| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/1103/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2019-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Р.Очирсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 165
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Р.Очирсүрэн,
шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Г овогт Нгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Г овогт Нгийн М нь Монгол улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гадаад худалдаа гаалийн мэргэжилтэй, “...” ХХК-ийн ...т зөөгч ажилтай, ам бүл 3, ээж, ахын хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, (РД:...)
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Б.М нь 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн үед ... дугаарт давхарт иргэн Б.Дын нүүрэн тус газарт цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:
1.Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 16-нд өгсөн:
“...2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн үед ... давхрын коридорт хажуу айлын утасгүй интернетийг ашиглаад найз охинтойгоо чатаар маргалдаж байгаад гарч тамхи татах гээд лифт хүлээгээд зогсож байхад хаалга дуугараад нэг охин айлаас гарч ирсэн. Би тухайн үед найз охинтойгоо чат бичээд явж байсан. Тэгээд намайг лифтэнд суухад тэр охин суугаад би нэг давхарт лифт зогсохоор нь буугаад гарч тамхи татсан. Нөгөө охин араас гарч ирээгүй. Тэгээд би буцаад гэртээ орох гээд лифтээр 10 давхарт гарахад нэг залуу намайг дуудаад “хөгшөөн хоёулаа уулзаадахъя” гээд хүрч ирснээ миний хамар руу гараараа цохиод намайг зодох гээд байхаар нь биеэ хамгаалаад тэр залуугийн гарыг бариад авахад миний гарт байсан “Самсунг эс-5” маркийн гар утас газар унаад дэлгэц нь хагарсан. Тэгтэл цаанаас 10 давхарт амьдардаг Намуунаа нэг намхан залуутай гүйж ирээд намхан залуу миний хамар руу цохисон залууг салгасан. Би тэр залууд хандан “чи хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлэхэд тэр залуу “чи яагаад хүүхэд айлгаад байгаа юм” гэж хэлсэн. Цаашаагаа явахад намхан залуу миний гар утсыг газраас авч өгсөн. Тухайн үед тэр залуучуудаас архи үнэртэж байсан. Тухайн өдөр манай гэрийн тог гэнэт тасраад ирэхгүй байсан. Тэгээд айлын утасгүй интернетийг ашиглаад найз охинтойгоо шөнийн 01 цагаас 04 цаг хүртэл чаталж байгаад гадаа гарч тамхи татсан юм. Би М гэдэг залууг танихгүй, манай давхарт амьдардаг Намуунаа гэдэг охины гэрт ирсэн юм байна лээ. М миний нүүр рүү гараараа цохиход хамар хугарсан. Би Мыг цохиж зодоогүй. Би шүүх эмнэлгийн 9723 дугаартай дүгнэлттэй танилцсан, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Намайг М цохиход би биеэ хамгаалж байгаад газар гар утсаа унагачихсан. Би 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “Тэди” төвөөс “Самсунг эс-5” маркийн гар утсыг 260.000 төгрөгөөр худалдан авсан байсан. Одоо миний гар утас 150.000 төгрөгийн үнэтэй. Миний эмчилгээний зардал баримтаар 905.000 төгрөг болсон. Гар утасны төлбөрт 260.000 төгрөг авсан, нийт 1.650.000 төгрөгийн хохирол авсан. Одоо надад гомдол, санал, нэхэмжлэх эд зүйл байхгүй. Миний хохирлыг М бүрэн барагдуулсан тул надад гомдол, саналгүй. ...” гэх мэдүүлэг [1],
2. Гэрч В.Цэвэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 10-нд өгсөн:
“...Миний хүү М бага нас буюу 2-8 нас хүртлээ Орхон аймгийн Эрдэнэт хотод цэцэрлэгээр хүмүүжсэн, ерөнхий боловсролын бүрэн дунд 52 дугаар сургууль болон Олон улс судлалын дээд сургуулийг суралцаж төгссөн, дээд боловсролтой. 2013-2017 онд Олон улс судлалын дээд сургуулийг гадаад худалдаа, гаалийн менежер мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Одоо “MCS” ХХК-ийн ...т ажиллаж байна. Миний хүүгийн хувийн зан чанар хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, хамт олондоо нийтэч төлөв төвшин зан араншинтай. Манай хүү өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаагүй. ...” гэх мэдүүлэг [2],
3. Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 12 дугаар сарын 14-нд яллагдагчаар өгсөн:
“...2018 оны 7 дугаар сарын 24-ний оройн 23.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 119-А байрны 179 тоотод амьдардаг найз Намуунаагийн гэрт нь найз Булган, Отгонтөгс хоёртой хамт очиход Намуунаа найз Хонгорзулын хамт байсан. Тэгээд бид 5 хөзөр тоглонгоо 2.5 литрийн том пиво уугаад сууж байхад шөнийн 01 цагийн үед Отгонтөгс гэр рүүгээ явлаа гээд явсан. Тэгээд Намуунаа, Булган, Хонгорзул бид дөрөв үлдээд пиво уунгаа хөзөр тоглож байгаад шөнийн 02 цагийн үед гэр халуун байхаар нь жоохон хаалга нээчих гээд Булган хаалга нээхэд хаалганы цаана Д зогсож байхаар нь Намуунаагаас “энэ залууг таньдаг юм уу, ямар учиртай юм бэ” гээд асуухад Намуунаа “танихгүй, орой гэрт ирэхэд тог тасарчихсан, тогоо залгах гээд шийдний хажууд зогсож байхад энэ залуу хүрч ирээд тусалсан юм” гэж хэлсэн. Тэгээд бид нар үүрийн 05 цаг хүртэл хөзөр тоглож байгаад Хонгорзул гэр рүүгээ явах гээд гараад явсан. Удалгүй буцаад нилээн айсан байдалтай ороод ирэхээр нь “юу болсон бэ” гээд асуухад “лифтэнд суухад Д араас ороод ирэхээр нь айгаад буцаад ирлээ” гэсэн. Би гараад очиход Д шатны хажууд зогсож байхаар нь очоод “чи яах гээд байгаа юм бэ” гээд асуухад “яасан юм, чи хүн андуураад байгаа юм уу” гэхээр нь “чи хаалга үүд чагнаад хүн айлгаад байгаа юм биш үү” гээд маргалдаж байгаад заамдаж аваад нүүр рүү гараараа цохихоор нь буцаагаад зөрүүлээд нүүр рүү нь гараараа 2-3 цохиход Намуунаа Булгаа хоёр дундуур орж ирээд салгасан. ...Хонгорзулыг гэр рүүгээ явлаа гээд гарахад айлгасан. Хонгорзулыг лифтэнд суухад араас нь орсон гэсэн. Тэрнээс болоод Хонгорзул айсан юм. Тэгээд би Дтай маргалдсан юм. ...Би Дын нүүрэн хэсэгт нь 2-3 удаа цохисон. Д миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон бөгөөд бэртэл гэмтэл байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн үед орц харанхуй байсан болохоор би гар утсыг нь хараагүй. Д бид хоёрыг заамдалцаж авахад гар утас нь газар унасан гэсэн. Би Дын гар утсыг эвдэж гэмтээсэн асуудал байхгүй. Д гар утас газар унаад эвдэрсэн гээд байхаар нь хохирлыг нь төлж барагдуулсан. Би Самсунг эс-5 маркийн гар утасны 260.000 төгрөгийг нь эмчилгээний зардал дээр нь нэмж өгсөн. Би Дт эмчилгээний 1.165.000 төгрөгийг өгсөн. Одоо энэ хэрэгт ямар нэгэн эмчилгээний зардлын маргаан байхгүй. ...” гэх мэдүүлэг [3],
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9723 дугаартай дүгнэлтэд:
“...2018-7-26-ны Мед травма эмнэлгийн толгойн КТГ-д: ...хамар ясны баруун хажуу хана зөрөө бүхий хугаралтай. Хамрын таславч урд хэсгээр ялимгүй зүүн тийш мурийлттай. ...Баруун зулай, баруун нүдний эргэн тойрон, хамар болон зүүн хацар орчмын зөөлөн эдэд хавантай. /Эмч П.Ундармаа/ гэжээ.
ДҮГНЭЛТ:
1. Б.Дын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зулай, баруун нүдний эргэн тойрон, хамар зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан нь тогтоогдлоо.
