Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 166

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,

улсын яллагч Р.Энх-Оюун,

шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

О овогт Оын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ...  дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч,  2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

О овогт Оын Г нь Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 23-нд Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” ХХК-нд ачигч ажилтай, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй (РД:...).

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Эг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Гаас: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй гэв.

Хоёр. Эрүүгийн ... дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогч Х.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 7 дугаар сарын 03-нд өгсөн:

“...2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед надтай хамт ажилладаг залуу над руу залгаад машинтай 3 согтуу залуу ажлын газрын дүү Түвшинбатыг машинаар дайрчихлаа гэж ярьсан. Би гэрээсээ гараад Хонх дэлгүүрийн үүдэнд очсон. Намайг очиход 3 залуутай Ёндонжамц, Түвшинбат, Анхбаяр нар маргалдаад зогсож байсан. Би очоод нэг залууг нь ахын дүү нар больцгоо гэж хэлээд зогсож байхад араас өөр нэг залуу ирээд шууд миний хамар руу цохиод авсан. Намайг цохисон залуу намхан нуруутай, шар царайтай, цээжээрээ хувцасгүй байсан. Намайг нэг удаа цохисон. Юугаар цохисныг хараагүй, намайг цаашаа хараад зогсож байхад араас ирээд цохисон. Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Харин нөгөө 3 залуу архи уучихсан байсан. Миний хамар хугарсан. Одоогоор би 300.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Хагалгаанд орж хамраа янзлуул гэж эмч хэлсэн. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилж байна. Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. ...” гэх мэдүүлэг [1],

- 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр манай ажлын газрын дүү Ёндонжамц залгаад намайг хүн дээрэлхээд байна хүрээд ир гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хонх”-той дэлгүүрийн гадаа очтол манай дүү 3 согтуу залуутай маргалдсан байдалтай байхаар нь би очоод “ахын дүү нар одоо больцгоо” гэж хэлсэн чинь нэг залуу хажуунаас орж ирээд миний нүүр рүү цохичихсон. Тэгээд би тухайн үед цагдаа дуудаад цагдаагийн ажилтнууд ирээд намайг зодсон залууг саатуулна гээд аваад явсан. Би тухайн үед өргөдөл гарган шүүх эмнэлэгт үзүүлсэн. Г гэх залуу миний нүүр рүү нэг удаа гараараа цохиж гэмтэл учруулсан. Эмчилгээний зардалд бага сага зардал гарсан. Энэ хүнээс мөнгө төгрөг авах ямар нэгэн бодолгүй байна. Гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ аваад өгөөч гэж хүсэж байна. Би дахиж ирж уулзаж чадахгүй байх, ажил ихтэй байхад байн байн дуудаад байхаар их хүндрэлтэй байна. ...” гэх мэдүүлэг [2],

- 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин өгсөн“... 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ЭМЖЖ эмнэлэгт хамар үзүүлэхэд 25.000 төгрөг, толгойн томографийн зураг авахуулахад 120.000 төгрөг, Монос эмийн сангаас 17.900 төгрөг, Улсын нэгдүгээр эмнэлэгт 2 удаа үзүүлэхэд тус бүр 16.200 төгрөг орсон, нийт 303.300 төгрөгийн зардал гарсан. Гэхдээ би энэ Гаас нэг ч төгрөг авахгүй, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэх мэдүүлэг [3],

2. О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 01 дүгээр сарын 17-нд яллагдагчаар өгсөн: 

“...Би 2018 оны 6 дугаар сарын 03-нд 18 цагийн орчим найз Базарпүрэв, Пүрэвдорж нарын хамт гол орчихоод машинтай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрладаг “Хонх”-той дэлгүүр орсон. Тэгтэл дэлгүүрийн гадаа 3 залуутай маргалдаад тэд нар машинаар дайрах гэж оролдлоо гээд над руу дайраад миний машины түлхүүрийг булааж авсан. Би нэг залуутай нь барьцалдаж аваад зодоон болох үед манай хоёр найз зугтаачихсан юм. Тэгтэл цаанаас нэг “приус10” маркийн машинтай нэг ах согтуу бууж ирээд намайг хүнтэй зодолдож байхад голоор ороод миний гаранд цохиулчихсан. Тэгтэл надад цохиулсан залуу Гэмтлийн эмнэлэг яваад өгсөн. Намайг цагдаа аваад явсан. Би “Хонх”-той дэлгүүрийн гадаа танихгүй 3 залууг дэлгүүрийн гадаа зогсож байхад хажуугаар нь явахдаа шороо босгоод явчихсан юм. Тэрнээс болоод маргалдаж эхэлсэн. Тэгээд би машинаа огцом хөдөлгөөд шахаж тавих гэтэл дайрах гэж оролдлоо гэж зодолдсон. Би Х.Эгийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. Би тухайн үед архи уусан согтуу байсан. Тэр надад цохиулдаг Х.Э ч гэсэн согтуу байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. ...” гэх мэдүүлэг [4]

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 7099 дугаартай дүгнэлтэд:

“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхинд 5,0х1,5 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралттай, доод зовхинд 5,0х4,0 см хэмжээтэй хүрэн ягаан өнгийн цус хуралт, 1,0х0,2 см хэмжээтэй, мэс заслын 3 ширхэг оёдол бүхий шархтай, хаван, хавдар ихтэй. Хамрын нуруунд 3,0х2,5 см хэмжээтэй бүдэг хүрэн ягаан өнгийн цус хуралттай, хаван, хавдартай, өвчин эмзэглэлтэй. 

Эмнэлгийн бичиг баримтанд ...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн үзлэгт ...онош баруун нүдний доод зовхины няцарсан шарх, тархи доргилт 2018.6.03 гэжээ.

