Тэр өдөр өглөө эрт ажилдаа гарах гэж явтал нэг багц түлхүүр, гар утас байсан. Би түлхүүрийг нь тавиад, гар утсыг нь аваад явсан. Орой нь гэртээ ирээд нөгөө олсон гар утсаа гаргаад тавьсан. Тэгтэл тэр утсанд манай нөхөр сим картаа хийж аав руугаа ярьсан байсан. Тэгтэл цагдаагийн байгууллагаас дуудаад утсыг асууж, тэр утсыг нь цагдаад хүлээлгэж өгсөн. Гээгдэл эд хөрөнгө авсан нь миний буруу гэв.
Хохирогч У.А мэдүүлэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 09-нд үүрээр гэртээ 05 цагийн үед ирсэн. Надад миний ажилтай холбоотой маш олон түлхүүр байдаг. Тэгээд гэртээ орох гээд тэдгээр түлхүүрүүдээс гэрийнхээ түлхүүрийг хайгаад олоогүй. Эхнэр унтаж байгаа болохоор шатан дээр жаахан сууж байгаад босохдоо түлхүүр гар утсаа орхиод гэртээ орсон байсан. Тэгээд 2-3 хоногийн дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Цагдаагаас гар утсаа хүлээж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс:
1.Хохирогч У.Аы хэрэг бүртгэлтэнд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мэдүүлсэн:
“...Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 05 цагийн үед гэртээ согтуу орох гэж байхдаа хаалгаа онгойлгож чадахгүй хаалгаа онгойлгуулах гээд өөрийн эхнэр рүүгээ залгаад шатан дээр сууж байхдаа шатан дээр унтаад өгсөн байсан. Тэгээд би хэсэг хугацааны дараа сэрээд өөрт байсан олон түлхүүрээс гэрийн түлхүүрээ хайж олоод хаалгаа онгойлгочихоод шатан дээр олон түлхүүр болон “Huwaie-P-smart” маркийн гар утсаа үлдээгээд орчихсон байсан. Тэгээд би гэртээ ороод унтаж байтал манай эхнэр намайг сэрээгээд “гар утас чинь хаана байгаа юм, фэйсбүүк чинь асаалттай байна” гэхээр нь би сэрээд согтуудаа гэртээ орох гэж байхдаа шатан дээр гар утас болон түлхүүрүүдээ үлдээснээ санаад орцны жижүүр дээр очоод “таныг цэвэрлэгээ хийж байхад 6 давхрын шатан дээр гар утас болон түлхүүрүүд байсан уу” гэж асуухад шатан дээр гар утас байгаагүй, түлхүүр байсан гээд надад миний түлхүүрүүдийг өгсөн. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Би гэртээ орох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, нилээн согтуу байсан учраас гэртээ орохдоо шатан дээрээ эд зүйлсээ мартаж орсон. Huwaie-P-smart маркийн гар утас байсан. Би гар утсаа 2018 оны 10 дугаар сард Мобикомоос 640.000 төгрөгөөр авч байсан. ... Алдсан гар утсаа хүлээж авсан учир надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг [1]
2. Гэрч Г.Даваабаатарын хэрэг бүртгэлтэд 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр мэдүүлсэн:
“...2018 оны 11 дүгээр сард би эмнэлэгт хэвтэж байгаад гараад гэртээ амарч байсан. Шүүгээ ухтал цагаан шаргал өнгөтэй байсан байх, Хуавэй маркийн гар утас байхаар нь асаах гэтэл асахгүй байсан. Тэгээд гэрээс цэнэглэгч олоод цэнэглэж асаагаад эхнэрийн 91711113 дугаартай сим картыг хийгээд хадам аавтайгаа ярьсан. Тэгээд эхнэрээсээ орой ирэхээр нь “юун гар утас юм бэ” гэж асуутал “гадаа коридорт хэвтэж байхаар нь авчихсан юм” гэж хэлсэн. Тэгээд тэр гар утсыг гэртээ байлгаж байсан. Тэгтэл цагдаа нар ирээд “танай эхнэр гар утас авсан байна” гээд баригдсан. ...” гэх мэдүүлэг [2],
3. Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн хохирогч У.Аы Huwaie-P-smart маркийн гар утсыг 497.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан [3], эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл [4], Дамно ХХК-ийн эд хөрөнгийн үнэлгээний ажлын хөлс нэхэмжилсэн нэхэмжлэл [5],
4. З.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн:
“...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө ажилдаа гараад явах үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны 6 дугаар орцны 6 давхарт лифтны хажууд шалан дээр нэг гар утас, багц түлхүүр байсан. Ингээд би хүн хартал ойр хавьд хүн байхгүй байхаар нь гар утсыг нь аваад түлхүүрийг нь коридорт байх төмөр дээр тохож тавиад үлдээсэн. Ингээд гар утсыг нь аваад ажил дээрээ авч оччихоод орой нь гэртээ аваачаад үлдээсэн. Тэр үед манай нөхөр Даваабаатар симыг нь солиод миний хуучин дугаарыг хийгээд ашиглаж байсан. Ингээд цагдаад баригдсан. Би гар утсыг нь буцаагаад хохирогчид нь хүлээлгэж өгсөн. ...” гэх мэдүүлэг [6]
5. Шүүгдэгч З.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа [7], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [8], З.Эгийн өмчлөлд тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа [9], З.Эгийн өмчлөлд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байр, 201 тоот орон сууц, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 44 дүгээр гудамж, 2215 тоот гэр бүлийн хэрэгцээний газар бүртгэлтэй талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа [10], нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт [11], З.Эгийн “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны гүйлгээний хуулга [12],