2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эдгээр гэмтлүүд нь тус тусдаа бүгд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. /шинжээч эмч М.Энхбаяр/ ...” гэсэн дүгнэлт [4],
5. Хохирогч Б.Дын тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын эмчилгээний зардал нэхэмжилсэн баримтууд [5],
6. Шүүгдэгч Н.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа [6], түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас [7], Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт[8], Н.Мын нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй талаар Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [9] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.Мын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаар “...шүүгдэгч Н.Мын үйлдсэн гэмт хэрэг нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хохирогчийн эмнэлэгт үзүүлсэн эмчилгээний зардлын баримт болон Н.Мын яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.М нь 2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 119-А байрны 179 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба, улмаар согтуурсан үедээ ... дугаарт давхарт иргэн Хонгорзулыг лифтэнд дагаж орж айлгалаа гэх шалтгаанаар иргэн Б.Дын биед гараараа цохиж түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зулай, баруун нүдний эргэн тойрон, хамар зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
- Хохирогч Б.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 119А байрны 10 давхрын коридорт хажуу айлын утасгүй интернетийг ашиглан найз охинтойгоо чатаар маргалдаж байгаад гарч тамхи татах гээд лифт хүлээгээд зогсож байхад хаалга дуугараад нэг охин айлаас гарч ирсэн. ...намайг лифтэнд суухад тэр охин суугаад, би нэг давхарт лифт зогсохоор нь буугаад гарч тамхи татсан. Нөгөө охин араас гарч ирээгүй. Тэгээд би буцаад гэртээ орох гээд лифтээр 10 давхарт гарахад нэг залуу намайг дуудаад “хөгшөөн хоёулаа уулзаадахъя” гээд хүрч ирснээ миний хамар руу гараараа цохисон, ...миний гарт байсан Самсунг эс 5 маркийн гар утас газар унаад дэлгэц нь хагарчихсан. ...би тэр залууд хандан “чи хүн андуураад байгаа юм биш үү” гэж хэлэхэд тэр залуу “чи яагаад хүүхэд айлгаад байгаа юм” гэж хэлсэн. ...М миний нүүр рүү гараараа цохиход хамар хугарсан. ...” гэх мэдүүлэг [10],
- Н.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 24-ний оройн 23.00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 119А байрны 179 тоотод амьдардаг найз Намуунаагийн гэрт нь найз Булган, Отгонтөгс хоёртой хамт очиход Намуунаа найз Хонгорзулын хамт байсан. Тэгээд бид хөзөр тоглонгоо 2.5 литрийн том пиво уусан. ...бид үүрийн 05.00 цаг хүртэл хөзөр тоглож байгаад Хонгорзул гэр рүүгээ явах гээд гараад явсан. Удалгүй буцаад нилээн айсан байдалтай ороод ирэхээр нь “юу болсон юм бэ” гээд асуухад “лифтэнд суухад Д араас ороод ирэхээр нь айгаад буцаад ирлээ” гэсэн. ...би гараад очиход Д шатны хажууд зогсож байхаар нь очоод “чи яах гээд байгаа юм бэ” гээд асуухад “яасан юм, чи хүн андуураад байгаа юм уу” гэхээр нь “чи хаалга үүд чагнаад хүн айлгаад байгаа юм биш үү” гээд маргалдаж байгаад ...нүүр рүү нь гараараа 2-3 цохисон. ...Хонгорзулыг лифтэнд суухад араас нь орсон гэсэн. Тэрнээс болоод Хонгорзул айсан юм. ...Д бид хоёрыг заамдалцаж авахад гар утас нь газар унасан гэсэн. Би Дын гар утсыг эвдэж гэмтээсэн асуудал байхгүй. ...” гэх мэдүүлэг [11],
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 9723 дугаартай дүгнэлт [12] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн хэлбэрийн хувьд шүүгдэгч Н.М нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байгаа боловч шууд санаатай үйлдлээр хохирогчийг зодож, эрүүл мэндэд нь хохирол учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн байна.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Н.Мын нөхцөл байдлыг буруугаар ойлгож, бусадтай зүй бус харьцсан, согтууруулах ундаан зүйл хэрэглэсэн зэрэг байдал нь нөлөөлжээ.
Шүүгдэгч Н.М нь хохирогч Б.Дын эрүүл мэндэд “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун зулай, баруун нүдний эргэн тойрон, хамар зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймээс улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.Мыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
Мөн “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” талаар Иргэний хуульд заасан тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын зардлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
Хохирогч Б.Дын мэдүүлэгт “...Намайг М цохиход би биеэ хамгаалж байгаад газар гар утсаа унагачихсан” гэж мэдүүлсэн ба тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.Дын бие махбодид хөнгөн хохирол учирч, хохирогчоос хэрэгт Халиун клиникт мэс засал эмчилгээ хийлгэж хэвтэн эмчлүүлсэн 765.000 төгрөг, тус эмнэлгийн үзлэгийн төлбөрт 20.000 төгрөг, Мед травма эмнэлэгт толгойн компьютер томографийн шинжилгээ хийлгэсэн 120.000 төгрөг, Теди төвийн “2017 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Самсунг эс-5 маркийн гар утсыг 260.000 төгрөгөөр худалдан авсан” тухай баталгааны хуудас [13]зэрэг нийт 1.165.000 төгрөгийн баримтыг ирүүлсэн байна.
Хэрэгт авагдсан хохирогч Б.Дын “хохиролд 1.165.000 төгрөг хүлээн авч, хохирол бүрэн барагдсан” гэсэн мэдүүлэг [14], хохирол төлбөр хүлээн авсан гэх баримт зэргээр шүүгдэгч Н.М нь хохирогч Б.Дт төлөх төлбөргүй байна.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар “...шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, торгох ялыг 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүхээс шүүгдэгч Н.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Н.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний тодорхой ажил эрхэлдэг байдал, хөрөнгө, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
4. Бусад асуудлын талаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Б.Дт төлөх төлбөргүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Нгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мын эдлэх торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Мын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор хохирогч Б.Дт төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА