Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 42

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Т.Бямбажав, Х.Гэрэлмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Прокурор О.Батнасан

          Нарийн бичгийн дарга Р.Оюунсүрэн нарыг оролцуулан,

          Ялтан О.Бат-Очирт оногдуулсан хорих ялыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж, ял дүйцүүлэн хасах тухай асуудлаар гарсан Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09 тоот шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн прокурорын эсэргүүцлээр О.Бат-Очирт холбогдох ялтны хувийн хэргийн материалыг 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн О.Бат-Очирын ялын тооцоог 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон бодоход биеэр эдэлсэн 1 жил 2 хоног, шагналын 2 сар 10 хоног, нийт эдэлсэн ял 1 жил 2 сар 12 хоног, үлдсэн ял 2 жил 2 сар 18 хоног болжээ.

           Иймд О.Бат-Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

             Анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг хасч шийдвэрлэсэн байна.

          Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: Сум дундын шүүхийн шийдвэрт ялтан О.Бат-Очирын ялыг эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг шийдвэрлээгүй орхигдуулж, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй талаар дурьдаагүй учир Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжийг зөвтгөж өгнө үү гэжээ.

          Прокурор О.Батнасан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09 дугаартай шүүгчийн захирамжаар ялтан О.Бат-Очирыг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуульд хамруулан эдлээгүй үлдсэн ялаас 2 жилийн ялыг хасаж шийдвэрлэсэн. Мөн анхан шатны шүүх ялтан О.Бат-Очирын ял эдлүүлэх хорих байгууллагын дэглэмийг шийдвэрлээгүй, шүүгчийн захирамжид прокурорын эсэргүүцэл бичих эрхийг дурдаагүй тул шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т тус тус зааснаар ялтан О.Бат-Очирын ял эдлэх хорих байгууллагын дэглэмийг тогтоож, 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 7/02 дугаартай эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн 09 дүгээртэй  шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.9-д заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй, шүүх хуралдааны тэмдэглэл дуу-дүрсний бичлэг зөрүүтэй гарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдлоо.

         Өмнөговь аймгийн Прокурорын газарт тус аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар

зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлсэн О.Бат-Очирын ялын тооцоог 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон бодоход нийт эдэлсэн ял 1 жил 2 сар 12 хоног, үлдсэн ял 2 жил 2 сар 18 хоног болсон учир О.Бат-Очирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн хянан шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлтийг хүргүүлсэн /хх-49/ ба прокурор дүгнэлт гаргаагүй, шүүхэд материалыг шилжүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх албанаас ирүүлсэн хувийн хэргийг үндэслэн шийдвэрлэжээ.

            Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэлд /хх-52/ ...шүүх хуралдаанаар ялтан Будсайхан овогтой Мөнхбатын баривчлах ялаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэнэ, ...шүүх хуралдаанд ялтан О.Бат-Очир нар ирсэн, ...баривчлах ял шийтгүүлсэн хугацаа чинь хэзээ вэ, ...прокуророос Эрүүгийн хуулийн дагуу үлдэж байгаа баривчлах ялаас нь чөлөөлүүлэх саналтай байна...” гэж тус тус бичсэн байх бөгөөд дээрх шүүх хуралдааны тэмдэглэл нь О.Бат-Очирт холбогдох материалыг хэлэлцсэн тухай дуу-дүрсний бичлэгтэй харьцуулан үзэхэд зөрүүтэй гарсан байна.

          Ялтан О.Бат-Очирын хорих ялаас хасах тухай Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр захирамжинд /хх-50/ ...шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ...цагдан хорих байранд баривчлах ял эдэлж байгаа ялтан Осорын Бат-Очирын хорих ялаас хасах тухай прокурорын дүгнэлтийг ялтны хувийн хэргийн хамт хүлээн авч гэж бичсэн боловч мөн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад хэнд оногдуулсан хорих ялаас 2 жилийг хассан болохыг өөрөөр хэлбэл ялтны нэрийг бичээгүй байна. Ялтны хувийн хэрэгт прокурорын дүгнэлт авагдаагүй байна.

          Захирамжийн үндэслэх хэсэгт О.Бат-Очирт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолд /хх-18-21/ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 565 дугаартай магадлалаар О.Бат-Очирт оногдуулсан хорих ялыг 3 жил 5 сарын хугацаагаар тогтоож жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр өөрчлөлт оруулсан байхад шүүгч захирамжиндаа хорих ялаас хасч тооцох хугацааг 5 жил 1 сарын хорих ялаас хасч тооцож хууль зөрчжээ.

          Иймээс шүүгчийн захирамж нь “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхэд гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөж өгөхийг хүссэн прокурор О.Батнасангийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, О.Бат-Очирт холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 1.9, Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, О.Бат-Очирт холбогдох ял дүйцүүлэн хасах тухай материалыг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАСАНЖАРГАЛ

            ШҮҮГЧИД                                                  Т.БЯМБАЖАВ

                                                                               Х.ГЭРЭЛМАА