“Мед травма” эмнэлгийн толгойн компьютер томографийн шинжилгээнд ... Хамрын хянга болон 2 хажуу ханыг хамарсан зөрөө бүхий хугаралтай. Хамрын таславч урд хэсгээр бага зэрэг зүүн тийш мурийлттай. Хамрын баруун доод самалдаг хавагнаж зузаарсан. Баруун талын элхэг болон хоншоорын хөндийн салст бага зэрэг зузаарсан. ...Нүүрний баруун талын зөөлөн эдэд хаван хавдартай. ...Дүгнэлт ...Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт ... Дүгнэлт бичсэн эмч П.Ундармаа 2018.6.04 гэжээ.

 

ДҮГНЭЛТ:

1 Х.Эгийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3 Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4 Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /шинжээч эмч Т.Сэлэнгэ/...” гэсэн дүгнэлт [5],

4. Хохирогч Х.Эгийн гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд  зардал нэхэмжилсэн баримтууд [6],

5. О.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа [7], оршин суугаа хаягийн тодорхойлолт [8], О.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан  хуудас [9], үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа [10], мөн түүний нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа [11], О.Гын “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны хуулга [12], ... ХХК-ийн “...О.Г нь 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тус компанийн ... агуулах салбарт Ачигч албан тушаалд ажиллаж байгаа, үндсэн цалин нь 550.000 төгрөг” гэсэн тодорхойлолт [13], Х.Э, О.Г нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт [14], хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаар тогтоол [15], хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт оногдуулах ялын тухай прокурорын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаартай санал [16] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад О.Г нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналыг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.Гт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1.Гэм буруугийн талаар.

Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч О.Г иргэн Х.Эг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Эгийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, О.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг болон бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч О.Г нь 2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба, улмаар согтуурсан үедээ Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хонх”-той дэлгүүрийн үүдэнд хохирогч Х.Эгийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж түүний биед нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

- Хохирогч Х.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 20 цагийн үед надтай хамт ажилладаг залуу над руу залгаад гурван машинтай согтуу ажлын газрын дүү Түвшинбатыг машинаар дайрчихлаа гэж ярьсан. Би гэрээсээ гараад “Хонх” дэлгүүрийн үүдэнд очиход 3 залуутай Ёндонжамц, Түвшинбат, Анхбаяр нар маргалдаад зогсож байсан. Би очоод нэг залууг нь “ахын дүү нар больцгоо” гэж хэлээд зогсож байхад араас өөр нэг залуу ирээд шууд миний хамар руу цохиод авсан. ...Намайг цохисон залуу намхан нуруутай, шар царайтай, цээжээрээ хувцасгүй байсан. Намайг нэг удаа цохисон. ...Би тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Миний хамар хугарсан. ...” гэх мэдүүлэг [17] болон 2019 оны 01 дүгээр сарын 10, 28-ны өдөр тус тус өгсөн мэдүүлэг [18],

- О.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...Би 2018 оны 6 дугаар сарын 03-нд 18 цагийн орчим найз Базарпүрэв, Пүрэвдорж нарын хамт машинтай Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрладаг Хонхтой дэлгүүр орсон.  “Хонх”-той дэлгүүрийн гадаа 3 залуутай маргалдаад тэд нар машинаар дайрах гэж оролдлоо гээд над руу дайрсан. ...Тэгтэл цаанаас “приус10” маркийн машинтай нэг ах согтуу бууж ирээд намайг хүнтэй зодолдож байхад голоор ороод миний гаранд цохиулчихсан. Тэгтэл надад цохиулсан залуу Гэмтлийн эмнэлэг яваад өгсөн. ...Би Х.Эгийн нүүр рүү нь гараараа нэг удаа цохисон. ...” гэх мэдүүлэг [19], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 7099 дугаартай дүгнэлт [20] болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн хэлбэрийн хувьд шүүгдэгч О.Г нь хохирогч Х.Эг шууд санаатай үйлдлээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх бөгөөд тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байдал, гудамж талбайд биеэ зөв авч явалгүй бусадтай зүй бус харьцсан байдал зэрэг нь нөлөөлжээ.

Шүүгдэгч О.Гын хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч О.Гын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Х.Эгийн бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч Х.Э нь 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр ЭМЖЖ эмнэлэгт хамар үзүүлэхэд 25.000 төгрөг, толгойн томографийн зураг авахуулахад 120.000 төгрөг, Монос эмийн сангаас 17.900 төгрөг, Улсын нэгдүгээр эмнэлэгт 2 удаа үзүүлэхэд тус бүр 16.200 төгрөг орсон, нийт 303.300 төгрөгийн баримтыг [21] хэрэгт хавсаргасан, тус хохирлыг шүүгдэгч О.Г нөхөн төлөөгүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Х.Э нь “байн байн дуудагдах хүндрэлтэй байна, дээрх хохирлыг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн [22], мөн хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэлд “...О.Гт гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд оролцохгүй” гэсэн байх тул хохирогч Х.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нэхэмжлэхгүй гэснийг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч О.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.Г нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Г нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зарим хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх талаар заасан ба уг зүйлийн 8 дахь хэсэгт  “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.

Прокурорын шатанд О.Г нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурорын санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялын саналыг зөвшөөрсөн байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, хөрөнгө, бусад орлого зэргийг харгалзан торгох ялыг биелүүлэх хугацааг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхийг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

4.Бусад асуудлаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Г нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Оын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч О.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Гт торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч О.Г нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Х.Э нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын зардлыг нэхэмжлэхгүй гэснийг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Т.АЛТАНТУЯА