6. Шүүгдэгч З.Эгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт [13], З.Эд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 31 дугаартай тогтоол [14] , хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт прокурорын оногдуулах эрүүгийн хариуцлагыг танилцуулсан тухай санал [15] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад З.Э нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн тогтоолоор шийдвэрлэж, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналыг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан саналдаа шүүгдэгч З.Э нь бусдын гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улсаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэргээр тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч З.Э нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З.Эгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон үйл баримтыг үзвэл 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө хохирогч У.А нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байранд байх өөрийн гэртээ орох гэж байхдаа орцонд Huwaie-P-smart маркийн гар утсаа гээснийг хохирогчийн хөрш болох шүүгдэгч З.Э нь өөрийн орцноос олсон буюу хохирогчийн “Huwaie-P-smart” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирлыг бусдад учруулсан болох нь:
-Хохирогч У.Аы хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө 05 цагийн үед гэртээ согтуу орох гэж байхдаа хаалгаа онгойлгож чадахгүй хаалгаа онгойлгуулах гээд өөрийн эхнэр рүүгээ залгаад шатан дээр сууж байхдаа шатан дээр унтаад өгсөн байсан. ...хэсэг хугацааны дараа сэрээд өөрт байсан олон түлхүүрээс гэрийн түлхүүрээ хайж олоод хаалгаа онгойлгочихоод шатан дээр олон түлхүүр болон Huwaie-P-smart маркийн гар утсаа үлдээгээд орчихсон байсан. ...манай эхнэр намайг сэрээгээд “гар утас чинь хаана байгаа юм, фэйсбүүк чинь асаалттай байна” гэхээр нь би сэрээд согтуудаа гэртээ орох гэж байхдаа шатан дээр гар утас болон түлхүүрүүдээ үлдээснээ санаад орцны жижүүр дээр очоод “таныг цэвэрлэгээ хийж байхад 6 давхрын шатан дээр гар утас болон түлхүүрүүд байсан уу” гэж асуухад шатан дээр гар утас байгаагүй, түлхүүр байсан гээд надад миний түлхүүрүүдийг өгсөн....” гэх мэдүүлэг [16],
-хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан [17],
-шүүгдэгч З.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө ажилдаа гараад явах үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны 6 дугаар орцны 6 давхарт лифтны хажууд шалан дээр нэг гар утас, багц түлхүүр байсан. Ингээд би хүн хартал ойр хавьд хүн байхгүй байхаар нь гар утсыг нь аваад түлхүүрийг нь коридорт байх төмөр дээр тохож тавиад үлдээсэн. Ингээд гар утсыг нь аваад ажил дээрээ авч оччихоод орой нь гэртээ аваачаад үлдээсэн. Тэр үед манай нөхөр Даваабаатар симыг нь солиод миний хуучин дугаарыг хийгээд ашиглаж байсан. Ингээд цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг [18] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч З.Э нь тухайн үед гээгдэл эд хөрөнгийг завшиж байгаа нь шууд санаатай үйлдэл байна.
Шүүгдэгч З.Эгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч З.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч З.Эгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч У.Ад хохирол учирсан байх ба хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл [19]-ээр тус шүүгдэгч нь хохирогчийг гар утсыг түүнд хүлээлгэн өгсөн, мөн хохирогч У.А “...нэхэмжлэх зүйл байхгүй” [20] гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч З.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч З.Э нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу урьд ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокурорын шатанд З.Э нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар түүнд танилцуулж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч З.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй болон түүний хувийн байдлыг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч З.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч З.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 7, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Зын Эг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Эг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, хохирогч У.Ад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалт, 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.6 дахь заалтад зааснаар шүүгдэгч З.Эгаас 18.000 (арван найман мянга) төгрөгийг гаргуулж, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-нд олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА